Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Одгэрэл, Б.Итгэл нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06861 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Болдод холбогдох,

 

38 401 000 төгрөг гаргуулах, 30 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Б.Итгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Итгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Уранцэцэг

Нэхэмжлэгч Б.Итгэлийн өмгөөлөгч: Г.Баяржаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Энхтүвшин

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ганцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Б.Итгэл нь С.Болдын гуйсны дагуу 2011 оны 6 дугаар сард Голомт банкны салбараас өөрийн нэр дээр хашаа байшин барьцаалж, 20 000 000 төгрөгийн зээлийг түүнд авч өгсөн. С.Болд нь 2014 оны 03 дугаар сараас эхлэн зээлээ төлж чадахгүй болсон тул түүний гуйлтын дагуу Б.Итгэл банкны үлдэгдэл зээлийг хааж, мөнгө нэмж зээлсэн.

Иргэний хуулийн 153, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу бид харилцан тохиролцож нийт мөнгөн дүнг гаргаад 3 хувийн хүү өгөх, авахаар тохиролцож, мөнгө төлөгдөөгүй хугацаа алдсаны дагуу өссөн дүн бүрт хүү бодон, мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор удаа дараа бичгээр баримт үйлдэж харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний бичгээр үйлдсэн баримт бол хуулийн шаардлага хангасан.

2015 оны 6 дугаар сарын 16-нд С.Болд нь “Мөнгө төлөх баталгаа” гэсэн нэртэй баримт үйлдэж Б.Итгэлээр 18 200 000 төгрөг төлүүлж, 800 000 төгрөг зээлж 19 000 000 төгрөг болсон. Дээр нь Треда маркийн автомашины 3 000 000 төгрөг, Хас банкны зээл чөлөөлсөн 1 000 000 төгрөг, нийт 23 000 000 төгрөг, хүүгийн хамт нийт 35 413 600 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэж баталгаа гаргаад гарын үсэг зурсан байгаа.

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Болд Б.Итгэлд 35 413 600 төгрөгийн өртэй нь үнэн тул хашаа байшингаа зээлийн барьцаанд тавихад татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн.

С.Болд нь үүргээ хугацаанд нь гүйцэтгэхгүй байсан тул нэмэлт хугацаа тогтоож талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Өнгөрсөн хугацаанд С.Болд нь “...би хашаа байшингаа зараад мөнгө өгнө” гэсэн боловч нэг ч удаа зар өгөөгүй. Мөн хариуцагч тал хүү төлснөө тооцож тооцооноос хассан баримт ч хэрэгт байгаа.

Иймд мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд нийт 38 401 000 төгрөгийг С.Болдоос гаргуулах, С.Болдтой байгуулсан газар, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гарсан тул талуудын удаа дараа бичгээр байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийн дагуу 30 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн нэмэлт шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.

            Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Нэхэмжлэгч Б Итгэл нь 38 401 000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчийн зүгээс зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Би 2011 онд Б.Итгэлтэй тохиролцож, Голомт банкнаас хашаа байшин худалдан авах урт хугацааны зээлийн гэрээг 10 жилийн хугацаатайгаар 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг Голомт банкны зээлийн гэрээ Б.Итгэлийн нэр дээр байсан боловч би зээлийн хүү, төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцон тухайн үед зээл бүтсэний дараагаар би баярласнаа илэрхийлэн 1 000 000 төгрөг өгч байсан. Гэхдээ энэ мөнгийг би түүнд өгөх ёстой дүнд оруулахгүй, найздаа тусалсанд нь талархаад өгсөн мөнгө байсан.

Ингээд харилцан тохиролцсоны дагуу зээлийн гэрээний графикийн дагуу би 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 34 сарын турш, cap бүр 361 000 төгрөгийг Б.Итгэлийн нэрийн өмнөөс Голомт банкинд хийж шилжүүлж нийт 11 913 000 төгрөг өгсөн.

С.Болдын төлбөрийн чадвар муудсан учир нөхцөл байдлаа тайлбарлаж, тухайн үед Б.Итгэл18 200 000 төгрөгийг төлж зээлийн гэрээг хаасны дараа 800 000 төгрөг нэмж зээлсэн. Би түүнд 19 000 000 төгрөгийг өглөгтэй болж үүнийг нь төлсний дараагаар хашаа байшингаа буцааж нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцсон.

Мөн Б.Итгэлийн эгч Б.Одгэрэлээс тухайн үед 1 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн бөгөөд Б.Одгэрэлд би 1 000 000 төгрөгийн зээлийн хүү болох 500 000 төгрөгийг төлж байсан. Нэхэмжлэгч нарт төлсөн мөнгийг тооцож үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөг, бэлнээр 1 000 000 төгрөг болсон.

Ийнхүү анх Б.Итгэлийн нэр дээр зээл гаргуулан авсанаас хойш банкны зээлийн хүүд 11 913 000 төгрөг, зээл хаасны дараагаар 7 000 000 төгрөгийг төлсөн байдаг. 

Нэхэмжлэлийн шаардлагад буй автомашины төлбөр 3 000 000 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Б.Итгэлээс ямар нэг машин худалдаж авсан зүйл огт байхгүй.  

Мөн нэхэмжлэлд 23 000 000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж гэрээ хийсэн гэжээ. Гэвч бодит байдал дээр бид хоорондоо зээлийн гэрээ хийж бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй.

Иргэний хуулийн 282 дүгээр зүйл 282.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас 23 000 000 төгрөгөөс хүү тооцож төлөх нь үндэслэлгүй юм. Би Б.Итгэлийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр банкны зээлийн гэрээг хаахад нь төлсөн 18 200 000 төгрөг нэмж зээлсэн 1 800 000 төгрөг нийт 20 000 000 төгрөг өгөх ёстойгоос 7 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 13 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13 000 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү 

Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байдаг.

С.Болд нь зээл авч өөрийн гэр бүлийн бизнестээ зарцуулах зорилгоор Б.Итгэлтэй өөрийн өмчлөлийн хашаа байшинг худалдаж буй мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийж, уг дүр үзүүлэн хийсэн хэлцэлийнхээ үндсэн дээр Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан хэлцэлийг Б.Итгэлтэй хийлгэж, уг зээлийн гэрээний дагуу олгогдсон мөнгийг авч хэрэглэсэн ба тодорхой хэмжээнд буцаан төлөлт хийсэн байна.

Иймд С.Болд, Б.Итгэл нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 3 өрөө, хувийн сууцны хууль ёсны өмчлөгчөөр сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус заасныг баримтлан, хариуцагч С.Болдоос 12 950 261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 450 739 төгрөгт холбогдох хэсгийг болон үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан, С.Болд, Б.Итгэл нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь эх 2 дугаар гудамж, 3030 тоот хаягт байрлах 269 м.кв газар, мөн хаягт байрлах 53 м.кв 3 өрөө хувийн сууцыг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч С.Болдыг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь эх 2 дугаар гудамж, 3030 тоот хаягт байрлах 269 м.кв газар, мөн хаягт байрлах 53 м.кв 3 өрөө хувийн сууцны өмчлөгчөөр сэргээн тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 349 955 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 349 955 төгрөгөөс үлдэх 279 755 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт буцаан олгож, хариуцагч С.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид 222 154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт олгож, нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нараас 378 150 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Болдод олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт байгаа нотлох баримтад ач холбогдол өгөлгүй, үнэлж үзэлгүй, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Б.Итгэлээс С.Болдын зээлсэн нийт мөнгөний дүн өөрийнх нь удаа дараа бичиж өгч, гарын үсэг зурсан баримтаар 23 000 000 төгрөг болж хүүгийн хамт 38 000 000 гаруй төгрөг болсон байхад буруу тооцсон төдийгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй нь нэг талд үйлчилсэн шийдвэр боллоо.

С.Болд Голомт банкаас зээлсэн 20 000 000 төгрөгийг хувиарын дагуу cap бүр төлж байсан бол 2014 оны 3 дугаар сараас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд зөвхөн 33 сарын хүүд 7 783 124 төгрөг төлөх тооцоо гарах нь хэрэгт байгаа зээлийн баримтаар нотлогдож байна. С.Болд нь 3 000 000 төгрөгөөр үнэлсэн автомашиныг зээлээр авсан тул Б.Итгэлд нийт 23 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн юм.

Анх 23 000 000 төгрөгийн баримт үйлдэж талууд гарын үсэг зурсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл 33 сард талуудын тохирсон 3 хувиар хүү тооцоход 22 770 000 төгрөгийн хүү төлөх тооцоо гарч байгаа. Үүнээс хүүд төлсөн 7 000 000 төгрөгийг хасахад 2300000 + 15 770 000 = 38 770 000 төгрөг төлөх үүрэг хүлээж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Шүүх автомашины үнэ, төлбөртэй холбоотой үйл баримт нотлогдоогүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. С.Болд нь Б.Итгэлийн н.Төгсбуянд зээлээр өгсөн машиныг 3 200 000 төгрөгт тооцож төлөх тухай баримт бичиж өгсөн нь эх хувиараа хэрэгт байгаа. Энэ баримтын талаар н.Төгсбуян тайлбар бичиж, нотариатаар гарын үсгээ баталгаажуулж өгсөн баримт хэрэгт авагдсан ба С.Болд Б.Итгэлийн автомашиныг шилжүүлэн авсан мөнгийг төлөөгүй талаар тодорхой бичсэн байгаа. Мөн С.Болд нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бичиж өгсөн баримт дээр Треда маркийн автомашины 3 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэж өөрийн гараар бичээд гарын үсгээ зурсан байгаа.

Шүүх “мөнгө төлөх баталгаа, тооцооны баримтуудад хариуцагч С.Болд зөвшөөрч гарын үсэг зурсан боловч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй байх тул хуулийн заалтын дагуу хүү шаардах эрхгүй” гэж хоёрдмол утгаар талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг үндэслэлгүй дүгнэсэн.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэсэн заалтын дагуу С.Болд нийт зээлсэн мөнгөндөө cap бүр 3 хувийн хүү тооцон буцааж төлөхөөр хүлээн зөвшөөрч удаа дараа өөрөө бичиж өгч, талууд баримт үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Баримт бүр дээр мөнгөний хэмжээ cap бүр тооцох хүү зэргийг тодорхой бичиж байсан.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн талуудын удаа дараа бичгээр байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийн дагуу 38 400 000 төгрөгийн өр төлбөрийг С.Болдын үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлд хангуулах тухай заалтыг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

             Нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нар нь хариуцагч С.Болдод холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 38 401 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсанд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч С.Болд өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд Дарь-Эх 2 дугаар гудамж 3030 тоот хаягт оршин байх улсын бүртгэлийн Г-2204030344 дугаарт бүртгэлтэй, 53 м.кв талбай бүхий 3 өрөө хувийн орон сууцыг 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу С.Итгэлийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар маргаангүй байна. Энэ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах болсон шалтгаан бол С.Болд нь Б.Итгэлийн нэр дээр Голомт банкнаас зээл авахуулсан, зээлийн үлдэгдлийг Б.Итгэл төлснөөр С.Болдын төлөх төлбөр 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 18 200 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

 

            Хэргийн 9 дэх талд авагдсан баримтад С.Болд нь 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр зээлийн үлдэгдэл 18 150 261 төгрөг, мөн нэмж 800 000 төгрөг авсан, автомашины үнэд 3 000 000 төгрөг, хүү 1 300 000 төгрөгийг өгөх үүрэгтэй гэж нийт 22 000 000 төгрөгийг Б.Итгэлд төлөхөөр тооцоо хийсэн тэмдэглэл байна.

 

            Уг хэлцлээс 18 200 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, нэмж 800 000 төгрөгийн зээл авсан, 1 000 000 төгрөгийг төлөхөөр С.Болд зөвшөөрсөн, уг байдлыг шүүхэд гаргасан түүний тайлбартай харьцуулан үзэж шүүх С.Болдыг 19 200 000 төгрөгийг авсан гэж дүгнэсэн нь зөв боловч үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. Учир нь Б.Итгэлээс С.Болдод уг мөнгийг зээлүүлсэн талаар талууд маргаангүй байна.

 

            Харин 800 000 төгрөгийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлж авсан гэж шүүх дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Дээрх баримтад зээлийн хүү гэж талууд дурдсан боловч тэдгээрийн хооронд зээлийн хүүгийн талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг шаардах эрхгүй юм.

 

            Түүнчлэн автомашиныг эзэмших эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар бүртгэлд үндэслэхээс гадна эд хөрөнгө шилжүүлж өгснөө нотлоогүй тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийг шаардах эрхгүй юм.

 

            Түүнчлэн талууд 2015 оны 06 дугаар сарын 12, 2015 оны 06 дугаар сарын 16, 2015 оны 07 дугаар сарын 01, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо хийсэн гэх баримтуудыг удаа дараа үйлдсэн байх ба талууд 18 200 000 төгрөгийн зээлийн төлбөр тооцоотой холбогдуулж хүү төлөх тохиролцоо хийсэн байдаг. Гэвч 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн баримтаас бусад баримтад зээлийн хүүг харилцан тохирсон байдал тогтоогдохгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар зээлийн хүү шаардах эрхгүй юм.

 

 

            Харин 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр /хэргийн 9 дэх хуудасны ар тал/ хийсэн талуудын тохиролцооноос үзвэл “2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн 22 000 000 төгрөг өгч, авахаар тохиролцсон боловч 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тохиролцсон мөнгөө авч чадаагүй тул дахин 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэй бодож, алданги тооцохоор тохиролцов” гэсэн байх бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хариуцагч сарын 3 хувиар тооцож хүү төлөх үүргийг хүлээсэн гэж үзвэл хариуцагчаас энэ үүрэгт 299 253 төгрөг /19 950 261 төгрөг * 3 хувь : 30 хоног * 15 хоног/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Харин 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн талаар тохиролцоог 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөх хийх боломжгүй, өөрөөр хэлбэл тохиролцсон хугацаанаас өмнөх хугацаан дахь зээлийн хүүгийн талаар тохирч болох үндэслэлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зохицуулаагүй байна.

 

            Нэхэмжлэлийг Б.Итгэл, Б.Одгэрэл нар гаргасан байх бөгөөд тэдгээр нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэсэн тайлбарыг гаргасан, нэхэмжлэгч Б.Одгэрэл нь нэхэмжлэлээсээ татгалзаагүй байхад шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

            Б.Итгэл, С.Болд нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч уг хэлцэл хийсэн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь уг хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах зорилготой байсныг шүүх хэлцэл хийгч талуудын хүсэл зоригийн илэрхийллийн хувьд алдаатай байсан гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг талууд бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бол улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд гэрээг байгуулагдсан тооцогдоно.

 

            Хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус байх үр дагавартай.

 

            Энэ тохиолдолд өөр хэлцлийг болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл уг хүсэл зоригийн илэрхийллийг хожим зөвшөөрсөн байдал нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болохгүй тул талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг барьцааны гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг талуудын хооронд үүссэн зээлийн болон барьцааны эрх зүйн маргааны шаардах эрхийг үндэслэл гэж дүгнэж баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06861 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Болдоос 13 249 514 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Итгэл, Б.Одгэрэл нарт олгож, нэхэмжлэлээс 25 151 486 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсанд тооцуулах тухай хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг “...222 154...” гэснийг “...224 197...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 350 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Э.ЗОЛЗАЯА