Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1982

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш.Б  холбогдох эрүүгийн 2006 03234 2607 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ш.Б .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг 4-39 тоотод М.Өнөрбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь хэлний хазагдсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч М.Өнөрбекийн өгсөн мэдүүлэг /хх-13-19/, гэрч Ө.Маринагийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Х.Бадилхааны өгсөн мэдүүлэг /хх22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8202 дугаартай дүгнэлт /хх-25-26/, Ш.Б гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58/, ял шийтгэлийн хуудас /хх-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг 4-39 тоотод М.Өнөрбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь хэлний хазагдсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Өнөрбекийн өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байхад манай найз Бадилхаан манай гэрт 1 шил 0,5 гр “Хараа” архитай ирээд, хувааж уугаад Бадилхаан манай гэрээс гараад явсан. Тэгээд би гэртээ үлдээд хэвтэж байтал Бадилхаан зүс таних Багила гэх эмэгтэйг дагуулсаар манай гэрт орж ирсэн. Тэгээд бид 3 Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг 4-39 тоотод байрлах Бадилхааны гэрт ойролцоогоор 15:00 цагийн орчим ирсэн. Тэнд бид гурам нэг шил 0,75 гр “Хараа” архи хувааж уусан. Багила бид 2 тамхилаад гэрлүү ортол Бадилхаа тасраад унтчихсан байсан. Багила бид 2 юм яриад сууж байгаад Багила бид 2 тэврэлдээд үнсэлцэж байсан чинь Багила гэнэт миний хэлийг хазсан. Тэгээд би Багилааг өөрөөсөө түлхчихээд байшингаас гарсан. Нэг мэдсэн би хашаан дотор бие засах газрын хажууд ухаан алдчихсан бололтой хэвтэж байсан. Тэгсэн Бадилхаан гэрээсээ гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.” /хх-13-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Маринагийн өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 15-ны 18 цаг 30 минутын орчим Аяболот гэдэг залуу надруу утсаар залгаад танай аав Өнөрбек Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна хүрээд ирээч гэхээр нь би гайхаад юу болсон талаар асуусан чинь би сая аав дээрээ ирсэн чинь танай аав Өнөрбек жорлонгийн хажууд амнаас нь цус гарсан ухаан алдчихсан хэвтэж байсан тэгэхээр нь би цагдаа дуулаа гэж хэлсэн.”/хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Бадилхааны өгсөн: “Би согтоод унтчихсан тэгээд сэрсэн чинь Б хашаан дотор гүйгээд явж байсан тэгээд Өнөрбекийг асуусан чинь тэнд хэвтэж байгаа гэхээр нь очоод харсан чинь өвсөн дунд Өнөрбекийн амнаас цус гарчихсан хэвтэж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.”/хх22-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8202 дугаартай дүгнэлт:

 

  1. М.Өнөрбекийн биед хэлний хазагдсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хазах үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.
  5.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-25-26/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Б гын яллагдагчаар өгсөн: “Надад хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан дээр маргах зүйл байхгүй ” /хх-58/ гэх мэдүүлэг,

 

ял шийтгэлийн хуудас /хх-32/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулаг 4-39 тоотод М.Өнөрбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь хэлний хазагдсан язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ш.Б гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч М.Өнөрбек нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ш.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

         

         Шүүгдэгч Ш.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш.Б г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Ш.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

 

          6. Ш.Б  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

          7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ш.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС