Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0507

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Гомдол гаргагч: Б.А

Хариуцагч: МБТТГХЗХАХШУБ Б.О

Гомдлын шаардлага: “МБТТГХЗХАХШУБ Б.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 443

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0191/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Б.А-гаас нь “МБТТГХЗХАХШУБ Б.О-ийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 443 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А-гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, МБТТГХЗХАХШУБийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

3.1. Анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дахь заалтаар “Э” ХХК-ийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн байна гэж тус хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн эсэхийг тогтоон гомдлын хүрээнээс хэтэрсэн дүгнэлтийг хийсэн хэсэг үндэслэл муутай болсон гэж үзлээ.

3.2. Гомдол гаргагч иргэн Б.А нь МБТТГХЗХАХШУБ Б.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 0013456 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрийг хянуулахаар шүүхэд гомдол гаргасан.

3.3. Шүүх зөвхөн гомдол гаргагчийн гомдлын шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөх ёстой. Гэтэл шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч бус, захиргааны байгууллагаас шийдвэр гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь бодитоор хөндөөгүй “Э” ХХК-ийг зөрчил үйлдсэн хэмээн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дахь заалтаар дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн106.5-д заасныг зөрчсөн.

3.4. Мөн анхан шатны шүүх “Э” ХХК-ийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

3.5. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19-д зааснаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих, тухайн зөрчлийг шалгаж, шийдвэрлэх эрхийг Монголбанкны хянан шалгагчид олгосон. Нөгөө талаар зарим төрлийн зөрчил үйлдсэн эсэх шийдвэрийг шүүх /Эрүүгийн хэргийн шүүх/ гаргах талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д заасан.

3.6. Өөрөөр хэлбэл, тодорхой субъектүүдэд зөрчлийг шалгаад, тухайн зөрчилд ямар шийдвэр гаргах эрхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар олгосон ба харин Захиргааны хэргийн шүүхэд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд заасан зөрчлийг шалгаж, тогтоох эрхийг олгоогүй.

3.7. Шүүх ийнхүү шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5 дахь заалтаар Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг “Э” ХХК зөрчсөн байна гэх дүгнэлт өгсөн нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсгийг өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Зөрчлийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Гомдол гаргагч Б.А-гаас “МБТТГХЗХАХШУБийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...МБТТГХЗХАХШУБ шийтгэл ногдуулахдаа “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал иргэн Б.А-г 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 11.30 дугаар зүйлийн 1.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчин хуулийн этгээдийг бус, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа иргэн Б.А-д шийтгэл ногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчжээ...” гэсэн дүгнэлт хийж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасантай нийцжээ.

2.3. МБТТГХЗХАХШУБ Б.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсаар Б.А нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх:” 1.1 дэх хэсэгт “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;” гэсэн заалтыг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, Ardshop аппликейшн, зураг зэргээр тогтоогдож байна хэмээн үзэж 4.000 нэгжээр торгох шийтгэл ногдуулжээ.

2.4. Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргагчаас “..Хүн, хуулийн этгээд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн зохих заалтыг үндэслэн шийтгэлийг оногдуулах хуульд заасан үндэслэл бий боловч эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг шалган тогтоох нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцнэ. Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан. Улсын байцаагчаас 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д холбогдуулан 2201000001 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн атлаа “А” ХК, түүний хамаарал бүхий манай “Э” ХХК-ийг зөрчил үйлдсэн эсэхийг тогтоож шалгасан зүйл байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрээр иргэн Б.А-г 4,000,000 төгрөгөөр торгосон нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй” хэмээн маргажээ.

2.5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг дүгнэн үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг нэхэмжлэгч Б.А- зөрчсөн эсэх нь эргэлзээтэй.

2.6. Өөрөөр хэлбэл, Ар худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд үнийн дүнгийн тодорхой хувьд нь Ардкойныг урамшуулал оноо болгон дагалдуулахаас гадна “А” ХК, түүний хамаарал бүхий компани болох “Э” ХХК-ийн эрхлэн явуулж байгаа сайтаар гаргасан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авахдаа цуглуулсан Ардкойны оноогоороо худалдан авалтаасаа хөнгөлүүлж байгаа нь тогтоогдож байх бөгөөд тухайн зөрчлийг нэхэмжлэгч Б.А- үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

2.7. Нэгэнт “Ш” ХХК-аас хуулийн этгээдэд холбогдуулан гомдол гаргасан тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдтэй холбоотой баримтыг цуглуулж, холбогдох этгээдийг хохирогчоор тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулж тус зөрчлийг иргэн Б.А- үйлдсэн үү эсвэл хуулийн этгээд үйлдсэн үү гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас ногдуулахаар байжээ.

2.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, холбогдогч болон зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн шийтгэлийг хүн эсхүл хуулийн этгээдэд ногдуулах нь Зөрчлийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байхад улсын байцаагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг иргэн Б.А- үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх “Э” ХХК-ийг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэх дүгнэлтийг өгсөн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцээгүй” гэх гомдлын тухайд,

3.1. Гомдол гаргагч Б.А- нь өөрт нь ногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн шүүх гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Э” ХХК зөрчил гаргасан эсэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ