Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        11            11                                     2020/ШЦТ/123

 

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Галбаанхан овогт Чулуунбаатарын Гад холбогдох эрүүгийн 2019001810142 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэмжилтийн инженер мэргэжилтэй, “Өндөр алтайн зам” ХХК-д хэмжилтийн инженер ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, 13 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Галбаанхан овогт Чулуунбаатарын Г /РД:ПЭ89112856/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд 22-15 УАВ улсын дугаартай “Делика” маркийн автомашинтай Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа 427 дугаар хоолойн хэсэгт сайжруулсан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин араасаа ирж байгаа тээврийн хэрэгслийг анзааралгүйгээр зорчих хөдөлгөөн эхлүүлснээс Ц.Октябрь нь 29-23 УБҮ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Ч.Гын жолоодон явсан “Делика” маркийн тээврийн хэрэгслийн хажуунаас мөргөсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас 29-23 УБҮ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Отгонгэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Л.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...Би 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Октябрийн хамт 29-23 УБҮ улсын дугаартай ачааны автомашинаар Дорноговь аймгийн Өргөн сумаас цемент ачаад төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа цэргийн ангид буулгаж өгөхөөр,...жолоочийн хажуу талын сандал дээр суугаад...манай нөхөр автомашинаа жолоодоод явж байсан. Тухайн үед бид хуссан замаар явж байсан ба тоос шороо ихтэй, үзэгдэх орчин муу зам байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчим болж байхад манай автомашинаас нэлээд урагшаа ногоон өнгийн “Делика” маркийн автомашин явж байгаад замын хойд тал руу дараад зам хөндөлсөөд ороод ирсэн. Манай нөхөр ч уг автомашинтай мөргөлдөхгүй гээд зүүн гар тал руугаа дараад уг автомашинтай шороон замын урд талд очоод мөргөлдсөн. Тухайн үед урд зогсож байсан автомашинаас хүн буугаагүй, зам чөлөөлж зогсож байгаад хөдлөөд урдуур ороод ирсэн. Би бодохдоо уг автомашинтай хүмүүс манай автомашиныг очих үед араасаа ирж байгаа автомашиныг харалгүй шууд зүүн гар тал руугаа дараад хөдөлсөн байх гэж бодож байна. Энэ ослоос болж надад 1.500.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан ба уг зардлыг нөхөн төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-16-19, 78-79/,

Ч.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа 427 дугаар хоолойн хэсэгт би өөрийн худалдаж авсан 22-15 УАВ улсын дугаартай “Делика” маркийн автомашинтай Мөнхбаяр, Отгонболд, Адьяа, Доржпүрэв, Баатар нарын хамт ажлаа хийж байгаад би өөрөө автомашинаа бариад хөдөлсөн юм. Тухайн үед би автомашинтайгаа хуссан замын хойд талд замаас гараад замаа чөлөөлөөд зогсож байгаад хүмүүсээ суулгаад хөдөлсөн...автомашин зогсож байсан газар их хонхор газар байсан ба зүүн талаас баруун тийшээ явж байгаа автомашин бид нарт харагдахааргүй хонхор байсан, мөн их тоосжилттой, манарсан шороотой газар байсан. Би автомашинаа бариад хөдлөхөд зүүн талаас автомашин ирж байгаа нь харагдаагүй, тэгээд дохио өгөөд автомашинаа хөдөлгөөд хуссан зам руу ортол том автомашины дуу сонсогдоод би зүүн гар тал руугаа автомашины цонхоор хартал хуссан замаар ачааны автомашин их хурдтай орж ирж байгаа нь харагдсан. Тэгээд би автомашинаа хөдөлгөөд зам хөндлөн гартал нөгөө ачааны автомашин зүүн тал руугаа дараад хуссан замаас гараад миний автомашины зүүн гар талын голын хаалганаас мөргөсөн...би хохирогч Л.Отгонгэрэлд эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг өгсөн, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-11-12, 73-74, 77-78/,

Гэрч Ц.Октябрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа сайжруулсан шороон зам дээр 14 цагийн үед би 29-23 УБҮ улсын дугаартай ачааны автомашин жолоодож Өргөн сумаас 110 дугаар цэргийн анги орохоор эхнэр Л.Отгонгэрэлийн хамт явж байсан. Гэтэл миний урд 22-15 УАВ улсын дугаартай “Делика” маркийн автомашин явж байгаад кемпийн хоолой хэсэг дээр зогсолт хийхээр нь хөдөлж магадгүй гэж бодоод эгнээ шилжтэл “Делика” автомашины бөгсний улаан гэрэл асахаар нь дуут дохио өгсөн чинь шууд дараад урдуур орж ирсэн. Тэгээд сайжруулсан шороон замаас “Делика” автомашины бөөрөн талаас мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-13-15/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч  Э.Анхбаярын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02/0150 дугаартай “...Л.Отгонгэрэлийн биед баруун уушгины шалчийлт, цээжний хөндийн хий хуралт, чацархайн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй” гэсэн дүгнэлт /хх-34-35/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай С.Сэргэлэн эзэмшигчтэй Howo Sinotruk автомашины техникийн үнэлгээний тайлангаар 2.700.950 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хх-29-32/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-25-26, 36-60/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 603 дугаартай И.Нямзаяа эзэмшигчтэй Mitsubishi Delica автомашины техникийн үнэлгээний тайлангаар 1.250.000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хх-63-65/,

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны “...22-15 УАВ улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Чулуунбаатар овогтой Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 10-т заасан Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх гэсэн бүлгийн 10.1-р заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хово маркийн 29-23 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Октябрь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна” гэсэн  магадлагаа /хх-66-67/,

Яллагдагч Ч.Гын Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдод 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хандан гаргасан “...зам тээврийн осол гаргаж хүний биед гэмтэл учруулсан бөгөөд учирсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тус ослыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт /хх-92/,

Ц.Октябрь, Л.Отгонгэрэл нарын Дорноговь аймгийн Прокурорын газарт хандан гаргасан “...нөхөн төлбөрийг бүрэн авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлт /хх-93-94/, зэрэг болно.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд 22-15 УАВ улсын дугаартай “Делика” маркийн автомашинтай Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа 427 дугаар хоолойн хэсэгт сайжруулсан зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчин араасаа ирж байгаа тээврийн хэрэгслийг анзааралгүйгээр зорчих хөдөлгөөн эхлүүлснээс Ц.Октябрь нь 29-23 УБҮ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Ч.Гын жолоодон явсан “Делика” маркийн тээврийн хэрэгслийн хажуунаас мөргөсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас 29-23 УБҮ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Отгонгэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

          хохирогч Л.Отгонгэрэлийн “...Би 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Октябрийн хамт 29-23 УБҮ улсын дугаартай ачааны автомашинаар...би жолоочийн хажуу талын сандал дээр суугаад...манай нөхөр автомашинаа жолоодоод явж байсан ...манай автомашинаас нэлээд урагшаа ногоон өнгийн “Делика” маркийн автомашин явж байгаад замын хойд тал руу дараад зам хөндөлсөөд ороод ирсэн. Манай нөхөр ч уг автомашинтай мөргөлдөхгүй гээд зүүн гар тал руугаа дараад уг автомашинтай шороон замын урд талд очоод мөргөлдсөн.” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Октябрийн “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр...би 29-23 УБҮ улсын дугаартай ачааны автомашин жолоодож Өргөн сумаас 110 дугаар цэргийн анги орохоор эхнэр Л.Отгонгэрэлийн хамт явж байсан. Гэтэл миний урд 22-15 УАВ улсын дугаартай “Делика” маркийн автомашин явж байгаад кемпийн хоолой хэсэг дээр зогсолт хийхээр нь хөдөлж магадгүй гэж бодоод эгнээ шилжтэл “Делика” автомашины бөгсний улаан гэрэл асахаар нь дуут дохио өгсөн чинь шууд дараад урдуур орж ирсэн. Тэгээд сайжруулсан шороон замаас “Делика” автомашины бөөрөн талаас мөргөсөн.” гэсэн мэдүүлэг,

хохирогч Л.Отгонгэрэлийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Э.Анхбаярын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 02/0150 дугаартай дүгнэлт,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай  үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Яаралтай тусламжийн хуудас, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 603 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн магадлагаа зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ч.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Отгонгэрэлийн биед баруун уушгины шалчийлт, цээжний хөндийн хий хуралт, чацархайн няцрал, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд зэргийн гэмтэл учирч, эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг зарцуулсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-79/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Гыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах хязгаарлалтыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ. 

         Шүүгдэгч Ч.Гад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

         Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж байна.

         Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн 766281 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэхээр тус тус шийдвэрлэв.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Галбаанхан овогт Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Ч.Г-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл дээрх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч Ч.Гад хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

7.Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 766281 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

8.Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э