Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 17

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н мөн аймгийн Татварын улсын байцаагч Д.Г, Т.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б би, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Д.Г-н зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан материалыг хянахад:

Татварын улсын байцаагч Д.Г нь "Үлэмжхурд' ХХК-д хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгж нь 2015 онд 25,080,000 төгрөгийн борлуупалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгалгүй татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2016 онд 105,500,000 төгрөгийг борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй албан татвар ногдуулж төлөөгүй гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсаар тус аж ахуйн нэгжид зөрчил гаргах үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг тус тус баримтлан татварын нөхөн татвар 3,538,800 төгрөг, торгууль, алданги 2,382,,427 төгрөг нийт 5,921,227 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуупсан.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан хууль заалт нь үндэслэлтэй боловч Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д заасан "...тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ" гэсэн заалтыг баримтлаагүй байх тул тухайн заалтыг эрх бүхий албан тушаалтны шийтгэлд нэмэлтээр оруулж өөрчлүүлэх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Татварын улсын байцаагч Д.Г-н 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Г, Т:Б нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Г, Т.Б нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаарын шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг нэмж оруулан өөрчлүүлэх тухай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын прокурор Ч.Б-н 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ. 

Хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-н 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 121/2018/0018/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь прокурорын дүгнэлт буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б-йн мөн аймгийн Татварын улсын байцаагч Д.Г, Т.Б нарт холбогдох хэргийн хариуцагч нар нь “Татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1002201819 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2018/0018/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.