Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 887

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч: Г- /./, түүний өмгөөлөгч С.Үлэмж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023911269 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Г- /./,  ..... тоот регистртэй,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Г- нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр  хороо, 44 дүгээр барилгын материалын захад хохирогч Ц.Б-ий нүүрийг гараараа маажиж зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г- шүүх хуралдаанд: “...7 дугаар сарын 20-нд хохирогч ирж төмөр авна гэсэн. Би төмрийг тасдаж өгөх гэтэл хэмжээг нь буруу тасалсалчихсан. Дахиад тасдаад өгөхийн хооронд намайг хохирогч өөрөө түрүүлээд цохисон. Би тэр үед нь гараараа нүүр лүү нь түлхэх үед уг гэмтэл учирсан байх гэж бодож байна. Сүүлд тэр төмрийг нь дахиад таслаад өгсөн. Тэгэхэд цагдаа дуудсан байсан. Баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Ц.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би 44 дүгээр барилгын материалын зах дээр дээврийн төмөр худалдаж авах гэж очсон. Хэддүгээр лангууг нь мэдэхгүй байна нэг хятад эмэгтэйгээс 180х90 см хэмжээтэй таслуулж авах гэхэд 165х90 см хэмжээтэй зөрж тасалчихаад хэмжээ нь буруу болчихлоо гэхэд л дахиж тасдаж өгөхгүй гэхээр нь заза энэ хэмжээгээр нь авъя үлдсэнээ тасалчих гэхэд танайхыг таслахгүй байж бай гээд ард байсан хүмүүсийн төмрийг түрүүлж тасдаж эхлэхээр нь би чи боль мөнгөө авъя гэхэд нөгөө хятад эмэгтэй өөдөөс түлхэж гартаа барьж байсан балаараа зүүн гарын бугалганы хойхон хэсэгт хатгаад зүүн талын духнаас шанаа хүртэл гарынхаа хумсаар маажсан. Мөн миний хүзүүний хэсэгт маажаад миний нүүр рүү өөрийнхөө барьж байсан гар утсаа шидэж оносон...” гэсэн мэдүүлэг /xx-н 15-17/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн өдөр манайх нилээн ажил ихтэй байсан юм. Тэгтэл хоёр эрэгтэй хүн ирээд 1.70 см урттай 2 ширхэг төмөр авъя гээд захиалга өгсөн. Тэгээд тэр төмрийг гаргаад өгтөл нөгөө 2 хүн өө ийм хэмжээтэй биш өөр хэмжээтэй юм байна, буруу хэмжээ өгчихөж гэсэн, хэмжээ нь болохгүй байна гэж байсан. Тэгэхээр нь түр хүлээж бай гэсэн тэгтэл нөгөө 2 хүн уурлаад яасан уддаг юм гэсэн. Г- тэр 2 хүний нэг залуутай хэрэлдэж байгаад барьцалдаад авахаар нь би больцгоо гээд салгасан. Тэгээд нөгөө залуу Г- хоёр дахиад хэрэлдээд заамдалцаад авсан. Тэгээд нөгөө залуу нь чи эмэгтэй хүн байж яасан шазруун юм гээд Г-ий хацар луу алгадах шиг болсон. Тэгтэл Г- эргүүлээд нүүр рүү нь цохичих шиг болсон. Тэгтэл нөгөө залуу цагдаа дуудна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 20-22/, 

Гэрч Ч.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай хүү Б- байшингийнхаа дээврийг янзлах гээд бид 2 нэг таньдаг портерын жолооч хөлслөөд 44-р барилгын материалын зах орж дээврийн төмөр үзсэн юм. Тэгээд нэг хашаанд дээврийн төмөр зарж байсан эмэгтэй хүнээс төмөр авахаар болсон юм. Хэмжээгээ хэлээд бид 2 таслахыг нь хүлээгээд зогсож байсан. Тэгээд манай төмрийг таслахгүй өөр хүний төмрийг таслаад байхаар нь манай хүү Б- нөгөө эмэгтэйд очоод нэг юм хэлээд байсан. Би цаашаагаа юм хараад зогсож байгаад хүн маргалдаад байхаар нь эргээд харсан чинь нөгөө төмөр зарж байсан эмэгтэй, манай хүү Б- 2 маргалдаад нөгөө эмэгтэй нь миний хүүгийн нүүрийг нь маажсан, тэгээд манай хүү шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 23-24/,

Шинжээчийн 8389 тоот дүгнэлтэд: “...Ц.Б-ий биед зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26-27/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гараар маажих үед үүсэх боломжтой. Олон удаа гэдэг нь 1-с дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Нес медикал эмнэлгийн тодорхойлолт, зарлагын баримт /хх-н 9-11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-58/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Г- нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр  хороо, 44 дүгээр барилгын материалын захад хохирогч Ц.Б-ий нүүрийг гараараа маажиж зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б-ий: “...нөгөө хятад эмэгтэй өөдөөс түлхэж гартаа барьж байсан балаараа зүүн гарын бугалганы хойхон хэсэг хатгаад зүүн талын духнаас шанаа хүртэл гарынхаа хумсаар маажсан. Мөн миний хүзүүний хэсэгт маажаад миний нүүр рүү өөрийнхөө барьж байсан гар утсаа шидэж оносон...” гэсэн мэдүүлэг /xx-н 15-17/, гэрч Б.М-ын: “...Г- тэр 2 хүний нэг залуутай хэрэлдэж байгаад барьцалдаад авахаар нь би больцгоо гээд салгасан. Тэгээд нөгөө залуу Г- хоёр дахиад хэрэлдээд заамдалцаад авсан. Тэгээд нөгөө залуу нь чи эмэгтэй хүн байж яасан шазруун юм гээд Г-ий хацар луу алгадах шиг болсон. Тэгтэл Г- эргүүлээд нүүр рүү нь цохичих шиг болсон. Тэгтэл нөгөө залуу цагдаа дуудна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 20-22/, гэрч Ч.Ц-гийн: “...манай төмрийг таслахгүй өөр хүний төмрийг таслаад байхаар нь манай хүү Б- нөгөө эмэгтэйд очоод нэг юм хэлээд байсан. Би цаашаагаа юм хараад зогсож байгаад хүн маргалдаад байхаар нь эргээд харсан чинь нөгөө төмөр зарж байсан эмэгтэй, манай хүү Б- 2 маргалдаад нөгөө эмэгтэй нь миний хүүгийн нүүрийг нь маажсан, тэгээд манай хүү шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /xx-н 23-24/, шинжээчийн 8389 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлэг болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г- нь хохирогч Ц.Б-тэй маргалдаж, улмаар нүүрийг нь маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт “Нэс Медикал” эмнэлэгт сорвины эмчилгээ хийлгэсэн гэсэн албан тоот, мөн зарлагын баримт гаргаж өгсөн боловч тухайн эмчилгээг хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт болон НӨАТ-ын баримт байхгүй тул тухайн хохирлыг шүүгдэгчээс хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтад үндэслэн гаргах боломжгүй тул хохирлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь тухайн эмчилгээнд орсон талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Гао Зи Чи нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г- /./-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г- /./-г 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Ц.Б- нь хохирол болон хор уршгийг талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г- /./-нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР