Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0005/З |
Дугаар | 221/МА2022/0393 |
Огноо | 2022-06-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0393
“ЧК” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “ЧК” ХХК
Хариуцагч БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ад холбогдуулан БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “ЧК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,
Хэргийн индекс: 128/2022/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЧК” ХХК нь БОАЖС-ад холбогдуулан “БОАЖС-ад холбогдуулан “БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “ЧК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1 24.2 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “ЧК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “ ... БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ... ”, 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх ...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ...”, 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж заасныг удирдлага болгосон.
3.2. БОАЖС-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар “ЧК” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 1.12 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.
3.3. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д “Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2018/13 тоот гэрээгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 1 жилд 15 792 000 төгрөг төлөхөөр байх ба бодитоор 2017-2019 оны газрын төлбөрийг төлсөн, газрын төлбөрийн үлдэгдэлтэй боловч газрыг бодитоор ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна.
3.4. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Газрын төлбөр ногдуулах талаар зохицуулсан ба 9.1-т “... Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно.” гэж заасан тул гэрчилгээ гарснаар төлбөр төлөх эрх үүснэ.
3.5. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1-т “ ... Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна...” гэж мөн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2018/13 тоот гэрээнд жил бүр газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлднэ гэж заасан.
3.6. Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.4-т “Нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрт 31 772 942 төгрөг төлсөн” гэж дүгнэсэн ба энэ төлсөн төлбөр нь 2020-2021 онуудад төлбөр төлсөн ба 2017-2020 оны хооронд газрын төлбөр төлөөгүй ба төлсөн баримт хэрэгт байхгүй байна.
3.7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “ ... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... ” нь төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нь нотлогдож байхад шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь нотлогдож байх тул БОАЖС-ын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Иймд шийдвэрт дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх “ЧК” ХХК-д БОАЖС-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд байрлах 1.12 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2018/13 тоот гэрээг байгуулсан байх бөгөөд БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгч “ЧК” ХХК нь БОАЖС-ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ ... тус газар дээр “Хаппи виллаж” орон сууцны хотхон барихаар эрх бүхий мэргэжлийн байгууллагуудаас хуулийн дагуу зохих зөвшөөрлийг авч, 2018 оноос хойш Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийн батлуулж, улмаар барилгын ажил эхлүүлж, тухайн барилгуудтай холбоотой дулаан болон цахилгааны техникийн нөхцөл авах, мөн дулаан, цахилгааны дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх зэргээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж ... хотхоны барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна ... холбогдох зөвшөөрлийг авах ажиллагаанууд нь цаг хугацаа шаардсан, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааралтай байдаг ... амины орон сууцны хотхоны барилгын ажилд одоогоор нийтдээ 11.4 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Гэтэл манай компанийг үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй ... харьяа татварын албанаас ирүүлсэн төлбөрийн баримт нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн бөгөөд татварын байцаагчаас ямар нэгэн алданги, торгууль тавигдаж байгаагүй ...” гэж тайлбарлан маргажээ.
2.3. Хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар дархан цаазат газарт газар ашиглах тухай шийдвэрийг гаргах, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар тухайн газар ашиглах эрхийг хүчингүй олгох тус тус эрхтэй байна.
2.4. Өөрөөр хэлбэл, БОАЖС хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх хоёр тохиолдлын аль нэг нь бүрдсэн нөхцөлд газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрхтэй юм.
2.5. Нэхэмжлэгч “ЧК” ХХК БОАЖС-ын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт Арцатын аманд байрлах 1.12 га талбайг Аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар авч, тус газарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МЗХ2017/23-02 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг, 2018 оны 04 дүгээр сарын 25, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-аас ТН-D192/2018, ТН-D479/2021 дугаартай холбооны, Ус сувгийн удирдах газраас 238/18, 252/21 дугаартай цэвэр болон бохир усны, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 49/2019 дүгээр халаалт, хэрэгцээний халуун усны, 2019 оны 05 дугаар сарын 10, 2020 оны 09 дүгээр сарын 14, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 15/01404/19, 15/040161/20, 15/04448/21 дугааруудтай салхилуулга, цахилгаан эрчим хүчээр хангах тухай техникийн нөхцөлүүдийг тус тус гаргуулжээ.
2.6. Нэхэмжлэгч нь дээрх цаг хугацаанд өөрийн эзэмшил газрыг зориулалтын дагуу буюу газар эзэмшүүлэх гэрчилгээнд заасан “Аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглахаар 2 давхар 15 ширхэг амины орон сууцны цутгалтын ажил хийсэн, инженерийн болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг явуулсан нь дээрх үйл баримтууд болон анхан шатны шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн “ ... маргаан бүхий газар дээр амины орон сууцны зориулалттай баригдаж буй 15 ширхэг барилгын карказ байрлаж байна. Цэвэр бохир ус, халуун дулаан, цахилгааны гэсэн бүх дэд бүтцэд холбогдсон ... ” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16/293 дугаар “... “ЧК” -ХХК ... газрын төлбөрт ... 31772942 төгрөг төлсөн ...” гэх албан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн оролцогчдын тайлбар, үндэслэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх “...акт нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг зөрчиж гарсан ... эрх бүхий төрийн байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан буюу газар ашиглахтай холбоотой баримт бичгийн шаардлагуудыг биелүүлсэн, бодитоор барилга байгууламж барьсан ...” гэх дүгнэлт хийж маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
2.7. Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 2018/13 дугаар гэрээний дагуу жил бүр газрын төлбөрт хуваарийн дагуу 15 792 000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд анхан шатны шүүх “... төлбөрийн үлдэгдэлтэй боловч газрыг бодитоор ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул эрх бүхий этгээдээс гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцон газрын төлбөрийг шаардан төлүүлэх боломжтой ...” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
2.8. Учир нь, газар ашиглах эрхийн гэрчилгээг эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь эзэмших, ашиглах эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамааран гэрээнд заасан журмын дагуу газрын төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 6 354 589, мөн өдөр 9 531 883, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 6 354 588, мөн өдөр 9 531 883 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгч компанийг ямар хугацааны хэдэн төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийн “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 2020, 2021 онуудад төлбөр төлсөн ба 2017-2020 оны хооронд газрын төлбөрийг төлөөгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.9. Хэдийгээр анхан шатны шүүх газрыг эзэмшиж ашиглаж байсан байх тул төлбөрийг төлүүлэх боломжтой гэсэн агуулгаар хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн байх боловч нэхэмжлэгч нь гэрээний дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэх үйл баримттай холбоотой нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв байна.
2.10. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.1-д “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл” гэж тус тус заажээ.
2.11. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахын өмнө 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/7986 дугаартай албан бичгийг “ЧК” ХХК-д хаягласан байх боловч дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүйгээс гадна шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийн судалж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
2.12. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид газрын төлбөрийг төлсөн, газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг бүрдүүлээгүй тул түүнийг сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас хүргүүлснээр хуулиар хүлээсэн сонсох ажиллагааг явуулах үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
2.13. Анхан шатны шүүх маргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаанд хамаарах хуулийн зүйл заалтыг тайлбарласан атлаа Тогтоох хэсэгт баримтлалгүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6” гэснийг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ