Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/109

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 20000000129 дугаартай, 178/2020/0114/Э/ индекстэй хэргийг 2020 оны 06 сарын 15-ны  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны 02 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Манхан сумын ******* багт оршин суух,  ******* регистрийн дугаартай,  ******* овогт *******гийн *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Р.******* нь 2020 оны 05 сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ү.*******тэй маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг  гол багийн нутаг дэвсгэрт болсон байв...гэрийн даруулгыг боосон саарал өнгийн чулуу байх ба уг чулууны доод талд цэнхэр өнгийн хуванцар материалаар хийсэн бололтой жижиг хутга байх ба уг хутгаар хэрэг үйлдэгдсэн байв. .. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 5-9-р хуудас/

Хохирогч ******* овогт ын *******ийн / оны 04 сарын 01-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 05 сарын 11-ний өдөр манай нөхөр Р.******* гэртээ согтуу ирээд надтай маргалдаж байгаад миний толгой руу цохисон.Тэгтэл хадам эгч  бид хоёрыг салгасан. Би хоолоо хийх гээд гурил хэрчиж байтал Р.******* гурил авч шидээд дахиад миний толгой руу цохисон.Толгойгоо хамгаалаад доошоо тонгойход миний өгзөг чинэрээд өвдөөд байхаар нь гайхаад эргээд хартал Р.******* манай гэрийн хоол хийдэг цэнхэр иштэй хутга барьчихсан гэрийн хаалгаар гаргаад шидэж байсан. Миний өгзөгнөөс цус гарахаар нь би ах руугаа залгаж хэлсэн.Манай нөхөр архи уухаараа их муухай ааштай болдог...гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн...Ү.*******ийн  биед  зүүн өгзөгт зүсэгдсэн шарх, цус хуралт, хаван хавдар, шилэн хүзүүнд өнгөц зулгаралт, дагз хэсгийн хуйханд хаван хавдар, зүүн гарын сарвууны ард цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Ү.*******ийн биед учирсан гэмтлүүд нь хурц болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой,тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.Ү.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 25-р хуудас/

Шүүгдэгч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 05 сарын 11-ний өдөр нутгийнхаа хоёр хүнтэй таараад 1 шил архи хувааж уучихаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байсан нэг шил архийг гаргаад ганцаараа уугаад сууж байтал эхнэр ирээд “ дандаа архи ууж байдаг” гээд уурлаад юм авч шидээд байхаар нь би толгой руу нь цохисон.Ширээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай “ чамайг хутгалчихъя” гээд баруун гартаа бариад эхнэр лүүгээ далайтал эхнэр миний хутга барьж байсан гарын бугуйнаас барьчихаад “ чадвал шаа” гээд өөр лүүгээ татаад байсан.Тэгэхээр нь би хутгаа буцаагаад хураачихъя гэж бодоод булаацалдаж байтал санамсаргүйгээр эхнэрийн бөгс хэсэгт хальт хутгалчихсан байсан.... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 48-51-р хуудас/

******* овогт *******гийн *******, Аралын овогт ын ******* нар нь 2006 оны 09 сарын 15- ны өдөр гэр бүл болж, 2009 оны 04 сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар   зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох  баримтаас үзэхэд: Шүүгдэгч Р.******* нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 сарын 11-ний өдөр нутгийн хоёр найзтайгаа таараад 1 шил архи хувааж уучихаад  өөрийнхөө  гэртээ ирээд  дахин нэг шил архи ууж байтал эхнэр нь ирж “ чи дандаа архи ууж байдаг” гэж маргалдсанаас үүдэн эхнэрийнхээ толгой руу цохиж, өгзөг хэсэгт  нь хутгалж, биед нь ... зүүн өгзөгт зүсэгдсэн шарх, цус хуралт, хаван хавдар, шилэн хүзүүнд өнгөц зулгаралт, дагз хэсгийн хуйханд хаван хавдар, зүүн гарын сарвууны ард цус хуралт ... гэх хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч Ү.******* нь шүүгдэгч Р.*******гийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр болох нь ******* овогт Рэндэвээгийн *******, Аралын овогт ын ******* нар нь 2006 оны 09 сарын 15- ны өдөр гэр бүл болж, 2009 оны 04 сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар   баримтаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Р.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ү.*******ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ... гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Р.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ү.*******ийн...надад гаргуулах хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй,гомдол санал байхгүй... гэх мэдүүлгээс / хх-16-17/ шүүгдэгч Р.*******г бусдад  төлөх  хохирол төлбөргүй гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 35 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.*******гийн  хувийн байдлын талаар гэрч А.Дөлбадрахын өгсөн...Р.******* нь айлын 7 дахь хүүхэд, зан харьцааны хувьд нийтэч, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай.Архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг.. гэх мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Р.*******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  төлөх хохирол төлбөргүйг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Р.*******г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,   зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний,  зургаан зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ...  гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.   

Шүүхээс шүүгдэгч Р.*******г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Р.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 03 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 20000000129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл .6 - .8, .13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******гийн *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан торгох ялын 600000/ зургаан зуун  мянган/ төгрөгийг  03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.*******д тайлбарласугай.

5. Эрүүгийн 20000000129 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******д оногдуулсан 600000 / буюу зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

7. Шүүгдэгч Р.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС