Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

                                                       2016 оны 12 сарын 27 өдөр

       Дугаар 101/ШЗ2017/00038                             Улаанбаатар хот

 

        

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот,  байрлах “Т” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 164,138,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.Б, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гэрч О.Н, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Э.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 07 сарын 09-ний өдөр “Т” ХХК-тай “Тэнүүн Монгол” ХХК барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, БЗД 3 орцны дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэж, түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохирсон. Захиалагч тал ажлыг хүлээн аваагүй ба тус байгууллагын ерөнхий инженер н.Т гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлаас 218 байрны 1, 2 дугаар орцны ажлаас 118.783.339 төгрөгийг үндэслэлгүйгээр торгууль тавьж хасч тооцсон. Мөн захиалагч компанийн нэг талын санаачилгаар гэрээг цуцлах болсон үндэслэл нь гүйцэтгэгчийн ажлын буруутай үйл ажиллагаа гэж тайлбарладаг боловч захиалагч талын буруутай үйлдлээс болсон юм. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн боловч хариуцагч тал дутуу гүйцэтгэлтэй мэт хүлээн авч төлбөрийг хасч тооцсон. Үндэслэлгүйгээр торгууль тооцож хасч тооцсон нь гэрээний заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна. 2015 оны 08 сарын 16-ны өдрийн актыг харахад тус өдөр ажлыг хүлээж авахдаа гэрээнд заасны дагуу харилцан тооцож баталгаажуулах ёстой атал н.Т гэж хүн үндэслэлгүйгээр 20 хувийн торгууль тооцож 69.940.848 төгрөг хасч тооцсон байдаг. Өдийг хүртэл ямар үндэслэлээр торгууль тооцсон нь мэдэгдэхгүй байгаа. Мөн метр квадратын зөрүү гэж 86.260.965 төгрөг хасч, 239.570.000 төгрөгийн ажлаас төлбөр хасч тооцсоны дагуу “Т” ХХК-д 181.045.320 төгрөг шилжүүлээд 121.446.389 төгрөгийг үндэслэлгүй хассан байдаг. Тодруулж хэлэхэд 237.540.579 төгрөгийн ажлыг хүлээж авахдаа 181.045.320 төгрөгөөр хүлээж аваад уг дүнгээс ажил бүр дээр торгууль тооцож 144.388.222 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэрээгээр хоёр компани хоёулаа акт үйлдэж гарын үсэг зурсан байдаг боловч үндэслэлгүйгээр ажлын хөлсийг хассан. 218 дугаар байрны 1 дүгээр орцны дотоод заслын ажлын гүйцэтгэлээс 31.525.131 төгрөгийн торгууль тооцож, нийт гүйцэтгэлээс 168.669.200 төгрөгийн гүйцэтгэлийг хүлээн авч, дээрх торгуулийг хасч тооцсон байдаг. Т ХХК өөрсдийн боломж бололцооны дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн ба ажил дүгнэх акт гарсанаас хойш 2015 оны 02 сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, 02 сарын 15-ны өдөр 27.000.000 төгрөг, бэлэн бусаар Тоёота кровн машиныг 16.000.000 төгрөгт тооцож авсан байдаг. Үндсэндээ ажлын 90 хувийн гүйцэтгэлтэй байсан ба санхүүгийн асуудлыг захиалагчаас шийдвэрлээгүй. Гэрээний хугацаа зөрчсөн гэж хариуцагч тал гэрээг цуцалсан. Хариуцагч талаас акт үйлдэж ажлыг хүлээж авсан, оршин суугчид орон сууцанд орж, ашиглалтад орсон, ажлын үр дүн гарсан. Захиалагч талаас ажлын гүйцэтгэлийн талаар маргаж шаардлага гаргаагүй. Мөн гуравдагч этгээд компанид ямар ажлыг хийж гүйцэтгүүлж төлбөр төлсөн нь тодорхойгүй байгаа. Иймээс Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 164.138.00 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Т” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 527 айлын орон сууцны барилгын ажлыг барьж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой барилгын 3 орцны дотоод заслын ажлыг “Т” ХХК-иар хийж гүйцэтгүүлэхээр тохирч нэг орцны заслын ажлыг 301.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэж, түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй харилцан тохирсон ба нийт 1.170.000.000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан. Бид ажлын үнийг метр квадратаар тохироогүй, түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр тохирсон. 2014 оны 07 сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 сарын 30-ны өдөрт багтаан гэрээт ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, хугацаандаа өгөөгүй тул бид удаа дараа мэдэгдэл шаардлага хүргүүлж байсан. Ингээд 2015 оны 01 сард талууд ажил хүлээлцэх акт үйлдэж гэрээг дүгнэсэн. Актаар 531.397.026 төгрөгийн ажлыг “Т” ХХК хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Гэрээт ажлын хугацаа дууссанаас хойш 1 сарын дараа акт үйлдэж дүгнэхэд нийт ажлын 50 хувийг гүйцэтгэсэн байдаг. 401.320.000 төгрөгийг Т ХХК-иас 2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар “Тэнүүн Монгол” ХХК-д шилжүүлсэн байдаг. Мөн бартераар төлбөр барагдуулж, үлдэгдэл 33.672.970 төгрөг үлдсэнээс 16.072.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 14 ширхэг нэхий дээлээр төлж барагдуулсан. Гэрээ дүгнэх актад талуудын төлөөлөгч нар тамга тэмдэг дарж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2015 оны 12 сарын 10-ны өдөр “Т” ХХК “Т” ХХК нар төлбөр тооцооны үүрэггүй гэсэн албан бичиг акт үйлдсэн байдаг. Иймээс “Т” ХХК “Т” ХХК-д ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээхгүй. Мөн “Т” ХХК-ийн хийж дуусгаагүй ажлыг өөр компаниар гүйцэтгүүлж ахин төлбөр төлсөн. Орцны барилгын дотоод заслын ажил дутуу гүйцэтгэж хугацаа хожимдсон учир зарим оршин суугчид шүүхэд нэхэмжлэл гаргаж манай байгууллага их хохирч байгаа. “Т” ХХК нь барилгын ажилчдын цалингаа хугацаанд нь тавихгүй удаж барилгын талбайд 2 ч удаа эмх замбараагүй байдал үүсч байсан. Бид энэ байдлыг намжааж байсан үйл баримт ч бий. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь ажлын үр дүн байдаг. Захиалагч талаас хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн. Нэхэмжлэгч талын үндэслэл болгоод байгаа ажлын гүйцэтгэлийн баримт нь 2015 оны 08 сар гэсэн огноотой байгаа боловч гэрээ хийснээс хойш хийсэн ажлын гүйцэтгэлийн баримт болохоос 2015 оны 1 сараас хойш хийсэн ажлын гүйцэтгэлийн баримт биш юм. Учир нь энэ баримтад дурдагдсан ажлууд нь гэрээ байгуулах үед эхэлж хийгддэг ажлууд байна. “Т” ХХК дотоод заслын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тул бид алдагдал хүлээсэн, мөн дутуу гүйцэтгэсэн ажлыг өөр компаниар хийж гүйцэтгүүлж байж улсын комисст хүлээлгэн өгч, айлууд оруулж ашиглалтад оруулсан. Хугацаа алдсан асуудал барилгын дотоод засалтай холбоотой. Акт үйлдэж хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                               

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 164,138,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 12 дугаар тал/

Энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж, Олимп хорооллын баригдаж буй Тайм тауэр орон сууцны хотхоны 216 дугаар барилгын 2 дугаар орц, 218 дугаар барилгын 1, 2 дугаар орцны дотоод заслын ажлыг захиалагчаас өгсөн материалаар, өөрийн ажиллах хүч, багаж хэрэгслийг ашиглан түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, захиалагч нь нэг орцны дотор заслыг 390,000,000 төгрөгөөр тооцож, нийт 3 орцны дотор заслын ажлын хөлсөнд 1,170,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ гэж заасан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дүгнэж, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ дүгнэх акт үйлдсэн байх бөгөөд энэхүү актаар нэхэмжлэгч нь нийт 531,397,026 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, хариуцагч нь дээрх ажлын төлбөрт 401,320,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр болох 130,077,026 төгрөгт гэрээний 8.1-д заасны дагуу орон сууц хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн дансны хуулга, “Т” ХХК-ийн төлбөрийн баримт, зарлагын баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  /хх-ийн 111 дүгээр тал/

Тооцоо нийлсэн акт дээрх гарын үсгийг хүлээн зөвшөөрөхгүй, гүйцэтгэх захирал У.Гансүхийн гарын үсэг биш гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгийн хэв дээр шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2016/30269 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6680 тоот дүгнэлтээр 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэх акт дээр зурагдсан гарын үсэг нь “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Гансүхийн гарын үсэг мөн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү актын дагуу төлбөр бүрэн төлөгдсөн, энэ актыг талууд үйлдсэн талаар маргахгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэх акт үйлдсэн өдрөөс хойш 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 271,531,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн боловч үндэслэлгүйгээр торгуульд мөнгө суутгаж хийсэн ажлын хөлсийг дутуу өгсөн тул нийт 164,138,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байх бөгөөд энэ нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Т” ХХК-ийн ажлын гүйцэтгэл, 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Т” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн баримт, болон хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан “Гүйцэтгэлийн санхүүжилт авах график” гэх мэт баримтуудаар тус тус тогтоогдоно гэх тайлбарыг, хариуцагч нь дээрх баримтууд нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс гэрээ дүгнэх акт үйлдэх хүртэл хугацааны ажлын гүйцэтгэлийн талаарх тооцооны баримт бөгөөд гэрээний харилцаа 2015 оны 3 дугаар сард дуусгавар болж, манай компани өөр компианаар үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлсэн гэх зөрүүтэй тайлбаруудыг гаргаж байна.

Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэх актаар нэхэмжлэгч “Т” ХХК нь 216 дугаар байрны 2 дугаар орцны дотоод заслын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 216 дугаар байрны 2 дугаар орцны дотоод заслын ажлыг хийж дуусгасан. Үүнээс хойш талууд гэрээгээ цуцлаж гүйцэтгэгч нь барилгын дотоод заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй ба 218 дугаар байрны 1,2 дугаар орцны дотоод заслын ажлыг өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн хариу тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэх огноотой “Т ХХК-ийн гүйцэтгэл” гэх баримт нь 1 дүгээр орцонд хийсэн ажил байх бөгөөд зохигчдын тайлбар болон гэрчүүдийн “...2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 216 дугаар байрны 2 дугаар орцонд дотоод заслын ажил хийж гүйцэтгэсэн” гэх мэдүүлэгүүдээр үгүйсгэгдэж байна. /хх-ийн 20 дугаар тал/

Мөн 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн огноотой “Т” ХХК-ийн ажлын гүйцэтгэл гэх баримтыг бичгийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 271,531,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, хариуцагч үндэслэлгүйгээр ажлын хөлснөөс хасч тооцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд эдгээр баримтуудыг энэ хугацааны ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 21-22 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Иймд Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 164,138,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 164,138,000 /нэг зуун жаран дөрвөн сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч“Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                          

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БАЯРМАА