Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 935

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/00935

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Б.М-тэй танилцан нэг гэрт орсон. Бид зан харилцан тохиролцсоны улмаас 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Д төрсөн. Одоо миний хүү эрүүл саруул өсч, 6 дугаар ангид сурч байна. Хүүгийн насанд хүртэлх бүх зардлыг аавынх нь хувьд би даана.Б.М-ийн одоо амьдарч байгаа орон сууц банкны зээлтэй, 2031 онд дуусна гэхдээ түүнээс өмнө зээлийг дуусгаад өмчлөлийг нь Б.М-т шилжүүлнэ гэв.

Би 2010 оноос эхнэр Б.М-ээс өрх тусгаарлан өнөөг хүртэл өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд А.Э-тай танилцан нэг гэрт орсон. Бид зан харилцан тохиролцсоны улмаас 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Д төрсөн. Бид 2010 оноос тус тусдаа амьдарсан. Өнөөг хүртэл 7 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хүү Э.Д-нь миний асрамжид эрүүл саруул өсч байна. А.Э нь хүүгийнхээ насанд хүртэлх бүх зардлыг даана гэж бичсэн байна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хүүг өөрийн асрамжид авна. Бид эд хөрөнгийн маргаангүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.М нар 2005 онд танилцаж, 2004 оны ........ ны өдөр гэр бүл болсныг 2005 оны .......... өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэж, 000 тоот гэрчилгээ олгожээ.

Тэдний дундаас 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Д төрсөн болох нь 000 дугаар төрсний гэрчилгээний лавлагааны хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч энэ талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэлд “... Хамт амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас сүүлийн 7 жилийн турш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь тус тусын амьдралтай болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй...” гэж дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүү Э.Д эх Б.М-ийн асрамжид байдаг гэх бөгөөд эцэг А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Э.Д-ыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Э.Д-ыг эх Б.М-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу хүү Э.Д-ыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг А.Э-ын эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхэдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.М нь эцэг А.Э-т саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч А.Э-ын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 000 орон сууцны 2031 онд төлж дуусгах хуваарьтай 8 хувийн банкны зээлийг нэхэмжлэгч, хариуцагч нар хугацаанаас нь өмнө төлж дуусган орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Э, хариуцагч Б.М, хүү Э.Д нарын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д нийцэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

            

 ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан А.Э, Ихмонгол овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүүг эх Б.Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3. 000 орон сууцны зээлийг зохигч төлж дуусмагц орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.М, хүү Э.Д нарын нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч А.Э-т даалсгасугай.

4.  Хариуцагч, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд хариуцагч Б.М, нэхэмжлэгч А.Э-ын дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЭНЭБИШ