Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/26

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Х.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******  овогт *******гийн Б*******д холбогдох эрүүгийн 2036000000027 дугаартай, 178/2020/0028/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ард хазак, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Ховд аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, сарын өрхийн орлого 1600000 төгрөг, Ховд аймгийн Ж******* сумын ******* багийн Онцгойгийн 24 айлын сууцны 1-8 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн Б*******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ж******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Н.Авилбектэй маргалдаж, түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч Ители овогт Нурзатын Авилбекийн /1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, ПК85123111 регистрийн дугаартай, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой 36 айлын сууцанд Аманжол, Буянтогтох,Дугармаа бид дөрөв сууж байтал М.Серик над руу залгаад “хаана байгаа юм бэ уулзъя” гэхээр нь байгаа газраа хэлсэн. Бид нарыг сууж байтал М.Серик, Х.Б******* хоёр ирсэн.Бид нар архи ууж байгаад Аманжол Х.Б******* хоёр хоорондоо маргалдаад байхлаар нь би гадаа гаргаад салгахад Х.Б******* миний уруул хэсэгт гараараа цохичихоод яваад өгсөн. Би араас нь орилоод олоогүй.Би буцаж ороод сууж байтал М.Серик Х.Б******* хоёр ороод ирсэн. Тэгээд Буянтогтох, Дугармаа, Аманжол гурав гараад явсан.Үлдсэн архийг ууж байгаад би Х.Б*******ыг “ би та хоёрыг салгаж байхад чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Х.Б******* миний баруун нүд рүү шууд цохисон.Би газарт унахад миний толгой руу өшиглөж цохисон.Бид хоёрыг М.Серик салгасан. Х.Б******* нь эмчилгээний зардлыг төлсөн, гомдол саналгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Гэрч М.Серикийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Аманжол Х.Б******* хоёр маргалдаад байхаар нь Н.Авилбек бид хоёр гэрээс гаргаад салгаад Аманжолыг гэр лүү нь явуулчихаад тэдний араас гэрт ороход Н.Авилбек “ Х.Б******* миний нүд рүү цохичихлоо” гээд нүдээ дараад сууж байсан.Би тэр хоёрыг салгаад Х.Б*******ыг гэрээс гаргаад явуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн ...Н.Авилбекийн биед баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Н.Авилбекийн биед үүссэн гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-р хуудас/

Шүүгдэгч Х.Б*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн ...2020 оны 01 дүгээр сарын 07-ны орой надтай хамт явсан М.Серикийг Н.Авилбек утсаар хүрээд ир гээд дуудсан. Бид хоёр 36 айлд ирэхэд Н.Авилбек, А.Аманжол нар хоёр  танихгүй эмэгтэйтэй сууж байсан.Тэгээд зургуулаа архи ууж сууж байгаад А.Аманжол бид хоёр маргалдсан.Тэгээд гэрээс гараад юу болсныг санахгүй байна.Н.Авилбек бид хоёр 10 жилийн сургуулиас хойш найзуудын холбоотой.Би Н.Авилбекийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Н.Авилбекийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Бид хоёр уулзаж учир зүйгээ олсон.Сүүлийн нэг шил архийг уугаад болсон явдлыг санахгүй байна.”Ах” гэж дуудсангүй гээд А.Аманжолтой маргалдсан.Төрийн тусгай албан хаагчийн хувьд гаргаж байгаа үйлдэл нь буруу ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Х.Б******* нь 2020 оны 01 сарын 07-ны орой хамт явж байсан М.Серикийг нь Н.Авилбек дуудаад хамт 36 айлын орон сууцанд ирэхэд А.Аманжол, Н.Авилбек, Дугармаа, Буянтогтох нар сууж байсан ба тэд нийлж архи  ууж байгаад Х.Б******* А.Аманжолтой маргалдаж, Н.Авилбек тэднийг гэрээс гаргаж салгахад Х.Б******* Н.Авилбекийн толгойн тус газарт цохисон. Гэрт буцаж орж ирээд  Н.Авилбек, М.Серик, Х.Б******* гурвуул үлдсэн архийг ууж байгаад Н.Авилбек Х.Б*******ыг “ би чамайг салгаж байхад чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд Х.Б******* Н.Авилбекийг толгойн  тус газар нь цохиж өшиглөж биед нь ... баруун нүдний дээд доод зовхи болон баруун хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт зулгаралтууд ... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б*******ыг хохирогч Н.Авилбектай  маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б*******ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Х.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн А.Аманжолтой маргалдаж улмаар найзууд болох Н.Авилбекийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусадтай зүй бус харьцаж, биеэ зөв авч яваагүйгээс гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Х.Б*******ы хохирогч Н.Авилбекийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б*******ыг хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь хохирогчид учирсан 500000 төгрөгний хохирлыг төлсөн болох нь шүүгдэгчийн... хохирогчид 500000 төгрөгний хохирол төлсөн... гэх, хохирогч Н.Авбилбекийн ... эмчилгээний зардал 500000 төгрөг гарсан.Х.Б*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.. гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Б******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 29-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Х.Б*******ы хувийн байдлын талаар гэрч К.Маратын...Х.Б******* нь айлын 5 дахь хүүхэд, дээрээ 2 ах, 2 эгч, дороо 2 дүүтэй.Даруу төлөв зантай, эелдэг харьцаатай,хүнд тусархуу,найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, архи хааяа уудаг ч зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй...гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Х.Б*******ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Х.Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Х.Б*******ыг   дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн  эзэмшлийн цагаан өнгийн Rsheng маркийн 2 хаалгатай хөлдөөгч битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.Б******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Х.Б*******д  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Х.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүхээс торгох ялаар шийтгэсэн тул түүний эзэмшлийн цагаан өнгийн Rsheng маркийн 2 хаалгатай хөлдөөгч битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Б*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Б*******д оногдуулсан  450000 төгрөгний  торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.Б*******д тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б*******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Эрүүгийн 2036000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг дурдаж,  шүүгдэгч Х.Б*******ы эзэмшлийн цагаан өнгийн Rsheng маркийн 2 хаалгатай хөлдөөгч битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5/11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Б*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form