Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 969

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: М.Анхбаяр,

            Шүүгдэгч: А.А-, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021791346 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-454 тоотод бие гүйцээгүй буюу Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад зааснаар Ховор амьтны жагсаалтад орсон 2-3 насны 1 бодгаль эм баавгайн тавхайг хадгалсан, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүрэн баавгай нь Монгол Улсын засгын газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар Ховор амьтны жагсаалтанд орсон зүйлүүд, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг судалгаа, шинжилгээ соёл урлаг, эмчилгээний зориулалтаар Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж, барьж болдог гэж заасан байдаг. Мөн амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гарахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан. Хүрэн байвгай нь Монгол орны ойт хэсгийн зарим аймагт тархсан ховор тохиолдох амьтан. Амьтны тухай хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар Амьтны тухай хууль зөрчсөний улмаас Амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нас бие гүйцсэн эр бодьгал нь 6.500.000 төгрөг, нас бие гүйцсэн эм бодгаль нь 7.500.000 төгрөг гэж тогтоосон байдаг. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс харахад Хүрэн баавгай 1 толгой эм бодгаль гаж байна үнэ нь 7.500.000 төгрөг болно. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 2 дахин өсгөж тогтооход 15.000.000 төгрөгийн хохирол амьтны аймагт учирсан байна. ...Амьтны аймагт учирсан хохирлыг Нийслэлийн байгаль орчны газрын Нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 1002000000906 тоот дансанд нөхөн төлүүлэх хүсэлттэй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/,

Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би баавгайн савар гэдэг юмыг урьд өмнө нь харж байгаагүй, тэр өдөр манай хамаатны залуу Алтансүх нь танай гэрт миний цүнхэн дотор баавгайн савар байгаа, чи нэг хүнд 250.000 төгрөгөөр зарчих, тэр хүн чам руу ярина шүү гэж хэлсэн. Тэгээд би цүнхэн дотор зүйлийг үзтэл тэр баавгайн савар гэж зүйл гарч ирсэн юмаа. Би урьд баавгайн савар харж байгаагүй, тэр үед л анх харсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/,

Шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны зүүн хойд тавхай нь Хүрэн баавгайн нэг бодгаль амьтных болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн хойд тавхайнаас авсан эдийн дээжинд хийсэн хүйс тодорхойлох шинжилгээгээр эм бодгалийнх болохыг тодорхойлов. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар Хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байна. Дээрх амьтны тавхайн хэмжээнээс үзэхэд бие гүйцээгүй буюу 2-3 насны эм баавгайнх болохыг тодорхойлов. Агнагдсан байдал болон хугацааг тогтоох боломжгүй. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. Хүрэн баавгай нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон Улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг” гэсэн дүгнэлт /хх-н 37/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 4-5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-72, 75-76, 97-109/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.А- нь 2020 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17-454 тоотод бие гүйцээгүй буюу Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад зааснаар Ховор амьтны жагсаалтад орсон 2-3 насны 1 бодгаль эм баавгайн тавхайг хадгалсан, худалдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн төлөөлөгч Ц.Ц-ын: “...Хүрэн баавгай нь Монгол Улсын засгын газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд зааснаар Ховор амьтны жагсаалтанд орсон зүйлүүд, Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг судалгаа, шинжилгээ соёл урлаг, эмчилгээний зориулалтаар Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвсний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж барьж болдог гэж заасан байдаг. Мөн амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гарахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан. Хүрэн байвгай нь Монгол орны ойт хэсгийн зарим аймагт тархсан ховор тохиолдох амьтан. Амьтны тухай хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар Амьтны тухай хууль зөрчсөний улмаар Амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, мөн хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нас бие гүйцсэн эр бодьгал нь 6.500.000 төгрөг, нас бие гүйцсэн эм бодгаль нь 7.500.000 төгрөг гэж тогтоосон байдаг. Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс харахад Хүрэн баавгай 1 толгой эм бодгаль гаж байна үнэ нь 7.500.000 төгрөг болно. Үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 2 дахин өсгөж тогтооход 15.000.000 төгрөгийн хохирол амьтны аймагт учирсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/, гэрч А.Б-ын: “...Би баавгайн савар гэдэг юмыг урьд өмнө нь харж байгаагүй, тэр өдөр манай хамаатны залуу Алтансүх нь танай гэрт миний цүнхэн дотор баавгайн савар байгаа, чи нэг хүнд 250.000 төгрөгөөр зарчих, тэр хүн чам руу ярина шүү гэж хэлсэн. Тэгээд би цүнхэн дотор зүйлийг үзтэл тэр баавгайн савар гэж зүйл гарч ирсэн юмаа. Би урьд баавгайн савар харж байгаагүй, тэр үед л анх харсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь баавгайн саврыг зарах үйлдэл гаргаагүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан байна.

Мөн “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гарахыг завдсан этгээдийг тухайн зүйл, ан амьтныг агнасан барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэсэн тул түүний ховор амьтны түүхий эдийг худалдахаар завдсан үйлдлийг худалдсан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь ховор амьтан болох баавгайн саврыг олж авч, хадгалсан улмаар худалдах зорилготой байсан нь мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж авсан гэрч А.Б-ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан баавгайн савар зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А- нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад зааснаар Ховор амьтны жагсаалтанд орсон 2-3 насны 1 бодгаль эм баавгайн тавхайг хадгалсан, худалдсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлын тооцоог зөвхөн баавгайн савраар тооцуулах саналтай байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дагуу аливаа амьд амьтны эрхтэнийг түүнийг агнахгүйгээр салгаж авах боломжгүй бөгөөд аливаа амьтны эд эрхтэнийг тус тусад нь үнэлэх боломж, хууль зүйн үндэслэлгүй болно.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж хуульчилжээ.

Шинжээчийн дүгнэлтээр эм баавгайг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд түүнийг хоёр дахин өсгөж хохирлыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.А-ээс 15.000.000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулах ялын санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч А.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч А.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч А.А-эд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хүрэн байвгайн 1 ширхэг савар /22 см урттай, 10 см өргөнтэй хатсан үслэг эдийг” зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.А-ийг “ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.А-эд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хүрэн байвгайн 1 ширхэг савар /22 см урттай, 10 см өргөнтэй хатсан үслэг эдийг” зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ээс 15.000.000 төгрөг гаргуулж Улсын төсөвт / Нийслэлийн байгаль орчны газрын Нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 1002000000906 тоот дансанд/ оруулсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР