Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦ/30

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2036000160020 дугаартай, 178/2020/0030/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ард захчин, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын  ******* багт  оршин суух, , аминдаа гэр-1, мотоцикль-1, 300 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 300000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Well “ зочид буудлын гаднах авто зогсоолд байсан иргэн Г.гийн өмчлөлийн 68-41 ******* улсын дугаартай цагаан өнгийн Тоёото аллион маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан , Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Камерийн бичлэгт үзлэг хийсэн...“Well“ зочид буудлын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 22:20:27 цагт цагаан өнгийн улсын дугаар нь харагдахгүй Тоёото аллион маркийн автомашин ирж зогсоод жолооч нь буугаад буудал руу орсон.22:25:36 цагт дээлтэй хүн буудлаас гарч ирээд уг машины жолооч талын хаалгыг онгойлгон машинд суугаад машиныг ухраах хөдөлгөөнд явж байгаа бичлэг байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-5-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын  Наран багийн нутаг дэвсгэрт “Well “ зочид буудлын хашаанд болсон байх ба хашааны хаалга ертөнцийн зүгээр урд зүгт харсан онгорхой хаалгагүй хашааны зүүн хэсэгт цайвар шаргал өнгөтэй 2 давхар буудал байх ба буудлын хойт хэсэг баруун зүгийг харсан хүн орох хаалгатай байв. Хаалганы урд талд 61-60 ХОҮ улсын дугаартай автомашин тавьсан Хаалганы хойт талд 3 автомашин зэрэгцүүлэн тавьсан, алга болсон машин тавьсан гэх газрыг “А “ үсгээр тэмдэглэв. Уг газар нь цас орж дагширсан ямар нэгэн ул мөр байхгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 7-8-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...Уг тээврийн хэрэгсэл нь 68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монголд орж ирсэн, NZT2405029881 гэсэн арлын дугаартай, цагаан өнгийн автомашин байх ба автомашины гадна талд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй,автомашины өнгө үзэмж сайн,хаалгыг нь онгойлгож үзэхэд бор өнгийн суудлын бүрээстэй, хар өнгийн салонтой, автомашин дотор ямар нэгэн эд зүйл байхгүй байв. Автомашиныг асааж үзэхэд аккумлятор нь  суучихсан асахгүй байв.Стометрийн заалт-265238 км явсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 9-10-р хуудас/

Автомашин хүлээлгэн өгсөн тухай... 68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монголд орж ирсэн, NZT2405029881 гэсэн арлын дугаартай , цагаан өнгийн автомашиныг онгойлгож эзэмшигч Г.гээс “автомашин дотроос алга болсон, дутсан зүйл байна уу” гэхэд Г. автомашин дотор болон хойт талын багажны хэсгийг онгойлгож хараад “ ямар нэгэн алга болсон зүйл байхгүй” гэснээр 68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн автомашиныг Г.д хүлээлгэн өгөв.. гэх тэмдэглэл / хэргийн 11-р хуудас/

Хохирогч ******* овогт *******ын гийн / регисртрийн дугаартай, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой , биеийн тамирын багш мэргэжилтэй, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салаанд ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн...  2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22:20 цагийн үед би “Well” зочид буудалд хүнд юм өгөх гэж ирээд буудлын гадна өөрийн Toyoto Allion маркийн автомашиныг асаалттай нь үлдээгээд орсон. Буудал руу ороод 10-аад минут болоод гараад иртэл миний машин алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний машин унтрахаараа асдаггүй, аккумлятор нь муу болохоор асаалттай үлдээсэн.

Би уг машиныг 2018 онд 8200000 төгрөгөөр худалдаж авч байсан. Автомашинаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан, автомашинаас алга болсон  зүйл байхгүй,Нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21, 22-р хуудас/

Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* 0.75-ийн Ерөөл нэртэй архи 2, ус ундаа аваад “Well” Зочид буудал ороод 101 тоот өрөөнд Б., У.Сүрэнхүү, Болдоо нартай хамт үлдсэн. Би тэр дөрөвийг үлдээгээд явсан.Намайг буудлаас гарахад цагаан өнгийн автомашин асаалттай байсан, дугаарыг нь анзаараагүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид нар буудалд архи уугаад сууж байтал нэг мэдэхэд Б.******* байхгүй байсан.Тэгээд бид гурав архи уугаад сууж байтал цагдаа орж ирээд “танай өрөөнөөс хүн гарч явсан уу” гэж асуусан.Б.******* гараад явсан гэхэд “ гадаа байсан машин унаад явсан байна” гэсэн.Тэгээд бид нар тараад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Э. гараад 2-3 минут болж байхад “ би гараад хүнтэй уулзчихаад ирье” гээд Б.******* гараад явсан.Б. У.Сүрэнхүү бид гурав архи ууж сууж байгаад У.Сүрэнхүү унтаад өгсөн. Б. бид хоёр сууж байтал цагдаа нар орж ирээд “ танай өрөөнөөс хүн гарч явсан уу, гадаа байсан машин унаад явчихсан байна” гээд буудлын камер шүүж үзэхэд Б.******* буудлын гадна байсан машиныг унаад явсан байсан.Б.******* утсаа айлд орхиод явсан байсан тул холбоо барьж чадаагүй. Б.******* нэлээд согтуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/

Автомашин үнэлсэн ... Toyoto Allion маркийн автомашин 1 ширхэг-8000000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн... Би тухайн үед согтуу байсан болохоор юу  болсныг санахгүй байна. Би найз нартайгаа  хөзөр тоглож, архи уух гэж буудал орсон.Буудалд орохдоо архи уучихсан байсан,буудалд 2 шил архи авч ороод уусан, архи дууссан үгүйг мэдэхгүй. Би буудлын үүдэнд асаалттай байсан цагаан өнгийн  машиныг унаж явсныг цагдаа нар олж тогтоогоод маргааш нь эзэнд нь хүлээлгэж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Машиныг нь бүрэн хүлээлгэж өгсөн болохоор хохирол төлбөр байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 41-42-р хуудас/   зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 01 сарын 08-ны орой Б., У.Сүрэнхүү, Э., Э. гэх  найз нартайгаа  2 шил архи аваад “Well” зочид буудалд  архи ууж, хөзөр  тоглох зорилготой орцгоосон. Б.******* буудалд орохдоо согтуу байсан ба буудалд 3 найзын хамт архи ууж сууж байгаад “хүнтэй уулзаад ирье” гэж гарч явах замдаа  буудлын гадна асаалттай  байсан хохирогч  Г.гийн 68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж явсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн автомашин нь Г.гийн өмчлөлийнх болох нь 02231438 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хэргийн 55-р/ *******ын гийн “Жолоочийн үнэмлэх”-ний хуулбар / хэргийн 56-р/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй үедээ бусдын өмчлөлийн автомашиныг зөвшөөрөлгүй унаж явсан үйлдэл нь хохирогч Г.гийн... 2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22:20 цагийн үед би “Well” зочид буудалд хүнд юм өгөх гэж ирээд буудлын гадна өөрийн Toyoto Allion маркийн автомашиныг асаалттай нь үлдээгээд орсон. Буудал руу ороод 10-аад минут болоод гараад иртэл миний машин алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Миний машин унтрахаараа асдаггүй, аккумлятор нь муу болохоор асаалттай үлдээсэн... гэх мэдүүлэг,гэрч Э.ийн ... Би тэр дөрөвийг үлдээгээд явсан.Намайг буудлаас гарахад цагаан өнгийн автомашин асаалттай байсан, дугаарыг нь анзаараагүй... гэх мэдүүлэг, гэрч Б.ын... бид гурав архи уугаад сууж байтал цагдаа орж ирээд “танай өрөөнөөс хүн гарч явсан уу” гэж асуусан.Б.******* гараад явсан гэхэд “ гадаа байсан машин унаад явсан байна” гэсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.ын... Э. гараад 2-3 минут болж байхад “ би гараад хүнтэй уулзчихаад ирье” гээд Б.******* гараад явсан.Б. У.Сүрэнхүү бид гурав архи ууж сууж байгаад У.Сүрэнхүү унтаад өгсөн. Б. бид хоёр сууж байтал цагдаа нар орж ирээд “ танай өрөөнөөс хүн гарч явсан уу, гадаа байсан машин унаад явчихсан байна” гээд буудлын камер шүүж үзэхэд Б.******* буудлын гадна байсан машиныг унаад явсан байсан.Б.******* утсаа айлд орхиод явсан байсан тул холбоо барьж чадаагүй... гэх мэдүүлэг болон Well зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын   хохирогч Г.гийн өмчлөлийн   68-41 ******* улсын дугаартай Toyoto Allion маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр  авч  явсан  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.*******ын бусдын авто машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь “Автотээврийн хэсэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  авч явсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж  байх тул шүүгдэгч Б.*******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Г.гийн... би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйлгүй.Гомдол саналгүй.../хх-20/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 52-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Г.Баасанцэрэнгийн өгсөн...Б.******* нь олон ааш зангүй. Эхнэр хүүхүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг.300 гаруй толгой малтай, малынхаа ашиг шимээр амьдарч байгаа.2-р ангиас сургуулиас гарсан боловсролгүй,бичиг үсэг мэдэхгүй.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй..гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/,

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн... Б.******* нь Дархан-Уул аймаг, Орхон, 2-р баг, Энх тал ...гэх иргэний үнэмлэхний хаягтай ба байнга оршин суух хаягийн өөрчлөлтөд: Ховд аймаг, ******* сум 4-р баг, ******* гэх хаягийн тодорхойлолт, лавлагаа /хэргийн 47-48-р хуудас/, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай Шийтгэврээр Б.*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д заасан “ жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил гаргасны улмаас 20 цагийн албадан сургалтанд хамрагдаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29 дугаартай Шийтгэвэр  /хэргийн 50-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ыг   таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн450.000 төгрөг бүхий ХААН банкны 5855095325 тоот дансыг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, Анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн санал болгосон  500 нэгжтэй тэнцэх хэмжээний  500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун мянган  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******т  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалагдах хугацаагаар хадгалахыг тус тус дурдаж, шүүхээс торгох ял оногдуулсан тул түүний эзэмшлийн 450000 төгрөг бүхий  ХААН банкны 5855095325 тоот дансыг  битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун    мянган    төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг  03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалагдах хугацаагаар хадгалахыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 450000 төгрөг бүхий  ХААН банкны 5855095325 тоот дансыг  битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5/06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form