Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Чинзориг,

Иргэний нэхэмжлэгч: Б.Б-,

           Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000312 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” их дэлгүүрийн хойд талын замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 10.4 дэх заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэснийг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Хьюндай маркийн нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар автобусанд зорчиж байсан зорчигч Д.О-, Д.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.Т-гийн биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд 5 шарын автобусны буудлаас төрсөн дүү Т-ийн хамт Зунжин, 7 буудал чиглэлийн автобусанд суугаад дунд хаалганы урд талын суудалд суугаад явж байхад 3-4 дүгээр хорооллын “Элбэг” их дэлгүүрийн орчимд автобус гэнэт хүчтэй тормос гишгэх үед урагшаа гулсаад уначихсан байсан. Тэрүүхэн хугацаанд ухаан алдчихсан юм шиг байна лээ санахгүй байгаа. Ухаан ороход автобусанд зорчиж байсан залуу намайг татаж босгоод сандал дээр суулгаж өгсөн. ...Автобусны урдуур суудлын машин орсноос осол гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд 3 дугаар эмнэлгийн баруун талын автобусны буудлаас Зунжин 7 буудал чиглэлийн автобусанд суугаад жолоочийн эсрэг талын урд хаалганы хажууд сандлын хажуу баганаас бариад зогсоод явж байхад 3-4 дүгээр хорооллын “Элбэг” их дэлгүүрийн орчимд автобус гэнэт хүчтэй тоормос гишгэх үед эрчиндээ урагшаа хаалганы шатны хөндий рүү уначихсан. Хэсэг шоконд ороод хэвтэж байхад автобусны жолооч залуу намайг дуудаж сэрээгээд татаж босгосон. ...Ослын дараа автобусны жолооч хэлэхдээ урдуур машин ороод гэж хэлж байсан. Тэгээд харахад цагаан өнгийн суудлын автомашин 2 дугаар эгнээнээс автобусны урдуур орж ирээд мөргүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Хохирогч Д.Т-ийн мөрдөн байцаалтын өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд 5 шарын автобусны буудлаас төрсөн эгч  Т-гийн хамт Зунжин 7-н буудал чиглэлийн автобусанд суугаад жолоочийн ар талын суудалд суугаад явж байгаад ахуй үйлчилгээний буудал дээр буух гээд суудлаасаа босоод жолоочийн бүхээгний  арын бариулаас бариад явж байхад 3-4 дүгээр хорооллын “Элбэг” их дэлгүүрийн орчимд автобус хүчтэй тоормос гишгэхэд шилэн хаалгыг толгойгоороо мөргөсөн. Тэгээд эргээд харахад манай эгч газарт уначихсан байсныг автобусанд явсан залуу босгож сандал дээр суулгасан. ...автобус хурдтай явж байхад 2 дугаар эгнээнээс суудлын машин урдуур эргэж ороод мөргүүлсэн. Тэр үед автобусны жолооч хүчтэй тоормос гишгэж хүмүүс унаж бэртсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Р.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Авто терминал трейд” ХХК-ний эзэмшлийн Хьюндай маркийн ... улсын дугаартай Ч-73 “Зунжин-Тэц 4” чиглэлийн автобусаар 3-4 дүгээр хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд явж байгаад “Элбэг” их дэлгүүрийн хойд талын автобусны буудал руу орохоор 1 дүгээр эгнээгээр явж байхад миний урд 2 дугаар эгнээнд явж байсан ... улсын дугаартай “...” маркийн суудлын автомашин миний урдуур гэнэт орж зүүн урд хэсгээр мөргөлдсөн. Тухайн үед автобусанд зорчиж явсан зорчигч нар гэмтэж түргэн дуудаж үзүүлэхэд 3 хүнийг гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Тэр машин анхааруулах дохио өгөөгүй. Зам дагуу гар өргөсөн хүнийг авах гээд шууд миний машины урдуур дараад орчихсон. Би тэр машиныг мөргөхгүй гэж баруун дараад тоормос гишгэсэн боловч хэтэрхий ойрхон зайтай байсан болохоор зогсоож чадалгүй мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...автобус замын 1-р эгнээнд шилжих үед осол гаргасан ... улсын дугаартай ... маркийн автомашин 2-р эгнээнд явж байгаад 1-р эгнээ рүү орж байгааг” гэрэл зургаар харуулав гэжээ. /хх-н 19-20/,

Шинжээчийн 9107 тоот дүгнэлтэд: “...Д.О-ын биед зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 55-56/,

Шинжээчийн 9111 тоот дүгнэлтэд: “...Д.Т-гийн биед баруун шуу ясны битүү хугарал, уруулд няцарсан шарх, тархины доргилт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 60-61/,

Шинжээчийн 9112 тоот дүгнэлтэд: “...Д.Т-ийн биед тархины доргилт, зүүн тохойд зулгаралт, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 65-66/,

Мөрдөгчийн магадлагаанд: “...... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-н 89-90/,

Яллагдагчаар Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Элбэг их дэлгүүрийн хойд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд замын 2 дугаар эгнээгээр явж байхад хүн гар өргөхөөр нь авах гээд 1-р эгнээ рүү орох үед 1-р эгнээнд явсан автобустай мөргөлдсөн. Тэгээд буугаад ирэхэд автобусанд сууж явсан хэд хэдэн хүн ослоос болж бэртэж гэмтсэн гээд цагдаа, түргэн дуудаж цагдаа ирээд удаагүй түргэний эмч ирж үзчихээд 3 хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 98-99/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 10-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 52-53/, шинжээчийн 888088 тоот дүгнэлт /хх-н 71-77/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 103-113/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Элбэг” их дэлгүүрийн хойд талын замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 10.4 дэх заалт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Хьюндай маркийн нийтийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар автобусанд зорчиж байсан зорчигч Д.О-, Д.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.Т-гийн биед хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Т-гийн: “...Элбэг их дэлгүүрийн орчимд автобус гэнэт хүчтэй тормос гишгэх үед урагшаа гулсаад уначихсан байсан. Тэрүүхэн хугацаанд ухаан алдчихсан юм шиг байна лээ санахгүй байгаа. Ухаан ороход автобусанд зорчиж байсан залуу намайг татаж босгоод сандал дээр суулгаж өгсөн. ...Автобусны урдуур суудлын машин орсноос осол гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, хохирогч Д.О-ын: “...Элбэг их дэлгүүрийн орчимд автобус гэнэт хүчтэй тоормос гишгэх үед эрчиндээ урагшаа хаалганы шатны хөндий рүү уначихсан. Хэсэг шоконд ороод хэвтэж байхад автобусны жолооч залуу намайг дуудаж сэрээгээд татаж босгосон. ...Ослын дараа автобусны жолооч хэлэхдээ урдуур машин ороод гэж хэлж байсан. Тэгээд харахад цагаан өнгийн суудлын автомашин 2 дугаар эгнээнээс автобусны урдуур орж ирээд мөргүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, хохирогч Д.Т-ийн: “...Элбэг их дэлгүүрийн орчимд автобус хүчтэй тоормос гишгэхэд шилэн хаалгыг толгойгоороо мөргөсөн. Тэгээд эргээд харахад манай эгч газарт уначихсан байсныг автобусанд явсан залуу босгож сандал дээр суулгасан. ...автобус хурдтай явж байхад 2 дугаар эгнээнээс суудлын машин урдуур эргэж ороод мөргүүлсэн. Тэр үед автобусны жолооч хүчтэй тоормос гишгэж хүмүүс унаж бэртсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Р.Нгийн: “...Элбэг их дэлгүүрийн хойд талын автобусны буудал руу орохоор 1 дүгээр эгнээгээр явж байхад миний урд 2 дугаар эгнээнд явж байсан ... улсын дугаартай “...” маркийн суудлын автомашин миний урдуур гэнэт орж зүүн урд хэсгээр мөргөлдсөн. Тухайн үед автобусанд зорчиж явсан зорчигч нар гэмтэж түргэн дуудаж үзүүлэхэд 3 хүнийг гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Тэр машин анхааруулах дохио өгөөгүй. Зам дагуу гар өргөсөн хүнийг авах гээд шууд миний машины урдуур дараад орчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 35/, замерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 9107, 9111, 9112 тоот дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Т-гийн биед хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Д.О-, Д.Т- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Д.О-ын компьютер томаграфикт үзүүлсэн 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.О-од олгохоор шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч “Авто терминал трейд ХХК”-ний төлөөлөгч Б.Билгүүтэй нь шүүх хуралдаанд хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч Д.Т-, иргэний нэхэмжлэгч Д.Т- нар нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба улсын яллагч дүгнэлт гаргахдаа эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх талаар санал гаргаагүй тул эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт, жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 120.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.О-од олгосугай.
  6. Хохирогч Д.Т-, иргэний нэхэмжлэгч Д.Т- нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР