Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/418

 

 

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхтулга,

Шүүгдэгч Э.Э, О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834007790428 дугаартай, 3 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Э.Э, 2001 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж,  оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, 12345678 регистрийн дугаартай.

 

2.Монгол улсын иргэн, О.Г, 1999 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгааны монтер мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Өртөнт гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 12345678 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Э.Э, О.Г нарын өгсөн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэх,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх 154-155, 216-218, 223-225, 3 хх 154-155/,

Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх 47-48, 152-53, 3 хх 156-157, 1 хх 47-48/,

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх 223-225, 3 хх 158-159/,  

Хохирогч Л.Б-ын өгсөн мэдүүлэг /1-р хх 137-140/,

Хохирогч Б.Г-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 14-15/,

Гэрч М.М-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 18-19/,

Гэрч С.Б-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 22-24/

Гэрч Б.Б-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 25-26/,

Гэрч Б.Ба-ын өгсөн мэдүүлэг /1-р хх 29-31/,

Гэрч М.Ам-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 66-68/,

Гэрч Б.Бу-ын мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Гэрч Л.О-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Насанд хүрээгүй гэрч Б.Л-ийн мэдүүлэг /3 хх 10-11/,     

Иргэний нэхэмжлэгч А.Н-ын өгсөн мэдүүлэг /1-р хх 150-151/,

Гэрч Х.Ба-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх 158-159/,

Гэрч М.Т-ын өгсөн мэдүүлэг /1-р хх 160/,

Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнийг 1 500 000 төгрөг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 51/, Э.Э, О.Г нарт холбогдох эрүүгийн 1834000000481 дугаартай хэргийг Э.Э-д холбогдох эрүүгийн 834007790428 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол /1 хх 79/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 85-88/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 89-97/, шүүгдэгч О.Г-ын Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2018.12.24-ний өдрийн 26 дугаартай тогтоол /1 хх 102-103/, үнэлгээний тайлан /1 хх 178-183/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хх 128/, БНХАУлсад үйлдвэрлэсэн Боксер маркийн мотоциклийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2018.12.24-ний өдрийн 25 дугаартай тогтоол /1 хх 108-109/, үнэлгээний тайлан /1 хх 170/, адууны үнэлгээ тогтоосон тайлан /1 хх 162/, яллагдагчаар цагдан хорьсон тухай шүүгчийн захирамж /1 хх 201-202/, цагдан хорих таслан сэргийлэх арга авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /2 хх 70-71/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 226-227/, шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 37-46/, Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хяналтын прокурорын тогтоол /3 хх 169-171/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Э.Э нь ганцаараа болон шүүгдэгч О.Г-той бүлэглэн  шунахай сэдэлт, санаатай үйлдлээр бусдын 2 тооны адуу болон мотоциклыг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд халдсан,

Шүүгдэгч О.Г нь шүүгдэгч Э.Э-тай бүлэглэн  шунахай сэдэлт, санаатай үйлдлээр бусдын 2 тооны адууг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэд халдсан,

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.   

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Бадын гол” гэх газар нутаглаж байсан иргэн Б.Гантөмөрийн гэрийн гаднаас түүний өмчлөлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, бусдад 1 500 000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Э.Э, О.Г нар нь согтуугаар, бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Төв аймгийн Цээл сумын нутаг “Ширээ” гэх газраас иргэн Л.Баасанжаргалын өмчлөлийн хар халзан, хүрэн зүсмийн 2 тооны гүүг бэлчээр дээрээс нь иргэн А.Нармандахын өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоор тууж хашин нядалж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” зах руу Тоёота приус 20 /Toyota prius 20/ маркийн 7206 дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, зарж борлуулж, бусдад 2 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч О.Г-ын яллагдагчаар өгсөн: 2018 оны 12 дугаар сарын дундуур Э намайг идэшний адуунд яваад ирье гэхээр нь мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн /Toyota prius 20/ 7206 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Төв аймгийн Угтаалцайдам сум руу явсан. Тэгээд Угтаалцайдам сумаас Г бид хоёрыг мотоциклтой тосож аваад Нармандах гэдэг айлд очсон. Бид нарыг очиход 12 настай эрэгтэй хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Э миний машинаас курикээ авахдаа 0,75 гр-ын Соёрхол нэртэй архи авсан. Тэгээд архинаас бид гурав тус бүр 3 хундага уусан. Тэгээд би тэнд байсан хүүхдийг сумын төв рүү хүргэж өгсөн. Тэгээд эргээд иртэл Г, Э хоёр архиа уугаад талд нь оруулчихсан байсан. Тэгээд бид гурав архиа хувааж ууж дуусгачхаад Г согтчихсон. Тэгээд Э бид хоёр гэрийн хаяанд байсан мотоциклоор гэрээс нь арагшаа байдаг уул руу яваад тэнд байсан адууг хөөж ирээд адууны хашаанд нь хашаад хар халзан зүсмийн, хүрэн зүсмийн хоёр гүү барьж аваад бусад адууг нь Э гаргаад бэлчиж байсан газар руу хөөгөөд явуулсан. Тэгээд хоёр адуугаа барьж авчхаад гэр рүү орсон чинь Г унтчихсан байсан. Тэгэхээр нь гэрээс нь 2 хутга, 1 ширхэг сүх аваад Э хар халзан гүүг, би хүрэн гүүг сүхээр цохиж унагаагаад алж янзлаад гэдэс дотрыг нь баасыг нь ухаж байгаад булчхаад мах, арьс, толгой нь унаж явсан машиндаа ачаад Эмээлт зах дээр махаа тушаасан. Бид хоёр 2 адууны махыг 1 620 000 төгрөгөөр зарчхаад дараагаар нь замын хажуу руу арьс, толгойг нь хаячаад Улаанбаатар хот руу орж 800 000 төгрөг Э авч, 80 000 төгрөгт машиндаа бензин хийгээд үлдсэн мөнгөө би авсан. Г хулгай хийхийг мэдээгүй, мөнгө аваагүй. Түүнээс хойш 2 хоногийн дараа Архангай аймаг руу өөрийнхөө машинтай Этай явж байгаад Атар дээрээс Гийг аваад Төв аймгийн Лүн сумын пост дээр Цагдаагийн алба хаагчид баригдсан.” гэх мэдүүлэг /3 хх 154-155/,

Шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед Г над руу залгаад Төв аймгийн Угтаалцайдам суманд байна. Чи завтай бол над дээр ирж 2 хонооч, гэрийн эзэд Улаанбаатар хот руу явцгаасан гэх хэлэхээр нь би Г руу залгаад завтай бол хоёулаа манай найзынх руу яваад идэшний адуунд яваад ирье гэх хэлсэн. Тэгээд бид хоёр 15 цагийн орчим 5 шар дээр уулзаад түүний машинтай явсан. Тэгээд Гоос утсаар залгаж зам асууж явсаар байгаад 20 цагийн орчим Угтаалцайдам сумын төв рүү орж ирсэн. Тэгээд Гийн байдаг гэрт очсон. ...гурвуулаа архиа хувааж ууж дуусгасан. ...шөнө 00 цаг өнгөрч байхад мотоциклтой явж гэрээс урд зүгт 2-3 км-ын цаана бэлчиж явсан 20 гаруй тооны адууг хөөж ирээд 2 тооны адууг барьж авсан. ...Эмээлт захад ирээд махаа тушаагаад 1 620 000 төгрөгөөр өгөөд би 800 000 төгрөгийг нь аваад салсан. Ширийг нь Эмээлт зах дээр мах авсан газартаа өгсөн, толгой шийрийг нь шуудайлаад замын хажуу руу хаясан, гэдэс дотор сэвс нь Б.Г-ийн мал маллаж байсан айлын малын өтөг доор булаастай байгаа. Тэгээд 2 хоногийн дараа Г Архангай хамт явъя гэхээр нь Г-ын машинтай Архангай руу хамт явж байгаад Лүн сумын постон дээр Цагдаагийн алба хаагчид баригдсан. Энэ хэрэгт Г холбогдолгүй, унтаж байсан. Лүн суманд баригдахад бид хоёрыг адуу хулгайлсныг мэдсэн. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлсөн.” /3 хх 156-157/,

Би Улаанбаатар хотод өөрийн төрсөн ах Эрдэнэбаасан ахынхаа гэрт Архангай аймгаас ирээд 4-5 хоносон. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 16-17 цагийн үед Архангай аймаг руу явахаар Драгон төв дээр очиж унаа хартал цагаан өнгийн 1088 УНЕ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь ах Архангай аймаг руу явах уу гэхэд явна гэсэн. Тэгтэл жолоочийн хажуу суудал дээр сууж байсан жирэмсэн эмэгтэй ард талдаа дөрвөлж болохгүй шүү дээ гэхээр нь би гуйж байгаад шахаад суусан. Тэгээд Улаанбаатар хотоос 19 цаг өнгөрөөгөөд гараад ...Эрдэнэсант сумын нутаг Бадын гол гэх газар явж байхад замын хойд талд замтай ойрхон гаднаа мотоцикл, цэнхэр өнгийн пронтер, цагаан өнгийн ниссан экстрайлтай айл харагдахаар нь би жолоочид энэ манай төрлийн ахынх байна энд буучихъя гэж хэлээд машинаас буугаад гэр лүү алхаж очсон. Гэрийн гадаа байсан шар өнгийн Даюун маркийн мотоцикл байхаар нь түлхүүрийг нь түлхээд асаах гэхэд асахгүй аккумлятор нь суучихсан байхаар нь гэрийн баруун зүг рүү түрж асаагаад унаад Архангай аймаг руу явтал замын хойд талд 2 давхар блокоор барьсан байшингийн араар гараад явж байтал зам дээрээс нэг машин бууж намайг араас хөөсөн. Тэгээд зугтаах гэхэд мотоциклийн гинж нь мултраад зогссон. Тэгээд явган зугтаасан чинь араас хөөж ирээд барьж аваад буцааж мотоцикл дээр авчирч наанаа сууж бай гэж хэлээд удалгүй улаан өнгийн машинтай 2 цагдаа ирж намайг авсан. Айлын гэрийн гадаа мотоцикл харагдахаар нь би жолоочид бууя гэж худлаа хэлээд буусан. Мотоцикл хулгай хийж унаад Архангай аймаг орох санаатай л байсан.” гэх мэдүүлэг /1 хх 47-48/,

Хохирогч Л.Баасанжаргалын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 12-16-ны хооронд Төв аймаг Цээл сумын Сүүл буга 4-р багийн нутаг Ширээгийн өврөөс гурван тооны адуу алдсан. Хар халзан гүү 7 настай, дармал А үсгэн тамгатай, улаан хээр гүү 5 настай, дармал А үсгэн тамгатай. Адуу бэлчээрлэж байгаад алдагдсан газарт машин, мотоциклийн мөр байсан. Манай адуу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эзэнгүй байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр адуугаа хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх 137-140 тал/,

Хохирогч Б.Гантөмөрийн өгсөн: 2018 оны намар өөрийн малыг хүргэн Банзрагчийн малтай нийлүүлж хамт намаржиж байгаа. Тэгээд 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрдэнэсант сумын төвд гэртээ байж байгаад Эрдэнэсант сумын Баян-Уул багийн Бадын гол гэдэг газар луу хөдөө гэртээ очиход манай хүргэн Банзрагч, түүний төрсөн дүү Буянжаргал хоёр жоохон хүүхэдтэйгээ байсан. Тэгээд байж байтал 00 цаг өнгөрч байхад манай гэрийн урд талд засмал зам дээр машин ирээд зогссон. Би бодохдоо аймаг авах гэж байгаа машин байх гэж бодоод босож гэрийнхээ хаалганы тотгоор хартал засмал зам дээр цагаан өнгийн жижиг машинаас нэг хүн буугаад манайхыг чиглээд алхаж байхаар нь нөгөө хоёртоо хэлчхээд хувцсаа өмсөх гээд гарах гэтэл гэнэт манай гэрийн үүдэнд байсан миний мотоциклийн астачер 1-2 удаа дуугарахад аккумлятор нь суучих шиг болсон. Тэгээд гэрт байсан Банзрагч, Буянжаргал бид гурав ухасхийн хувцаслах үед нөгөө залуу мотоциклийг гэрийн баруун тал руу түрж асааж унаад зугтаасан. ...Тэгтэл нөгөө мотоциклийнх нь гинж мултарч зогссон гэсэн. Тэгээд нөгөө залуу мотоциклоо хаяад урагшаагаа гүйсэн ба тэр өдөр их сартай байсан болохоор бүх зүйл ил тод харагдаж байсан болохоор Буянжаргал, Банзрагч бид гурав нөгөө залууг засмал замын урд талаас барьж аваад нөгөө мотоцикл хулгайлж унаж зугтаасан залууг харж байгаад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 14-15/,

Гэрч М.Махбалсүрэнгийн өгсөн: “Би 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө сумын төвийн гэртээ унтаж байхад манай нөхөр Гантөмөр над руу залгаж “миний мотоциклийг хулгайлж унаад зугтаачихлаа цагдаа нарт мэдэгдээд хүрээд ир” гэж хэлэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэн авч хөдөө гэр лүүгээ очиход манай гэрээс баруун зүгт 5 км орчим зайд засмал замын хойд талд Э гэх залуу манай мотоциклийн хажууд суучихсан манай нөхөр Гантөмөр 30 орчим метрийн зайтай машин дотроосоо тэр залууг харчихсан байж байсан. Харин манай хөдөө гэрийн үүдэнд тэр залууг буулгасан гэх хүмүүс машинтайгаа мотоцикл байсан газраас баруун тийш 1 километр орчим зайд 1088 УНЕ гэсэн улсын дугаартай аксент маркийн машин дотор сууцгааж  байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 18-19/,

  Гэрч С.Банзрагчийн өгсөн: “манайхан тэр өдөр 00 цагийн үед унтах гээд орондоо орчихсон сэрүүн хэвтэж байхад...гэрийн үүдэнд байсан Гантөмөрийн мотоциклийн астачер дугарах шиг болтол бид хэд сандралдаад хувцсаа өмсөөд гарах гэтэл манайхаас баруун тийш түрж асаагаад баруун тийш хөдлөөд явсан, араас нь Гантөмөр өөрийн пронтер машинтай явсан, би өөрийнхөө ниссан экстрайл машиныг асаагаад хөдөлтөл мотоциклийн гэрэл гарахгүй харин хаазлаад явж байгаа дуу сонсогдож байсан...засмал замын хойд талд мотоциклийн цацруулагч нь машины гэрлийн үзүүрт гялалзахаар нь засмал замаас бууж нөгөө гялалзсан гэрэл рүү тусгахад нөгөө мотоциклийн хулгайч мотоциклынхоо гэрлийг асаахгүй баруун тийшээ явж байхаар нь араас нь хөөж байтал гэнэт зогссон, тэгтэл мотоциклийн гинж нь мултарч зогссон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 22-24/,

Гэрч Б.Базаррагчаагийн өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр миний төрсөн дүү Бадам, Бадамзул болон түүний нөхөр Амартүвшин, өөрийн эхнэр Оюунгэрэл нарын хамт Амартүвшиний Верна аксент маркийн машинтай Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явахаар гарсан. Замдаа Драгон төвөөр дайрч дэлгүүр ороход манай хүргэн Амартүвшин Төвшрүүлэх сумын Тулгаа гэх залууг машинд суулгасан. ...Эхнэр бид хоёр хойд талын суудал дээр унтаад явж байтал гэнэт урд талд цагаан жийп машин хөндөлсөж зогсоод манай машины түлхүүр, бичиг баримтыг авсан. Асуутал бид нарыг танай машинаас буусан хүн манай мотоциклийг хулгайлчихлаа тэр хүнээ одоо дууд олж өг гэж хэлчхээд яваад өгсөн. Тэрний дараагаар удалгүй Эрдэнэсант сумын цагдаа ирсэн. Замд явж байхад засмал замын хойд талд байсан айлын үүдэнд Тулгаа буугаад тэр айлын мотоциклийг хулгайлж зугтааж байгаад баригдсан гэж надад жолооч Амартүвшин хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 25-26/,

Гэрч Б.Бадамзулын өгсөн: “...Улаанбаатар хотоос хөдөлж нэлээн явж байгаад засмал замын хойд талд замаас ойрхон нэг айл байхад сүүлд суусан залуу наад хавьдаа зогсож байгаарай, бие засъя гээд буунгуутаа засмал замын хойд талын айл руу алхаад явчихсан. Тэгтэл төд удалгүй манай машин хөдлөөд явж байтал манай машины урд талаар нэг жийп машин зам хааж хөндөлсөж зогссон. Харин ард талд нэг ачааны портер зогсоод 3 хүн бууж ирээд “манай мотоциклийг хулгай хийчихлээ мотоциклоо авъя” гээд манай машины түлхүүр, бичиг баримтыг авч явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 29-31/,

Гэрч М.Амартүвшингийн өгсөн: “...Э Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу явах гээд машин хараад зогсож байна гэхээр нь манай машинд чихэж суугаад сум руугаа явахгүй юу гэтэл ерөөсөө тэгье гээд хамт явцгаасан. Эрдэнэсант сум өнгөрөөд явж байтал засмал замын хойд талд ойрхон нэг айл байсан, тэгтэл Э “ахаа энэ манай хамаатны айл байгаа юм би энд буугаад үлдчихье” гэхээр нь зогсож буулгаад Э гэдэг залуу тэр гэр лүү алхаад явчихаар нь бид хэд хөдөлсөн. Тэгээд явж байтал гэнэт миний машины урд талаар нэг цагаан өнгийн жийп машин зам хааж хөндөлсөөд зогссон, тэгээд хүмүүс бууж ирээд танай машинаас буусан хүн манай мотоциклийг хулгайлчихлаа гээд нэг эмэгтэй миний машины түлхүүр, бичиг баримтыг авсан. Тухайн үед Эрдэнэтулгыг хулгай хийнэ гэж огт бодоогүй, машинд ямар нэгэн зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 66-68/,

Иргэний нэхэмжлэгч А.Нармандахын өгсөн: “Би уг мотоциклийг 2017 оны 4 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Нарантуул захаас 950 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг мотоциклийг би мал дээрээ ашиглаж байсан бөгөөд улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл. Гийг би туслах малчнаар ажиллуулж байсан, мотоциклийг Г бид хоёр хэрэглэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 147-149/,

Гэрч А.Нармандахын өгсөн: “Г-ийг 2016 онд зарын дагуу туслах малчнаар авсан. Адуу, морь тэжээдэг сарын 300 000 төгрөгийн цалин олгодог байсан. 2017 онд цэрэгт явж 2018 оны намар цэргээс халагдаж хотод ажил хийж байхад нь би утсаар залгаж хүрч ирээд мал хараад өгөөч гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед манайд ирж мал малласан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрт ганцааранг нь орхиод эхнэр хүүхдүүдтэйгээ Улаанбаатар хот явж 2018 оны 12 сарын 18-ны өглөө ирсэн. Г гэрт ганцаараа үлдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-нд өвлийн идшинд малын саравчны баруун урд талд нэг хээр зүсмийн адуу, дөрвөн тооны үхэр нядалсан.” гэх мэдүүлэг /1-р хх 150-151/,

Гэрч Х.Банзрагчийн өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 14-ний орой 02-03 цагийн үед саарал өнгийн Приус-20 маркийн 7206 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, цэнхэр, улаан өнгийн куртиктэй 2 залуу ирээд адууны мах авах уу гээд машиндаа ачсан 2 тооны адууны мах, арьс, ширийг нь үзүүлсэн. Ширийг нь үзэхэд 1 хээр, 1 хар зүсмийн 2 адууны шир байсан. Би уг хоёр адууны гарал үүслийн бичиг байгаа эсэхийг асуухад байхгүй авч амжаагүй гэж байсан. 1 кг махыг 5400 төгрөгөөр бодоод 300 кг махыг 1 620 000 төгрөгөөр авсан. А үсгэн тамгатай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 158-159/,

Гэрч М.Төгсбаярын өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт албан үүргээ гүйцэтгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02:10 цагийн орчим Улаанбаатар хот руу явдаг шороон зам дээр Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгатал хоёр эрэгтэй хүн байсан ба нэг хүн нь бичиг баримтгүй, жолооч нь 1998 онд төрсөн О.Г гэсэн нэртэй хүн байсан. Тээврийн хэрэгслийг нь шалгатал гарал үүслийн гэрчилгээ аваагүй 2 толгой адууны махтай явж байхаар нь хаанаас яваа талаар асуухад Мандаа ахын гэрээс явж байна орой болоод малын бичиг авч чадсангүй малынхаа толгой, арьс ширийг нь аваад явж байна та үзээд шалгачих гэхээр нь би үзэж шалгаад үнэхээр орой болчихсон байсан учраас бичиг авч чадаагүй юм байна гэж бодоод явуулсан. Адууны 2 толгой, 2 адууны мах, 2 шир байсан ба хар халзан болон хээр зүсмийн адууны арьс, шир байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 160/,

Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнийг 1 500 000 төгрөг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 38/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 85-88/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 89-97/, насанд хүрээгүй гэрч Б.Лхагвадоржийн мэдүүлэг /3 хх 10-11/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв. 

 

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч О.Г, Э.Э нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

 Гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Г, Э.Э нар нь хохирогч Л.Баасанжаргалын 2 тооны гүүг хулгайлж 2 200 000 төгрөгийн, шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Гантөмөрийн Даюун /Dayun/ маркийн мотоциклийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх хохирогч нарт /2 хх 105/ хохирлыг барагдуулсан болохыг дурдав.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих,

шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналыг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан дээрх зүйл ангиар оногдуулсан ялыг багасгаж, өмнөх тогтоолоор тэнссэн ял дээр нэмж нийт эдлэх ялыг тогтоож, цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгч О.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэх саналыг  тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, түүний өмнөх Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч А.Нармандахын БНХАУлсад үйлдвэрлэсэн Боксер маркийн мотоциклийн үнэ 500 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж, мотоциклийг А.Нармандахад буцаан олгох, шүүгдэгч О.Г-ын 13 392 466 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 20 /Toyota prius 20/ маркийн 7206 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл /NHW207715916 арлын дугаартай/-ийг хурааж улсын төсөвт оруулахаар тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2018.12.24-ний өдрийн 26 дугаартай тогтоол /1 хх 102-103/, 2018.12.24-ний өдрийн 25 дугаартай тогтоол /1 хх 108-109/-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э нь 2018.12.20-2019.01.20, 2019.3.04-7.01-ний өдрийг хүртэл нийт 150 хоног цагдан хоригдсон байх тул /1 хх 201-202, 2 хх 70-71, 135, 196/ эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

 Эрүүгийн 1834007790428 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний барим бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Э.Э-ыг бүлэглэн бусдын малыг хулгайлах  гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг,

Шүүгдэгч  О.Г-ыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/  сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн 1 жил хорих ял дээр,

 

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоосугай.

 

 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Г-ын тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

 9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

 10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч А.Нармандахын БНХАУлсад үйлдвэрлэсэн Боксер маркийн мотоциклийн үнэ 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Э, О.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж, Боксер маркийн мотоциклийг А.Нармандахад буцаан олгож, шүүгдэгч О.Г-ын эзэмшлийн 13 392 466 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус 20 /Toyota prius 20/ маркийн 7206 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл /NHW207715916 арлын дугаартай/-ийг хурааж улсын төсөвт оруулсугай.

 

 11.Шүүгдэгч О.Г-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 12.Эрүүгийн 1834007790428 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний барим бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

 13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ