Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 978

 

Ш.Баасанжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Баасанжавын хариуцагч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын В-74 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие нь 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан банкнаас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын 15 тоот авто зогсоолыг 5000 ам.доллараар худалдаж авсан. Тухайн үедээ авто зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байдаг гэдгийг мэдэхгүй зөвхөн төлбөрөө төлөөд худалдаж авсан. Гэтэл тус зогсоолыг захиран зарцуулахын тулд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах шаардлага гарч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч уг эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй тул мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, өмчлөлийн асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг дурдсан. Иймд өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болсон тул хуульд заасан журмын дагуу авто зогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар "Хадгаламж банк" ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А157 дугаартай "Албадан татан буулгах тухай" тушаалаар "Хадгаламж банк" ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар "Хадгаламж банк" ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 cap, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сарын хугацаагаар тус тус сунгасан. Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот хамтарсан тогтоол, мөн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив, пассив хөрөнгийг салгах баланс үйлдэн Хадгаламж банкинд шилжүүлэн авсан. Хадгаламж банк нь Монгол шуудан банкны үүргийг бүхэлд нь шилжүүлж аваагүй ба энэ нь тогтоолын 7 дугаар хэсэгт зааснаар нотлогдоно. Монгол шуудан банк хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байна. Иймд иргэн Ш.Баасанжавын авто зогсоолтой холбоотой эрх үүргийг "Хадгаламж банк" ХХК хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын В-74 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш.Баасанжавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Баасанжав оролцож тайлбар гаргаагүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн төлөөлөн оролцсон болохыг шийдвэрийн удиртгал хэсэгт нэрлэн заасан боловч үндэслэх хэсэгт нэхэмжлэгч оролцсон мэтээр тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн. Мөн нотлох баримтыг үнэлэх болон бүрдүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй.

Хэргийн 6 дах талд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Монгол шуудан банкны орлогын мэдүүлэг байх бөгөөд үүнд дансны дугаар 1100102621000026-7 гэсэн гүйлгээний утга Ш.Баасанжав гараашийн төлбөр В-74, валют: USD, дүн 5 000 гэсэн утга бүхий нярав, харилцагч нарын гарын үсэг, нягтлан бодогч 020 хувийн дугаартай МШБанк гэсэн дардас даржээ. Ийнхүү энгийн нүдээр уншиж болох зүйлийг шүүх ойлгомжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба бусад нотлох баримт болох “Бага тойргийн өргөө” ХХК-ийн тодорхойлолт, “Өндөр өргөө 44 СӨХ”-ны албан бичиг зэрэг нь Ш.Баасанжавыг уг авто зогсоолыг эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Мөн уг зогсоол нь өмчлөлийн маргаангүй байхад хуулийн дагуу өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрхээ олж авах эрхийг хөндсөн шийдвэр болсон. Энэхүү баримтыг шүүгч хэрэгт байгаа талаар шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийг хэлэхэд тийм баримт хаана байна гэж хэлээд хэргээс хайж байгаад гаргаж ирж уншсан ба хуралдааны үед уг баримтыг хангалтгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхээ хэрэгжүүлэлгүй бусдын эрх ашгийг хөндсөн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл гараашийн төлбөр төлсөн болохыг нотлох орлогын мэдүүлгийг Архивын Ерөнхий газраас шүүхийн журмаар тодорхой тайлбартай гаргуулан авах, үзлэг хийх зэрэг ажиллагаа хийх боломжтой юм. Тус зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой зохицуулалт гэж тайлбарлажээ. Мөн шүүх нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэхээс үндэслэлгүй татгалзсан. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нотлох баримт гаргуулах болон гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй юм.

Тухайлбал, хариуцагч талын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоол”-ын 7-д заасан Монгол шуудан банкны санхүүгийн тайлан тэнцэлд үлдсэн актив, пассив, хөрөнгийн жагсаалтыг нэхэмжлэгч тал үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэжээ. Хэргийн үйл баримтаас харахад худалдагч /Монгол шуудан банк/ нь авто зогсоолыг худалдан авагч Ш.Баасанжавын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг /5000 ам.доллар/ төлж, тус зогсоолыг хүлээн авсан байна. Иймээс Худалдах, худалдан авах гэрээ хуульд зааснаар байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2, 168.1.1, 168.1.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Баасанжав нь хариуцагч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 44 дүгээр байрны зоорийн давхрын В-74 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь анх Монгол шуудан банкны эрх хүлээн авагчид холбогдуулан шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсноор Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч уг хэрэгт хариуцагчаар оролцсон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ авто зогсоолыг өөрт нь худалдсан Монгол шуудан банк нь Хадгаламж банктай нэгдэж, актив, пассив хөрөнгө нь шилжсэн тул хариуцагч нь Монгол шуудан банкны өмнөөс авто зогсоолын өмчлөх эрхийг  шилжүүлэн өгөх ёстой гэсэн агуулгаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн тайлбартай холбоотойгоор хэрэгт “МШБанк, нягтлан бодогч” гэсэн тэмдэглэгээ бүхий баримтаас өөр авто зогсоол худалдан авах гэрээтэй холбоотой нотлох баримт байхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол шуудан банкны үүсгэн байгуулагч, захирал асан Д.Оюунжаргал, тус банкны тухайн үеийн гүйцэтгэх захирал П.Мөнх-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзжээ. Иймд нэхэмжлэгч болон Монгол шуудан банкны хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх худалдагч талын үүрэг Хадгаламж банкинд, түүнээс цааш Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

 

            Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал болон Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан тогтоол, мөн өдрийн Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ гэх баримтууд /хх 28-31/ хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгийн зарим хэсгийг актаар Хадгаламж банк хүлээн авах талаар, түүнчлэн гэрээний 6.2-т Монгол шуудан банк нь уг гэрээний дагуу Хадгаламж банкинд шилжүүлж өгснөөс бусад өөрийн тэнцэлд үлдсэн актив, пассив, хөрөнгөтэй холбоотой бусад үүрэг, хариуцлагыг өөрөө хүлээхээр заажээ.

 

            Нэхэмжлэгчийн зүгээс Архивын ерөнхий газраас Монгол шуудан банкны 2007, 2008 оны захиалгаар барьсан барилга болон түүний доор байрлах авто зогсоолтой холбоотой баримт, тайлан балансыг гаргуулах, Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1, 2-т заасан хавсралтууд, мөн өдрийн Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоолын 7-д заасан Монгол шуудан банкны санхүүгийн тайлан тэнцэлд үлдсэн актив, пассив, хөрөнгийн жагсаалтыг гаргуулах хүсэлтийг гаргажээ.

 

            Нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад заасан банкны үйл ажиллагаатай шууд холбоогүй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад шууд хамааралтай бус нотлох баримтыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлага нь худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага болохоос тус банкны Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үндсэн үйл ажиллагаатай холбоотой биш байна.

 

            Худалдах, худалдан авах гэрээний дагуу Монгол шуудан банкинд нэхэмжлэгчийн өмнө үүрэг үүсч, уг үүрэг нь Хадгаламж банк, түүний эрх хүлээн авагчид Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шилжсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.   

           

Иймд нэхэмжлэгч Ш.Баасанжавын хувьд Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх үүсээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

 

Нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээгээр авто зогсоолын төлбөрийг хүлээн авсан гэж үзэж буй Монгол шуудан банк ХХК нь хуулийн этгээдийн хувьд татан буугдаагүй талаар баримт хэрэгт авагдсаныг дурьдах нь зүйтэй. Шүүх Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийн талаар зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад саад болохгүй болно.

           

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Баасанжаваас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

 

                                ШҮҮГЧ                                   Д.ЦОГТСАЙХАН

   

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ