Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Батчимэг |
Хэргийн индекс | 121/2018/0015/З |
Дугаар | 14 |
Огноо | 2018-09-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 14
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Ш.М нэхэмжлэлтэй
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид “Орхон хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа” гэх/-ны даргад холбогдох
“Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаарын тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, жирэмсний амралтын тэтгэмж гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Пүрэв-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ш.М миний бие нь 2003 оноос 2007 онд Хархорум дээд сургуулийг Эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2014 онд Архангай аймаг дахь МСҮТ-ийн Ойжуулалтын ангийг төгсөж байсан. Хүүгийнхээ хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Нөхөр маань хүүгээ 10 сартай байхад нас барж байсан. Хүү маань одоо 16 настай. Хүүгээ дүүтэй болгож өөртөө хань хийх гэж 16 жилийн дараа жирэмсэлсэн. Одоо 6 сар гарантай жирэмсэн. Би жирэмсний 3 сартайдаа ажлаас халагдсан.
Би анх ажилд орохдоо Хархорин сумынхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ажил хайж байгаа иргэнээр бүртгүүлж байсан. Тэр үед манай суманд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 8 орон тоо гарч ярилцлага өгч тэнцэн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын Б/06 тоот ажилд томилох тухай тушаалаар гэрээт байгаль хамгаалагчаар орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.
Ажиллаж байх хугацааандаа үр дүнгийн гэрээ байгуулж жил бүр 80 хувиас дээш үнэлгээтэй дүгнүүлж урамшуулал авч ажиллаж ирсэн. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын Б/03 тоот тушаалаар ...түр ажиллаж байсныг Хархорин сумын Нарийн хүр баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилж ТЗ-2-1 зэрэглэлээр цалинжиж ажиллаж байсан.
Гэтэл шинээр орж ирсэн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалаар намайг болон бусад хамт ажилладаг нөхдийг минь ажлаас халсан.
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 ажил мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгосон бөгөөд заалтыг Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарлахдаа 15.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажил мэргэжлийн ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшинг тогтоох комисс аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэсэн байна.
Намайг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг албан ёсны комисс дүгнэлт шийдвэрээр тогтоосон зүйл огт байхгүй. Халсан дарга хүртэл Ш.М бол ажлаа сайн хийдэг, гэхдээ чамайг ажлаас хална гэж хүртэл хэлж байсан. Халагдах тушаалаа авчихаад даргаас битгий халаач жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд жирэмсэн хүнийг халж болохгүй гэж хууль байдаг юм уу? би жирэмсэлж үзээгүй болохоор мэдэхгүй юм байна гээд намайг үл тоосон.
16 жилийн дараа жирэмсэн болсон болохоор жирэмсний эхний саруудад маш их хордлоготой байсныг хамт ажилладаг хүмүүс маань хэлсэн хэлээгүй мэдэж байсан. Харин ганцхан дарга л мэдээгүй байсан. Магадгүй намайг жирэмсэн болсон болохоор ажлаа хийж чадахгүй, өөрийг нь хэлж орж ирэхээс өмнө ажлаас халчихъя гэж бодсон байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд Жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглох. 100.1 “Ажил олгогч жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” хэмээн заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг тусдаа бүлэг болгон зохицуулсан байдаг. Хуулиар тэрхүү бүлгийн аливаа нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг жирийн хүмүүсээс илүү давуу эрх олгоход чиглэгддэг бөгөөд ажил олгогч жирэмсэн байсныг мэдээгүй үндэслэлээр ажлаа халах нь эмэгтэй хүн, тэр дундаа жирэмсэн эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Эдгээрээс харахад үндэслэлгүйгээр ажлаас халсан нь нэгэнт тодорхой байх тул Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн төлүүлэх, жирэмсний амралтын олговрыг гаргуулахыг даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.М нь 2014 онд Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд түр гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан байгаа. 2016 онд Хархорин сумын Нарийн хүр баг хариуцсан байгаль хамгаалагчаар томилж, ТЗ-2-1-ээр цалинжуулах 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тушаал байдаг. Ц.Б нь 2017 оны 05 дугаар сард Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ирсэн ...үеэс үргэлжийн дарамт шахалттай, хэзээ ажлаасаа халагдах бол гэсэн айдастай Ш.М ажилладаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ш.М-г ажлаас халсан тушаал гарсан байдаг. Ажлаас халах болсон үндэслэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан байдаг. Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. ...мэргэжил, ур чадварын хувьд өөр учраас тэнцэхгүй гэж хариуцагч хэлж байсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх зарчим гэж байдаг. Хууль бол хууль юм. Нэгэнт батлагдсан хуулийн заалтыг нэг бүрчлэн дагах үүрэгтэй. Түүний утга агуулгыг нэг мөр ойлгож, хэрэглэх ёстой. Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоос зөрж байгаа. Хавтас хэрэгт мэргэжил, ур чадвар нь тэнцэхгүй байна гэсэн албан ёсны дүгнэлт гараагүй байдаг. Иймд үндэслэлгүйгээр халагдсан гэж миний бие үзэж байна. Ажлаас халагдах үедээ М жирэмсэн болсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халж болохгүй гэж заасан байдаг. Өмнөх шүүх хурал дээр хариуцагчаас 2017 оны 12 дугаар сард Ш.М 1.500.000 төгрөгийн хохирол учруулж нөхөн төлсөн гэж ярьдаг. Жирэмсэн эмэгтэйг 4 сарын дараа сахилгын шийтгэл авалгүйгээр шууд ажлаас халах нь хууль бус гэж үзэж байна. ... Манайхаас 2 зүйлийн талаар ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх ёстой. Түүнээс биш Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халах нь буруу гэж яриад байна. Төрийн албан тушаалтан хуулийн зүйл заалтыг өөрөөр тайлбарлаж болохгүй. Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан байхад хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо тайлбарлаж болохгүй, хуульд нийцэхгүй юм. Нэгэнт жирэмсэн эмэгтэй хүнийг мэдээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дүгээр заалт байсаар байхад ажлаас халж байгаа нь хууль зөрчиж байна. Гэрчээр асуулгах хүсэлт өгсөн боловч гэрчүүд тодорхой шалтгаануудын улмаас шүүх хуралдаанд ирээгүй. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс хүртэл жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тайлбарлаж байгаа юм бол Эрүүгийн эрх зүй дээр шалтгаант холбооны онол гэж байдаг. Энэ онол дээр ... үйлдэл нь ...үр дүнтэйгээ шалтгаант холбоотой байдаг. Өмнөх 12 сард зөрчил гаргасныг 4 сард ажлаас халж болохгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалд гэрээт ажилтнаар бус албан хаагчийн албан тушаалд томилсон байдаг...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М жирэмсний 3 сар буюу 90 хоногийн хугацаатай байхдаа ажлаас халагдсан. М жирэмсний 3 сартай байхдаа мэдээж ажлын цагаар хордлого өгч байгаа. Үүнийг Эрдэнэчимэг мэдэж байсан. Өмгөөлөгч, эх хүний хувьд мэдэж байна. М 16 жилийн дараа жирэмсэн болсон учраас жирэмсний хурц хордлоготой байсан. Энэ тухай ажлын газрын хүмүүс мэдэж байсан. ...Байгууллагын дарга, манлайлж ажилладаг хүн ажилтнуудынхаа эрүүл мэнд, ар гэр, аливаа бүх асуудлыг мэдэж байж сайн удирдагч байдаг. Түүнээс биш 3 сар буюу 90 хоногтой жирэмсэн үед нь ажлаас халчихаад би мэдээгүй гээд хэлж байдаг хүн дарга хүн мөн үү?. ...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр М ажлаас халсан тушаалыг нягтлан дээрээс гардаж авсан ба М ээж маргааш өдөр буюу 13-ны өдөр та нар жирэмсэн хүнийг яагаад ажлаас халдаг юм бэ гээд Ц.Б даргын өрөөнд ороход дарга нь байгаагүй. Энэ талаар бичиг хэргийн ажилтан нь мэдэж байгаа. Ээжийг нь дэргэд нь байхад нягтлан тань руу утсаар ярьсан байдаг. Тэгэхэд угаасаа ажлаас халах зорилготой хүнээ бэлдсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан М 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтэд Хархорины өмгөөлөгч Д-с зөвлөгөө авсан байдаг. Зөвлөгөө өгөхдөө Ц.Б дарга руу утсаар яриад намайг ажилд нь буцааж аваач гэж гуй, монгол хүн байна, хүнийх нь хувьд гуйгаад үз гэсэн зөвлөгөө өгсөн байдаг. Арга ядахдаа ажилдаа буцааж орохын тулд дээрх хүсэлтийг өгсөн байдаг. Тэгэхээр ... жирэмсний 1 хоногтой байна уу? төрөх гэж байна уу? гэдгээс үл хамаараад хэвлийдээ үр тээсэн л бол жирэмсэн хүн гэнэ. Хөдөлмөрийн тухай хуульд яагаад жирэмсэн хүнийг ажлаас халж болохгүй тухай зохицуулалт байгаа юм бэ?. Яагаад гэвэл тухайн хүний амь амьдрал, амьжиргаатай нь холбоотой асуудал юм. Ийм зохицуулалт байгаа учраас жирэмсэн хүнийг ажлаас халж болохгүй гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан. Жирэмсэн гэдгийг мэдсээр байж үл тоож ажлаас халсан, санасандаа хүрсэн, зорилгоо биелүүлснийг хууль бус гэж үзэж байна. ...М хүндэтгэх үзэх шалтгааны улмаас биечлэн ирээгүй байна. Сар гаруй хугацааны дараа төрнө. Одоо төрөх юм бол хүүхдийн жин бага учраас дутуу төрөх магадлалтай. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч хүүхдийн нөхцөл байдлын улмаас оролцож чадаагүй. Мы эрх ашгийг хамгаалж итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцож байна. Түүнийг шүүх хуралд оролцоогүй байхад нь худлаа хэллээ, худлаа тайлбар хэлж байна гэж яриад байна. Мыг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж байна. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад 1 удаа өгөөд тэнцээгүй бол дахиж шалгалт өгөх эрхгүй тухай асуудал биш. Төрийн албан хаагчийн шалгалтад дурын ажлын байранд хэдэн ч удаа шалгалт өгч, унаж, тэнцсэн байж болно. Гэтэл тэнцээгүй гээд байгаа ажлын байр нь өөр... Ш.М өмнө нь төрийн албан хаагчийн тангараг өргөж байгаагүй... ,” гэв.
Хариуцагч Орхон хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дарамтлах гэж яриад байх юм. Дарамталж, шантаачилсан, ажилд орсноос хойш байнгын айдастай байсан гэж яриад байна. Энэ хүнийг шалгалтад бэлдэхэд нь ажлаас нь чөлөөлж, шалгалтад нь бэлдүүлж байсан. 12 сард харшил хөдлөөд хотоор ажилтай явж байна гэхэд нь чөлөө өгсөн. 7 хоногийн 2, 3 өдөр дандаа чөлөө авч явдаг байсан. Ингэж ажлаас чөлөө олгодог байсан нь дарамт шахалт юмуу? Мэргэжил ур чадварын хувьд шалгалтад тэнцээгүй бол ур чадвар тэнцэхгүй байна гэсэн үг. Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шалгалтад тэнцсэн 5 хүний нэрс болон материалыг явуулсан. Тэгээд эрүүл мэндийн үзлэгт оруулаад ажилд томил гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. 12 сард ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан хүнийг аав, ээж нь гуйсан болохоор 4 сар хүртэл ажиллуулсан. Энэ бас дарамт юмуу?. Та бүхэн хуулийн мэдлэгтэй хүмүүс юм бол үнэн, зөв шудрага явах ёстой. Үнэт цаас алдагдуулсан 1.500.000 төгрөгийн асуудал бол гарсан. Ш.М 1,2,3 дугаар саруудад түүнийгээ нөхөн төлсөн. Сахилгын шийтгэл 3 аргаар авдаг. Цалингаас суутгах, сануулах, ажлаас чөлөөлөх гэсэн арга хэмжээнүүд байдаг. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаал нь Төрийн албан хаагчаар ажилд аваагүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилд авсан. Хөдөлмөрийн гэрээт ажилтныг хөдөлмөрийн гэрээний хугацаатайгаар авч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажлаас халах гэж яриад байна энэ нь цуцлах шүү. 2018 оны Б/07 тушаалд Байгаль хамгаалагчийн ажлаас чөлөөлсүгэй гэж заасан байдаг. Гэрээт ажилтанг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтад тэнцсэн хүмүүсийн 1-т жагссан хүн өөрөө ажлаас сонгох эрхтэй байдаг. Үүний дагуу П-г Нарийн хүр багийн байгаль хамгаалагчаар ажилд орно гэхэд нь тухайн ажлын байранд томилсон... Би жирэмсэн байсныг нь үнэндээ мэдээгүй. Хараад мэдэхгүй шүү дээ. М анх 4 дүгээр сарын 12-ны өдөр эмчийн үзлэгт орсон байдаг. ... Өмнөх шүүх хурал дээр би эвлэрэх саналтай байсан боловч санхүү рүү утасдахад санхүүгийн мөнгө хүрэлцэхгүй юм байна гэхээр нь боломжгүй юм байна гээд эвлэрээгүй. ...Нэг худлаа зүйл яриад байх юм 04 дүгээр сарын 12-ны өдөр халагдах тушаалаа авсан гэж яриад байна. Ажлаа хүлээлцсэн акт дээр 3 хүний гарын үсэг байдаг. М 4 дүгээр сарын 02-ны өдөр тушаалаа авчаад, ажлаа хүлээлцсэн. ...Төрийн албаны зөвлөлөөс төрийн алба хаагчийг жинхэлэх гээд сонгон шалгаруулалт авдаг. Шалгалтад М нь өөрөө унасан. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл барьж орж ирсэн. Өргөдөлдөө би жирэмсэн гэдгээ хэлээгүй гэдгээсээ уучлалт гуйж байна гэж орж ирсэн. ...Өөрийн болон аав ээжийг нь хүндэлж 4 сарын дараа Мыг ажлаас чөлөөлж, П-г томилсон. Ажлын байрны тодорхойлолтод экологи байгаль хамгаалагч буюу хууль эрх зүйн хүн байж болно гэж заасан байдаг. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийг бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжил буюу ур чадвараар тэнцсэн байх ёстой гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. ...Хөдөлмөрийн тухай хуулинд ажлаас халах биш ажлаас чөлөөлөх, гэрээгээ цуцлах гэж байдаг. Төрийн албаны тухай хуульд ажлаас халах гэж байдаг... М-д энэ ажлаас чөлөөлнө гэдгийг байгууллагын хурал дээр 12 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Шалгалтад 5 ажлын байр зарлагдсан. Ч ажлын байраа хадгалж үлдсэн. 2 байгаль хамгаалагч дунд мэргэжлийн хүмүүс учраас мэргэжил нь таарсангүй. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтад тэнцсэн 5 хүний нэрсийг явуулж ажилд томилоод эргээд мэдэгд гэснийг тайлбарласан. Өмнө ажиллаж байсан байцаагч нар ажлын байраа хүлээлгэж өгөөд шалгалтад тэнцсэн 5 хүн ажлын байранд орсон. Ш.М мэргэжил нь зөрүүтэй, ур чадварын хувьд шалгалтад тэнцээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Экологи байгаль хамгаалагч буюу хууль эрх зүйн хүн байж болно. Яамнаас 2018 оны 4 сард батлагдсан ажлын байрны тодорхойлолт М-г ажлаас халагдсаны дараа батлагдсан. Мыг ажиллаж байх үед мөн адил Экологи байгаль хамгаалагч буюу хууль эрх зүйч хүн байгаль хамгаалагчаар ажилд орно гэсэн. Ш.М олон сар хүлээлгэсэн болохоор хуулийн дагуу ...шалгалтад тэнцсэн хүнд ажлаа өгөхөөс дөө гэсэн. Тушаал дээр ажлаас чөлөөлсөн гэж байгаа. Нэхэмжлэгч тал халагдсан гэж үзэж байгаа. ...Засгийн газрын 2016-2020 хүртэл хугацааны зорилтод мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байгуулагдсан. Мэргэжлийн Засгийн газар бүх төрийн албан хаагчдыг мэргэшүүл гэсэн шаардлага тавьсны дагуу 2017 оны 08 дугаар сард Байгаль орчин Аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай газрын удирдлагаас байгаль хамгаалагч нарыг чадавхижуулж, төрийн албаны шалгалтад тэнцүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болго гэсэн чиглэлийг өгсөн. Энэ чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөлд ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах 5 сул орон тооны захиалга өгсөн. Байгаль хамгаалагч ТЗ-2-1-ээр цалинждаг төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой Ш.М-г Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд авсан болохоор чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль барина. ...Хэрвээ гарсан тушаал нь эрх зүйн зөрчилтэй акт байсан бол тэрийг зөв болгох ёстой. Зөв болгохын тулд төрийн албаны шалгалтыг зарлуулсан байгаа... 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоол өөрчлөгдөөд тухайн ажлын байранд шалгалт өгөөд тэнцсэн хүнийг ажилд авна гэж заасан. Үүнээс өмнө төрийн албыг 5 ангилдаг байсан. Туслах түшмэлийн ажлын байранд шалгалт өгсөн бол болох байсан. Тийм учраас М-г ямар нэгэн байдлаар шалгалтандаа тэнцээ гэсэн. Би халах гэж заналхийлээгүй. Би Эрдэнэчимэгт наад хүнээ бэлдүүл, тэнцүүл гэсэн. Мыг өрөөндөө дуудаж ирүүлээд шалгалтандаа тэнцчихвэл жинхэнэ төрийн албан хаагч болгоод өгье гэж хэлсэн. Өмнөх тогтоолын дагуу... Туслах дэс түшмэлийн ангилалд шалгалт өгсөн. Зүүнбаян-Улаан сумын Төрийн захиргааны нягтлангийн ажлын орон тоон дээр шалгалт өгсөн... тэнцээгүй” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхоны хөндийн хамгаалалтын захиргааны Нарийн хүр баг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллах хүсэлтээ өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор ажилд орох өргөдөл, бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Ц.Б дарга надад хэлэхдээ Ш.М-н аав, ээж нь ирээд гуйсан юмаа урь ортол ажиллуулаад өг гэж гуйхад нь би зөвшөөрсөн. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа орох гээд ирэх үед Ц.Б дарга Ш.М бид хоёрыг дуудаж, М-г дагалдан 7 хоног ажилла гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тэгээд бид хорио цээрийн газар хамт ажиллаж байсан. Энэ ажил нь 24 цагаар хонож ажилладаг байсан бол би М-н оронд хонож ажилладаг байсан. М ажиллаж байх хугацаандаа орой 5, 6 цаг гээд явдаг байсан.. Би 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цалингүй ажиллаж байсан. Албан ёсоор 4 дүгээр сарын 02-ны өдөр ажилд орсон...” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.М нь тус шүүхэд хандан “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаарын тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, жирэмсний амралтын тэтгэмж гаргуулах” нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн.
Үүнээс өмнө Ш.М нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” үндсэн шаардлага, “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 579825 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд гаргасныг мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 146/ШЗ32017/00887 дугаарын захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан “Хэргийн харъяалал зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тиймээс шүүх энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацааг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 146/ШЗ32017/00887 дугаарын захирамж гарсан өдрөөс буюу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцов.
Шүүх хуралдааны ирцийн тухайд: Нэхэмжлэгч Ш.М нь 8 сартай жирэмсэн бөгөөд жирэмсний хэвтрийн дэглэм сахих зайлшгүй шаардлагатайн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, онлайнаар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан, хэргийн оролцогчид болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч[1], өмгөөлөгч нар түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул нэхэмжлэгч Ш.Мыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Хэргийн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар төрийн албаны үндсэн зарчмуудын нэг нь “...хууль дээдлэх”, 4.2.4, 4.2.5 дахь хэсгүүдэд зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимтай.
1. Нэхэмжлэлийн “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаарын тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй....” хэмээн мэтгэлцэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төрийн захиргааны албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал байх, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсгүүдэд зааснаар төрийн захиргааны албан тушаалын гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж хуульчилсан.
Харин дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг “хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал” гэж, 17 дугаар зүйлийн 17.2-т Монгол Улсын иргэний төрийн жинхэнэ албанд ажиллах эрхийг “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”[2] хэмээн тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Ш.М нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангажээ. Тодруулбал: Тэрээр Хархорум дээд сургуулийг 2007 онд төгсөж нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, “Бизнессийн эдийн засаг, удирдлага” мэргэжлийг эзэмшиж дээд боловсролтой болсон, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б06 дугаар тушаалаар гэрээт байгаль хамгаалагчаар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаарын тушаалаар Хархорин сумын Нарийн хүр баг хариуцсан байгаль хамгаалагчаар буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байх ба ажиллаж байх хугацаандаа өөрийн эрхэлж байсан байгаль хамгаалагчийн албан тушаалыг зөрчилгүй гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байна.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт ...авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэжээ.
Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар байгаль хамгаалагч нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, ТЗ-2 зэрэглэлд хамаарч байх тул уг албан тушаалд томилогдохын тулд дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг өгч тэнцсэн байх тусгай шаардлагыг хангасан байхаар байна.
Хариуцагч нь “Төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй” гэх үндэслэлээр Ш.М болон бусад 4 албан хаагчийн ажиллаж байсан байгаль хамгаалагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дугаарын албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ.
Энэхүү захиалгын эрх зүйн үндэслэлийг судалж үзэхэд Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол[3]-ын 4 дэх хэсэгт “...Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ…” гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Ш.Мы “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг”-т түүний Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1[4]-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтны тангараг өргөсөн болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад орж тэнцсэнийг нотлох баримтууд байхгүй байна. Тодруулбал: Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт”-д тус аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сул орон тоонд бүртгүүлэн шалгалт өгсөн боловч тэнцээгүй бөгөөд өөрийн ажиллаж байсан байгаль хамгаалагчийн орон тоонд шалгалт өгөөгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 170 дугаар “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоол болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Төрийн албан хаагчийн шалгалтад дурын ажлын байранд хэдэн ч удаа шалгалт өгч, унаж, тэнцсэн байж болно. Гэтэл тэнцээгүй гээд байгаа ажлын байр нь өөр. ...Ш.М өмнө нь төрийн албан хаагчийн тангараг өргөж байгаагүй...”, хариуцагчийн “...Ш.М нь ...туслах түшмэлийн ангилал... Зүүнбаян-Улаан сумын төрийн захиргааны нягтлангийн ажлын орон тоон дээр шалгалт өгсөн... тэнцээгүй...” гэх тайлбаруудаар тус тус нотлогдож байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд Ш.М нь төрийн албан тушаалд ажиллах ерөнхий шаардлагыг хангасан ч, төрийн жинхэнэ албан тушаалд анх томилогдох иргэний мэргэшлийн шалгалтыг өгч тэнцсэн байх тусгай шаардлагыг хангаагүй байсан байх тул хариуцагчийн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах санал болон уг сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулсан шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, хуульд нийцсэн шийдвэрүүд байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” хэмээн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд тэнцэн Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосон иргэнийг тухайн сул орон тоон дээр томилох шийдвэр гаргахыг хариуцагчид үүрэг болгосон байна. Тиймээс Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын нэхэмжлэгч Ш.Мыг ажлаас чөлөөлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Пүрэв-Очирыг байгаль хамгаалагчаар томилсон шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны Б/07 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан ерөнхий болон тусгай шаардлагуудыг хамгийн илүү хангасан иргэнийг байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон ажиллуулах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгодоо нийцсэн захиргааны акт байна.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “Ш.М нь...ойжуулагч мэргэжилтэй.. тухайн ажлын байранд ажиллах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангасан...” хэмээн мэтгэлцэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтоохоор хуульчилсан.
Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан байгаль хамгаалагчийн ажлын байрны тодорхойлолт[5]-ыг судлан үзэхэд уг албан тушаал нь туслах түшмэлийн ангилал, ТЗ-2 зэрэглэлд хамаарах албан тушаал байх ба дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалал, эрх зүйч мэргэжилтэй, байгаль орчин болон хууль, хяналт шалгалтын ажил эрхэлсэн байх тусгай шаардлага, дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр, байгаль орчны хяналт үнэлгээ гэх мэргэжилтэй, байгаль шинжлэл, төрийн удирдлага, байгаль орчны чиглэлээр тусгайлсан сургалтанд хамрагдсан байх мэргэшлийн шаардлагыг хангасан байхаар тусгажээ.
Нэхэмжлэгч нь 2014 онд Архангай аймгийн Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийг төгсөж “Ойжуулагч” мэргэжлийг эзэмшсэн болох нь түүний 201406495 дугаарын “Мэргэжлийн үнэмлэх”-ээр нотлогдоно. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг мэргэжлийг байгаль хамгаалагчаар ажиллах мэргэжлийн шаардлагыг хангасан гэж маргаж байгаа.
Тиймээс Ш.М нь уг мэргэжлийнхээ дагуу өөрийн ажиллаж байсан ажлын байранд төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг өгөх эрхтэй байсан. Гэтэл тэрээр уг албан тушаалын сул орон тоонд шалгалт өгөлгүйгээр өөр ажлын байранд шалгалт өгөөд тэнцээгүй, хариуцагч нь “...байгаль хамгаалагчийн ажлын байранд мэргэшил таарахгүйн улмаас бүртгүүлж, шалгалт өгч чадаагүй...” гэж мэтгэлцэж байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үүнийг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргасангүй. Мөн Ш.М нь өөрийн ажиллаж байсан байгаль хамгаалагчийн албан тушаалын сул орон тоонд бүртгүүлж, шалгалт өгөөгүй нь хариуцагчийн буруу биш бөгөөд байгууллагын удирдлагын зүгээс Ш.Мыг ямар ч ажлын байранд шалгалт өгсөн бай тэнцсэн л бол байгаль хамгаалагчаар жинхэлэн ажиллуулна хэмээн боломж олгож байсан зэргээс харахад хариуцагчийг хууль зөрчин ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан хэмээн буруутгах боломжгүй байна.
Нөгөө талаар: Байгаль хамгаалагч нь төрийн жинхэнэ албан тушаалтан тул түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндэслэлүүдээр чөлөөлөх учиртай. Гэтэл уг зохицуулалтад “төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцээгүй бол төрийн албанаас чөлөөлнө” гэх зохицуулалт байхгүй байна. Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ.
Гэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь “хуульд өөрөөр заагаагүй бол...” гэж эхэлсэн байгаа нь энэхүү 24.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс өөр үндэслэлийг мөн хуулийн бусад заалтад тусгасан бол тухайн хэсгийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалтныг ажлаас чөлөөлөх боломжийг заасан.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” хэмээснээс дүгнэн үзэхэд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хэн ч байсан мэргэшлийн шалгалтыг заавал өгч, уг шалгалтандаа тэнцсэн байх шаардлагыг хуульчилжээ.
Харин Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалд анх орохыг хүсч буй иргэний мэргэшлийн түвшинг тогтоох эрх бүхий байгууллага байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь “Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дахь хэсэгт ...ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл Ш.Мыг байгаль хамгаалагчаар ажиллах мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг тогтоосон шийдвэр байхгүй...” хэмээн мэтгэлцэж байна.
Төрийн албаны удирдах албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д зааснаар “...хууль дээдлэх” төрийн албаны үндсэн зарчим болон “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмуудыг биелүүлэх үүрэгтэй. Мөн зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар өөрийн ажиллаж байсан байгаль хамгаалагчийн албан тушаалын сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөөгүй, өөр ажлын байранд уг шалгалтыг өгсөн боловч тэнцээгүй болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар дээр дүгнэн бичсэн /ХХ-138-151хуудас/.
Тиймээс хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан тусгай шаардлага хангаагүй, байгаль хамгаалагчийн сул орон тоон дээр ажиллаж байгаа иргэнийг чөлөөлөхдөө тухайн албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэх эсэхийг тогтоолгох шаардлагагүй бөгөөд хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан, эрх бүхий байгууллага /Төрийн албаны зөвлөлөөс/-аас нэр дэвшүүлсэн, тухайн албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа иргэний төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрхийг зөрчих эрх томилох эрх бүхий албан тушаалтанд байхгүй, тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн байна.
Хариуцагч Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга нь Ш.Мыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг биш, харин Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэх учиртай байжээ.
Гэвч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгүүдэд заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд тэнцсэн байх тусгай шаардлагыг хангаагүй нь холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг шалгалт нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн түвшинг шалган тогтоох зорилготой шалгалт бөгөөд уг шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэн[6]-ийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6 дахь хэсгүүдэд зааснаар тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид үүрэг болгосон хуулийн зохицуулалттай байх тул Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаарын тушаал нь зорилгодоо нийцсэн захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “...жирэмсэн байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг зөрчсөн ...” гэж мэтгэлцэж байна.
Дээр дурьдсанчлан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэсэн. Төрийн албаны тухай хуулиар жирэмсэн эмэгтэйг ажлаас халах болон чөлөөлөх тухай асуудлыг зохицуулаагүй байх тул энэ талаарх харилцааг Хөдөлмөрийн хуульд зааснаар шийдвэрлэнэ.
Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйл нь “Жирэмсэн эмэгтэй...-г ажлаас халахыг хориглох” гэсэн зохицуулалт байна. “Ажлаас халах” болон “Ажлаас чөлөөлөх” тухай асуудал нь эрх зүйн хувьд хоёр өөр агуулгыг илэрхийлдэг бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Ш.Мыг ажлаас чөлөөлсөн болохоос халаагүй байна. Тиймээс энд “ажлаас халах” тухай асуудал буюу Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй байна.
Мөн Ш.М нь бие давхар болсон талаар хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гарахаас өмнө мэдэгдээгүй болох нь түүний Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн хүсэлтээр нотлогдож байна.
Хариуцагч нь “Ш.М нь гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байсан...” гэж мэтгэлцэж байна.
Өмнөх хэсэгт бичсэнээр Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталснаар байгаль хамгаалагч нь туслах түшмэлийн ангилал, ТЗ-2 зэрэглэлд хамаарах төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Тиймээс байгаль хамгаалагч нь хөдөлмөрийн гэрээгээр биш, үр дүнгийн гэрээгээр ажиллана. Ш.Мыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2014 оны Б06 дугаар тушаалаар гэрээт байгаль хамгаалагчаар анх томилсон ч 2016 оны Б/03 дугаарын тушаалаар Хархорин сумын Нарийн хүр баг хариуцсан байгаль хамгаалагчийн төрийн жинхэнэ албан тушаалд томилж, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Тиймээс түүнийг гэрээт байгаль хамгаалагч гэж үзэхгүй, төрийн жинхэнэ албан тушаалын орон тоон дээр ажиллаж байсан албан хаагч иргэн юм.
2. Нэхэмжлэлийн “...өмнө нь эрхэлж байсан Хархорин сумын байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, жирэмсний амралтын тэтгэмж гаргуулах” гэх шаардлагуудын тухайд:
Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч Ш.Мыг байгаль хамгаалагчийн албан тушаалаас чөлөөлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Пүрэв-Очирыг уг албан тушаалд томилсон шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан зорилгодоо нийцсэн захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ш.М-н “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/07 дугаарын тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, жирэмсний амралтын тэтгэмж гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.М-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1]Нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх итгэмжлэлтэй. ХХ-ийн 125 дугаар хуудас
[2] Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж, 16 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, хориглох зүйлийг заасан байна.
[3] Энэхүү 08 дугаарын тогтоол нь legalinfo.mn сайтын “Хүчинтэй” хэсэгт бүртгэлтэй байна.
[4] Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө” гэжээ.
[5] Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу хийгдсэн.
[6] Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”.