Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 977

 

К.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К.Эрдэнэбаярын хариуцагч Э.Шинэгэрэлд холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч К.Эрдэнэбаяр,

хариуцагчийн өмгөөлөгч С.Бямбацэцэг,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч К.Эрдэнэбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул хотхон" хорооллын "Б2" блокын 2 дугаар корпусын 1-5 дугаар давхрын дотор заслын ажлыг 55 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр "Мост Харвест" ХХК-ийн захирал Э.Шинэгэрэлтэй гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх явцдаа 34 000 000 төгрөг авсан. Ажлыг бидний зүгээс 100 хувь хийгээгүй. Ерөнхий гүйцэтгэгчээс дахин туслан гүйцэтгэгч оруулж 2 талаас ажлыг хийж дууссан. Э.Шинэгэрэл бид нар хамт сууж байгаад үлдэгдэл хөлсөө тохиоролцоод 10 000 000 төгрөгийг надад өгөхөөр бичгээр баримт үйлдэж, гарын үсгээ зуралцаад гэрээнд хавсаргасан. Бичгээр үйлдсэн гэрээний 50 хувь болох 5 000 000 төгрөгийг Э.Шинэгэрэл надад өгсөн. Гэрээнд үлдэгдэл төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн байгаа. Иймд Э.Шинэгэрэлээс үлдэгдэл 5 000 000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Э.Шинэгэрэл болон түүний өмгөөлөгч С.Бямбацэцэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан боловч ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй. Талууд хоорондоо 10 000 000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй. Э.Шинэгэрэл нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 5 000 000 төгрөг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Шинэгэрэлээс 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Эрдэнэбаярт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Эрдэнэбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Бямбацэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн, тоо тооцооллын илт алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй. Учир нь шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хөндлөнгийн байх зарчим алдагдаж байна гэж үзэж байна.

Мөн 2015 оны 02 сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг хариуцагчийн зүгээс өгсөн, нэхэмжлэгч авсан талаар талууд хэн аль нь маргаагүй байхад маргасан мэтээр үндэслэлгүй дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "2015 оны 02 сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг авсан гээд үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулахаар" нэхэмжилсэн. Харин хариуцагч Э.Шинэгэрэлийн зүгээс өөрийн татгалзлын үндэслэл болгож нотлох баримтаар 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн кассын зарлагын ордероор 4 500 000 төгрөгийг К.Эрдэнэбаяр нь гарын үсэг зурж хүлээн авсан, үлдэх 500 000 төгрөгийг К.Эрдэнэбаярын эхнэр н.Анхаагийн 5007690749 тоот хаан банкны дансанд 2016 оны 02 сарын 07-ны өдөр шилжүүлсэн тухай баримтыг тус тус өгсөн. Дээрх баримтаар 5 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шиндвэрлэж тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн талуудын маргаагүй үйл баримт буюу хэрэгт авагдаагүй, байхгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүхийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 25.2.2-т зааснаар зохигч нь өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна" гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлээ нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч К.Эрдэнэбаяр нь хариуцагч Э.Шинэгэрэлд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн гэж маргажээ.

 

“Мост харвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэгэрэл, К.Эрдэнэбаяр нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр "Ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн дотор заслын багц ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч К.Эрдэнэбаяр нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөрийг иргэн Э.Шинэгэрэлээс нэхэмжилж, түүнийг хариуцагчаар татсан боловч хариуцах этгээд нь компани эсвэл хувь хүн гэдэгт маргаагүй боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлсөн эсэхэд маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “гэрээний дагуу 10 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 5 000 000 төгрөгийг дутуу төлсөн” гэж тайлбарласан бол хариуцагч хэрэгт хавсаргасан Төрийн банкны 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 500 000 төгрөгийн мөнгөн шилжүүлэгийн баримт, “Мост харвест” ХХК-ийн 4 500 000 төгрөгийн кассын зарлагын ордерыг үндэслэн 5 000 000 төгрөгийг өгсөн, өмнө нь 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлажээ.   

 

Шүүх хуралдааны явцад зохигчид “10 000 000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан” гэх үйл баримтын талаар мэтгэлцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан байх боловч ажлын хөлсний үлдэгдлийн талаар талуудын тохиролцоог бичиж, гарын үсэг зурагдсан хэргийн 12-13 талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, боломжгүй тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай шаардлагыг хангаагүй, уг баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд заасан баримт байх тул эдгээр баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Э.Шинэгэрэлээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                                ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ