Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1030

 

Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00465 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Ганзоригийн хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Ц.Ганзориг нь “Төрийн банк” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2110 тоот Хөдөлмөрийн гэрээг байгуулж, Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирлаар ажилд орсон. Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1228 дугаартай үндсэн ажилтнаар томилогдох тухай тушаалаар Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирлын ажлыг түр орлон ажиллаж байсан Ц.Ганзоригийг үндсэн ажилтнаар томилж, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2161 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Ц.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1354 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Төрийн банкны гүйцэтгэх захирлын тушаалаар цуцалсан.

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэж Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан “Төрийн банкны зохион байгуулалтын бүтэц”-д “Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирал” гэх албан тушаал байхгүй болсон тул тус тогтоолын 2 дугаар заалтаар хүчингүй болсонд тооцсон “Төрийн банк” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц”-ийн дагуу “Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирал” гэх албан тушаал хашиж байсан Ц.Ганзориг надтай байгуулсан гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир  нь хариуцагч “Төрийн банк” ХХК нь Зээлийн бодлого зохицуулалтын газрын нэрийг хэлбэр төдий өөрчилсөн, ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй, тухайн ажлын байрны ажил, албан тушаал үгүй болсон зүйл байхгүй. Тиймээс хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн 1354 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Зээлийн бодлого хэрэг бүртгэлийн газрын захирлын ажилд эгүүлэн томилох, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү. “Төрийн банк” ХХК нь 3 сарын тэтгэмж 14 700 000 төгрөгийг өгсөн гэжээ.

 

            Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн шүүхэд өгсөн тайлбарт: Манай банк нь Монгол Улсын Сангийн яам, “Хадгаламж даатгалын корпораци” ХХК нарын  хувь нийлүүлсэн, төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд “Төрийн банк” ХХК-ийн эрх барих байгууллагын бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/ хэрэгжүүлдэг. Төрийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот “Төрийн банк” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон. “Төрийн банкны дүрэм”-ийн 8.3.17 дахь заалтын дагуу ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний №118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор өмнөх банкны зохион байгуулалтын бүтцэд Зээл бодлого, зохицуулалтын газрын захирал байсан Ц.Ганзоригтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгосон. “Төрийн банк” ХХК-ийн өмнөх банкны зохион байгуулалтын бүтцэд Зээл бодлого, зохицуулалтын газрын захирал байсан Ц.Ганзоригийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж тус тус заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ажлын байр санал болгох тухай хуудсыг өгч ажлын байр санал болгосон хэдий ч хүлээн зөвшөөрөөгүй тул “Төрийн банк” ХХК нь иргэн Ц.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №Б/1354 тоот тушаалаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Ганзоригт тэтгэмжийг олгосон. Тэтгэмжийг банкны зүгээс олгохдоо Ц.Ганзоригт 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, мэдэгдлийн 30 хоногийн хугацааны цалинг тооцож олгосон болно. Иймд Ц.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ганзоригийг “Төрийн банк” ХХК-ийн Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын захирлын  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 563 636 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгож,         

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ганзоригийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 71 968 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Э.Жавхлан нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шийдвэрийг өөрчлөх боломжгүй талаар: “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг гүйцэтгэх захирлын орлогч, бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал, зээлийн бодлого зохицуулалтын газар, босоо удирдлагаар шууд гүйцэтгэх захирлын харьяанд байсныг “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газар нэртэйгээр шинээр байгуулж, тусдаа бие даасан газар, шууд харьяалах хэлтэсгүйгээр Орлогч захирал, Эрсдэл хариуцсан захиралдаа ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, Төрийн банкны бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтыг буруу үнэлэн урьд нь Ц.Ганзоригийн хашиж байсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолын дагуу хасагдсан Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал гэх доороо Бодлогын хэлтэс, Даатгалын хэлтсийг шууд харьяалан удирддаг байсан, дээшээ Бүтээгдэхүүн хариуцсан дэд захиралд ажил үүргээ тайлагнадаг байсан албан тушаалыг “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолын дагуу шинээр бий болсон доороо харьяалан удирдах хэлтэс, албагүй дээшээ эрсдэл хариуцсан захиралд ажил үүргээ тайлагнадаг, бүтцийн харьяалал, албан тушаалын шатлал, авж буй цалингийн хэмжээгээрээ ялгаатай адилтгаж үзэх боломжгүй Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын захирал гэх албан тушаалтай адилтган үзсэн.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Мэдэгдэх” гэж заасны дагуу банкны зүгээс ажилтан Ц.Ганзоригт мэдэгдсэн, мэдэгдсэнээ нотлох баримт болох "Мэдэгдэх хуудас"-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч банкны гаргаж өгсөн нотлох баримтыг "гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй" байна гэсэн хуулийн тайлбартайгаар шүүх үнэлж үзээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон. Өөрөөр хэлбэл Ц.Ганзориг өөрөө мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан тул тэмдэглэл үйлдэж, баталгаажуулахаас өөр арга банкинд байгаагүй. Банкны зүгээс ч үүнийгээ нотолж шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүх үнэлээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу "Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хуульд заасны дагуу ажилтанд мэдэгдээгүй байна" гэдэг гол үндэслэлээ болгож, хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх үндэслэлүүдээс гадна хуульд заасны дагуу орон тоо хасагдах үндэслэл нь тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болохоос гадна гэрээнд заасан гол нөхцөлүүд өөрчлөгдөх замаар үгүй болсон тохиолдол байдгийг шүүх анхааран үзнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ажлын байрны ажил албан тушаалын харьяалал, түүнийг дагаад ажил албан тушаалын нэршил, цалин хөлсний ялгаатай байдал, банкны хувь нийлүүлэгчээс өгөгдсөн чиглэлийн дагуу зардал, төсвийн хэмнэлт, оновчтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэл зэрэг олон өөрчлөлтүүд хамаарч байгаа болно.

Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд Ц.Ганзоригийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг "Зээлийн бодлого хэрэг бүртгэлийн газрын захирал" гэх ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ганзоригийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор Ц.Ганзоригийн ажлын байрны орон тоо хасагдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэргийн 64 дэх талд авагдсан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1828 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ц.Ганзоригийг тус банкны Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /х.х3-6/ Улмаар ажил олгогчийн санаачилгаар буюу “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1354 дүгээр тушаалаар Ц.Ганзоригийг Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирлын албан тушаалаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх.2/

 

Нэхэмжлэгч Ц.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1354 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ганзоригийн ажиллаж байсан Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал гэх албан тушаалын тодорхойлолтод уг ажлын байрны зорилгыг “чанартай зээлийн багцыг бүрдүүлж, хангаж ажиллах үүднээс зээлийн бодлого, зээлийн үйл ажиллагааны журам боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлийг тодорхойлох, гүйцэтгэх удирдлагыг зээлийн бодлого, зохицуулалттай холбоотой бүхий л мэдээллээр хангах, зөвлөмж гаргах, банкны бодлого, журмыг чанд мөрдүүлэх” гэж тодорхойлж, удирдлага зохион байгуулалтын, зээлийн бодлого, зохицуулалтын, дотоод үйл ажиллагааны, бусад гэсэн чиглэлээр нийт гүйцэтгэх 21 төрлийн үндсэн үүргийг тодорхойлжээ./хх7-8/ Уг баримтыг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор батлагдсан хуучин бүтэц, зохион байгуулалтын схем, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоолоор батлагдсан шинэ зохион байгуулалтын схем /хх.25/ болон хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын захирлын ажлын байрны тодорхойлолтод /хх.35-39/ уг ажлын байрны зорилгыг “банкны эрхэм зорилго, стратегитэй уялдуулан зээлийн бодлогод баримтлах чиглэлийг тодорхойлон, банкны нэр хүнд, ашгийг нэмэгдүүлэх” гэж заан, зээлийн бодлого, журмыг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, зээлийн хороодын хурлыг зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүдийг хариуцах, зээл худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэсэн үндсэн зорилтуудын хүрээнд нийт 32 төрлийн ажил үүргийг гүйцэтгэхээр тодорхойлсон байгаатай харьцуулан үзэхэд зарим чиг үүрэг давхцсан байгаа боловч нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал” гэх албан тушаал шинэ бүтцэд бий болсон “Зээлийн бодлого, хэрэг бүртгэлийн газрын захирал” гэх албан тушаалын ажил үүрэгтэй ижил биш байна. Иймд хариуцагч байгууллагыг зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийгдээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцээгүй болно.  

Гэвч ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч мэдэгдэл хүлээн аваагүй гэж маргаж байгааг хариуцагчийн зүгээс няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гарган, нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэх баримтад мэдэгдэл хүлээн авсан хэсэгт Ц.Ганзоригийн гарын үсэг байхгүй, харин доод хэсэгт нь “2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 цаг 50 минутад 1 хувийг авлаа” /хх.18/ гэсэн бичмэл үсгийн хэвээр бичсэн байх боловч хэн бичсэн нь тодорхойгүй, түүнчлэн Ц.Ганзориг нь уг мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийсэн гэж үзэх баримт байхгүй байгаа.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байр санал болгосон талаар баримт /хх.19/ авагдсан боловч энэ баримтаар нэхэмжлэгчид мэдэгдлийг зохих ёсоор хүргүүлж байсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Мэдэгдлийг ажилтан биечлэн хүлээн авахгүй байгаа тохиолдолд энэ нөхцөл байдлыг баримтжуулан тэмдэглэл хөтлөх, эсхүл Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсэгт зааснаар шууданд шилжүүлэх боломжтой боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                 ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА 

                    

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ