Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож

 улсын яллагч Т.Өсөхболд,

 шүүгдэгч Б.Н*******, М.Б*******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт М*******ийн Б*******, Х******* овогт Б*******ын Н******* нарт холбогдох эрүүгийн 1936000980096 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхээс ирүүлснийг 2020 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1965 оны 10 сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Рашаант багийн 17-09 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого байхгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт М*******ийн Б*******

Монгол улсын иргэн, 1969 оны 07 сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай боловч - ийн А байрны тоотод оршин суух, өөрт ногдох хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 600000 төгрөг, дугаарын регистртэй Х******* овогт Б*******ын Н*******

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нар нь бүлэглэн 2019 оны 04 сарын 01- ний өдрөөс 04 сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” хэмээх газарт гар аргаар газар ухаж, чулуу шороо зэргээс алт хайж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******гийн өгсөн...  Бид 2 ямар нэгэн газар ухаагүй.Бид нарын хамт нэлээн олон хүн байсан бүгдээрээ зугтаасан. Бид 2 мотор, мулдак хэргийн газарт аваачаагүй. Айлын гаднаас цагдаа нар хураасан. Зарим багаж нь бид хоёрынх биш байна. Бид 2 мотор, мулдакыг асаагаад газар ухаж байсныг харсан хүн байгаагүй.... гэх мэдүүлэг

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******ийн өгсөн... Бид нар тухайн газрыг ухаагүй. Бид нарыг очиход тухайн газарт олон хүн байсан. Уур нүдүүр нь биднийх биш. Мулдак, мотор зэрэг нь Г.Нямандэлэг гэдэг хүнийх. ... гэх мэдүүлэг,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр... Ховд сумаас 35 км зайд Ховд сумын Цагаанбургас багийн нутагт “Цагаан чулуут” гэх газрын ертөнцийн зүгээр баруун хойд талд нь хоёр газар доошоогоо малтаж шороо чулуу гаргасан, ухсан хэсэгт цагаан өнгийн гялгар уутнуудад чулуу хийж бэлдсэн байдалтай, шуудайнуудыг тооллоход 13 ширхэг шуудай чулуу байсан ба үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд шар өнгийн төмөр хүрээтэй 220 мотор нэг ширхэг, мулдак 2 ширхэг, хүрз 2 ширхэг, уур нүдүүр гэх чулуу бутлагч төмөр 2 ширхэг, 10 литрийн цэнхэр сав зэрэг байсан ба 12 уут чулууг тухайн газар үлдээж, 5-10 кг орчим чулуу, 220 мотор, мулдак-2 ширхэг / хар ногоон, шар өнгийн/, уур, нүдүүр, төмөр иштэй, цэнхэр өнгийн савнууд зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 5-6 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн... Үзлэгээр уулын оройд хоёр газар ухаж шороо гаргасан байдалтай, том нүхнээс гаргасан шорооны тал нь хуучин, тал нь шинэвтэр гаргасан шорооны өнгөөрөө ялгарч байв. Том нүхнээс хойшоо арай жижиг шинээр ухсан газар байв. Том ухсан газрыг хэмжиж үзэхэд урт өргөн нь 3,5х2 метр, нийт 7 м2 газар байв. Доошоо газрын гүн нь 1.40 см байв. 2 дахь ухсан газрыг мөн хэмжиж үзэхэд урт 1,40 см, өргөн 80 см, доошоо гүн нь 80 см байв. Үзлэгийн явцад өмнөх 12 шуудай чулуу байсныг тэмдэглэлд тусгав ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн 7-9 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн ... Эд мөрийн баримт болох шар хүрээтэй AVR -220 v бичигтэй мотор нэг ширхэг, өргөн нь 10 см мотор чулуу бутлагч сав, урт нь 19 см бөөрөнхий толгойтой чулуу бутлуур 1 ширхэг, өргөн нь 13 см чулуу бутлуурын сав, урт нь 25 см чулуу бутлагч төмөр, богино модон иштэй төмөр хүрз нэг ширхэг, хар ногоон өнгийн мулдак 1 ширхэг, шар өнгийн мулдак нэг ширхэг, улаан өнгийн цахилгааны утас, цагаан өнгийн шуудайнд хийсэн 10-15 кг орчим шаргал чулуу ... зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / 1-р хх – ийн 12- 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багт оршин суух, дээд боловсролтой, малын их эмчийн мэргэжилтэй, Ховд сумын Засаг даргын ажилтай, ПЛ 75101616 дугаарын регистртэй/ Жантекей овогт Шамейханы Ерболотын өгсөн... Тухайн газарт нөхөн сэргээлт хийж өгөхөд болно. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид дахин эрэл хайгуул хийхгүй байх талаар анхаарах хэрэгтэй байна... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 22 дугаар хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Г.Нямандэлэгийн өгсөн... 2019 оны 03 сарын сүүлээр байх миний танил Б.Н******* манай гэрт ирээд “надад мулдак багажаа өгч байгаач” гээд аваад явсан. Би өөрийн өмчлөлийн мотор нэг ширхэг, 2 ширхэг мулдакийг өгч явуулсан. Тэгтэл тухайн багажнуудыг цагдаагийн байгууллагад хураалгасан гэж сонссон. Надад ямар нэгэн эрэл хайгуул хийх талаар хэлээгүй. Улаан шар өнгийн хуучин мотор, улаан шар өнгийн мулдак, саарал өнгийн мулдак зэргийг авч явсан. Мулдак, мотор зэргээ нэхэмжилнэ гэх ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 24-25 дугаар хуудас /

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.ын өгсөн... 2019 оны 04 сарын 02- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” гэх газарт хүмүүс алтны эрэл хайгуул хийж байна, газар ухаж байна гэх мэдээлэлээр очиход Б.Н*******, М.Б******* нар доошоогоо 1.4 м гүн, 80 см- ийн өргөн 2 м урт нүх ухаж шороог гаргасан байсан. Тэр хоёр хүн явган мотор, мулдак зэргийг ажиллуулж байсан.Тухайн багаж зэвсэгийг хурааж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн газрыг нөхөн сэргээсэн, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 26 дугаар хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дгийн өгсөн... 2019 оны 04 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн найз гэх залуугийн Ланд-80 маркын машинтай хуучин танил Б.Н*******, М.Б******* нарын хамт Ховд аймгийн Ховд сумын “Цагаан чулуут” гэх газар алт гарч байна гэхээр нь очиж контролдож үзэхэд бага хэмжээний тоос гарч байсан. Би хамт явсан хүмүүстээ эндээс алт гарах газар биш байна гээд жолоочийн хамт өөрийн ажил хөөцөлдөнө гэж хэлээд явсан. Тэгтэл М.Б*******, Б.Н******* нар малтаж үзнэ гээд үлдсэн. Бид нарыг аймаг ороод байж байтал нэг хоногийн дараа орон нутгаас хүмүүс ирээд хөөгөөд багажнуудаа хураалгачихлаа гэж байсан. М.Б*******, Б.Н******* нар өмнөх жил нь хэсэг хүмүүс очоод ухаж байсан гэж хэлж байсан. Бид хоёр дахин маргааш нь очиход М.Б*******, Б.Н******* нарыг аваад явсан, тэдний хөнжил гудсыг аймаг оруулж ирсэн. Тэндээс чулуу авсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 35-36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Елийн өгсөн... 2019 оны 04 сарын 01- ний өдөр манай сумын “Цагаан чулуут” гэх газарт аймгаас Ланд-80 маркын цагаан өнгийн машинтай 4 хүн алт хайхаар ирсэн байсан. Эхнэр бид хоёр Ховд сум ороод өвс авчрахад манайд дөрвөн залуу байсан. Хоёр нь аймаг явна гээд машинтайгаа явсан. Нөгөө хоёрыг нь орой сумаас байгаль орчны байцаагч, цагдаа нар Засаг даргын тамгын газрын машинтай ирээд аваад явсан. Багажийг нь ачаад явсан. Манай гэрийн гадна үлдсэн 3 уут чулуу, ухсан нүхэн дээр байсан шуудайтай чулууг аймгаас нөгөө машинтай залуучууд нь ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /1-р хх- ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нийн өгсөн... 2019 оны 04 сарын 01-ний өдөр сумаас өөрийн гэртээ 2 уут хивэг, 10 пресс өвс байсныг Ланд-80 маркын машинд ачаад гэртээ хүргүүлээд буусан. Тэр хүмүүс “Цагаан чулуут” гэх газраас алт ухаж байгаа хүмүүс гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хх- ийн 41 дүгээр хуудас/

 Шинжээчийн 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт ... Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэр “Цагаан чулуут” гэх газарт газрын хөрс эвдэгдсэн байна. Нийт газрын хэмжээ нь 119 метр квадрат байна. Тухайн газарт нөхөн сэргээлт хийгдсэн тул экологи эдийн засийн үнэлгээ тогтоох боломжгүй байна... гэх дүгнэлт/ 1-р хх- ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс: гэрч А.Нугаметийн, Ш.ын, Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон 2019 оны 08 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн үзлэг зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: Шинжээч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ш. нарын мэдүүлгийг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг “Цагаан чулуут” хэмээх газар 2019 оны 04 сарын 01-нээс 02-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумын хэсгийн цагдаа, байгаль орчны байцаагч, холбогдох хүмүүс нь “хүмүүс газар ухаж байна” гэх мэдээллээр очиход, М.Б*******, Б.Н******* нарыг ухагдсан гэх хоёр нүхний ойролцоо айлд байсныг олж, газар ухахдаа ашигласан гэх мотор, мулдак, хүрз зэрэг багаж, ууталсан байсан чулуунаас 15 кг орчим чулууг эд мөрийн баримтаар хураан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б*******, Б.Н******* болон түүний өмгөөлөгч нар нь тухайн газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн зүйл байхгүй. Хэргийн газарт 119мк газрыг бид 2 ухаагүй. Энэ талаар харж үзсэн хүн байхгүй. Ховд сумын цагдаа болон хэсгийн цагдаа нар ирж мотор болон мулдак, багаж хэрэгсэлийг хураан авсан. Бид хоёрт ашигт малтмалын эрэл хайгуул явуулах санаа зорилго байгаагүй гэсэн үндэслэлээр гэм буруугийн талаар маргасан.

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нар нь Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн “Цагаан чулуут” хэмээх газарт тусгай завшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нь хэргийн газрын үзлэг, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдсон. Ашигт малтмалын хуулинд зааснаар аж ахуйн нэгжид эрэл хайгуул явуулах зөвшөөрөл олгодог. Гэтэл шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нар нь тусгай зөвшөөрөлгүй атлаа тухайн газар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүдэгч М.Б*******, Б.Н******* нар нь Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн “Цагаан чулуут” хэмээх газарт тусгай завшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан нь хэргийн газрын үзлэг, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлж үзэхэд: Хэргийн газрын нөхөн үзлэгээр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэр Цагаан чулуут хэмээх газарт 2019 оны 04 сарын 02- ны өдөр Ховд аймгийн Ховд сумын хэсгийн цагдаа, байгаль орчны байцаагч нарыг очиход хоёр хэсэг газарт нийт 119 метр квадрат газрын хөрс эвдэгдсэн, тухайн газрын ойролцоо айлд очиход М.Б*******, Б.Н******* нар нь тухайн айлд байсан хэдий ч уг эвдэгдсэн газрын нэг нүх нь урьд нь ухагдсан байсан, хэрэг учралын газарт үзлэг хийж тэмдэглэгдсэн шинэ хуучин гэх газрын том нүхний урт өргөн нь 3,5см х 2 метр нийт 7 мкв,  доошоо газрын гүн нь 1.40 см гүн нүх, 2 дахь нүхний урт 1,40 см, өргөн 80 см, доошоо гүн нь 80 см гэх  нүхийг хэзээ, хэн ухсан эсэх, үүнээс байгаль орчинд хэдий хэмжээний хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан,  эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.5.”ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хуулчилсан ба шүүгдэгч нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”  мөн зүйлийн 4-тЭрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.”гэж хуульчилсан. Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан  үйлдэл үүнээс үүсэх хохирол, хор уршигийн хооронд шалтгаант холбоо үүсэж байж гэмт хэргийн шинжийг агуулах ба дээрх шүүгдэгч нарын үйлдэлээс Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг учруулаагүй нь гэмт хэрэгт тооцогдохгүй болно.

Иймд шүүгдэгч М.Н*******, М.Б******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Н*******, М.Б******* нараас 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6-д заасан” Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тайлбарласан эсэх нь эргэлзээтэй атал уг мэдүүлгийг үндэслэн / яллах дүгнэлтэнд дурьдсан/ ялласан нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн 1936000980096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан generator gasoline engine гэсэн бичиглэлтэй мотор нэг ширхэг, 64 см урттай 24 см өргөнтэй улбар шар өнгийн мулдак, хойд хэсэг нь саарал өнгөтэй , урд талаараа ногоон өнгөтэй 1 ширхэг мулдак, мулдакны хошуу нэг ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Г.Нямандэлэгт буцаан олгож, 2 ширхэг хүрз, нэг ширхэг хуванцар сав, чулуу бутлагч төмөр 2 ширхэг, чулуу бутлах нүдүүр нэг ширхэг, цагаан өнгийн 50 кг багтаамжтэй уутанд хийсэн 15 кг чулууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч ******* овогт М*******ийн Б*******, Х******* овогт Б*******ын Н******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Н*******, М.Б******* нарыг цагаатгасугай.

2.Эрүүгийн 1936000980096 дугаартай эд мөрийн баримтаар хураагдсан generator gasoline engine гэсэн бичиглэлтэй мотор нэг ширхэг, 64 см урттай 24 см өргөнтэй улбар шар өнгийн мулдак, хойд хэсэг нь саарал өнгөтэй, урд талаараа ногоон өнгөтэй 1 ширхэг мулдак, мулдакны хошуу нэг ширхэг зэргийг иргэний нэхэмжлэгч Г.Нямандэлэгт олгож, 2 ширхэг хүрз, нэг ширхэг хуванцар сав, чулуу бутлагч төмөр 2 ширхэг, чулуу бутлах нүдүүр нэг ширхэг, цагаан өнгийн 50 кг багтаамжтэй уутанд хийсэн 15 кг чулуу зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

3.Шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нарын хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

3.Шүүгдэгч М.Б*******, Б.Н******* нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 4-т дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГАНТӨГС