Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03  сарын 09 өдөр                        

    2018/ДШМ/32                                                                Зуунмод

В.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Р. Мэндсайхан,

Нарийн бичгийн дарга                                         Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч В.М-д холбогдох 201619000700 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайханы гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Аялалын хөтөч тайлбарлагч мэргэжилтэй, Майбридж ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот .............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, В.М , /РД:Н.............13/,

 

В.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт байрлах Майбридж ХХК-ний тариан талбайд 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, насанд хүрээгүй А.Тэнгис нь ангилан ялгах төхөөрөмжинд орооцолдож зүүн гар нь тасарч хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 шийтгэх тогтоолоор: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.М д Төв аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилж,

Шүүгдэгч В.М ыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөө аж ахуйн механизм жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.М д шүүх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.832.630 /найман сая найман зуун гучин хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөгийг нөхөн төлөх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.М д гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 8.832.630 /найман сая найман зуун гучин хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөгийг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг мэдэгдэж,

Шүүгдэгч В.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 1.990.470 /нэг сая есөн зуун ерэн мянга дөрвөн зуун дал/ төгрөг төлсөнийг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.832.630 /найман сая найман зуун гучин хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөг нэхэмжилснийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч В.М аас 8.832.630 /найман сая найман зуун гучин хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.Тэнгис, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтай нарт олгож, насанд хүрээгүй хохирогч А.Тэнгис, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Алтай нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мэндсайхан нь давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч В.М-н өмгөөлөгч Р.Мэндсайхан /ҮД-1377/ миний бие Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь заалт, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухай

1. "Майбридж" ХХК нь үндсэн 4 ажилтан, 4 дадлагжигч нийт 8 ажилтантай жижиг аж ахуйн нэгж тул заавал орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтаныг авч ажиллуулах үүрэг хуулиар хүлээгээгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-т заасны дагуу Стандарт нь 'Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдээгүй тул эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүйг холбогдох нотлох баримтаар үгүйсгэж мэтгэлцсэн.

2. Гэтэл шийтгэх тогтоолын "Тодорхойлох нь" хэсэгт "...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс шүүгдэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна" (15-р талд) гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д "машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага. дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх", 9.1.2-д "машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх" шаардлагыг ажил олгогч өөрийн эзэмшлийн машин механизм, тоног төхөөрөмжийн хувьд хангасан байх ёстой гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч В.М-г Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан хангаж ажилласан эсэхийг шалгаагүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, шинжээчийн дүгнэлтэнд энэ тухай дурдагдаагүй, улсын яллагч яллах дүгнэлтдээ тусгаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар яллах болон өмгөөлөх талууд мэтгэлцээгүй бөгөөд холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих ерөнхий үүргийг аж ахуйн нэгжийн захиралд хариуцуулсан зохицуулалт бөгөөд дан ганц энэ заалтаар ажил олгогчийг шууд буруутгах үндэслэлгүй юм. Яллах тал нь "Майбридж" ХХК-ний захирал В.М-г ажил олгогчийн хувьд хуулиар олгогдсон ямар тодорхой үүргийг зөрчсөн нь осол гарах шууд шалтгаан болсныг нотолж чадаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзнэ.

Шийтгэх тогтоолд заасан дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно", 16.1 дүгээр зүйлийн 8-д "Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно", 9-д "Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй", 34.14 дүгээр зүйлийн 1-д "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана", 35.8 дугаар зүйлийн 1-д "Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана гэснийг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн талаар хангалттай нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад зохих дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д "шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх... нөхцөл байдал" гэснийг зөрчсөн байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Мөн шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт "...Шүүх шүүгдэгч В.Мөнжаргалын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба ...түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид тохирох хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, түүнийг .. болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэсэн нь ойлгомжгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Улсын яллагч шүүгдэгч В.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн болохоос мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар (Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах яллаагүй болно.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч В.М-г улсын яллагчийн яллаагүй гэмт хэрэг болох "болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэснийг зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн хууль зүйн болон бодит үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан үзэлгүйгээр бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ талаарх гомдлыг жич гаргах  болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүх шинээр үйлчилж эхэлсэн хуульд нийцүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч ял оногдуулахгүйгээр тэнссэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн ярьж буй тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхийн 360 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээгүй, тодроогүй асуудлаар Мөнхжаргалыг буруутгаж байгаад гомдолтой байгаа. Иргэний нэхэмжлэлийн бодит байдлыг тогтоосон эсэхийг шалгаагүй байж хэргийг шийдвэрлэсэн. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

В.М нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт байрлах Майбридж ХХК-ний тариан талбайд 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрлэлийн дадлага хийж байсан, насанд хүрээгүй А.Тэнгис нь ангилан ялгах төхөөрөмжинд орооцолдож зүүн гар нь тасарч хүнд хор уршиг учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр В.М-г Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд хор уршиг учирсан гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар яллан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

В.М-н холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль/шинэчилсэн найруулга/-д гэмт хэрэгт тооцохгүй болсон бөгөөд түүний үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйл. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчих”-д заасан зөрчилд тооцогдохоор болсон байна.

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч В.М-н үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж, түүнийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ.

 “...шийтгэх тогтоолын "Тодорхойлох нь" хэсэгт "...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс шүүгдэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна" (15-р талд) гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. ...Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч В.М-г Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. эрүүл ахуйн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-т заасан хангаж ажилласан эсэхийг шалгаагүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, шинжээчийн дүгнэлтэнд энэ тухай дурдагдаагүй, улсын яллагч яллах дүгнэлтдээ тусгаагүй. анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар яллах болон өмгөөлөх талууд мэтгэлцээгүй бөгөөд холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болно.” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг болно.

В.М-д холбогдох эрүүгийн 201619000700 дугаартай хэргийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд үүнээс хойш 216 хоногийн дараа буюу 7 сарын дараа хэргийг хянан шийдвэрлэсэнд дүгнэлт хийн, цаашид Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг баримтлан хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.М д холбогдох эрүүгийн 201619000700 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.                   

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

                                    

                                        ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ

 

                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ