Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Сугарзагд,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч/хохирогч: Б.С-,

Шүүгдэгч: М.М- нар өөрөө өрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-, Б.С- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005026421400 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, .... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” нэртэй зочид буудалд иргэн М.А-ыг “унтаж амраахгүй байна” гэх шалтгаанаар биед нь халдаж “нэг шүдний эмтрэл, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” нэртэй зочид буудалд иргэн Б.С-ийг “найз М.А-ыг зодсон” гэх шалтгаанаар биед нь халдаж, түүнд “хуйханд шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.С- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх...” гэв.

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх...” гэв.

Хохирогч Б.С- хуралдаанд: “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид дөрөв такси барин хорооллын модны хоёрын голын зам дагуу байдаг Зэт нэртэй зочид буудлын хоёр ортой өрөөнд орсон. ...тэр буудалд бид нарыг ороход 2020 оны 9 дүгээр сарын 06-ны шөнийн 03:00 цаг болж байсан. ...нөгөө надтай маргаад байсан залуу найзыгаа хараад хөөрсөн юм уу яасан юм мэдэхгүй миний уруул, эрүү орчим баруун гараараа 3 удаа цохисон. Тэгээд тэр залууд цохиулснаас болоод би хойшоо унах шахаад баруун гараараа ор тулсан... дахиад миний нүдэнд нэг удаа цохисон. ...тэр үед манай найз Мөнхсүлд тэр залууд чи яагаад намайг цохиж байгаа юм гээд тэр залуутай зууралдаж байгаад газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний биед учирсан гэмтлийг анх Зэт гээд буудалд надтай маргаад байсан залуугийн найз нь гээд залуу сүүлд өрөөнд орж ирээд намайг газар түлхэж унагаах үед би унахдаа юм мөргөж унаснаас учирсан. ...Анх надтай маргалдсан залуугийн найз нь учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нарын байсан өрөөний үүдэнд А- газар унах шиг болсон. Тухайн үед Амагланбаатар газар унаж босч ирээд тэр хаалга тогшсон гээд байгаа залууг “чи намайг цохисон” гээд чи яахаараа намайг цохидог юм гэж уурлаад тэр залуу руу дайраад байсан... тэр маргаан болоод дууссан хойно А-тай муудалцсан залуугийн өрөөнд ороод А-ыг цохисон залуутай маргалдаж барьцалдаж аваад газар унасан. ...тэгэж унахдаа Мөнхсүлд дээр нь гарчихсан байсан бөгөөд Мөнхсүлдийг салгаад өрөөнд орсон байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Шинжээчийн 10252 тоот дүгнэлтэд: “...М.А-ын биед нэг шүдний эмтрэл, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 40-41/,

Шинжээчийн 10269 тоот дүгнэлтэд: “...Б.С-ийн биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Шинжээчийн 1134 тоот дүгнэлтэд: “...Б.С-т зүүн зулайн хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10269 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-н 88-89/,

Яллагдагчаар Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн буруутай үйлдлийг бүрэн ухамсарлаж байна. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 70/,

Яллагдагчаар М.Мөнсхүлдийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 77/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгч Б.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-58/, шүүгдэгч М.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-62, 78-79/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” нэртэй зочид буудалд иргэн М.А-ыг “унтаж амраахгүй байна” гэх шалтгаанаар биед нь халдаж “нэг шүдний эмтрэл, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, язрал гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэт” нэртэй зочид буудалд иргэн Б.С-ийг “найз М.А-ыг зодсон” гэх шалтгаанаар биед нь халдаж, түүнд “хуйханд шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.А-ын: “...нөгөө надтай маргаад байсан залуу найзыгаа хараад хөөрсөн юм уу яасан юм мэдэхгүй миний уруул, эрүү орчим баруун гараараа 3 удаа цохисон. Тэгээд тэр залууд цохиулснаас болоод би хойшоо унах шахаад баруун гараараа ор тулсан... дахиад миний нүдэнд нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, хохирогч Б.С-ийн: “...миний биед учирсан гэмтлийг анх Зэт гээд буудалд надтай маргаад байсан залуугийн найз нь гээд залуу сүүлд өрөөнд орж ирээд намайг газар түлхэж унагаах үед би унахдаа юм мөргөж унаснаас учирсан. ...Анх надтай маргалдсан залуугийн найз нь учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Б.Ц-ын: “...бид нарын байсан өрөөний үүдэнд А- газар унах шиг болсон. Тухайн үед А- газар унаж босч ирээд тэр хаалга тогшсон гээд байгаа залууг “чи намайг цохисон” гээд чи яахаараа намайг цохидог юм гэж уурлаад тэр залуу руу дайраад байсан... тэр маргаан болоод дууссан хойно А-тай муудалцсан залуугийн өрөөнд ороод А-ын цохисон залуутай маргалдаж барьцалдаж аваад газар унасан. ...тэгж унахдаа Мөнхсүлд дээр нь гарчихсан байсан бөгөөд Мөнхсүлдийг салгаад өрөөнд орсон байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 10252, 10269, 1134 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-, Б.С- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М- нь “найз А-ыг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.С- нь “унтаж амрахгүй байна” гэх шалтгаанаар хохирогч Амгаланбатаарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А-, Б.С- нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Хохирогч Б.С- гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч М.А- нь гомдол саналгүй 700.000 төгрөг хүлээн авсан гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.М-, Б.С- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-, Б.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч М.М-, Б.С- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-, Б.С- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-, Б.С- нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-, Б.С- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР