Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01876

 

Г.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1581 дүгээр магадлалтай,

Г.Чгийн нэхэмжлэлтэй

Б.Б д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 51 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Бгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Бд 2017 оны 08дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 15 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй тус тус баримт үйлдэж зээлдүүлсэн. Улмаар Б.Б нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд төлөхийг шаардсан боловч удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Иймээс Б.Бгаас үндсэн зээл 45 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүүгээр бодож 3 сарын хүү 6 750 000 төгрөг, нийт 51 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Г.Чгаас 3 тасдаж 45 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн боловч энэ мөнгөнөөс 28 050 000 төгрөгийг буцааж төлсөн. Гэтэл Г.Ч нь намайг мөнгө төлөөгүй мэтээр нэхэмжлэлдээ бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх Г.Чгийн мөнгийг авахдаа хүүгийн талаар огт тохиролцоогүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр авсан 20 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг буцааж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.Мягмарсайхан, Г.Ч нар 9 500 000 төгрөгийг Д.Ангарагтуяагийн дансанд хий гэж хэлсний дагуу Т.Мягмарсайхан, Д.Ангарагтуяа бид 3 хамт явж байгаад Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Мөн өдрөө Т.Мягмарсайхан нь н.Буянхишиг гэж Капитал банкны хүнд 2 500 000 төгрөгийг өгөх хэрэгтэй боллоо гээд Д.Ангарагтуяагийн дансаар дамжуулж авсан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Т.Мягмарсайхан нь Г.Чгийн ээж Т.Мэндсайханы Хаан банкны дансаар 2 000 000 төгрөг шилжүүл гэсний дагуу би өөрийн Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан 15 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг буцааж өгсөн.2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Г.Ч, Т.Мягмарсайхан нар 1 500 000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу миний нөхөр М.Элдэв-Очирын Хаан банкны данснаас Г.Чгийн дансанд шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг мөн М.Элдэв-Очирын данснаас Г.Чгийн дансанд шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Т.Мягмарсайхан, Г.Чгийн хэлснээр 1 000 000 төгрөгийг Т.Мягмарсайханы нөхөр гэх н.Чинзоригийн дансанд мөн М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг Г.Чгийн дансанд нөхөр М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг Г.Чгийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан 10 000 000 төгрөгөөс 6 050 000 төгрөгийг буцааж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 150 000 төгрөгийг Т.Мягмарсайхан, Г.Ч нарын хэлснээр н.Чулуунцэцэг гэдэг хүний дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. Мөн өдрөө 250 000 төгрөгийг тэдний хэлсний дагуу н.Отгонцэцэг гэдэг хүний дансанд шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5 удаа тус бүр 1 000 000 төгрөгөөр нийт 5 000 000 төгрөгийг Г.Чгийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөгийг Г.Чгийн дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т.Мягмарсайхан, Г.Чгийн хэлснээр 150 000 төгрөгийг Д.Ангарагтуяагийн дүү Д.Солонгын дансанд М.Элдэв-Очирын данснаас шилжүүлсэн. Нийт 45 000 000 төгрөгөөс 28 050 000 төгрөгийг буцааж өгсөн учир 16 950 000 төгрөгийг буцааж төлөх ёстой гэж бодож байна. Үлдэх мөнгийг хариуцах учиргүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 27 950 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чд олгож, үлдэх 23 800 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3 300 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, мөн хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 237 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чд тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1581 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч хуулиар тогтоосон олон журмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх тэдгээр зөрчил, хууль бус ажиллагаануудыг илтэд хаацайлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна гэсэнд гомдолтой байна. Хариуцагч би анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарыг 2018.03.21-ний өдөр татгалзан гаргах үндэслэл бүхий хүсэлт гаргаж, түүгээр гэрч Д.Ангарагтуяа, Т.Мэндсайхан нарыг асуулгахгүй байхаар шүүхийн ерөнхий шүүгчид хүсэлт, гомдол гаргасан. Гэтэл миний хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлээгүй байхад шүүгч Д.Нямбазар нь 2018.03.22-нд /маргааш нь/ гэрчээр Т.Мэндсайханыг байцаасан, гэрч Т.Мэндсайханыг байцаахдаа хүсэлт гаргасан намайг байцуулаагүй бөгөөд гэрчээс асуулт асуух миний эрхийг хасаж хязгаарласан, гэтэл татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн захирамж 2018.03.23-нд гарсан байна. Мөн гэрчээр Т.Мягмарсайханыг байцаах үедээ Д.Ангарагтуяагийн гэрчийн тодорхойлолтыг Т.Мягмарсайханд урьдчилан уншиж өгсөн, нэхэмжлэгч, гэрч нарт илтээр зөвлөгөө өгч, өөрийн байр суурь, шийдвэрийн талаар урьдчилсан ойлголт өгч нэг талыг баримтлан адил тэгш байх зарчмыг алдагдуулсан, түүнчлэн 2018.05.04-ний өдрийн шүүх хуралдааны эхэнд хариуцагч би шүүгч Д.Нямбазарыг 2 дахь удаагаа татгалзан гаргах хүсэлт гаргасаар байхад хүсэлтийг шүүгч Д.Нямбазар ерөнхий шүүгчээрээ шийдвэрлэлгүй, шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж нотлох баримт бүрдүүлэх, бусад 2 ч хүсэлтийг үл хэрэгсэн хууль зөрчиж шийдвэр, гаргаж миний эрх ашгийг хохироож байхад давж заалдах шатны шүүх эдгээр зөрчлүүдийн талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдалгүй дуугүй өнгөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна гэж байгаад гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.6-д ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана гэж заасан байхад 2018.05.04-ний өдрийн татгалзан гаргах хүсэлтийг шүүгч Д.Нямбазар ерөнхий шүүгчээрээ шийдвэрлүүлэлгүй, өөрөө шийдвэрлэж шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн магадлалд ...Д.Ангарагтуяа, Д.Мягмарсайхан нарт өгсөн 12 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулах гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь иргэний хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь зээл төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г.Чд эсхүл түүний зөвшөөрсөн этгээдэд хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: Зээл авсан баримтанд зээлийг зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгч буюу Г.Чд өгнө гэж заагаагүй гэрч Д.Ангарагтуяагийн тодорхойлолтоор Т.Мягмарсайхан нь надад хүнээс мөнгө зээлдэж авах боломж байна, гурвуулаа өөр өөрсдийн хэрэгцээгээ зээлж аваад дараа нь авсан авснаа хариуцаад төлье гэж санал болгосны дагуу зөвшөөрч, улмаар Т.Мягмарсайхан нь хэн нэгэн лүү утсаар ярьж Б.Бгийн данс руу 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлсэн хүн нь Г.Ч гэдгийг бидэнд тухайн үед хэлээгүй ба маргааш нь зээлийн гэрээ хийхээр болоход нь л Б.Б мэдсэн. Т.Мягмарсайхан нь 2,5 сая төгрөгийг миний надаар бэлнээр гаргуулж авсан, мөн би 9,5 сая төгрөгийг авсан нь үнэн тул бид 2-ын авсан 12 000 000 төгрөгийг хасаж тооцох нь үнэн. Т.Мягмарсайхан нь тухайн үед 12 000 000 төгрөгөө хасаад үлдсэн мөнгөө төлөөрэй би Г.Чд хэлчихсэн байгаа гэж байсан гэх тайлбар нь иргэний хуулийн 210-р зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэсэн хуулийн заалтыг хэрэглэн Д.Ангарагтуяа, Т.Мягмарсайхан нарын Г.Чгийн зээлнээс авсан 12 000 000 төгрөгийг тэднээс гаргуулахаар шийдвэрлэж болох байсан гэж үзэж байна. Г.Чгаас 2017.08.14-нд авсан 20 000 000 төгрөгийн зээл авах үед хариуцагч Б.Бг би Г.Чтай зээл авахаар шууд тохиролцоогүй, харин эгч нь гэх Т.Мягмарсайханы зуучилснаар мөнгө шилжиж ирснийг хувааж авсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Б надаас Д.Ангарагтуяа, Т.Мягмарсайхан нарын авсан 12 000 000 төгрөгийг орлуулан нийт 27 950 000 төгрөг надаас гаргуулж Г.Чд олгуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 15 950 000 төгрөгийг зөвшөөрч, 12 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэр, магадлалд энэ хэмжээгээр өөрчлөлт оруулах буюу хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 51 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 27 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зээлийн гэрээнээс үүдэлтэй маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 08 сарын 14, 2017 оны 08 сарын 17, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээ тус бүрд заасан зээлийг буюу нийт 45 000 000 төгрөгийг Б.Б хүлээж авсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул зээлдэгч Б.Б нь гэрээний дагуу мөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчид 17 050 000 төгрөгийг буцаан төлжээ.

Б.Б нь 3 зээлийн гэрээний дагуу тус тус мөнгийг хүлээж авсан, буцааж төлөх ёстойгоо баримтжуулж, гарын үсгээ зурсан байх ба хүү төлөх талаар бичгээр тохиролцоогүй тул шүүх зээл 45 000 000 төгрөгөөс төлсөн 17 050 000 төгрөгийг хасч үлдэх мөнгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Б.Б нь 45 000 000 төгрөгийг хүлээн авсан, уг мөнгөнөөс 9 500 000 төгрөгийг Д.Ангарагтуяад, 2 500 000 төгрөгийг Г.Мягмарсайханд өгсөн нь тогтоогдсон байх ба Д.Ангарагтуяа, Г.Мягмарсайхан нар Б.Бгийн өмнө, Б.Б нь Г.Чгийн өмнө зээлийг буцааж төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Б.Б нь зээлийн мөнгийг хүлээн авч, захиран зарцуулснаас гадна зээлдүүлэгч Г.Ч нь Д.Ангарагтуяа, Г.Мягмарсайхан нартай хэлэлцэж тохирсон, мөнгийг шилжүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй байв. Д.Ангарагтуяагийн тайлбар гэсэн бичмэл баримт /хх59/, Г.Мягмарсайханы гэрчээр өгсөн мэдүүлгээс /хх-63/ үзвэл тус тусын мөнгийг Б.Бгаас авсан, буцааж төлөхөө илэрхийлсэн болохоос  Г.Чтай тохирч, түүнээс мөнгө зээлсэн гэх байдлыг нотлоогүй байна.

Иймд Д.Ангарагтуяа, Г.Мягмарсайхан нарын зээлийг хасч тооцуулахыг хүссэн Б.Бгийн гомдол үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01057 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1581 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

         ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА