| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00420/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 423
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/00423 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Могул цамхаг Ричфинанс ББСБ ХХК-ийн /5779014/ хүсэлттэй,
А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манайх А.Бат-Оргил, Д.Болдбаатар нартай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй 1367 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа ба үндсэн зээлийн үлдэгдэл 926,700 төгрөг, хүү 340,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,112 төгрөг, нийт 1,335,374 төгрөгийг төлөөгүй бөгөөд хариуцагч нарын хаяг, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ричфинанс ББСБ ХХК нь А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “зээлийн төлбөрт 1,335,374 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг хариуцагч А.Бат-Оргил нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 8-142 тоотод бүртгэлгүй, Д.Болдбаатар нь Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, 29 гудамж, 08 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх тайлбарыг гаргасан ба Ричфинанс ББСБ ХХК болон А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 1367 дугаар зээлийн гэрээний хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Ричфинанс ББСБ ХХК нь А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 766 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хүсэлт гаргагч Ричфинанс ББСБ ХХК нь А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Иймд Ричфинанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Ричфинанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Ричфинанс ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алтанцэцэгийн Бат-Оргил /ЧИ97011611/, Даваагийн Болдбаатар /МЮ78050590/ нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Алтанцэцэгийн Бат-Оргил /ЧИ97011611/, Даваагийн Болдбаатар /МЮ78050590/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Бат-Оргил, Д.Болдбаатар нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ