Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 819

 

 

     2020        10         13                                   2020/ШЦТ/819

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Г.Анармөнх,

хохирогч Н.Ж-, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Г.Од холбогдох эрүүгийн 1811 00708 0332 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Баянгол дүүргийн .. дугаар хороо, .... гудамж, .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.О,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.О нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.О нь 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 36,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяа зэргийг нь залилан авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх Н.Ж- эгч надад эд зүйлсээ өгөхдөө хямд үнэлгээгээр үнэлж өгч байсан. Сүүлд үнэлгээ нь их нэмэгдсэн байна. Э- байнга надтай хамт явж байсан. Мэдүүлэгтээ хамт явж байснаа хэлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байна. Э- тал мөнгийг нь өгөх ёстой. Гурав, гурван сая төгрөгөөр 3 газарт өгсөн. 2 эд зүйлийг нь буцааж аваад өгсөн. Нэг эд зүйл нь “...”-д О гэдэг эгчид байгаа. Анх 3,000,000 төгрөгөөр өгсөн. 3,000,000 төгрөгөөр авъя гээд олон удаа очсон боловч 13,000,000 төгрөг өгөөд ирж ав гээд би авч чадахгүй байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би найз Э-д Н.Ж- эгч нэг ширхэг хос завьяа, нэг ширхэг иж бүрэн хутга, нэг ширхэг хос шаазан луу заруулъя гэж ярьж байна. Чамд зарж чадах хүн байгаа юм уу” гэж асуухад “Надад хэдэн таньдаг хүн байгаа. Хятад улс руу гаргавал үнэд хүрэх юм байна. Чи аваад гараад ир. Үнэтэй зарвал хэдүүлэнд нь ашигтай” гэж хэлсэн. Тэгээд би Н.Ж- эгчээс эртний үнэт эдлэлүүдийг нь аваад Э-гийн 61-.. улсын дугаартай “Соната-6” маркын машинд суугаад бид хоёр Баянхошуунд байдаг миний хонх дамрыг авсан эгчид үзүүлсэн...”, “...Э- надад миний таньдаг баян мөнгөтэй ах, эгч хоёр байгаа. Би тэдгээр хүмүүст үзүүлээд ирье гээд 01 дүгээр сарын 27-ны өдөр байх. Надаас аваад явсан...”, “...Н.Ж- эгч надаас үнэт эдлэлүүдээ асуухад нь би Э-гаас давхар асуудаг байсан. Тэгээд Э- намайг “Н.Ж- эгчдээ Хятад улс руу гаргасан байгаа удахгүй зарагдана гээд хэлчих” гэдэг байсан. Түүнээс хойш Э- хэсэг холбогдохгүй байж байгаад 02 дугаар сарын эхэн үеэр Э- Н.Ж- эгчээс авсан үнэт эдлэлээ аваад ирсэн. “Би эд нарыг зарж чадсангүй. Би нэг бурхан олсон. Үүнийг Хятад улс руу гаргачих юм бол өндөр үнэ хүрнэ. Тэгээд Н.Ж- эгчийн хохирлыг барагдуулъя. Чи эд нарыг 9,000,000 төгрөг болгоод өгчих юм бол би хүнээс бурхан авчихмаар байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эртний эдлэлээ авч яваад 3 газарт зарсан. Нэг ширхэг хэт хутгыг Улсын их дэлгүүрийн хажууд байрладаг эртний эдлэлийн дэлгүүрийн Б гэх хүнд 3,000,000 төгрөгөөр, мөнгөн завьяаг Урт цагаанд байрладаг эртний эдлэлийн О гэх хүнд 3,000,000 төгрөгөөр, хоёр ширхэг шаазан арсланг Э- өөрийн таньдаг Х гэх хүнд 3,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд Э- бурхан худалдаж аваад Хятад улс руу гаргаж зарна гэж ярьж байсан. Тэгээд Хятад улс руу гарах билетээ авсан. Одоо шууд өндөр үнээр зараад 9,000,000 төгрөгийг нугалж өгнө. Н.Ж- эгчийн мөнгийг нэг нугалаад өгнө гээд ярьсан. Тэгээд би түүнд итгээд 9,000,000 төгрөгөө өгч явуулсан. Түүнээс хойш огт холбоогүй болсон...” гэх /1хх-ийн 26-27х/,

Хохирогч Н.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би О 2 арслан 3,000,000 төгрөгөөр зараад өг гэж өгсөн. Мөн зааны ясан чимэглэлтэй хэт хутга хоёрыг эхлээд өгсөн. Тэгээд би түргэн зарчихаад буцаагаад өгнө авах хүн нь цаанаа бэлэн байгаа гэж хэлээд аваад явсан. Түүнээс хойш та хүлээж байгаарай гэж хэлдэг байсан. Хамгийн сүүлд баян хүнд бараагаа өгөх гээд “....”-ы энд хүлээгээд сууж байна та битгий санаа зов гэж хэлсэн. Дараа нь 01 сарын 04-нд над руу утасдаад би Хятад руу өндөр үнээр бараагаа зарахаар Замын-Үүдийн гааль дээр ирсэн гарах гэж байна гэж ярьсан. Тэгэхлээр нь би “Энэ чинь хилээр гардаг бараа бишээ. Очоод хураалгана шүү дээ” гэж хэлсэн чинь асуудалгүй зараад дүү нь хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш бүх утсаа салгаад холбоо бариагүй. Хятадын хил гараагүй юм байна. Би Э- гэдэг хүний царайг хараагүй их баян хүн байдаг гэж хэлж байсан. Би О өвөө С гэх хүнийг мэднэ. Барималч хүн байсан. Бид гэм зэмгүй танилууд байсан. Өмнө нь би О-ыг “..” март дэлгүүрт ажилладаг байсныг мэднэ. Би О-д бараануудыг 10,000,000 төгрөгөөр түргэн зараад өг гэж хэлээгүй. Одоо тийм бага үнэлгээтэй биш. Мөнгөн эдлэл үнэтэй байгаа. Миний хувьд бол төлбөрөө л гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн гомдол, саналгүй...” гэв.

Хохирогч Н.Ж- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүрч ирээд хуучны ногоон өнгөтэй 2 ширхэг шаазан арслан 3 сая төгрөгөөр зарна гэж хэлээд өгсөн. Тэрнээс гадна хуучин цагийн  зааны ясан тоногтой, мөнгөн чимэгтэй, иж бүрэн хэт  хутга байсан. Тэр нь 10,000,000 төгрөг. Эхний ээлжид энэ хоёрыг өгсөн. Тэгээд удалгүй над руу яриад “ би үзүүлчихлээ, тэр авахаар болчихлоо, удахгүй мөнгийг нь гаргаж өгнө” гэж хэлсэн. 1-2 хоногийн дараа над руу дахиж утсаар яриад хэт хутгыг Хятадаас дүү  нь ирээд хутгыг авах эсэхээ шийднэ гэж хэлсэн... О- надад  “ тэр ахад мөнгө нь бэлэн байгаа юм байна” гэж хэлсэн. “Дүүгийн ирэхийг нь хүлээгээд би өөрөө сахиад сууж байна, арсланг бол авахаар болсон” гэхээр нь “за тэгвэл түргэн мөнгийг минь аваад өг” гэж хэлсэн. Одоо ерөөсөө би удахгүй тэр хүнийг сахиад сууж байна. Тэр хүний гэр нь “....”-д байдаг юм байна. Оффис нь болохоор нь толгойт уруу харуул, хамгаалалттай хашаанд байна гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрөө ажил дээр цэвэр мөнгө 2 кг 300-400 грамм мөнгөн завьяа үзүүлээд байж байхад гаднаас О-  “би танай ажлын ойрхон явж байна” гээд манай ажил дээр орж ирсэн. Тэр өдрөө О- зургийг нь аваад явсан. Тэгсэн дараа нь О- утсаар яриад “ тэр ах мөнгөн завьяа худалдаж авъя, оффис дээрээ тавья гэж хэлж байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “өмнө нь авсан зүйлийнхээ мөнгийг гаргаж өгөөгүй байхад яаж дахиж чамд өөр юм өгөх юм бэ? гэсэн чинь  О- “харин тиймээ, та тэр асуудалд санаа зоволтгүй, би зарчихаж чадна” гэж хэлсэн. Би 2 ширхэг мөнгөн завьяаг хайрцаг саванд хийгээд О-д өгөөд явуулсан. О- бүгдийг нийлүүлээд мөнгийг нь аваад ирнэ гэж хэлээд явсан...Би О-аар гарын үсэг л зуруулсан юм байгаа. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Нийт надад 33,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. Би ямар ч мөнгө аваагүй. Хохиролгүй болмоор байна...” гэх /1хх-ийн 22-23х/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад О- хоёр ширхэг мөнгөн завьяа харуулсан. Үүнийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авах уу, би машин худалдаж авах гэсэн чинь мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Мөн тухайн үед дээрх хос мөнгөн завьяанаас гадна хэт хутга авч явсан бөгөөд түүнийгээ зарна гэхэд нь мэдэхгүй зүйлээ авахгүй гээд мөнгөн завьяаг нь 3,000,000 төгрөгөөр худалдан авсан. Надад хэлэхдээ манай өвөө хуримд зориулж хийлгэсэн. 1970-аад оны үед хийлгэсэн. Би үүнийг зараад машин авах гэсэн чинь надад 3,000,000 төгрөг дутаад байна гэхээр нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32х/, 

Гэрч Б “...Намайг Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороонд байрлах “...” дэлгүүрт ажил дээрээ байж байхад зүс таних О- гэж эмэгтэй иж бүрэн хэт хутга зарна гэж ирэхээр нь худалдаж авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь “дүүд нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Та барьцаанд аваад үлдчих. Тэгээд сарын 12 хувийн хүү төлнө, таны мөнгийг нэг сарын дотор буцаагаад өгнө” гэсэн. Тэгэхээр би нь зөвшөөрөөд хэт хутгыг 3,000,000 төгрөгөөр барьцаанд аваад мөнгө өгөөд явуулсан...О- надад хэлэхдээ хэт хутгыг өөрийн хутга гэж хэлж байсан...” гэх /1хх-ийн 33х/,

Гэрч С.Э-гийн “...О- өвөөгийн хэрэглэж байсан эд зүйл гээд хоёр ширхэг шаазан арслан, хэт хутга, данх шиг зүйл надад авчирч үзүүлсэн юм. Энэ эд зүйлсийг өвөөгийн найз Н.Ж-д зараад өгөөч гэж өгсөн гэсэн. Ингээд тухайн үед О- бид 2 хамт яваад Хан-уул дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгат орчим очоод Х гэж хүнтэй уулзаад шаазан арсланг  нь барьцаанд тавьсан. Мөнгийг О- өөрөө аваад явсан. Үүний дараа О- Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагааны үйлчилгээний төв дээр 2 ширхэг данхыг аваачиж зарсан. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй... тухайн үед би хэт хутга О- аваад явж байгааг нь харсан... дээрх мөнгөнүүдийг О- юунд хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна... Би тухайн үед барьцаанд тавихад нь хамт явсан нь үнэн. Миний хувьд дээрх барьцаанд тавьсан эд зүйлсээс нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 125-126х/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 сард Э-, О- хоёр манай гэрийн гадаа ирж надтай уулзсан. Тэр хоёр “мөнгөний хэрэг гараад байна. Хэт хутгаа барьцаалаад мөнгө зээлмээр байна” гэсэн. Би зөвшөөрч хутгыг нь аваад Э-гийн өөрийнх нь гэх 50420795.. дугаартай Хаан банкны данс руу гэрийнхээ үүднээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 03 сард Э- ганцаараа манай 11 дүгээр хорооллын авто ломбард дээр ирээд нөгөө барьцаалсан байсан хэт хутгаа аваад оронд нь 2 ширхэг шаазан арсланг барьцаанд үлдээсэн. Тэгээд мөнгөө төлөөд эргүүлээд авна гэж байсан ч өдийг хүртэл төлөөгүй...” гэх /1хх-ийн 151-152х/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээний тооцоо /1хх-ийн 35-36х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчилгүй, прокуророос шүүгдэгч Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Г.Оыг 2017 оны 12 сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ж-гаас “бусдад өндөр үнээр зарж, борлуулж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 36,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хос шаазан арслан, иж бүрэн хэт хутга, мөнгөн завьяа зэргийг нь залилан авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх, шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 15,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн хэт хутгыг хохирогч Н.Ж-д биет байдлаар буцаан өгсөн /1 хх-ийн 53х/, улсын яллагч гэм буруу, хохирлын талаарх дүгнэлтдээ: “...Иргэний нэхэмжлэгч Ц.Х- нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Г.Оыг иргэний нэхэмжлэгч Ц.Х-т төлөх төлбөргүй гэснийг хүлээн авч, хохирогч Н.Ж-д шүүхийн шатанд 500,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 17,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ж-д олгуулaхаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овог Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 заасныг баримтлан шүүгдэгч Г.Оаас 17,500,000 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1-17 тоотод оршин суух Түмэн овогтой Норовын Н.Ж- /РД:ЖЯ46083106/-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч , өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД