Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

Улсын яллагч: Б.Чинзориг,

Шүүгдэгч: Н.Ж- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000339 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Ж-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Ж- нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын билетийн кассан дотор иргэн С.О-ын орхин гарсан Самсунг А-51 маркийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ж- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл галт тэргээр явах билетийг онлайнаар захиалсан. Тэгээд тухайн өдөр замын түгжрэлд ороод галт тэрэгнээс хоцорсон. Би төмөр замын ажилтантай яриад учир явдлаа хэлэхэд, та өөрийн биеэр ирээд төлбөрийн 50 хувиа буцаагаад авч болно гэж хэлэхээр нь “УБТЗ”-ын Зорчигч тээврийн төв буудал дотор 20 цаг 40 минутын орчимд 2 номерын касс дээр очиж билетээ буцаалгасан. Тэгээд би өөрийн гар утсаараа онлайнаар захиалсан эсэхээ ажилчинд үзүүлээд, билет буцаасан мөнгөө авч далд хийгээд гар утсаа буцаагаад цүнх рүү хийсэн санагдаж байна. Тэгээд вокзалаас гараад Эрдэнэтийн хамгийн сүүлийн таксинд амжиж суугаад Эрдэнэт рүү явсан. Тэгээд 22-ын товчоо өнгөрөөд охин руугаа ярих гээд гар утсаа хайсан боловч миний гар утас цүнхэнд болон хувцасны халаасанд байхгүй байсан... би сандраад таксины жолоочийн утаснаас өөрийн 99359594 дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Жоохон байж байгаад дахин залгахад 2 удаа дуудуулаад дараа нь холбогдох боломжгүй болсон юм. ...Миний гар утас нь Самсунг-А51 маркийн 64 гб багтаамжтай, 352349117503578 гэсэн сериал дугаартай, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Мобиком салбараас 1.178.000 төгрөгөөр худалдан авсан. ... эхлээд би хулгайд алдсан гэж бодож байсан юм. Тэгээд Улаанбаатар төмөр замын билет кассын хяналтын камерыг шүүлгэж үзэхэд тухайн үед би гар утсаа билет кассын цонхон дээр мартаад гараад явсан бичлэг байсан. Намайг гар утсаа мартаад явсны дараа цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай залуу аваад гарч яваа бичлэг байна гэж цагдаагийн албан хаагч хэлсэн. Тэр залуу нь Дархан-Уул аймгийн залуу байсан талаар дурдсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 22-26/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...С.О- нь гар утсаа кассын тавиур дээр орхиод явж байгааг харуулав. Н.Ж- нь зүүн гараа С.О-ын гар утас дээр тавьж байгааг харуулав. Н.Ж- нь С.О-ын гар утсыг зүүн гараараа авч байгааг харуулав. ...гар утсыг аваад өмднийхөө зүүн халаасанд хийж байгааг харуулав” гэжээ /хх-н 8-15/,

Яллагдагчаар Н.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгосон ялыг ойлголоо, би хүлээн зөвшөөрч байна. ...кассын хүн үйлчлүүлдэг жижиг цонхны хажууд гар утас байхаар нь аваад зүүн талын халаасандаа хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 59-62/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-38, 64-67, 69-70/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 45-47/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Н.Ж- нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын билетийн кассан дотор иргэн С.О-ын орхин гарсан Самсунг А-51 маркийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшсан гэм  буруутай болох нь:

 Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.О-ын: “...Улаанбаатар төмөр замын билет кассын хяналтын камерыг шүүлгэж үзэхэд тухайн үед би гар утсаа билет кассын цонхон дээр мартаад гараад явсан бичлэг байсан. Намайг гар утсаа мартаад явсны дараа цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай залуу аваад гарч яваа бичлэг байна гэж цагдаагийн албан хаагч хэлсэн. Тэр залуу нь Дархан-Уул аймгийн залуу байсан талаар дурдсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 22-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ж- нь хохирогчийн вокзалын кассан дээр мартаж үлдээсэн гар утсыг мэдсээр байж авсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, гар утсаа буцаан авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Н.Ж-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж-г 600 нэгж буюу 600.0000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Н.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Ж-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР