Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0279/З |
Дугаар | 221/МА2022/0495 |
Огноо | 2022-07-20 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0495
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.С нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаартай албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин “Н” ХХК-ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1.г “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаар
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: Сангийн яам
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.С нар Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0279/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Сангийн яамны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаартай албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин “Н” ХХК-ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г)-д “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3.1, 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/565 дугаар албан бичгийн 4 дүгээр заалтын 3 дахь дэд хэсгийн “харин “Н” ХХК -ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г) “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна” гэсэн хэсэг болон “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг үндэслэн мэдэгдье, тус тендер шалгаруулалтттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д дэх заалтын дагуу хүчингүй болгож байна” гэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг тендер нээснээс хойш 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд энэ хугацаанд тендер хүчинтэй байхаар заасан байна. Дээрх тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж байгаа бөгөөд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулахаар заасан байна.
3.2. Тухайн тендер шалгаруулалт нь хуульд заасны дагуу хүчинтэй хугацаа дуусгавар болж байсан тул цааш үргэлжлэх боломжгүй болсон тухай мэдэгдлийг “Э” ХК-аас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12/250 дугаар албан бичгээр “Н” ХХК-д мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон тул ямар ч тохиолдолд захиалагчтай гэрээ байгуулах эрх үүсэхгүй юм.
3.3. “Э” ХХК-аас зарласан “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаартай тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г)-д “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх" гэж заасан байна.
3.4. Тендерт оролцогч “Н” ХХК нь гэрээний хуулбараа ирүүлсэн байсан боловч гэрээ дүгнэсэн актыг ирүүлээгүй байсан тул өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг тендер шалгаруулалтад харгалзаж үзсэн. Ирүүлсэн тодорхойлолт нь тамгаар баталгаажаагүй болох нь харагдаж байсан тул ижил төстэй ажлын туршлагатай гэж үзэх боломжгүй юм. Мөн уг тодорхойлолтыг шүүхийн шатанд нотлох баримтыг шинжлэн судлахад тухайн тодорхойлолтод тамга дарагдсан эсэхийг тогтоож чадаагүй болно.
3.5. Анхан шатны шүүхээс Сангийн сайдын 2022 оны 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5.2-т заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болох байсан гэж дүгнэсэн байна. “Н” ХХК-аас ирүүлсэн баримт бичгээс үзэхэд тодорхойлолт тамгагүй байсан нь ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн холбогдох албан тушаалтнаас тайлбар авахаар заасан бөгөөд заавал тайлбар авах зохицуулалт биш болно.
3.6. Шүүхийн шийдвэрийн 9 дэх талд гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байгаа нь уг гэрээг дүгнэх боломжгүй тул гэрээ дүгнэсэн акт гарах боломжгүй бөгөөд уг ажлын талаар гаргасан тодорхойлолтыг харьцуулж үзэлгүйгээр тодорхойлолт тамгагүй гэх шалтгаанаар шаардлага хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Мөн уг тодорхойлолтыг гаргасан байгууллагын захирлаас тайлбар авах ёстой байсан гэж дүгнэсэн байна.
3.7. Захиалагч тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (г)-д заасан ижил төстэй ажлын туршлагыг хийж дуусгасан ажлын туршлагаар үнэлдэг тул хийгдэж дууссан ажлын гэрээний хуулбар гэрээ дүгнэсэн актыг шаардсан байна.
3.8. Сангийн сайдын 2022 оны 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг гомдлын хүрээнд хянан үзэж шийдвэрлэсэн тул шүүхээс тодорхойлолт гаргасан компаниас эх хувийг авчруулж тулгалт хийж тайлбар авах ёстой байсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
3.9. Тендер шалгаруулалтын ажиллагааг “Б” ХХК-аас гаргасан гомдлын дагуу хянан шалгасан бөгөөд гомдолд дурдсан 2 үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно. Үүнд:
“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Кокинен овогтой Кэлвин нь тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх албан тушаалтан, эрх барих этгээд байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 (ё)-ын 9-д “Тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн итгэмжлэл” ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
“Н” ХХК-ийн ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-тай байгуулсан гэрээний хуулбарыг ирүүлсэн боловч өмнөх үйлчлүүлэгч болох “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г)-д “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
3.10. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын шийдвэрлэх хэсэгт дурдсан “иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдэж тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна.” гэсэн шийдвэрийг хүчингүй болгохын тулд нь дээр дурдсан 2 үндэслэл нэгэн зэрэг хууль бус байх ёстой гэтэл шүүхээс зөвхөн “Н” ХХК-д холбогдох хэсэг хууль бус тул тухайн хэсгийн хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад захиргааны актыг хүчингүй болгох гэж заасан байхад шүүхээс захиргааны актын холбогдох хэсгийн хүчингүй болгож байгаа нь мөн хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх “...журмын 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж заасан нь агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасан шаардлагыг давхар илэрхийлж байх бөгөөд энэ утгаараа Сангийн яамнаас гомдлыг хянан шийдвэрлэж буй ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалт болон “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын аль алинд нийцэж байх учиртай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн журмыг баримтална, Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт үйлчлэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй. Энэ үүднээс авч үзвэл хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэгч “Н” ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г) “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангасан эсэх талаарх гомдлыг хянахдаа журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажиллагааг хийгээгүйгээс түүний гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцжээ.
2.1. “Н” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Э” ХК-аас зарласан “Автосамосвалын дугуй нийлүүлэх” ЭТТ/202108480 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон байх ба тус тендерийн Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12/2808 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “хамгийн сайн тендер ирүүлсэн тул гэрээ байгуулах эрх олгож” мэдэгдлийг 2 дахь удаагаа хүргүүлсэн, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах шатанд тендерийн оролцогч “Б” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “...”Н” ХХК-ийн хувьд итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй, дугуй борлуулах дилерийн эрх олгосон баримт бичиг нь зөрчилтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн архивын тодорхойлолт нь хоорондоо зөрүүтэй, “Т” ХХК-ийн албан тодорхойлолт нь тамга тэмдэггүй байгаа нь шаардлага хангаагүй...” гэх үндэслэлүүдээр гомдол гаргажээ.
2.2. Улмаар Сангийн яам дээрх гомдлыг хянан үзээд “Н” ХХК-ийг ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1 (г) “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзээд тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
2.3. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-аас “Н” ХХК нь итгэмжлэл ирүүлээгүй, дугуй борлуулах диллерийн эрх 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжихээр байгаа нь шаардлага хангахгүй, шүүхийн тодорхойлолтууд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолтыг ирүүлэхдээ тамга, тэмдэггүй ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгчийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч хариуцагчаас гомдолд дурдсан нэг үндэслэл буюу ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэлд “Т” ХХК-ийн тодорхойлолт нь тамга, тэмдгээр баталгаажуулаагүй нь ТОӨЗ 18.1 (г)-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосон.
2.4. Нэхэмжлэгч компанийн цахимаар ирүүлсэн тендерийн баримтуудыг үзвэл “Т” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Тодорхойлолт гаргах тухай” 576/21 дүгээр албан бичигт тухайн компанийн тамга дарагдсан эсэх нь тодорхой харагдахгүй байх боловч шүүхэд бичгээр ирүүлсэн, “Т” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Тодорхойлолт гаргах тухай” 576/21 дүгээр албан бичигт гүйцэтгэх захирал гарын үсэг зурж тус компанийн тамга дарагдсан болох нь тогтоогдож байна.
2.5. Дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл цахим тендерт оролцогч нь холбогдох материалыг цахимаар ирүүлэх шаардлагатай бөгөөд хариуцагчаас “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 5.2-т “Гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй, зөрүүтэй болон бусад нөхцөл байдал үүсвэл Сангийн яам холбогдох албан тушаалтнаас тайлбар авч болно” гэж заасан ажиллагааг хийгээгүй атлаа ТОӨЗ-ийн 18.1 (г)-д заасан шаардлагыг хангаагүй гэж урьдчилсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “...өмнөх үйлчлүүлэгч “Т” ХХК-тай байгуулсан гэрээ, тодорхойлолт нь хуулийн этгээдийн тэмдгээр баталгаажсан боловч уг тендер нь цахим тендер байсан учир эх хувь баримтуудыг сканердаж илгээсэн, сканердсан файлын хэмжээг 15 mb-т багтааж тендерийн баримт бичгийг илгээхээр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд системчилсэн байдаг тул тус баримт бичгийн файлын чанарыг багасгаж илгээхээс өөр аргагүй нөхцөл байдал тулгарч байгаа учир гэрээ болон албан бичгийн тэмдэг бүдэг гарах тохиолдол байдаг” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч нь тодорхойлолтод тамга тэмдэг дарагдсан эсэх талаар ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахаар “Н” ХХК-ийн цахимаар ирүүлсэн баримтыг эх баримттай нь харьцуулан шалгах журамд заасан үүргээ биелүүлээгүй байна.
2.6. Нөгөө талаар “Т” ХХК-тай байгуулсан гэрээ одоог хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг дүгнэх боломжгүй бөгөөд энэ агуулгаар гэрээ дүгнэсэн акт ирүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
2.7. Өөрөөр хэлбэл, ТОӨЗ-ны 18.1(г)-д “Сүүлийн 5 жилийн аль нэг жилд автосамосвалын дугуй нийлүүлж байсан гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, эсхүл өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх” гэсэн шаардлагад нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт авагдсан “Т” ХХК-ийн тодорхойлолт нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.8. Учир нь “Т” ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Дугуй худалдах, худалдан авах” гэрээний үйлчлэл хэрэгжиж байгаа, мөн уг гэрээний 1.2-т “энэхүү гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тодорхойлсноор ТОӨЗ-ны 18.1(г)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ