Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2036000060028 дугаартай, 178/2020/0040/Э/  индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 19-ний   өдөр хүлээн авч, 2020 оны 03 сарын 05-ны өдөр хянан  хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1991 оны 09 сарын 07- ны өдөр төрсөн,  28 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа адуу -100, ямаа -200 , үхэр-25 толгой,  гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 280000 төгрөг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 сарын 20- ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх  хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Ховд аймгийн ******* сумын ************** багийн нутаг “ Нийт” гэх газраас ховор амьтан болох зэгсний зэрлэг  гахайн толгой, шийргүй арьстай  махыг  2019 оны 12 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  хар өнгийн SUBARU Forester маркын  61-97 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт  хэрэг гарсан гэх  газар нь Ховд аймгийн ******* сумын ************** багийн нутаг дэвсгэр “Нийт”гэх  нэртэй газар болсон байв. Гэмт хэрэг болсон гэх газарт очиход Хар усан  нуур дээр шигүү хулстай газар байв. Б.*******гоор гэмт хэрэг гарсан гэх газрыг заалган, үзлэгийг хийхэд Хар усан нуурын захаас дотогшоо чиглэлд 2 км зайд явж зэрлэг гахай байсан гэх газрыг зааж, харуулсныг  хар өнгийн Garmin нэртэй,GPS bmar 78 s багажаар цагийг тодорхойлоход N48 17,35.7 EO92 138 13,4 гэж гарч ирснийг тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. Уг хэргийн газарт ямар нэгэн цус болсон ул мөр байхгүй байв. Тухайн газарт цас орж ул мөрүүд дарагдсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 7-11 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Хар өнгийн SUBARU Forester маркийн 61-97 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Үзлэгийг Цагдаагийн газрын авто зогсоол дээр явуулав. Уг тээврийн хэрэгсэл нь 2005 онд үйлдвэрлэсэн кабины дугаар нь sg 5079689 дугаартай В ангилалын тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгсэлд хоёр хажуу талын 4 хаалга, арын багажны хаалга бүрэн гүйцэт онгойж байв. Урд хоёр суудлын дунд 6 ширхэг цаасан аяга байв. Арын багажинд Улаанбаатар гурил гэх хаягтай уутанд толгой шийргүй  нэг ширхэг гахайны арьстай  мах байв. Уг уут нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уутан дотор нэг ширхэг аяга, элэг байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэрэгсэлд хутга хайхад байхгүй байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 12-14 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл ... толгой шийргүй арьстай гахайн мах, цагаан өнгийн Улаанбаатар гурил гэх бичиг бүхий гурилын уут нэг ширхэг, стакан нэг ширхэг / хэргийн 17-18 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******ын гудамж 03-05 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, ард мянгад, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын ажилтай , дугаарын регистртэй / овогт ийн гийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын Засаг даргаар 2018 оноос ажиллаж байна. Б.******* нь эцэг, эх дүү нарын хамт ******* сумын ************** багт амьдардаг. Б.*******г ан хийж  байсан талаар мэдэхгүй, тэр талаар сонсогдож байгаагүй. Буу байдаг талаар мэдэх зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.ийн өгсөн... Хар өнгийн SUBARU Forester маркийн 61-97 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл учраагүй. Би тухайн үед миний тээврийн хэрэгсэлд гахайн мах  ачиж явж байгаа талаар мэдээгүй. Өөрийн тээврийн хэрэгсэлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг  / хэргийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 12 сарын 27-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд ******* сумын залуучуудын ёлконд оролцохоор очсон боловч арга хэмжээ нь болоод тарж байсан тул авга ах Л.ийн гэрт очсон. Тэднийд байхад манай нутгийн Б.******* гэх залуу орж ирсэн. Миний тээврийн хэрэгслийг  хэзээ яаж авах уу гэхээр нь он гарахаас өмнө авбал сайн байна гэхэд оноос өмнө авна , би хариад мөнгө аваад ирье, таньтай хамт Ховд аймгийн төв орж хоноод маргааш бичиг баримтаа өөрийн нэрэн дээр шилжүүлээд ирье гэхээр нь машинаа өгөөд явуулсан. Гэртээ хариад шөнө 01 цагийн үед ирээд надад 500000 төгрөг тоолж өгөөд бид нар Ховд аймаг руу явсан. Б.*******г зүүн хаалганд буулгасан. Б.******* нь таны машины ард ууттай зүйл байгаа маргааш авъя гэхэд за тэг тэг гэж хэлсэн. Машины ард юу байсан талаар мэдэхгүй. Маргааш нь шинэ жилийн арга хэмжээний талаар ярилцахаар хамт ажилладаг С., Ж. нартай уулзахаар болоод нэг шил Eden нэртэй архи аваад гурвуулаа машиндаа уугаад С.ийг гэрийнх нь  гадна буулгаад явж байгаад Цагдаагийн албан хаагч нартай дайралдаж шалгуулахад намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд түр саатуулсан. Миний тээврийн хэрэгслийн багажнаас толгой, шийргүй гахайны мах гарч ирсэн. Би ямар гахайны мах болохыг мэдээгүй. 2019 оны 12 сарын 28- ны өдөр гарч ирээд Б.*******гоос ямар учиртай гахайн мах болохыг асуухад “ надад нэг гахайн мах байсан. Таньтай хамт аймаг явах үедээ авч явсан. Тухайн үед таниас айгаад хэлж чадаагүй  гэж байсан. Би машиныхаа моторыг цохиулаад Б.*******гоос 1500000 төгрөг авч засуулсан, тухайн мөнгөн дэрээ  500000 төгрөг нэмээд  2 сая төгрөгөөр зарж байгаа юмаа. Би тухайн тээврийн хэрэгсэлийг 2018 онд Улаанбаатар хотоос М.Болор- Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авч  байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 37-38 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.ийн өгсөн... Намайг орой гэртээ ирээд хоолоо идээд байж байх үед манай хэлтсийн дарга Б. хаана байгааг асуусан. Гэртээ байна гэдгээ хэлсэн. Тэгтэл манай гэрийн гадна ирсэн байна гараад ир гэхээр нь гараад очиход Б. тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн байсан. Машинд ороход арын суудал дээр манай хэлтсийн мэргэжилтэн Ж. сууж байсан. Б. “засаг даргын зөвлөлийн хурал боллоо намайг ажлаас халж байгаа юм шиг байна, та нартайгаа ажиллах сайхан байсан шүү”  гээд 0.7 л- ийн Eden архи гаргаж бид гурав манай байрны арын зогсоол дээр хувааж ууж байгаад амарцгаая гээд Тулгын 30 айлын дээд талаар тойроод манай байрлуу эргэж байтал Цагдаагийн албан хаагч нар таараад Б.ийг шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд авч явахаар болсон. Би “манай байр энд байдаг ах нь бууя”гээд  буусан. Би гэртээ ороод байж байгаад  утас руу  нь залгахад утас нь холбогдохгүй байхаар нь цагдаагийн байгууллага дээр ирэхэд Б.ийг саатуулах байранд хийсэн байсан. Бид гурав ямар нэгэн ан гөрөөнд явсан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 35-36 дугаар хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд гэрч Ж.ын өгсөн... 2019 оны 12 сарын 27- ны өдөр би ажил дээрээ байсан. Орой 23 цагийн үед манай хэлтсийн дарга Б. залгаад “ хаана байгааг асуусан” би гэртээ байгаагаа хэлсэн. Тэгтэл манай гэрийн гадна ирсэн байна гараар ир  гэхээр очиход машиндаа ганцаараа байсан. Бид хоёр уулзаад С. ахтай уулзаж, ганц шил архи ууя гээд С. ахын гэрийн гадна очоод түүнийг дуудаж гаргаж ирээд EDEN нэртэй нэг шил 0.7 л- ийн архи хувааж уусан. Би тухайн архийг ууж байснаа санаж, байна, нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Би Б.ийг хаанаас ирсэн талаар асуугаагүй. С. нь надтай хамт ажлаас гарсан. Б. нь ажил дээрээ үлдсэн. Би хэн нэгэн хүнээс ангийн мах, эд эрхтэн авсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 39-40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.ийн өгсөн... 2019 оны 12 сарын 27- ны орой 22 цагийн үед гэртээ ганцаараа байхад Б. над руу утсаар залгаад хаана байгааг асуусан. Би гэртээ байна гэдгээ хэлсэн. Та хоол хийж бай би очиж байна гэхээр нь гал дээр мах чанасан. Тэгтэл Б. машинтайгаа ганцаараа ирсэн. Удалгүй манай нутгийн Б.******* гэдэг залуу орж ирээд, Б.той мэнд мэдээд,  хоорондоо ярилцаж байсан. Тэр хоёрын яриаг сонсоход тээврийн хэрэгсэл худалдаж авах талаар ярилцаж байсан. Б.******* нь Б.ийн тээврийн хэрэгсэлийг аваад харьчихаад ирье гээд явсан. Б.******* нь шөнө 01-02 цагийн үед буцаж ирээд Б.ийн хамт Ховд аймгийн төв рүү явсан. Тухайн үед Б.******* болон Б. нар ангийн мах худалдаж авах, ан агнасан талаар ярилцсан зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 41-42 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2019 оны 12 сарын 26- ны өдөр Ховд аймгийн ******* сумын ************** багийн нутаг дэвсгэрт адуугаа хайж яваад “Нийт” гэх газар зэрлэг гахай үхсэн хэвтэж байхаар нь олж аваад толгой шийрийг нь тасалж хаячихаад, хулсан дотор нуучихаад гэртээ буцаж очсон. Гэртээ очоод гурилын уут аваад түүндээ хийгээд нуугаад гэртээ  буцаж очсон. 12 сарын 27- ны орой сумын төв дээр залуучуудын  чуулга уулзалтад оролцохоор явж байгаад Л.ийн гэрийн гадна Б.ийн машин байхаар нь уулзахаар очсон. Би Б.ийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар ярилцсан байсан тул машинаа хэзээ яаж авахаар ярилцах гэж очсон. Л.ийн гэрт очиход Б. тэр хоёр байсан. Би мэнд ус мэдээд хэзээ машинаа авах талаар ярилцахад он дотроо авмаар байна, авах бол намайг хүргэж өгөөд машинаа ав гэхээр нь гэртээ очоод мөнгө аваад ирье гээд машиныг нь авч яваад гэртээ хариад 500000 төгрөг аваад, нуусан гахайныхаа махыг ачаад ирсэн. Б. бид хоёр аймгийн төвд 01-02 цагийн үед орж ирээд, намайг зүүн хаалганд хүргэн ах Н.Намсрайгийн гэрт үлдээсэн. Б.ид би маргааш өглөө арын багажинд байгаа ачаагаа авъя гэж хэлээд үлдсэн. Б. машинтайгаа явсан. Маргааш орой нь Б. машины арын багажинд байсан ууттай мах ямар учиртай юм бэ гэхэд би тэр махыг олж авсан, таньд хэлэхээс айгаад нуугаад авч явсан гэдгээ хэлсэн. Намайг гахайн мах олж авахыг ямар нэгэн хүн мэдээгүй. Би ямар байгууллагад мэдэгдэх талаар мэддэггүй байсан. Хулсан дотор зүүн урд хөл нь зулгарсан шархтай, үхээд удаагүй байсан. Би тухайн махыг идэж үзмээр санагдаад авсан. Ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд  заасан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлнө... гэх мэдүүлэг

Шинжээч нарын  2020 оны 01 сарын 02- ны өдрийн 01 дугаартай  ... Зэгсний зэрлэг гахай байна. Эм, тоорой, Засгийн газрын 2012 оны 01 сарын 11- ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад орсон. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “ Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ “ – гээр зэгсний зэрлэг гахайн эм нь 3300000 төгрөг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “ Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын тогтоосон амьтны экологи – эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно... гэх дүгнэлт / хэргийн 50 дугаар хуудас/

Авто машин үнэлсэн тухай шинжээчийн ... Subaru forester маркын авто машин / 2005/2014 – 5000000 төгрөг ... гэх дүгнэлт  / хэргийн 56 -57 дугаар хуудас/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Ховд аймгийн Цагдаагийн газрын  албан хаагч нар  нь   2019 оны 12 сарын 27- 28 нд шилжих шөнө иргэн Б.ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр саатуулж,  тээврийн хэрэгсэлд шалгалт хийх явцад  машины арын багажинд толгой, шийргүй зэгсний зэрлэг гахайн арьстай махыг тээвэрлэж явсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 сарын 27- ны орой ******* сумын ************** багийн нутаг дэвсгэрт  Б.ийг машинтайгаа очсон байх үед нь тухайн машиныг худалдан авахаар тохиролцож, машинаар нь гэртээ очоод буцах үедээ  2019 оны 12 сарын 27-наас 28- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ************** багийн “Нийт” гэх газраас ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайн толгой шийргүй арьстай махыг иргэн Б.ийн 61-97 УНК улсын дугаартай Subaru forester маркын тээврийн хэрэгслийн арын багажинд хийж тээвэрлэн Ховд аймагт ирсэн  хэргийн үйл баримт  тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, түүний өмгөөлөгч нь  иргэн  Б.ийн 61-97 УНК улсын дугаартай Subaru forester маркын тээврийн хэрэгслээр толгой, шийргүй арьстай  зэгсний зэрлэг гахайн махыг тээвэрлэсэн гэм буруугийн талаар маргахгүй байна.

 Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11- ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  зэгсний зэрлэг гахайг / Sus scrofa nigripes / ховор амьтны  жагсаалтад оруулан тооцсон  ба шүүгдэгч Б.******* нь ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайн түүхий эдийн зүйл болох толгой, шийргүй, арьстай махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаараа маргахгүй байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******гийн ховор амьтны  гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй  байх тул шүүгдэгч Б.*******г ховор амьтны гаралтай  түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                              Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтныг агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд зааснаар ан амьтны экологи – эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлүүлэхээр заасан тул бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

 

                               Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.******* нь  Ховд аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 02 сарын 20- ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 69-72 дугаар хуудас дахь 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 68 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас”/, түүний хувийн байдлын талаар гэрч  Б.Цэнд- Аюушийн өгсөн... Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт эцэг С.*******, эх Б.Норовсүрэн, дүү Б.Цогтбаатар, Б.Батжаргал нарын хамт амьдардаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, шударга зан ааштай, ах дүү нартай халамж анхаарал сайн тавьдаг, хувьдаа малтай, хувиараа мал малладаг ... гэх мэдүүлэг, гэрч У.Анхбаярын өгсөн... Б.*******гийн амьдралын хувьд нөхцөл байдал сайн, хувиараа мал малладаг... гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 сарын 27-наас 28- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын “Нийт” гэх газраас толгой, шийргүй, зэгсний зэрлэг гахайн арьстай махыг иргэн Б.ийн 5000000 төгрөгний үнэ бүхий 61-97 УНК улсын дугаартай Subaru forester маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д  заасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,  гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг аяга, Улаанбаатар гурил гэх бичиг бүхий цагаан өнгийн уут нэг ширхэг, толгой шийргүй зэгсний зэрлэг гахайн арьстай махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгаж, торгох  ял болон албалагын арга хэмжээ биелэгдэх хүртэл “ Эд хөрөнгө битүүмжлэх  тухай ” прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Б.*******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн торгох ял шийтгэх дүгнэлт, тайлбарыг  хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний хувьд тухайн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн  тээврийн хэрэгсэл нь   гэмт хэрэг үйлдсэн тухайн этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураахаар хуульд заасан. Гэтэл шүүгдэгч Б.*******гийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэн Б.ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******г ховор амьтны гаралтай  түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар  болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн иргэний нэхэмжлэгч Б.ийн 61-97 УНК улсын дугаартай Subaru forester маркын тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3,4, 5-д зааснаар шүүгдэгч Б.*******гоос гаргуулан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд шилжүүлэх нь  зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д ... гэмт хэрэг үйлдэж олсон орлого /  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл / нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох , хураан авах хуулиар хориглоогүй, хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар заасан тул шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  61-97 УНК улсын дугаартай Subaru forester маркын тээврийн хэрэгсэл нь иргэн М.Болор – Эрдэнийн  өмчлөлийн хөрөнгө болох нь хэргийн 84 дүгээр хуудас дахь “ тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, 86 дугаар хуудас дахь “ Итгэмжлэл” гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******гоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 5000000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гоос гаргуулан, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн 2036000060028  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг аяга, Улаанбаатар гурил гэх бичиг бүхий цагаан өнгийн уут нэг ширхэг, толгой шийргүй зэгсний зэрлэг гахайн арьстай махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгаж, шүүгдэгч Б.*******гийн 6 тооны эм үхэр, 40 тооны ямаа, 20 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 сарын 06- ны өдрийн 5/12 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг шүүгдэгчид  оногдуулсан торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г ховор амьтны гаралтай  түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******г таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5400000 / таван сая дөрвөн зуун мянга/  төгрөгний торгох ялыг 3/ гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2036000060028  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг аяга, “Улаанбаатар гурил” гэх бичиг бүхий цагаан өнгийн уут нэг ширхэг, толгой, шийргүй зэгсний зэрлэг гахайн арьстай махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5000000 / таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******гоос гаргуулан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5400000 төгрөгний торгох ял, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих  ангид даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн  6 тооны эм үхэр, 40 тооны ямаа, 20 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 сарын 06- ны өдрийн 5/12 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг шүүгдэгчид  оногдуулсан торгох ял, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

9. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА