Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 15

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

      баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би иргэн Ц.Б-н нэхэмжлэлтэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Өөрийн төрсөн он, өдрийг улсын бүртгэлд буруу бүртгэсэн зөрүүг залруулж өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар иргэний бүртгэлийн ажилтан шүүхийн, эсхүл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг сэргээн тогтооно. Мөн регистрийн дугаар өөрчилж дахин олгох асуудлаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн ... аймагт улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч регистрийн дугаарыг өөрчилж дахин олгох ажлыг тус тус гүйцэтгэнэ гэсний дагуу бүртгэлийн байгууллага шийдвэрлэх боломжтой болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Өөрийн төрсөн он, өдрийг улсын бүртгэлд буруу бүртгэсэн зөрүүг залруулж өгөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...бүртгэлийн байгууллага шийдвэрлэх боломжтой болно”... гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2018/0012/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн иргэн Ц.Б-н нэхэмжлэлтэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Өөрийн төрсөн он, өдрийг улсын бүртгэлд буруу бүртгэсэн зөрүүг залруулж өгөхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, тус шүүхийн 121/2018/0012/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.