Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/00444

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон 422-71 тоотод оршин суух, Дэлгэрцогтын Эрдэнэчимэгийн /ЧП68081907/ хүсэлттэй,

Б.Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Гантулга нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулан Баянгол дүүргийн Эко 26 дугаар байрны 5 дугаар орцны 5 тоотод байрлах 2 өрөө орон сууцаа 1 сарын 500,000 төгрөгөөр 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар хөлсөлсөн боловч төлбөрт 2,500,000 төгрөгийг л төлсөн. Иймд 7 сарын төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хилчин 4-4 тоот хаягтаа байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Б.Гантулгыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Б.Гантулгыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Б.Гантулгаас орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 5,250,000 төгрөгийг гаргуулах гэсэн боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэх тайлбарыг гаргасан ба 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Д.Эрдэнэчимэг, Б.Гантулга нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хуулбарыг хүсэлтэд хавсаргасан байх тул хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Б.Гантулгыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1177 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх тул хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Б.Гантулгын оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит арга хэмжээг авсан гэж үзэхээр байна.

Иймд Д.Эрдэнэчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна. Мөн Д.Эрдэнэчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2-т зааснаар хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна. 

Д.Эрдэнэчимэг нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайж овогт Бямбаагийн Гантулгын /ЧО85040117/ оршин суугаа газар мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Тайж овогт Бямбаагийн Гантулга /ЧО85040117/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНЭБИШ