| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0174/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/174 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч Ц.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Ц*******д холбогдох эрүүгийн 2036000000210 дугаартай, 178/2020/0177/Э индекстэй хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 09 сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 146.2, 181.2.5, 261.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт Ц*******ийн Ц*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ц******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Ц*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Ц******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Өтай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Гулзат тамгат овогт Өлзийбаярын Өын / 1977 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө захын доод талд явж байгаад Ц.Ц*******той таарсан. Бид хоёр Б.Б*******той уулзаад 1 шил архи аваад Б.Б*******ын ах Б.Ү*******гийн гэрт очоод бид нар хувааж уусан.Тэгээд сууж байгаад Ц.Ц******* намайг зодно гэсэн юм яриад байхаар нь би “зодолдоод яахав, тэрний оронд сайхан барилдчихъя” гээд бид хоёр барилдсан. Тэгээд бид хоёр зэрэг унаад босоод иртэл Ц.Ц******* ямар ч үгийн зөрүүгүй миний энгэрээс 2 гараараа заамдаж байгаад миний баруун нүд орчимд 1 удаа, зүүн хөмсөгт 1 удаа мөргөөд намайг тонгойход баруун шанаа руу өшиглөөд зугтаад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/
Гэрч Б.Ү*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 09 сарын 13-ны өдөр гэртээ байж байтал манай дүү Б.Б******* Ө.Ө, Ц.Ц******* нарын хамт 1 шил архи аваад орж ирсэн. Бид нар архиа хувааж уугаад сууж байтал Ц.Ц*******,Ө.Ө нар хоорондоо маргаад эхэлсэн. Ө.Ө Ц.Ц*******г барьж аваад тонгорч шиднэ гэхэд Ц.Ц******* Ө.Өын нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн.Тэгээд тэр хоёр ноцолдож байгаад Ц.Ц******* Ө.Өыг газарт унагаагаад “Өсөхөө ах аа би зодолдмооргүй байна” гээд салсан...гэх мэдүүлэг / хэргиийн 13-р хуудас/
Гэрч Б.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид дөрөв нэг шил архи хашаан дотор хувааж ууж байгаад би гэрт орж гал дээр цай тавьчихаад ус аваад гараад иртэл Ө.Өын зүүн хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Юу болсон талаар асуухад “ Ц.Ц******* намайг цохичихлоо” гэсэн. Цусыг нь угаая гэтэл Ө.Ө “ хэрэггүй, ах нь харилаа” гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 749 дугаартай шинжээчийн...Ө.Өын биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ө.Өын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 18-р хуудас/
Шүүгдэгч Ц.Ц*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар архи ууж сууж байгаад дахиад нэг шил архи аваад буцаад иртэл Ө.Ө согтчихсон бид хоёр луу хэрүүл өдөөд дайраад байсан.Миний цамцны захаас барьчихаад зууралдаад салахгүй болохоор нь санаандгүй байдлаар би нүүр лүү нь нэг удаа хүчтэй мөргөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө.Өтай үл ялих зүйлээр маргалдаж түүний толгойн хэсэг рүү хүчтэй мөргөснөөс биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ц.Ц******* нь согтуурсан үедээ хохирогч Ө.Өтай үл ялих зүйлээр маргалдаж түүнийг толгойгоороо мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Ц.Ц******* нь Ө.Өын бие махбодид гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хүсч үйлдэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэгт тооцно.
Иймд шүүгдэгч Ц.Ц*******г хохирогч Ө.Өын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ө.Өын... бид нар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ц*******г бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Ц******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 09 сарын 26-ны өдрийн 2/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1,146.2,181.2.5,261.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-21-р / тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц*******гийн хувийн байдлын талаар гэрч Д.Пүрэвдашийн өгсөн...Ц.Ц******* нь хүнд тусархуу, нийтэч, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, цайлган сэтгэлтэй хүн.Эцэг эхээс 2-уулаа, айлын 2 дахь хүүхэд.Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан ааш нь өөрчлөгдөж хүмүүстэй хэрүүл маргаан зодоон үүсгээд байдаггүй,хэт согтохоороо унтаад өгдөг.…гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Ц*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин таван цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Ц.Ц******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Ц.Ц******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Ц*******г 245 / хоёр зуун дөчин таван/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц*******д тайлбарласугай.
4.Шүүгдэгч Ц.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Ц.Ц*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Ц*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС