| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00323/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 376
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/00376 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, Токио гудамж, 73 байр 64 тоотод оршин суух, Ганзоригийн Баярчимэгийн /МЯ89012020/ хүсэлттэй,
Г.Эрдэнэболдыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.Эрдэнэболдтой 2011 онд гэр бүл болон хамтран амьдарч байсан Бидний дундаас 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Эрхэмбаяр төрсөн.
Гэтэл Г.Эрдэнэболд нь шинээр амьдрал зохиож гэр бүлтэй болсон учраас би Г.Эрдэнэболдод эцэг хүний хариуцлага хүлээлгэхийн тулд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Г.Эрдэнэболд нь Сонгинохайрхан дүүргийн 29 хороо, Москва хороолол, 131/4 байрандаа бүртэлтэй боловч оршин суудаггүй тул Г.Эрдэнэболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Баярчимэг нь Г.Эрдэнэболдыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Г.Эрдэнэболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэтэл хаана байгаа нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба Боржигон овогт Эрдэнэболдын Эрхэмбаярын төрсний гэрчилгээний хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Г.Баярчимэг нь Г.Эрдэнэболдыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүсэлт гаргагч Г.Баярчимэг нь Г.Эрдэнэболдын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Иймд Г.Баярчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн Г.Баярчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Г.Баярчимэг нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ганбаатарын Эрдэнэболдын /ФД88092215/ оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Ганбаатарын Эрдэнэболд /ФД88092215/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Эрдэнэболдыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ