Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/156

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.*******туяа

Улсын яллагч  З.Алтансолонго

Шүүгдэгч Б.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.С*******од холбогдох эрүүгийн 2036000000200 дугаартай, 178/2019/0161/Э/ индекстэй хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн 2-9 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Д******* овогт ******* С*******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С*******  нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багт “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд “*******” ХХК-ны гүйцэтгэж буй хашааны тохижилтын ажилд хөлсөөр ажиллаж байгаад иргэн М.*******аас “хашаанд чинь хаалга хийж өгнө” гэх нэрийдлээр хуурч өөрийн ХААН банк дахь 5866116210 дугаартай дансаар 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлэн, 50.000 төгрөгийг бэлнээр нийт 200.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.С******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн гэх мэдүүлэг,

Хохирогч М.*******ын ХААН банкны дансны хуулга / хэргийн 21-р хуудас/

Шүүгдэгч Б.Сэр-одын ХААН банкны дансны хуулга / хэргийн 25-р хуудас/

Хохирогч Тасбике овогт Минепийн *******ын / 1974 оны 09 сарын 15-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зах дээр байж байтал миний утас руу 93220129 дугаараас С******* гэх хүн яриад “би танай хашааны хаалга хийж байгаа хүн байнаа, ажилчдын цалин өгөх гэсэн юм мөнгө хэрэг боллоо та мөнгөө өгөх хэрэгтэй байна” гээд надаас бэлэн 50.000 төгрөг, дансаар 150.000 төгрөг авсан. Дараа нь Амраа гэх хүнээс асуухад С******* манайд ажиллахгүй байгаа гэж хэлсэн...“ гэх мэдүүлэг/ хэргийн 10-р хуудас/

Гэрч И.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд “Хашаандаа сайхан амьдарцгаая төслийн хүрээнд багуудад зарласан уралдаанд түрүүлсэн. Тэгээд ******* багийн 5-р гудамжны ажил 2020 оны 05 дугаар сараас хийгдэж байгаа болно. Айл өрхөөс 200.000 төгрөг хурааж хашаагаа тохижуулж байгаа юм... гэх мэдүүлэг./хэргийн -16хуудас/

Шүүгдэгч Б.С*******  нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багт “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн хүрээнд “*******” ХХК-ны гүйцэтгэж буй хашааны тохижилтын ажилд хөлсөөр ажиллаж байгаад иргэн М.*******аас “хашаанд чинь хаалга хийж өгнө” гэх нэрийдлээр хуурч өөрийн ХААН банк дахь 5866116210 дугаартай дансаар 150.000 төгрөг шилжүүлэн авч, 50.000 төгрөгийг бэлнээр нийт 200.000 төгрөг хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгө залилах гэмт хэргийн үйл баримт хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С******* нь гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогчийг төөрөгдөлд оруулж хуурч мэхлэх идэвхтэй аргаар зориудаар хүсч, гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.С******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-39х/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь  хэргийн 23 дугаар талд хохирогч М.*******ад 200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.С*******од Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болно гэх дүгнэлт,

Шүүгдэгч Б.С******* өөрийгөө өмгөөлж: “Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс: шүүгдэгч Б.С******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д******* овогт ******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хуурч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д******* овогт ******* С*******од хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Б.С*******од Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.С*******од тайлбарласугай.

5.Шүүгдэгч Б.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон биеийн байцаалт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6.Шүүгдэгч Б.С*******ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form