Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2017/00084/И |
Дугаар | 182/ШШ2017/00365 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2017/00365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд оршин байрлах, “Төрийн банк” ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б.Батсайхан нь тус банктай 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дугаар 76 тоот зээлийн гэрээ байгуулан, жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийн зээлийг авсан.
Зээлийн төлбөр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээл, хүүгийн төлбөрийн 1,964,173.72 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрт 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй, банкийг хохироож, оршин суугаа газраа өөрчлөн оргон зайлж одохгүй байх тул, зээлдэгч Баасансэнгээгийн Батсайханыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК нь Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайханыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
“Төрийн банк” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлд Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/ нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1Б хэсэг Б.Доржийн гудамж, 16 дугаар байрны 11 тоотод бүртгэлтэй боловч одоо уг хаягтаа байхгүй, одоо хаана оршин сууж байгаа болох тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Хэрэм овогт Баасансэнгээгийн Батсайхан /РД:ЧР77081215/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болор /утас:88048588/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС