Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/05290/И |
Дугаар | 1018 |
Огноо | 2017-04-26 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1018
Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан, Б.Наранчимэг нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00676 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан, Б.Наранчимэг,
Хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Баярцэцэг,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа:
Нэхэмжлэгч Л.Батмөнх, Б.Пүрэвдорж нарт 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 78 530 000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Мөнгийг анх өгөхдөө хоорондоо ах, дүү учир итгэж найдаж, аман хэлцлээр сарын 2 хувийн хүү өгнө гэж тохиролцсон.
Б.Пүрэвдорж өөрөө хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээг бичгээр байгуулсан, мөн үүний дараа Б.Пүрэвдорж өөрөө баталгаа гаргаж, нийт 69 000 000 төгрөгөөс хүү тооцох тухай бичиж өгсөн байдаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа юм. Учир нь, энэхүү гэрээнд талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж 2 хувийн хүү тохиролцсон байдаг. 2014 онд бид нараас авсан 78 530 000 төгрөгийн хүүг өгч байсан. Ингээд бид өгсөн авснаа тооцоод зээлийн үлдэгдлээ 69 000 000 төгрөг гэж тохиролцон 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 3 удаагийн үйлдлээр нийт 1 500 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 30 000 000 төгрөг, нийт 31 500 000 төгрөгийг өгсөн.
Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний хүүг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 15 сарын хугацаатай 2 хувийн хүү тооцсон байсан бөгөөд энэхүү 15 сарын хүү нь 69 000 000 төгрөгөөс бодож үзвэл 20 700 000 төгрөг болж байгаа юм. Ингээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн 89 700 000 төгрөг болж байх ба хариуцагч тал үүнээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хүү болон үндсэн төлбөрөөс 31 500 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 58 200 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Зээлийн гэрээний дагуу талууд харилцан тохирч хүү тооцож, хоёр ч удаа баталгаа гаргасан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан тул хүү шаардана” гэжээ
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 69 000 000 төгрөгийг шилжүүлж зээл авсан байдаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр амаар байгуулагдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нарын ярьж байгаа 78 530 000 төгрөгийг амаар харилцан тохиролцож зээлдүүлэхдээ бичгээр ямар нэгэн гэрээ үйлдээгүй байдаг. Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байдаг. Талууд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээг бичгээр хийгээгүй байх тул хүү авах эрхээ алдаж байна. Иймээс энэ гэрээний дагуу хариуцагчид зээлсэн мөнгөө эргүүлж төлөх үүрэг үүссэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний үнийн дүн болох 78 530 000 төгрөгөөс Б.Пүрэвдорж нь нэхэмжлэгч нарт дансаар, мобайл банкаар, бэлнээр нийт 56 720 000 төгрөг төлсөн байдаг.
Үүнийг задалж үзвэл 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 500 000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 1 500 000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр 12 700 000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 1 380 000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 1 380 000 төгрөг, 7 дугаар сарын 26-ны өдөр 1 380 000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 1 380 000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 000 000 төгрөг мобайл банкаар, 12 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг мобайл банкаар, нийт 26 724 000 төгрөгийг 2014 онд төлсөн байдаг. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг дансаар, 8 дугаар сарын 17-ны өдөр 500 000 төгрөг мобайл банкаар, 8 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг мобайл банкаар, 2015 онд нийт 1 500 000 төгрөг төлсөн байна. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 20 000 000 төгрөг дансаар, 12 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг 2016 онд төлсөн байна.
2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус төлж зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт дүнгээр 56 720 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн байна. Нийт төлсөн үнийн дүнг анх зээлж авсан үнийн дүнгээс хасвал 21 810 000 төгрөг үлдэж байх бөгөөд үүнийг төлөхийг хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нар хүлээн зөвшөөрч байгаа юм.
Нэхэмжлэгч нарын ярьж байгаа нөхөж хийсэн гэх 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр талуудын хооронд хүү, алданги төлөх эрх үүсэхгүй юм. Сүүлд нөхөж хийсэн гэрээг хуурамч буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч 69 000 000 төгрөгийг Б.Пүрэвдоржид гардуулж өгсөн зүйл байхгүй. Хуульд зааснаар мөнгийг шилжүүлсэн байж зээлийн гэрээ хийгдсэн байх бөгөөд хуульд зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тухайн өдөр мөнгө шилжүүлж өгөөгүй тул шаардах эрх үүсэхгүй юм. Б.Пүрэвдоржид тухайн өдөр ямар нэгэн мөнгө шилжүүлсэн тухай баримт байхгүй байгаа нь үүнийг нотолж байна. Иймээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээг нотлох баримтаас хасах нь зүйтэй юм. Нэхэмжлэгч нар 2014 оноос хойш гэр бүлээрээ Б.Пүрэвдоржийн эзэмшилд байсан 5 өрөө байранд үнэ төлбөргүй сууж байгаа. Б.Пүрэвдорж хэрэв өөр хүнд уг байраа түрээсэлсэн бол ашиг орлого олох байсан. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 36 390 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нараас зээлийн гэрээний үүрэгт 23 310 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баярсайхан, Б.Оюунцэцэг нарт олгож, үлдэх 34 890 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэгч Б.Наранчимэгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжид 274 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баярсайхан, Б.Оюунцэцэг нарт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Иймд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулан 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 15 сарын хугацаатай зээлийн гэрээг Б.Пүрэвдоржийн хүсэлтээр 69 000 000 төгрөгт нь тохиролцон зээлийн гэрээг байгуулсан. Энэ нь Б.Пүрэвдоржийн үндсэн мөнгө болон хүүг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болон түүнээс Б.Оюунцэцэгийн Хаан банкны 5011150334 тоот данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг болон гүйлгээний утгаар нотлогддог. Хариуцагч тал зээлийн гэрээ болон хүсэл зориг илэрхийлсэн бичгүүд дээрх гарын үсэг минийх биш гэдэг боловч шинжээчийн дүгнэлтээр мөн болох нь тогтоогддог.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “мөнгө буюу эд зүйлийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй уг гэрээний дагуу нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, дээрх заалт нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг шаардаж байгаа нь зээлдүүлэгч зээлийг зээлдэгчид олгоогүй байхдаа зээл эсхүл хүүг шаардахаас сэргийлж байгаа ойлголт юм.
Ж.Баярсайхан нар нь зээлдэгчид огт олгоогүй мөнгийг нэхэмжилсэн зүйл байхгүй бөгөөд 2 тал зээл өгсөн авснаа хүлээн зөвшөөрч хожим зээлийн гэрээ байгуулан Б.Пүрэвдоржоос хүлээн зөвшөөрснөө илэрхийлж бичиг хийж өгсөн байхад анхаарч үзэлгүйгээр гэрээ байгуулагдаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дахь хэсэгт заасны дагуу огт үнэлэлгүйгээр дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хариуцагч зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд мөнгө авснаа ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх зээлийн мөнгийг огт өгөөгүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь гэрээний талуудын чөлөөт байдал, хожим зээлийг авснаа хүлээн зөвшөөрч хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хязгаарлалт хийж байна. Нэхэмжлэгч нар нь бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү авах эрхээ алдаж байгаа бол бичгээр байгуулаагүй үед хариуцагчаас өгсөн 23 720 000 төгрөгийг нийт өгсөн 78 530 000 төгрөгөөс хасахад 54 810 000 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгөн дээр 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 15 сарын хугацаанд зээлийн гэрээний үүргийг тооцоход 71 253 000 төгрөг болж байгаа болно. Үүнээс гэрээ байгуулснаас хойш хариуцагчийн нийт төлсөн 31 500 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагч 39 753 000 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй байна. Үүнээс шүүх 23 310 000 төгрөгийг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэн хүү болох 16 443 000 төгрөгийг нь хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг байгуулагдсанд тооцож, зээлийн гэрээний хүү болох 16 443 000 төгрөгийг нэмэж гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.
Нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан, Б.Наранчимэг нар хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 92 460 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 34 260 000 төгрөгөөр багасгаж, нийт 58 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, /хх 4, 59, 86, 90/ зээл төлөх тухай баталгаа /хх 7/, тооцоо нийлсэн гар бичвэр /хх 8-9/ зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Оюунцэцэг, Ж.Баярсайхан нар нь хариуцагч Б.Пүрэвдорж, Л.Батмөнх нарт 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 78 530 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлдэгч тал зээлийг тодорхой хэмжээнд буцаан төлж байсан үйл баримт тогтоогдсон, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.
Дээрх мөнгийг зээлдүүлэхдээ талууд эхний удаа амаар тохиролцсон, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдлийг тооцож, бичгээр зээлийн гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон ба гэрээний хэлбэрээс шалтгаалж хүү шаардах эрх үүсэх эсэх талаар маргаж мэтгэлцжээ.
Зээлийн гэрээний дагуу 78 530 000 төгрөгийг шилжүүлэхдээ амаар тохиролцсоноо талууд үгүйсгээгүй бөгөөд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй үед хүү авах эрхээ алдах тул зээлдэгчийн 2014 онд эргүүлэн төлсөн зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагч тал 2014 онд 26 720 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч 1 500 000 төгрөгийн төлбөр нь баримтаар нотлогдоогүй тул 2014 оны зээлийн төлбөрийг баримтаар нотлогдсон хэмжээнд 25 220 000 төгрөгөөр тооцон үндсэн зээл 78 530 000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй, ийнхүү тооцоход 2015 он гэхэд 53 310 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байжээ.
Иймд талууд 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн үлдэгдлийг тооцон гэрээг бичгээр байгуулах үеийн үлдэгдэл төлбөр нь 53 310 000 төгрөг байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч талын зээлийн үлдэгдлийг тооцож Б.Пүрэвдоржийн зөвшөөрснөөр гэрээг бичгээр байгуулсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж зээлийн гэрээг бичгээр байгуулсанд гарын үсэг зураагүй, уг гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж маргасан боловч уг гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6831 дүгээр шинжээчийн дүгнэлтээр /хх 73-77/ тогтоогдсон, мөн тухайн гэрээнээс хойш зээл төлөх тухай баталгааг удаа дараа бичгээр гаргаж байсан, зээлийн үлдэгдэл төлбөртэй байснаа үгүйсгээгүй зэргээс үзвэл 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
Иймд дээрх гэрээний 2-т зааснаар дагуу 53 310 000 төгрөгөөс 2 хувийн хүүг 15 сарын хугацаагаар тооцоход 15 993 000 /1 066 200*15/ төгрөгийн хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн хамт 69 303 000 төгрөг төлөх үүрэг зээлдэгчид үүссэн ба үүнээс 2015, 2016, 2017 онд төлсөн нийт 31 500 000 төгрөгийг хасвал 37 803 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцэх юм.
Анхан шатны шүүх хэргийн дээрх үйл баримт, нөхцөл байдлыг зөв үнэлэлгүй, талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр /хх 10/-г мөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж үзэн, гэрээг байгуулагдсанд тооцоогүй нь буруу бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 37 803 000 төгрөгийг хангаж, үлдэх 20 497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар 346 965 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00676 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23 310 000” гэснийг “37 803 000” гэж, үлдэх 34 890 000” гэснийг “үлдэх 20 497 000” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “274 500 төгрөгийг” гэснийг “346 965 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 240 165 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.ОТГОНЦЭЦЭГ