| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0150/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/150 |
| Огноо | 2020-08-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Баярлах,шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай, 178/2020/0055/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү , Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2020 оны 07 сарын 24- ний өдөр хүлээн авч 2020 оны 09 сарын 02- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 11 сарын 04- ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 35 тоот байрны 18 тоотод оршин суух аминдаа 1 өрөө байр, ******* сумын Цамбагарав багт гэр бүлийн хэрэгцээний газартай, сарын өрхийн орлого 730000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч Г.******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр зарж борлуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугааргүй, улаан өнгийн Hongli нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн, LTDPCML81J8631572 гэсэн арлын дугаартай, 163 FML J 8631572 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикль байх бөгөөд 2 толь бүтэн , гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, стометрийн заалт нь 807 км явсан өнгө үзэмж сайтай шинэвтэр мотоцикль байсныг үзлэг хийв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 05- 09 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ы гэрчээр өгсөн... Би Ховд аймгийн ******* сумын Тамгын газрын няраваар 2013 оны 03 сараас одоо хүртэл ажиллаж байна. 2018 оны 09 дүгээр сард аймгийн төв талбай дээр багийн дарга нарт мотоциклийг хүлээлгэж өгсөн. Тухайн үед мотоциклийн ******* сумын хөрөнгийн орлогод хүлээн авсан. Жилд хоёр удаа хөрөнгө тоолдог. 2019 оны 05 дугаар сард багийн Засаг дарга нарын мотоциклийн тоолсон. Тухайн үед мал эмнэлэгийн тасгийн дарга Ц.Нанжид,нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Саранцэцэг, Статистикийн мэргэжилтэн Х.Ганболд, газар тариалан хариуцсан мэргэжилтэн З.Уянга болон нярав миний бие тоолсон. Тухайн үеийн тооллогоор Бичигт багийн дарга С.Бат- Эрдэнэ , Наран багийн Засаг дарга И.Цэрмаа нар мотоциклио авчирж тоолуулсан. Бусад нь тоолуулаагүй амаар байгаа гэж тоолуулсан ... гэх мэдүүлэг/ хэргийн 22-23 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ийн гэрчээр өгсөн... 2018 оны 11 сард манайх мотоцикль авахаар аймгийн төвд ирсэн байхад нэг танихгүй дугаараас залгаж орж ирээд “мотоцикль авах уу” гэж асуусан. Манайд очиж уулзая гээд манай гэрийг заалгаад Г.******* ирээд манай нөхөр бид хоёртой уулзаад Хонгли нэртэй, 200 хөдөлгүүртэй мотоцикль 1500000 төгрөгөөр зарна гэхээр нь бэлэн 1500000 төгрөг тоолж өгөөд улаан өнгийн шинэ мотоцикль авсан. Тухайн өдрөө сум руу мотоциклио унаад гэртээ очсон. Тэгээд байж байтал 2019 оны 11 сард 9921 – тэй дугаараас орж ирээд “ эгч мөн үү” гэхэд нь би “мөн байна” гэсэн. Г.******* байна,өнгөрсөн жил танайд мотоцикль зарсан хүн байна, мотоциклио буцааж авмаар байна надад асуудал гараад байна гэсэн. Би дараа ярья гэсэн. Тэгтэл 2 хоногийн дараа дахин залгаж орж ирээд “ Та хоёр ороод ирээч цагдаа шалгуулчихаад өгье “ гэхээр нь бид нар цагдаа гээд явж чадахгүй, мотоциклио ав, бид хоёр мөнгөө авъя гэсэн.
Г.******* мотоциклио хэдээр зарах вэ гэхээр нь бид нар 1500000 төгрөгөөр авсан, нэг жил унасан шинээрээ байгаа 1300000 төгрөгөөр зарна гэхэд та хоёр мотоциклио унаад ороод ир гэсэн. Мөнгөө бэлд тэгвэл орно гэхэд 10 минутын дараа дахин залгаж орж ирээд мөнгө бэлэн аймгийн төвд ороод ир гэсэн. Тэгээд маргааш нь нөхөр Б.ын хамт орж ирээд манай ээж Даваажавын хашаанд байхад Г.******* нь нөхөр гэсэн нэг залуугийн хамт ирээд 1300000 төгрөг тоолж өгөөд мотоциклио аваад явсан. Бид хоёр тэр мөнгөн дээрээ мөнгө нэмээд шинэ мотоцикль аваад явсан. Анх мотоцикль авахад Г.******* гэж танилцсан. Сүүлд ******* багийн Засаг дарга хийдэг гэж байсан. Анх мотоцикль авахад Г.******* ганцаараа ирээд мөнгө тоолж өгөөд манай нөхрийн хамт яваад мотоциклио өгөөд явуулсан байсан. Тухайн мотоцикль шинэ дөнгөж 24 км явсан байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын гэрчээр өгсөн... Би Г.******* гэх хүнийг сайн танихгүй. Би 2018 оны 11 дүгээр сард талын хашаанд байх хашаанаас Г.******* гэх хүнээс 1500000 төгрөгөөр улаан өнгийн Хонгли маркын мотоцикль худалдаж авсан. Би 2019 оны 11 сард Ховд Тамхи Со дэлгүүрийн ойролцоо байдаг хадам ээж Даваажавын хашаанд Г.*******д мотоциклийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед 200 мотортой мотоциклийг 1500000 төгрөгөөр хямд зарж байхаар нь авсан. Багийн дарга нарт өгсөн мотоцикль гэж байсан. Намайг малд явсан байхад манай эхнэртэй яриад цагдаагийн газар шалгагдаж байгаа мотоциклио авмаар байна гэж ярьсан байсан. Сүүлд намайг түр авсан байсан гэж хэлээрэй гэхэд нь урьд нь мэдүүлэг өгсөн байсан тул худалдаж авсан гэж үнэнээ хэлсэн ... гэх мэдүүлэг / хэргийн 26-28 дугаар хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон... Hongli маркын мотоцикль -2235000 төгрөг / хэргийн 32 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.*******ын өгсөн... Би 2018 оны 09 дүгээр сард өдрийг санахгүй байна. ******* сумын Тамгын газрын нярав Б.аас улсын дугааргүй улаан өнгийн шинэ мотоциклийг хүлээн авсан. Багийн дарга нарын албан хэрэгцээнд ашиглах зориулалтаар хүлээлгэж өгсөн. Ганбаатар байцаагч мотоциклийг авчирч өгөө гээд авчирж өгсөн. Би ганцаараа мотоциклио авсан. Надаас өөр хүн байгаагүй. Тухайн мотоцикльд ямар нэгэн бичиг баримт байхгүй. Надад завшсан асуудал байхгүй. Ямар нэгэн шуналын сэдэл байгаагүй ... гэх мэдүүлэг / хэргийн 45-46 дугаар хуудас/
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 сарын 07- ны өдрийн “ Засаг дарын Тамгын газрын эд хөрөнгөд тооллого хийх ажлын хэсэг байгуулах тухай “ А/ 16 дугаартай тушаалаар ажлын хэсгийн ахлагч Ц.Нанжид / хөдөө аж ахуйн тасгийн дарга/, гишүүдэд Э.Саранцэцэг / нийгмийн бодлогын мэргэжилтэн/ , нарийн бичиг Б. / нярав/ нарын томилсон тушаал / хэргийн 50 дугаар хуудас /
*******ын эд хөрөнгийн тооллогын бүртгэл / хэргийн 51 дүгээр хуудас/
Машины тодорхойлолт / хэргийн 52 дугаар хуудас/
******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14- ний өдрийн Б/30 дугаартай .... Г.*******ыг ******* багийн Засаг даргаар томилох тухай ... тушаал / хэргийн 86 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын төлөөлөгч / Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баярлахын өгсөн... Одоогийн яригдаж байгаа асуудал нь намайг энэ ажлыг авахаас өмнө болсон байсан. Би урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралдааны дараа багийн дарга нар болон санхүүгийн асуудал хариуцсан хүмүүстэй уулзаж болсон зүйлийн талаар асуусан. Мөн хавтаст хэрэгтэй танилцсан. 2018 оны 08 сарын 03- ны өдөр Ховд аймгийн төв талбай дээр аймгийн хэмжээний 91 багийн засаг даргад мотоцикль гардуулах ажиллагаа болсон юм билээ. Дараа нь аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26- ны өдрийн 133 дугаартай тогтоол гарч 91 багийн Засаг даргад өгсөн мотоциклийг сумдаар нь хувиарлаж ,хөрөнгөдөө бүртгэхийг сумдын Тамгын газрын дарга нар үүрэг болгосон байсан. Манай сумын Тамгын газарт 12 мотоцикль хуваарлагдсан байсан. Тухайн тогтоолын хавсралтын нэг дүгээр хэсэгт манай сумын 12 мотоциклийг нэг бүрийг 2299990 төгрөгөөр үнэлж, нийт блансын үнийг 27599980 төгрөгөөр тогтоосон байсан. ******* сумын 12 мотоциклийн хувьд манай сумын тамгын газрын нярав Б. нь мотоциклийг багийн дарга нарт хүлээлгэн өгч санхүүгийн алба нь хөрөнгөдөө бүртгэсэн байсан. ******* сумын ихэнх багийн дарга нар нь эмэгтэй, тэдгээр нь мотоцикль унаж чадахгүйн улмаас ийм асуудал болжээ гэж ойлгож байгаа. Г.******* нь нийгмийн ажилтан хийж байгаад Багийн засаг даргаар ажиллаж байна. Мотоциклийн хувьд Цагдаагийн байгууллага хурааж аваад журмын хашаанд байгаа учраас шүүх хуралдааны дараа мотоциклийг хүлээн авах боломжтой. Иймд хохирол төлсөн гэж үзэж болно ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 02 сарын 14- ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Б/30 дугаартай “ Г.*******ыг ******* багийн Засаг даргаар томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 09 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын LTDPCML81J8631572 ,хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631572 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг гардан авсан, уг мотоциклийг өөрийн аавын хашаанд амбаарт хадгалж байгаад 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын иргэн Б.д 1500000 төгрөгөөр зарж борлуулсан ба Ховд аймгийн Цагдаагийн газраас 193600311 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газар тухайн мотоциклийг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч нар нь тухайн мотоциклийг Б.д зараагүй, түр өгсөн байсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн... Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.ийн өгсөн... 2018 оны 11 сард манай нөхөр бид хоёр Ховд аймагт мотоцикль авах гээд ирсэн байхад танихгүй дугаараас мотоцикль авах уу гэж залгаж орж ирээд Г.******* гэх эмэгтэйгээс 1500000 төгрөгөөр шинэ улаан өнгийн мотоцикль худалдаж авсан. 2019 оны 11 сард мотоциклио буцаан авмаар байна гэхэд нь буцааж өгөөд 1300000 төгрөг аваад дахин шинэ мотоцикль авсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.ын өгсөн... 2018 оны 11 сард сумаас аймгийн төв орж ирээд талын хашаанд байдаг хашаанаас улаан өнгийн 200 мотортой шинэ мотоциклийг 1500000 төгрөгөөр худалдаж авсан. Нэг жил унаж байтал 2019 оны 11 сард Г.******* манай эхнэртэй утсаар яриад мотоциклио буцааж авна гэхээр нь аймгийн төвд оруулж ирж өгөөд 1300000 төгрөг буцаан аваад мөнгө нэмж байгаад шинэ мотоцикль авсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.ы өгсөн ... ******* суманд хуваарлагдсан 12 мотоцклийг хөрөнгийн орлогод хүлээн авсан. Мотоциклийг багийн дарга нарт хүлээлгэж өгсөн. 2019 оны 05 дугаар сар хагас жилийн хөрөнгийн тооллогоор Бичигт багийн Засаг дарга С.Бат- Эрдэнэ, Наран багийн засаг дарга И.Цэрмаа нар мотоциклио авчирж тоолуулсан. Бусад багийн дарга нар амаар байгаа гэж тоолуулсан ... гэх мэдүүлэгүүдээр үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 14 - ний өдрийн Б/30 дугаартай “Г.*******ыг ******* багийн Засаг даргаар томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргаар Г.******* нь томилогдон ажиллаж байгаагийнхаа хувьд, мөн Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулахын тулд Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга Г.*******ын албан ажлын хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын LTDPCML81J8631572 ,хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631572 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас Г.*******д хүлээлгэн өгсөн, Г.******* нь хүлээн авсан нь хэргийн 52 дугаар хуудас дахь ... машины тодорхойлолт ... гэх баримтаар тогтоогдож байна. Мөн тухайн мотоциклийг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын орлогын баримтаар хүлээн авсан, мөн шүүгдэгч Г.*******ын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн нь хэргийн 51 дүгээр хуудас дахь Эд хөрөнгийн тооллогын бүртгэлээр тогтоогдож байгаа тул тухайн мотоциклийг шүүгдэгч Г.******* нь хүлээн авсан гэж үзэх үндэстэй байна.
Иймд Г.******* нь тухайн мотоциклийг хүлээн авснаар бусдын эд хөрөнгийн итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******д тухайн мотоциклийг өөрийн албан ажлын хэрэгцээнд хэрэглэх зориулалтаар хүлээлгэн өгсөн атал түүнийг ажил олгогч ******* сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1500000 төгрөгөөр зарж борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Хариуннударга овогт *******гийн *******ыг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг нь хэргийн 18-19 дүгээр хуудсанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ******* багийн Засаг дарга нь Г.******* байхад Г.Нямсүрэн гэх хүний талаар мэдүүлэг өгсөн байх тул тухайн мэдүүлгийг болон хэргийн 90-91 дүгээр хуудас дахь Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай , Сумдын ЗДТГ-н блансад бүртгэх мотоциклийн мэдээлэл ... гэх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй тул шүүх үнэлээгүй болно.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Баярлах нь шүүхийн хэлэлцүүлэгт ... шүүгдэгч Г.******* нь мотоциклийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэж мэдүүлж байгаа шүүгдэгч Г.******* нь хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 49 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон гэрч Г.Амармэндийн өгсөн... манай эгч Г.******* нь даруу төлөв зантай, цагаан цайлган, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* 35 тоот байрны 18 тоотод амьдардаг, ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаа. Дээд боловсролтой, нийгмийн ажилтаны мэргэжилтэй ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Болор- Эрдэнийн өгсөн... Г.*******ыг ажил дээрээ алдаа гаргаж байсан талаар мэдэхгүй. Бид ******* багийн ******* ******* 35 дугаар байрны 18 тоотод амьдардаг. Байрны зээлтэй. Дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирлыг бодит байдлаар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 –т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт,тайлбартаа:Шүүгдэгч Г.*******ыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын багийн иргэн Б.д 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа.
Шүүгдэгч Г.******* болон Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарт 2018 оны 08 сарын 02- ны өдөр багийн дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклийг хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан. Тухайн мотоциклийг Г.******* хүлээн аваад өөрийн аавын хашаанд амбаарт хадгалж байгаад бусдад зарсан нь тогтоогдсон. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаархи Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр 2018 оны 12 сарын 26- ны өдөр гарсан. Гэтэл Г.******* нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклийг бусдад зарж 1500000 төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч Г.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1500000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар 1500000 төгрөгийг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч Г.*******ын Monel маркын 42 инчийн зурагтыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх дүгнэлт, тайлбар гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гаргасан дүгнэлт тайлбартаа: Хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Ховд аймгийн төв талбай дээр багийн Засаг дарга нарт мотоциклийг гаргуулан өгсөн гэдэг боловч тухайн мотоцикль ямар эх үүсвэрээр бий болсон, ******* сумын Тамгын газрын хөрөнгө мөн эсэх, хохирогч нь хэн болохыг тогтоогоогүй, улсын дугаар тамга тэмдэг авагдаагүй, хэн нэгний өмчлөлд бүртгэгдээгүй, ******* сумын Засаг даргын Тамгын газар нь шүүгдэгч Г.*******тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ганданповрон нь сонсгол мэдээлэлийн цагаараа эмэгтэй багийн дарга нар нь мотоциклио зарж болно зөвшөөрлийг өгч байсан гэх нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.******* нь тухайн мотоциклийг зарах ямар нэгэн бодол байгаагүй. Иймд шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Улсын яллагчаас шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр 3 сая төгрөгөөр торгох ялын санал гарсаныг зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг нь сонгох санкцтай тул торгох ялын доод хэмжээ болох 2700000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар, хохирогч байгууллагын хууль ёсын төлөөлөгчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д тайлбарлан өгөв.
Шүүгдэгч Г.******* нь өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг бусдад зарж 1500000 төгрөгний орлого олсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 1500000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.*******ын 42 инчийн MONEL маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24 - ний өдрийн 5/139 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ыг хоёр манга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгний торгох ялыг 1/ нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 1500000 / нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 42 инчийн Monel маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/139 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
Top of Form