| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0180/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/180 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ц.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Г*******т холбогдох эрүүгийн 2036000000206 дугаартай, 178/2020/0182/Э/ индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн А******* сумын Б******* багт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн А******* сумын Б******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт Ц*******ийн Г*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт 10-85 БӨН улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Н.Нгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт байрлах Шар хадны дөрөлж гэх газарт асфальтан зам дээр 10-35 БӨН улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байв. Уг тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотоос ******* аймгийн чиглэлд явж байсан ба ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байдалтай зам хөндлөн зогссон баруун гар талын хашлаганы хайс төмөр мөргөж зогссон байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 6-113-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 10-35 БӨН улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн, 2014 онд Монгол улсад орж ирсэн, хөдөлгүүр С, XMFXK57BP24547654 арлын дугаартай, Ц овогтой Г*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-19-р хуудас/
Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 20-24-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 25-27-р хуудас/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 31-32-р хуудас/
Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14:10 цагийн үед манай төрсөн ах Ц.Г******* над руу залгаад “ би осолд орчихлоо, түргэн дуудаарай” гэсэн.Удалгүй хүргэн Эрдэнэхишиг ирээд бид хоёр 103-т дуудлага өгчихөөд осол болсон газарт очсон. Биднийг очиход машин нь хашлага мөргөчихсөн, ах талийгаач Н.Нг тэврээд сууж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 34-35-р хуудас/
Гэрч А.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал алсын дуудлага ирлээ гэхээр нь эмнэлэг дээр очиход “ зам тээврийн осол гарсан, нэг хүний хөл тасарсан байна” гэсэн дуудлага байсан. Хэргийн газарт очиход Н.Нг газарт хэвтүүлсэн байдалтай байсан ба үзлэг хийхэд гүрээний артер цохилохгүй,шууны артери цохилохгүй,чагнахад зүрхний цохилт байхгүй байсан. Ерөнхий үзлэг хийхэд биеийн арьс цайсан, баруун хөлний цавьны дотор хэсгээс доош арьс хууларсан, баруун өвдөгнөөс доош тасарч урагдсан, цус их алдагдалтай байсан. Амь хохирогч тээврийн хэрэгслийн баруун талд хар зам дээр дээш харсан байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 37-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн ...Н.Нгийн цогцост баруун хөлний дунд чөмөг ясны хугарал, тасралт, арьс булчин, шөрмөсний олон тооны урагдаж задарсан шарх, толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хэсэг, зүүн гуя, зүүн өвдөгт тус бүр зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Нгийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Н.Н нь дээрхи гэмтлүүдийн улмаас шоконд орж нас барсан... гэх дүгнэлт / хэргийн 61-р хуудас/
Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон...нийт дүн 3200000 төгрөг... гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 85-86-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* овогт Хын Нийн / 1986 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн,34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...талийгаач Дорноговь аймгийн Цэнхэр мандал сумын төмөр замд том машин барьдаг байсан. Зун 8 сард ирж 10 хоног амраад буцаад хот явсан. Би хөдөө сүлжээгүй газар байж байгаад сүлжээнд ороход манай нөхөр яриад хотоос гараад Баянхонгор дээр явж байна гэсэн. Намайг аймгийн төвд гэртээ ирээд байж байгаарай гэхээр нь би маргааш нь гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь хадам эгчтэй яриад Зэрэгийн хаяа өнгөрч байна гэж ярьсан байсан. Би эгчтэйгээ зах дээр явж байтал ээж хадам эгч рүү залгаад Ц.Г*******ийн эхнэр ахтайгаа ирээд чамайг асуугаад явлаа, яриарай гэсэн.Би Ц.Г*******ийн эхнэрийн утас руу залгахад аваагүй. Талийгаачийн утас руу залгасан чинь дуудаж байгаад нэг танихгүй хүн авснаа “ эгчийн дүү осол гарсан” гэж хэлсэн. Би ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. .. би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / хэргиийн 85-86-р хуудас/
Гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай талийгаачийг Ц.Г******* машин бариулахаар хотоос дуудаад аваад явсан.Талийгаач надад хэлэхдээ “ Ц.Г******* дуудаад байна, би яваад машиныг нь бариад ирье, надад 80000 төгрөгний зардал явуулсан, удахгүй 2-3 хоноод ирнэ” гэсэн. Төмөр замд том машин барьдаг байж байгаад 10 хоногийн амралтаар ирсэн байсан... маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг / хэргийн 87-88-р хуудас/
Шүүгдэгч Ц.Г*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Улаанбаатараас машин аваад 2020 оны 08 дугаар сарын 28-ны шөнө 12 цаг өнгөрөөд Н.Нтэй гарсан.Эмээлт өнгөрөөд хоночихоод, маргааш нь Говь-Алтай өнгөрөөд хоносон. Өглөө нь 9 цагийн үед хөдлөөд Манханы хар үзүүрийн гуанзанд хоол цай идчихээд Ховд руу гарсан.Би Дарви өнгөрөөд машин барьсан. Шар хадны дөрөлж гэх газарт явж байгаад хөтөл даваад дээд талын хашлага өнгөрөөд доод талын хашлаганы дээд талд ирж явтал машин зүүн тал руугаа руль булаагаад гэнэт хар замын хажуу талын хашлага мөргөсөн. Тухайн үед би машинаа барьж явсан. Улаанбаатар хотоос гарахдаа үзлэг оношлогоонд оруулаад гарсан.Машин барьж явахдаа бага зэрэг зүйрмэглэсэн явдал байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 73-74-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч Ц.Г******* нь хамт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын нутгаас эхлэн өөрөө жолоодож “Шар хадны дөрөлж” гэх газарт явж байгаад бага зэрэг зүйрмэглэсний улмаас замын хажуугийн хашлага мөргөж машины урд суудалд сууж явсан Н.Нгийн биед баруун хөлний дунд чөмөг ясны хугарал, тасралт, арьс булчин, шөрмөсний олон тооны урагдаж задарсан шарх, толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хэсэг, зүүн гуя, зүүн өвдөгт тус бүр зулгаралт, цус хуралт гэмтлүүд үүсч улмаар амь хохирсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г******* нь тухайн хэрэг учрал болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэргийн 29-р хуудас дахь “ согтолт 0.00 хувьтай, эрүүл” гэх согтолт тодорхойлсон тэмдэглэлээр нотлогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г******* нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг Шар хадны дөрөлж гэх газарт 10-85 БӨН улсын дугаартай Портер маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Н.Нгийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нийн мэдүүлэг, гэрч Ц.Ганзориг, А.А******* нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зүйрмэглэсэн байдал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., мөн дүрмийн 12.3-д “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон ба улмаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүний амь нас хохироход хүрсэн шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар хавтаст хэрэгт 13402239 төгрөгний тооцоог хавсаргасан, шүүх хуралдаанд 9290295 төгрөгний баримт, сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, нийт 32692504 төгрөгний хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан болон шүүхэд шинээр ирүүлсэн баримтыг шинжлэн судлаад шүүгдэгчээс хохиролд 10839607 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, нийт 11839607 төгрөгийг гаргуулж, сэтгэл санааны болон бусад хохирол болох 20853494 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шийдвэрлэв. Үүнд:оршуулгын зан үйлтэй холбоотой зардал, талийгаачийн оршуулганд оролцохоор ирсэн хүний онгоцны зардал, баримтгүй бензин, унааны зардал, нэр хаяг гарын үсэггүй баримт, хэзээ хаанаас хэн авсан нь тодорхой бус Е баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд мөнгөн дүнгээр тооцож хохирол гаргуулах баримт хангалтгүй тул дээрх мөнгийг хасаж тооцож шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г*******оос 11839607 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Г******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 90-р/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г*******ийн хувийн байдлын талаар гэрч М.Мөнхжавын өгсөн...Ц.Г******* нь намбатай, хүнд тусархуу, ажилч хөдөлмөрч зантай, багаасаа эцэг эхийнхээ хамт мал маллаж ирсэн.Эцэг, эх нь нас барсан, одоо Өлгий суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 79-80-р хуудас/
Гэрч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.Г*******той гэр бүл болоод 11 жил болж байна.Энэ хугацаанд ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Тээврийн хэрэгсэл жолоодоод 1-2 жил болж байгаа ... гэх мэдүүлэг / хэргийн 81-82-р хуудас/зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.Г******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн Ц.Г*******ийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих гэх тайлбар, дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ц.Г******* нь энэ хугацаанд хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хохирогчийн талын хүмүүстэй уулзаагүй, гэмшиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч Ц.Г*******ийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна.Иймд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Г*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ц.Г******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчийн дансыг авч мөнгө хийх гэсэн боловч дансны дугаараа өгөөгүй тул хохирлыг төлж чадаагүй, шүүх хуралдаан дээр хохирогчид өгөхөөр 2 сая төгрөг авчирсныг хохирогч авахгүй байх тул хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Ц.Г******* нь ам бүл 5, эхнэр нь ажилгүй, 4 хүүхэдтэй. Өөрийн гэсэн малтай, тиймээс малаа зараад хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх тайлбар, санал гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Ц.Г*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэдий ч хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгчийн санал, улсын яллагчийн ялын санал болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших” тул түүнд хорих ял оногдуулах нь хуулийн шударга ёсны зарчимд нийцэж байх тул шүүгдэгч Ц.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г*******оос 11839607 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Г*******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ц*******ийн Г*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03/гурав/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Г*******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримаар ирсэн шүүгдэгч Ц.Г*******ийн жолоочийн 799986 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г*******оос 11839607 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нт олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Н нь цаашид хохирлын зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Ц.Г*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form