| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/00598/И |
| Дугаар | 440 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 440
| 2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2017/00440 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу 93, Барилга мега стор төвийн 301 тоотод оршин байрлах Модун ХХК-ийн /2090481/ хүсэлттэй,
Суприм электрик ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: "Суприм Электрик” ХХК /РД5551269/ 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Барилга Мега Стор” худалдааны төвийн 2 давхарт 17 м.кв талбайтай 20 тоот шилэн павильоныг түрээслэхээр “Модун” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан боловч түрээсийн төлбөрөө төлөлгүй, павильоныг хүлээлгэж өгөлгүй доторх бараатай нь орхиж явсан байна.
“Суприм Электрик” ХХК нь 4 гишүүнтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 50 мянгат УАА-20-9 тоот, Утас: 99117533 гэж Улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн байна. Түрээслэгч тал 9,246,840 төгрөг төлөхгүй түрээслүүлэгч талыг олон cap хохироосоор байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүух 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 419 дугаар захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Суприм электрик ХХК /РД5551269/-ийг эрэн сурвалжилж өгнө үү. Түрээсийн гэрээ байгуулсан Д.Даваатулга, “би энэ компанид хамааралгүй үүсгэн байгуулагч нь биш” гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүхийн шийдвэрт “Суприм Электрик” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үүсгэн байгуулагч нарын мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн эдтгээдийн бүртгэлийн газраас гаргуулах заалт тусгайлан оруулж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Модун ХХК, Суприм электрик ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “түрээсийн төлбөрт 9,246,840 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг хариуцагч Суприм электрик ХХК нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат УАА-20-9 тоотод бүртгэлтэй боловч хаягтаа байхгүй” гэх тайлбарыг ирүүлсэн ба 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Модун ХХК, Суприм электрик ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Модун ХХК нь Суприм электрик ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 419 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч Суприм электрик ХХК нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат, УАА-20-9 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул хүсэлт гаргагч Модун ХХК нь Суприм электрик ХХК-ийн оршин байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.
Мөн Модун ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
Модун ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Суприм электрик ХХК-ийн оршин байгаа газрар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Суприм электрик ХХК /РД5551269/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Суприм электрик ХХК /РД5551269/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ