Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 968

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Э.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001572 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Г-,  .... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плазагийн орчим хохирогч Б.Э-ийн нүүрэн тус газар нь цохиж зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г- шүүх хуралдаанд: “...Би найзтайгаа зам гарах гээд явган хүний гарцаар гарч байхад хохирогч машинтай ирээд миний хөлийн үзүүрийг дайраад гарсан. Би тэр үед нь машиныг цохьсон. Тэгтэл машинаас бууж ирээд над руу дайраад байхаар нь маргалдаж байгаад нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр би ахыг аваад гэртээ харих гээд БГД-ын 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плазагийн урд машинтайгаа явж байсан. Тэгэхэд нэг хүн гарцаар гарч байсан, би хажуугаар нь гарсан. Тэгэхэд машины ар хэсэгт цохих чимээ гарахаар нь би машинаа зогсоогоод машинаас буугаад уг цохисон хүн рүү очиход уг хүн нь миний хөлийг дайрчихлаа гээд миний зүүн нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тухайн үед би нүдний шилтэй байсан миний нүдний шил хагарч миний хөмсөг хэсгийг сэтэлсэн. Машинаас буухад намхан махлагдуу ах байсан, цагдаа дээр очиход Гантөмөр гэж байсан. Эмчилгээ хийлгэж амжаагүй байна. Одоо баримт байхгүй, хохирлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Шинжээчийн 11289 тоот дүгнэлтэд: “...Б.Э-ийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийнэ” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Яллагдагч Э.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хөлний хурууны дээгүүр машинтайгаа гарсан. Тэгээд би хөл дайрчихлаа гээд маргалдаад 1 удаа гараараа цохисон, би 2 пиво уусан байсан. Уг жолооч эрүүл байсан. Уг залууд гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байна. Би уучлалт гуйж эмчилгээний зардал гарган өгье гэхэд юм ярихгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-44, 52/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плазагийн орчим хөл дээгүүр машинаараа гарлаа гэж маргалдан хохирогч Б.Э-ийн нүүрэн тус газар нь цохиж зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацарт зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Э-ийн: “...машины ар хэсэгт цохих чимээ гарахаар нь би машинаа зогсоогоод машинаас буугаад уг цохисон хүн рүү очиход уг хүн нь миний хөлийг дайрчихлаа гээд миний зүүн нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тухайн үед би нүдний шилтэй байсан миний нүдний шил хагарч миний хөмсөг хэсгийг сэтэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, шинжээчийн 11289 тоот дүгнэлт болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г- нь хохирогч Б.Э-тэй маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэрэгт ямар нэгэн хохирлын баримт гаргаж өгөөгүй тул хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.Г-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 699 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба уг ялыг биелүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавал болгосон тухай баримтаар тогтоогдож байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

              Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Б.Э- нь хохирол болон хор уршгийг талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР