Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

 

                                 

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Ц******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* олхонуд овогт Б*******ийн Ц*******од холбогдох эрүүгийн 2036000000040 дугаартай, 178/2020/0052/Э/ индекстэй хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр Ховд аймгийн Ж******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Нисэхийн инженерийн 5 дугаар дамжаанд суралцдаг,  оюутан,  ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын  хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хорооллын Сувдан сондор хотхоны 74 А байрны 40 тоотод  оршин суух, аминдаа орон сууц нэг, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* олхонуд овогт Б*******ийн Ц*******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 25-98 УБР улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Б.Мөнхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн...Уг осол гарсан гэх газар нь тус аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг аймгийн төвөөс  Манхан сумын чиглэлийн хатуу хучилттай авто замд аймгийн төвөөс 18.2 км зайд байв. Тухайн газарт Манхан сумын талаас аймгийн төвийн чиглэлд зорчиж явсан Тоёото Приус-20 маркийн 2589 УБР улсын дугаартай автомашин замын зорчих хэсгийн баруун талд зорчих хэсгээс 8 м зайд ус зайлуулах шугамыг дамнуулсан байдалтай автомашин орой хэсгээрээ газарт унаж онхолдсон байв.Машин А цэгээс замаас бууж ус зайлуулах шугам руу орсон мөрийг 4 тоогоор, А цэгээс 4 тоо хүртэл 30 м, 4-н тооноос  автомашин газар дээр эргэсэн байдалтай 18.20 м зайд байсныг 2-н тоогоор тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-19-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 138 дугаартай ...Б.Мөнхболдын биед зүүн талын хацар ясны хугарал, нүдний ухархайн доод хананы хугарал, тархи доргилт, хамрын таславч муруйлт, духны зүүн дээд хэсэгт шарх, баруун жавьжны дотор хэсэгт шарх, духны баруун хэсэгт зулгаралтууд, духны дунд хэсэгт зулгаралтууд, баруун нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, духны баруун хэсэгт зулгаралтууд, духны дунд хэсэгт зулгаралтууд,баруун гарын бугуйн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Б.Мөнхболдын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Б.Мөнхболдын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 21-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаартай ...С.Буянмандахын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.С.Буянмандахын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 27-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 122 дугаартай ...Г.Алтантуяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Г.Алтантуяагийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 30-р хуудас/

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ...25-98 УБР улсын дугаартай Приус-20 маркийн автомашин жолоодож явсан жолооч Б.Ц******* Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөн байна.Тухайн осол гарахад замын нөхцөл болон цаг агаар бусад шалтгаан нөлөөлөөгүй байна.Жолооч Б.Ц******* тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 1303025 тоот эрхийн үнэмлэхтэй байна.Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл: 25-98 УБР улсын дугаартай Приус-20 маркийн автомашин жолоодож явсан жолооч Б.Ц******* анхаарал болгоомжгүй тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс  шалтгаалан зам тээврийн осол болсон байна... гэх дүгнэлт / хэргийн 33-р хуудас/

Хохирогч Шар хуурчид овогт Батчулууны Мөнхболдын / 1996 оны 04 сарын 26-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ПД96042611 регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, Интер транс ХХК-д жолооч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би найзуудынхаа хамт Ховд аймгийн Буянт сумын Хар ус нуур гэх газар луу явж байтал машин барьж явсан Б.Ц******* утсаа оролдож явж байгаад замынхаа зүүн буюу явж байсан замынхаа эсрэг тал руу машин уначихсан.Унахын өмнө зам дээр жолоо алдаад эгнээ байраа өөрчлөөд дайвалзаад байсан.Б.Ц******* жолоогоо барьж чадалгүй эсрэг тал руу дараад машин замынхаа эсрэг урсгал руу ороод үерийн далан руу хамраараа орчихсон.Машин унаад би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд түргэний машин ирчихсэн, би уг машинаар эмнэлэгт хүргэгдсэн... гэх мэдүүлэг /хэргийн 92-93-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Залан овогт Санжмятавын Буянмандахын гэрчээр өгсөн ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 жилийн найзуудтайгаа уулзаж Хар ус нуур луу явсан.  Нуур луу явахад манай найз Б.Ц******* аавынхаа Приус маркийн машиныг жолоодож явсан.Нууран дээр тоглож наадаж байж байгаад орой 17 цаг өнгөрөөд бид аймаг руу буцаж явах замдаа би арын суудалд унтаад явж байсан. Нэг мэдэхэд хүмүүс орилолдоод машин онхолдсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 9-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Орхи овогт Гонгорын Алтантуяагийн  гэрчээр өгсөн... Орой 17 цагийн үед аймаг руу буцаад явж байтал бид нарын сууж явсан 25-98 УБР улсын дугаартай автомашин онхолдсон... гэх мэдүүлэг / хэргийн 10-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Шаавай овогт Дамирансүрэнгийн Барсүрэнгийн  гэрчээр өгсөн... Тухайн үед Б.Ц******* өөрөө машинаа жолоодож явсан.Бид нар хоорондоо юм яриад инээлдээд явж байтал гэнэт Б.Ц******* машиныхаа хүрдийг зүүн гар талдаа эргүүлтэл замын зүүн тал руу автомашин унасан.Би юм мөргөж толгойн хэсэг бага зэрэг хавдсан, өөр гэмтэж бэртсэн зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Б*******ийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос хүү Б.Ц*******ын хамт машинаар ээж дээрээ ирсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлэгт ээжийгээ сахиж байтал манай хүү машин аваад найзуудтайгаа нуур яваад буцах замдаа машинаа унагаасан байсан. Тухайн автомашиныг би 2019 оны 8 дугаар сард Баярхүү гэдэг хүнээс худалдаж авсан. Тухайн үедээ өөрийнхөө нэр дээр итгэмжлэл хийлгэж авсан. Машинтай холбоотой гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/  зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.Ц******* нь 2020 оны 01 сарын 27-ны өдөр аавынхаа эзэмшлийн Приус-20 маркийн автомашиныг жолоодож найз нартайгаа Хар ус нуур орчихоод буцаж явах замдаа  Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан ” Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” , 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж,   машинаа замын хажуу руу унагааж, тухайн машинд сууж явсан Б.Мөнхболдын эрүүл мэндэд  хүндэвтэр гэмтэл учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц******* нь тухайн хэрэг учралын үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь жолоочийн согтуурлыг “ ALCOTEST7510” багажаар шалгасан... Б******* овогтой Ц*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00 хувийн согтолттой... гэх  тэмдэглэл / хэргийн 13-р хуудас/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь ... Б.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 1303025 дугаартай, хүчинтэй  үнэмлэхтэй... гэх дүгнэлт / хэргийн 33-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа / хэргийн 76-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж, тухайн тээврийн хэрэгсэлээр зорчиж байсан иргэн  Б.Мөнхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ц*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Ц*******ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж  байх тул шүүгдэгч Б.Ц*******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхболдын... Б.Ц******* миний эмчилгээний зардалд гарсан 2000000 төгрөгийг барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх хэргийн 103 дугаар хуудас дахь хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ц*******ыг хохирогчид 2000000 төгрөгний хохирол төлсөн гэж үзнэ.  

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ц******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 82-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.Ц*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Цэцэгбалын өгсөн...Б.Ц******* нь эцэг эхээс гурвуулаа. Даруу төлөв зантай, ажилч хичээнгүй, сурлага спортондоо сайн, анги сургууль дээрээ нэр хүндтэй, хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм. Одоо ШУТИС-ийн нисэхийн инженерийн ангид суралцдаг.2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот руу шилжсэн.Тухайн үед эмээгээ асрах гэж Ховдод ирсэн байсан ...гэх мэдүүлэг /хэргийн 77-78-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ц******* нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Сувдан сондор хотхоны 74 А байрны 40 тоотод оршин суудаг тухай Баянүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт  /хэргийн 75-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Ц*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохиролд 2000000 төгрөг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Ц*******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Ц*******ыг  таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ц******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд : Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.Хохирогч Б.Мөнхболдод 2 сая төгрөгний хохирол төлж барагдуулсан. Улсын яллагчийн санал болгосон  550 нэгжтэй тэнцэх хэмжээний  550000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Ц******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  таван  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.Ц*******од  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Б.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* олхонуд овогт Б*******ийн Ц*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* олхонуд овогт Б*******ийн Ц*******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун  тавин  мянган    төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц*******од оногдуулсан  550000 төгрөгний  торгох ялыг  03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Ц*******од  тайлбарласугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ц*******од оногдуулсан 550000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2000000 төгрөгний хохирол төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ц*******од  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form