Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0394

 

 

“ОГХ НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай

 

                  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч ОАМГТГ-ын ГУУКХ-ийн дарга -Д.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсан төлөөлөгч Ж.О,

Хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “ОГХ НҮТББ,

Хариуцагч ОАМГТГ-ын ГУУКХ-ийн дарга Д.Б,

Гуравдагч этгээд “ЦГ” ХХК,   

Нэхэмжлэлийн шаардлага: ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03  дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбайд “ЦГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,

Хэргийн индекс: 128/2021/0709/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ОГХ НҮТББ нь ОАМГТГ-ын ГУУКХ-ийн дарга Д.Б-д холбогдуулан ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбайд “ЦГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “ОГХ” ТББ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “ Маргаан бүхий захиргааны актад хамаарах Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбай нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасанчлан “Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар”-т хамаарах бөгөөд хариуцагчаас маргаан бүхий акт болох ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 36 дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу тус сав газрын захиргааны саналыг аваагүй ...” хэмээн дүгнэжээ.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг гаргасан. Монгол улсын Засгийн газар “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг батлахдаа бүх яамдаас санал авсан бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас татгалзах ямар нэг шалтгаан яригдаагүй тул уг тогтоолд хамрагдсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Хөөт” нэртэй газрын 1129.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицол батлагджээ.

3.3. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10,1.2-т “Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах” гэж хуульчилсан. Шүүх төрийн захиргааны байгууллагыг 2021 оны 36 дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу тус сав газрын захиргааны саналыг аваагүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

3.4. Төрийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэсэн болон мөн хуульд заасан бусад шаардлагыг бүрэн хангаж байсан.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Маргаан бүхий Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбай нь "Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газар”-т хамаарах нутаг дэвсгэрт хамаарч байгаа эсэх нь ямар ч солбицлоор тогтоогдоогүй байхад өрөөсгөл дүгнэлт хийсэн нь уг шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотлон харуулж байна.

Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “ОАМГТГ-ын ГУУКХ-ийн дарга 2021 оны 36 дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу сав газрын захиргааны саналыг аваагүй, тухайн шийдвэрийг гаргахад хамааралтай бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна” гэж дүгнэж, хариуцагчийн шийдвэрийг Захиргааны Ерөнхий хуульд заасан “Хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэжээ.

4.2. Маргаан бүхий 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 тоот шийдвэр нь нэрнээс нь үндэслэсэн холбогдох хууль тогтоомж, заалтаас нь ч харахад зөвхөн сонгон шалгаруулалтын үр дүнг баталгаажуулж гарсан шийдвэр гэдэг нь тодорхой байгаа. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн гэж маргаагүй байхад сонгон шалгаруулалтын үр дүнг баталгаажуулж гарсан шийдвэрийг хууль бус гэж маргах нь хуулийн болон бодит үндэслэлгүй.

4.3. Маргаан бүхий Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хөөт нэртэй газарт 1129 га талбайд сонгон шалгаруулалтыг явуулах болсон шалтгаан, үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08-р сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоол бөгөөд уг тогтоолын 1 дэх хэсэгт “Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсанд маргаан бүхий талбай хамаарч байгаа болно.

4.4. Уг Засгийн газрын тогтоолоор баталсан талбай, солбицлын хүрээнд сонгон шалгаруулалт зарлах, шалгаруулах буюу Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх хуульд заасан чиг үүргийн хүрээнд ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын тушаалаар сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээний дүнг баталгаажуулсан шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр байна.

4.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үндэслэл болгоод буй малчин айл өрх амьдардаг, айлын өвөлжөө, хаваржааны газар хамаарч байгаа гэх 1129 га газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор тогтоол гаргасан нь Засгийн газрын баталсан шийдвэр болохоос хариуцагчийн гаргаж буй шийдвэр биш юм. Гэтэл Засгийн газрын тогтоолийг хууль бус хэмээн нэхэмжлэгч маргаагүй, маргадаггүй атал уг тогтоолыг хэрэгжүүлж зөвхөн сонгон шалгаруулалт зарлан, шалгаруулж, үр дүнг нь баталгаажуулсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Заасан үүргээ хэрэгжүүлсэн, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан зохицуулалт нь “Сав газрын захиргааны бүрэн эрх” гэсэн 17 дугаар зүйлд хамаарч байгаа нь хариуцагчийг тус саналыг авах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар илүү нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой.

4.6. Нөгөө талаар, Засгийн газар талбайн солбицлыг батлахдаа холбогдох яамдаас саналыг нь авч баталсан, сав газрын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа хэрэгжүүлэгч агентлаг болох талаар хариуцагч тайлбарладаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гуравдагч этгээдэд олгосон талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийг зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалгүй талаархи мэдээллийг 2022 оны 02-р сарын 21-ний өдрийн 06/870 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн байдаг болно.

4.7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, мөн 2021 оны 07-р сарын 19-ний өдрийн 5311 тоот “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад захиргааны хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн. Уг захирамжид “ ... Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.2-т заасан дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна, мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага буюу илт хууль бус актыг хүчингүй болгуулах шаардлага нь хуульд заасан шаардлагатай нийцэхгүй байна” гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн.

4.8. Гэтэл нэхэмжлэгч “2018, 2019, 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгууллагад өгсөн байна” гэсэн үйл ажиллагааны тайлан бус Дундговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 07-р сарын 29-ний өдрийн 437 тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй буюу нэхэмжлэгч сүүлийн 3 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт болж чадахгүй юм.

4.9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан хэмээн 2021 оны 09-р сарын 07- ны өдөр шүүхэд дахин гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий 2021 оны 36 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илэрхий алдаатай, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, Засгийн газрын тогтоолд заасан талбайгаас өөр газарт үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалт зарласан илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өмнөх хэвээр тодорхойлсон нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5, 106.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.10. Иймд гомдолд дурдсан асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 183 дугаар шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч “ОГХ” ТББ нь ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдуулан “ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбайд “ЦГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

        2.1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг тодорхойлон мэдэгдэх, оролцуулах, сонсох үүрэгтэй ... ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас ... Дундговь Сайхан-Овоо сумын Хөөт гэх газарт амьдардаг иргэд, малчид, тариаланчид болон иргэдийн нийтийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж оролцуулах үүрэгтэй байсан ... биднээс тайлбар, санал авах, сонсох ажиллагааг огт хийлгүй ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, орон нутгийн иргэдийн хууль ёсны эрхийг зөрчиж, хууль болон бусад тогтоол шийдвэрийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан байна ... Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоол, түүний хавсралтаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалт зарлах тухай тогтоол баталсан байхад Дундговь аймгийн Сайхан Овоо сумын Хөөт нэртэй газарт сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, шийдвэрлэсэн нь Засгийн газрын эрх хэмжээний асуудлыг хууль болон Засгийн газрын тогтоолыг ... холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчсөн илт хууль бус захиргааны шийдвэр гаргасан байна … Хөөт нэртэй газар ямар онцлогтой гэхээр говийн бүс нутаг бол эко системийн хувьд маш эмзэг хур бороо хавар ордог. Дээрээс нь ус гол, өвсөө дагаж амьдардаг. Ийм газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь эргээд байгаль орчинд маш аюултай. Дээрээс нь хүмүүсийн орон нутгаасаа дайчих, бусад газар руу бэлчээрлэх зэрэг аюул тулгарсан. Үүний тод жишээ бол 2019-2020 онд маш их ган зуд болсны үндсэн дээр Дундговь аймгийн 80 орчим хувь нь өөр бусад нутагт бэлчээрлэж, уснаас болж бие биенээ гэмтээх байдалд хүрсэн байгаа. Тэгэхээр говийн бүс нутагт уул уурхайн лиценз болон тэр дундаа хууль бус байдлаар олгогдсон лиценз байх нь зохимжгүй юм гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан … гэж тайлбарлажээ.

        2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй холбоотой баримт нотолгоо болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамаарах хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

2.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “ Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-д “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх”, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана” гэж тус тус зааснаас үзэхэд хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчны асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, сүүлийн гурваас доошгүй жил дүрмийн зорилгын дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг хуулиар шаарджээ.

2.4.  Нэхэмжлэгч “ОГХ” ТББ-аас анх ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5311 дүгээр захирамжаар нэхэмжлэгч дээрх хуулийн шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх боловч уг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын дүрмийн зорилгын дагуу үйл ажиллагаа явуулсан эсэх, дүрмийн зорилгын дагуу явуулсан үйл ажиллагааны холбогдох тайланг эрх бүхий байгууллагаар хянуулсан эсэхтэй холбоотой шаардлагатай баримтуудыг хэрэгт цуглуулаагүй, нэхэмжлэгч энэ талаарх хуулийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцэхгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг засаж залруулах боломжгүй байна.

2.5. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.”, 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо Аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд уг мэдэгдэлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн зургийг хавсаргахаар заасан байх бөгөөд Засаг дарга тухайн мэдэгдлийг хүлээн авмагцаа тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, захиргааны байгууллагад хариуг хүргүүлсэн байхаар хуульчилсан байна.

2.7. Хариуцагч “... маргаж буй талбайд тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоохдоо Дундговь аймгийн Засаг даргаас санал авсан, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан ...” гэж, нэхэмжлэгч “... тухайн талбайг тогтоож байгаа солбицол нь Дундговь аймагт бус Өмнөговь аймагт хамаарч байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоохдоо Дундговь аймгийн Засаг даргаас санал авсан, тус аймагт хамаарах талбай биш байсан ...” хэмээн тус тус маргасан байна.

2.8. Хариуцагчаас “... Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/114 дүгээр тушаалын дагуу СШ-47-6-д буюу маргаан бүхий 1129.20 га талбай болох Дундговь аймаг, Сайхан-Овоо сум, “Хөөт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгарсан “ЦГ-” ХХК-д ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 36 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-021746 дугаар тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн ...” гэж тайлбарлан сонгон шалгаруулалт зарласан, тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж, хэрэгт энэ талаарх баримтууд хавсаргагдсан байх боловч Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын “Хөөт” нэртэй газарт хамаарах талбай хамрагдаж байгаа эсэхийг тодорхойлох баримт нотолгоо авагдаагүй, энэ талаарх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг дэмжих эсхүл няцаах боломжгүй нөхцөлд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

2.9. Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицлыг тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоохдоо Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн ямар баримтуудыг үндэслэл болгосон, “ЦГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон тухайн талбай нь Өмнөговь аймаг эсхүл Дундговь аймгийн чухам алинд хамаарч байгаа эсэх, уг талбай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол тогтоосон талбайд хамаарч байгаа эсэх талаарх баримтыг цуглуулж, хэргийн оролцогчдын энэ талаарх маргаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүйгээс давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй бас нэг нөхцлийг үүсгэж байна.

2.10. Түүнчлэн хариуцагчийн “... Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоол болон сонгон шалгаруулалт зарласантай нэхэмжлэгч маргаагүй, “ЦГ” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй ...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлтэй холбогдуулан шүүх нэхэмжлэгчээс нийтийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар маргаж байгааг бүрэн дүүрэн тодруулж, тэрхүү үндэслэл дэмжигдэж эсхүл няцаагдаж байгаа эсэхэд тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

2.11. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнхан овоо сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/40 дүгээр, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 41 дүгээр албан бичгүүдэд “... “ЦГ-” ХХК-д олгогдсон XV-021746 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаанд хамаарна ...” гэжээ.

2.12. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгүүдэд дурдагдсан “ЦГ” ХХК-д олгогдсон XV-021746 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаанд хамаарна” гэсэн үндэслэлтэй холбогдуулан маргаж байх тул шүүх маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай Умард говийн халхын дундад талын сав газрын захиргаанд хамаарч байгаа нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх, эсхүл уг бүсэд хамаарсан нь тусгай зөвшөөрөл эзэмшүүлж болохгүй хуулиар хориглосон үндэслэлд хамаарах эсэх, хариуцагчаас гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны саналыг авах, уг саналыг үндэслэл болгох хууль зүйн үндэслэлтэй эсэх, санал аваагүй нь ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг “Хөөт” нэртэй газарт 1129.20 гектар талбайд “ЦГ-” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарах эсэхэд хамаарах холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй эдгээр үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.13. Түүнчлэн дээрх албан бичгүүдэд заасан үндэслэл нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй ОАМГТГ-ын ГУУКХ-ийн даргын “ЦГ” ХХК-д олгогдсон XV-021746 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт хамаарах талбайг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэхийг тодорхойлох үндэслэл болох эсэх, мөн 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасанд хамаарах үндэслэл болох эсэх, эсхүл уг талбай Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаанд хамаарч байгаа нь тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцлийг бүрдүүлж байгаа эсэх, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоноор нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, хөндөгдөж болзошгүй нөхцлийг үүсгэж байгаа эсэхийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тодруулга авах зэрэг шаардлагатай бүх талаас нь нэг мөр тодруулсны үндсэн дээр хэргийн оролцогчдын энэ талаарх маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.14. Дээрх үндэслэлүүдэд дурдагдсанчлан анхан шатны шүүхийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн дүүрэн бүрдүүлж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргаж буй үндэслэлд нэг мөр бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засаж залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

           

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

 

 

 

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ