Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 932

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: П.М-,

Гэрч: Н.Б-,

Шүүгдэгч/хохирогч: Б.О-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

Шүүгдэгч: Ж.Д-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Д-, Б.О- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005017791206 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Д-, ..... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үүрийн 6 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 5-4-27 тоотод хохирогч Б.О-ийг түлхэж унагаан улмаар эрүүл мэндэд нь “биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үүрийн 6 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 5-4-27 тоотод хохирогч П.М-тэй маргалдан, улмаар түүнийг нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ж.Д- шүүх хуралдаанд: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр найзындаа очиж усанд орчихоод тэндээ хонохоор болсон. Очоод Н.Б-ыг дуудсан. Г.Б- хаалганы чип цонхоор шидэж өгсөн. Би Н.Б-ын хамт орох гэж байхад Г.Б- намайг блокон дээрээс дуудсан. Би болкон дээр очиход Г.Б- 0,75 граммын архи уугаад сууж байсан. Би тухайн үед барилгын ажил хийгээд мөнгөө аваагүй байсан. Г.Б-тай юм яриад сууж байтал Г.Б- намайг чи тэр ажил хийсэн мөнгийг авсан юм биш үү гээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Г.Б- намайг заамдаж аваад 2 удаа архины шилээр толгой руу цохисон. Би болкон дээр байхад амь авраарай гэж 2 удаа орилсон. Манай найз Н.Б- намайг Г.Б-аас салгаад өрөөндөө оруулсан. Би Отгонтуяаг түлхэж унагаасан зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай ажлын нэг хүүхэн Г.Б- бид гурав манай байрны блокон дээр архи ууж байсан. Бид нарыг архи уугаад сууж байхад шөнийн 02 цагийн үед нэг хүн Батыг дуудаад байсан. 30-40 орчим минут гадаа орилсон. Г.Б- гадаа бороо орж байна оруулчих гээд байхаар нь би хаалганы чипээ өгөөд оруулсан. Би унтаад өглөө сэрэхэд хэрүүл маргаан болсон байсан. Би Д-ыг айлд ирээд битгий хэрүүл зодоон хийгээд бай гэсэн чинь намайг түлхэхэд би орны толгой цохиод унасан. Д- болконоор намайг авраарай гээд байгаа ч юм уу, үхлээ гээд байгаа ч юм уу мэдэхгүй орилоод байсан. Тэгээд Д-ыг Г.Б-, Н.Б- хоёр аваад гарсан. Д-ын эхнэр манайд орж ирээд янз бүрээр хэлээд, та нар дандаа ууж иддэг гээд уурласан. Би тухайн үед Д-ын охинд нь тайлбарлаж хэлсэн. Охин нь ээжтэйгээ хамт ирсэн байсан. Би цагдаа дуудсан. Тэр хугацаанд Д-ын эхнэр надтай маргалдаж байгаад хамар нь ийм болсон гэж хэлж байна. М- өөрөө намайг маажсан. Сорив нь хүртэл одоо арилаагүй байгаа. Намайг шоронд оруулна, эрүүлжүүлэхэд хийнэ гээд орилоод байсан. Цагдаа дээр очиход намайг жирэмсэн гээд эрүүлжүүлэхэд хийгээгүй. Д-, М- хоёрыг цагдаа нар мэдрэл муутай юм биш үү гээд гайхаад байсан. Энэ хоёр намайг эрэн сурвалжлагдаж байгаа гэж худлаа ярьсан. М- манайд ирэхдээ маск зүүсэн байсан. Тухайн үед хамар нь зүгээр байсан. Гомдолтой гэж хэлээд явж байсан өдөр нь харахад хүртэл хамар нь зүгээр л байсан. Надад энэ хоёроос авах зүйл байхгүй. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ. Илүү мөнгө төгрөг нэхээд байгаа зүйл байхгүй. Би эход хэдэн удаа үзүүлсэн. Бас бариа засал хийлгэсэн. Бариа засал хийсэн хүн нь эмчилгээ хийсэн баримт өгдөггүй гэсэн учраас одоогоор баримтгүй байна. Д-, М- нарын мэдүүлгүүд бүгд худал. Би гэрч гээд байгаа залуугийн дүүгээр тухайн үед утсаар бичлэг хийлгэсэн” гэв.

Хохирогч П.М- шүүх хуралдаанд: “...Манай нөхрийн ээжийнх нь гэр шатаад гэрийг янзлах гээд тухайн өдөр явсан. Шөнө 12 цаг болж байхад хадам ээжийн гэрийг янзалж дууссан, Батынд очиж усанд орж, хоночихоод ирнэ гээд надтай утсаар ярьсан. Манай гэр хадам ээжийн гэртээ ойрхон байдаг. 5 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг болж байхад манай нөхөр над руу утсаар яриад Г- намайг зодоод байна, ирж ав гэсэн. Би 16 настай охиныхоо хамт очсон. Очоод хаалгыг нь цохиход О- согтуу хаалгаа тайлсан. Хаалга тайлахаар нь би та нар яагаад хүн зоддог юм, Г- хаана байна гэсэн чинь Г- явсан байна гэж хэлсэн. Гэтэл Г- нойлын өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхээр нь би Г-ыг чи яагаад хүн зоддог юм гэж хэлсэн чинь зодоогүй гээд над руу дайраад байсан. Гэтэл О- хажуугаас Г-ын ажил хийсэн мөнгийг Д- та хоёр авч идээ биз дээ гэж хэлсэн. Би О-т ажил хийсэн мөнгийг нь аваагүй, авсан бол хэлнэ биз дээ гэхэд О- манай охин руу салаавч гаргасан. Би О-, Г- нарыг доромжлоогүй, би өөрөө архи хэрэглэдэггүй, 4 хүүхдийн эх хүн. О- миний охин руу олон удаа салаавч гаргасан. Би охиноо аавтайгаа хамт гадаа байж бай гээд гаргасан. Би ямар ч үг хэлээгүй. Гэтэл О- намайг үг дуугүй мөргөсөн. Тэгээд би нөхрөө дуудаж оруулж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан” гэв.

Гэрч Н.Б- шүүх хуралдаанд: “...Д-ыг болкон дээр байхаар нь би аваад гарсан. Би М-ийг ирэхэд байсан. О-, М-ийг цохиж байгааг би хараагүй. О- М-ийг мөргөх чимээ гарсан. Намайг эргээд харахад хамар луу мөргөсөн гэж байсан. Би О-ийн өрөөний болкон дээрээс Д-ыг аваад өөрийнхөө өрөөндөө оруулсан. ...О-ийн өрөөнд ороход өрөөний гэрэл нь асаалттай байсан. О- орон дээрээ сууж байсан. Би О-ийн өрөөнд ороод шууд болкон руу нь гарсан. Тэр үед О-ийг Д- түлхсэн асуудал болоогүй. ” гэв.

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг унтаж байхад гэрт маргаан болоод байхаар нь орноосоо босоод Д-ыг “болиоч чи, айлд орж ирчихээд хэрүүл хийгээд” гээд уурлаад хэлтэл намайг түлхсэн. Тэгэхэд нь хойшоо унахдаа нуруугаа орныхоо модон хүрээнд нь цохьчихсон юм. Тэгээд би газраас босож чадахгүй “нуруу өвдөөд байна” гээд орилоод хөдөлж чадахгүй байж байтал Бат татаж босгохоор нь би Д-т хандаж “чи яах гэж дандаа ингэж хэрүүл маргаан хийж байдаг юм” гээд маргалдтал тагтнаас үсэрлээ гээд цээжээрээ тонгойгоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Хохирогч П.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Д- найз Наранцэцэг овогтой Бат гэдэг найзындаа очоод үүрээр 6 цагийн орчим над руу залгаад “намайг ирээд аваач, намайг Г- /жинхэнэ нэр нь Бат/ зодоод байна” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн том охин болох 16 настай А-йн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Өргөө кино театрын хойд талын 20 дугаар байрны 27 тоотод очсон. Намайг очиход О- гэдэг эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. Би ороод Г- хаана байна гээд асуутал О- надад хандаж “байхгүй, явчихсан” гээд уурлаад байсан юм. Тэгэхээр нь би Г-од хандаж “чи яахаараа хүн зоддог юм гэтэл” зүгээр маргаан болсон гээд байхаар нь би нөхрөө охинтойгоо гадаа гарч бай гэж хэлээд гаргачихаад Г-той ярилцаж байтал О- хажуугаар орж ирээд “чи ер нь юу гээд байгаа юм” гээд салаавч гаргаж дайраад байсан. Тэгээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа духаараа мөргөхөд хамар оногдоод толгой манараад газар доошоо суусан. Тэгэхэд манай нөхөр хаалга нүдээд “юу болоод байгаа юм бэ” гэхээр нь би хаалга онгойлгож өгтөл манай нөхөр цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Г-ын Батын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би тэсэхээ байгаад чанга дуугараад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл О- юу болоод байгаа юм бэ гээд босож ирээд бид хоёрын хажууд иртэл Д-, О-ийн цээж рүү 2 гараараа түлхтэл О- хойшоо унахдаа нуруугаа орныхоо хөндлөн модонд цохьчихсон. Тэгээд О-, Д-т хандаж “чи намайг яаж байгаа юм бэ, нуруу эвгүй болчихлоо” гээд ороо түшиж босоод орон дээрээ суугаад байсан. Тэгтэл Д- тагтаар үсэрлээ гээд цээжээ гаргаад тонгойгоод байсан ба “чи болиоч, хүнд гай боллоо шүү дээ” гээд татаад байж байтал Н.Б- өрөөнөөсөө гарч ирээд Д-ыг аваад О-ийн өрөөнөөс гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Гэрчээр Ж.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би охинтойгоо хамт гараад орцны шатан дээр сууж байсан юм. Тэгтэл манай эхнэр “яая” гээд дуугарахаар нь би хаалга нүдэж байгаад эргэж ороод юу болсон бэ гэхэд манай эхнэр “О- намайг мөргөчихлөө” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэрч Наранцэцэгийн Батын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д-ын эхнэр М-, охин Анударьтай хамт ирчихсэн О-тэй муудалцаад байсан. Тэгэхээр нь би очоод учрыг нь олох гээд байж байгаад түрхэн зуур эргэж хараад хүнтэй юм ярьж байтал түг гээд чимээ гараад М- “яая миний хамар руу мөргөчихлөө” гээд нүүрээ дараад доороо суучихсан байсан юм. Тэгээд М- цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Шинжээчийн 5490 тоот дүгнэлтэд: “...Б.О-ийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 50-51/,

Шинжээчийн 5322 тоот дүгнэлтэд: “...П.М-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 40-41/,

Хохирогч нарын өргөдөл /хх-н 8-10/, комьютерт томографийн оношилгоо /хх-н 42-43/, шүүгдэгч Ж.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-74, 104-115, 155-156/, шүүгдэгч/хохирогч Б.О-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 97-101, 157/, хохирогч П.М-ийн өвчний түүх /хх-н 134-135/, хохирогч Б.О-ийн өвчний түүх /хх-н 136/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.Д-, Б.О- нар нь “хохирогчид гэмтэл учруулаагүй” тэдгээрийн өмгөөлөгч нь “хохирогчид гэмтэл учруулсан нь нотлогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Наранцэцэгийн Бат “Д-ыг шууд өрөөнөөс аваад гарсан” гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нь мөрдөн байцаалтад хууль сануулж авсан гэрч Г-ын Батын “Д-, О-ийн цээж рүү 2 гараараа түлхтэл О- хойшоо унахдаа нуруугаа орныхоо хөндлөн модонд цохьчихсон. Тэгээд О- Д-т хандаж “чи намайг яаж байгаа юм бэ, нуруу эвгүй болчихлоо” гээд ороо түшиж босоод орон дээрээ суугаад байсан. Тэгтэл Д- тагтаар үсэрлээ гээд цээжээ гаргаад тонгойгоод байсан ба “чи болиоч, хүнд гай боллоо шүү дээ” гээд татаад байж байтал Н.Б- өрөөнөөсөө гарч ирээд Д-ыг аваад О-ийн өрөөнөөс гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О-ийн намайг түлхэж унагаагаад би босож чадахгүй байж байхад Н.Б- орж ирээд аваад гарсан, гэсэн мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна. Дээрх баримтуудаар гэрч Н.Б- нь шүүгдэгч Д-ыг хохирогч Б.О-ийг түлхэж унагаах үед байгаагүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх боловч шүүгдэгч нар нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Харин худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж авсан хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Б.О-т, шүүгдэгч Б.О- нь хохирогч П.М-т тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үүрийн 6 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 5-4-27 тоотод хохирогч Б.О-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, умайн булчингийн чангарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.О-ийн: “...Намайг унтаж байхад гэрт маргаан болоод байхаар нь орноосоо босоод Д-ыг “болиоч чи, айлд орж ирчихээд хэрүүл хийгээд” гээд уурлаад хэлтэл намайг түлхсэн. Тэгэхэд нь хойшоо унахдаа нуруугаа орныхоо модон хүрээнд нь цохьчихсон юм. Тэгээд би газраас босож чадахгүй “нуруу өвдөөд байна” гээд орилоод хөдөлж чадахгүй байж байтал Бат татаж босгохоор нь би Д-т хандаж “чи яа гэж дандаа ингэж хэрүүл маргаан хийж байдаг юм” гээд маргалдтал тагтнаас үсэрлээ гээд цээжээрээ тонгойгоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Г-ын Батын: “...Д-, О-ийн цээж рүү 2 гараараа түлхтэл О- хойшоо унахдаа нуруугаа орныхоо хөндлөн модонд цохьчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/, шинжээчийн 5490 тоот дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

 Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үүрийн 6 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 20 дугаар байрны 5-4-27 тоотод хохирогч П.М-тэй маргалдан, улмаар түүнийг нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч П.М-ийн: “...О- хажуугаар орж ирээд “чи ер нь юу гээд байгаа юм” гээд салаавч гаргаж дайраад байсан. Тэгээд үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа духаараа мөргөхөд хамар оногдоод толгой манараад газар доошоо суусан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, Гэрчээр Ж.Д-ын: “...манай эхнэр “яая” гээд дуугарахаар нь би хаалга нүдэж байгаад эргэж ороод юу болсон бэ гэхэд манай эхнэр “О- намайг мөргөчихлөө” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч Наранцэцэгийн Батын: “...М- “яая миний хамар руу мөргөчихлөө” гээд нүүрээ дараад доороо суучихсан байсан юм. Тэгээд М- цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, шинжээчийн 5322 тоот дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Д-, Б.О- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Д- нь хохирогч Б.О-тэй маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Б.О- нь хохирогч П.М-тэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хурал эхлэх үед шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-, П.М- нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээчийн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогч П.М-ийн эмчилгээний зардал болох шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, компьютер томографикт харуулсан 120.000 төгрөг, зөвлөгөө авсан 10.000 төгрөг нийт 138.000 төгрөгийг шүүгдэгч Б.О-ээс гаргуулж хохирогч П.М-т олгох,

Хохирогч Б.О-ийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Д-аас гаргуулж хохирогч Б.О-т тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч П.М- болон Б.О- нар нь цаашид эмчилгээ хийлгэнэ, учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлж байх ба тухайн хохиролтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй, цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй байх тул хохирогч П.М-, Б.О- нар нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Д-, Б.О- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Ж.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал,  урд шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж дуусаагүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, 8 сартай жирэмсэн,3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.О-т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 1 жилийн хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоож өгнө үү гэсэн түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.  

Шүүгдэгч Ж.Д- нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж , 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Д- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн  байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Д-, Б.О- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              - шүүгдэгч Б.О-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.О-т шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д- нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ээс 138.000 төгрөг гаргуулж хохирогч П.М-т,

 - шүүгдэгч Ж.Д-аас 8.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-т тус тус олгосугай.

8. Хохирогч Б.О-, П.М- нар нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-, Б.О- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР