Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03  сарын 09 өдөр                        

    2018/ДШМ/33                                                                Зуунмод

Л.О-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бямбажав, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                               Г.Энхмаа,        

шүүгдэгчийн өмгөөлөгч                                    П.Буманзаяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       Ц.Мөнхгэрэл,

түүний өмгөөлөгч                                           Х.Гансүх, Р.Атарцэцэг

нарийн бичгийн дарга                                      Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Л.О-т холбогдох 201419000281 дугаартай 4 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл, түүний өмгөөлөгч Х.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр  сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороо, 34 байр 56 тоотод оршин суух, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жил тэнсэж хянан харгалзсан, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3,  241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 40 000 төгрөгөөр торгох,  2009 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоног хорих ялаар  шийтгүүлсэн, 2012 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,   Л.О , /РД:М..........4/.

 

Шүүгдэгч Л.О нь согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 3-17 тоотод Ц.Цэнд-Аюушийг цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж,

             Шүүгдэгч Л.О ыг бусдыг болгоомжгүй алах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,

             Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

  • үүгдэгч Л.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй  болгож,

Шүүгдэгч энэ хэрэгт Л.О нь 451 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлд 11800000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дураж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий си ди 2 ширхэг, Л.О-н дахин байцаалтын си ди 1 ширхэг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж тус тус шийдвэрлэжээ.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл заалдах гомдолдоо:  2017 оны 11-р сарын 08-ны өдрийн 358 дугаартай Төв аймгийн сум дүндын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, 39.8-р зүйлийн 1.1 дэх заалт шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан, 39.5-р зүйлийн 1.1 дэх заалтаар шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй зэрэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдлыг бичиж байна.

 

Үүнд:  1. ...2017 оны 11-р сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй Л.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ нь 2017 оны 10-р сарын 23-ны өдөр шүүх хуралдаан оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн эрх зүйн акт байхгүй байгаа нь хуралдаан хууль бус шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдсан нь тогтоогдож байгаа тул 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн Төв аймаг дахь сүм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 358 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Хоёр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.1 дэх заалтаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн талаар:

 Шүүх хэргийг илтэд нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж хохирогч би үзэж байна. Учир нь: шүүх Л.О-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн, хохирогчийн эрх ашгийг нэгээхэн ч байдлаар харж үзээгүй, нотлох баримтанд ач холбогдолтой талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, дан ганц шүүгдэгчийн биеэ өмөөрсөн удаа дараагийн мэдүүлэг тайлбарыг үнэлж цэгнэж үзсэн, хэрэг гарсан нөхцөл ,хэрэгт авагдсан фото зураг, гэрчүүдийн өгч байгаа анхны мэдүүлэг 2 жилийн ,цаашилбал 3 жилийн дараагаар яагаад урьд өгч байсан мэдүүлгээсээ бүгд буцав зэрэг нарийн асуудлыг огтхон ч хайхарч үзээгүйд гомдолтой байна.

 

Л.О-н 1998 оноос хойш шийтгэгдэж байсан талаар огт бичээгүй нь түүнд ял завшуулах байдлыг олгосон гэж үзэж байна.

2017 оны 11 сарын 08 -ны өдрийн 358 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн Л.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсгээр "Хүнийг санаатай алах" зүйл ангиар ялласныг шүүх үгүйсгэж зүйлчлэл өөрчилсөн нотлох баримт нь үндэслэлгүй байна.

 

Гурав. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... Шүүх дээрх нотлох баримтаар Л.О-т зүйлчилсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 заасан зүйлчлэлийг эрүүгийн хуулийн 94-р зүйлийн 94.1 болгон зүйлчилсэн нь буруу .

Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1 дэхь хэсэгт зааснаар Л.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Учир нь Хавтас хэргийн 136 талд Л.О-н ялтай эсэхийг шалгасан хуудас авагдсан байдаг. Тэр хуудсанд 1998 оноос 2010 он хүртэл 5 удаа гэмт хэрэг үйлдэж түүндээ ял шийтгэл хүлээж байсан байдаг. Л.О нь 2009 онд Эрүүгийн хуулийн 147-р зүйлийн 147.2 заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож 5 жил 10 сарын хорих ял эдэлж байхдаа 2009 оны 7 сарын 09 өдрийн "Өршөөл үзүүлэх хуулийн 5-р зүйлийн 5.1.1 зааснаар хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй ялаас 3 жилийг хасах заалтаар өршөөгдөж 3 жилийн ялаас чөлөөлөгдсөн байдаг. Үүнийг шүүх мэдсээр байж 2015 оны Өршөөлийн хуульд дахин хамруулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж өршөөлд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Би энэ асуудлаар хөлөө хүрэх газар хүртэл явж гагцхүү үнэн гэдэг байдаг бол түүнд нь хүрнэ .

Ийм байдлаар хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал илэрч байгаа тул хэргийг үнэн зөв байдалд нь оруулахыг л зорьж гомдол бичиж байна. Миний цаана сэтгэл санаагаар шаналж зовж байгаа олон ах дүү, өндөр настай ээж минь шүүх яаж шийдэх бол гэж харж горьдож тэнхээ алдарч суухад нь хэргийг ингэж шийдвэрлэнэ чинээ бодож байгаагүй бидний хувьд маш хэцүү байна.

Тиймээс Төв аймаг дахь сүм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие давж заалдах шатны хуралд 2 өмгөөлөгчийнхөө хамт оролцоно. Шинээр Р.Атарцэцэг өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан” гэжээ.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэлийн өмгөөлөгч Х.Гансүх давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн үнэлж дүгнэсэн нотлох баримтууд нь талийгаач Ц.Цэнд-Аюушийн амь хохирох үеийн нөхцөл байдал бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн шинжтэй болохыг нотолж чадахгүй. Харин шүүгдэгч, амь хохирогч хоёр хоорондоо зодолдсон, ноцолдсон, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотолж байгаа болно.

Тухайн үед талийгаач Ц.Цэнд-Аюуш шүүгдэгч Л.О луу хутга бариад дайрсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй эргэлзээтэй, дайрсан байлаа гэхэд зүүн гартаа хутгаа барьсан нь бүр ч нотлогдохгүй байхад хэргийн зүйлчлэлийг өөрчлөхийн тулд бодит нөхцөл байдлыг гуйвуулж байгаад гомдолтой байна.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль сануулж, албан ёсоор авсан гэрчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр няцаагдана гэсэн ойлголт байхгүй. /гэрч Т.Алтан-Оргил хэрэг гарах үед өөрийн үзсэн харсан зүйлээ л ярьсан/

Шинжээчийн 5261 тоот дүгнэлт нь гэрч Т.Алтан-Оргилын мэдүүлгийг шууд няцааж чадахгүй байхад анхан шатны шүүх буруу үнэлж дүгнэсэн.

Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 461 тоот дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжээч Г.Энхбаатар шууд үгүйсгэсэн мэдүүлэг өгөөгүй, зөвхөн боломжтой л гэж хэлсэн.

Шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: энэ дүгнэлтийг бид гурав санал нэгтэй гаргасан гэж ярьсан, тэгээд ч бусад хоёр шинжээчээ төлөөлж ярих эрх Г.Энхбаатарт байхгүй болно.

Болж өнгөрсөн үйл явдлыг нүдээр харсан гэрч нь өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй гэх ойлголт хууль зүйн болоод онолын хувьд байхгүй. Тиймээс Т.Алтан-Оргилын анх өгсөн мэдүүлэг нь үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой юм.

Тиймээс Л.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хэргийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдвол прокурорын зүгээс ямар нэгэн саналгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: Л.О нь манай гэрт хамаатныхаа хүнтэй хамт ирсэн. Тэр хүн нь танайх давах гомдол гаргасан уу гэж асуугаад байсан. Үүнийг би намайг айлгаж, дарамтлах гэж очсон гэж бодож байгаа. Байнгын айдастай байдаг болсон. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс /Х.Гансүх/: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс /Р.Атарцэцэг/: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож үндэслэл тогтоогдож байгаа. Зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилж, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-г ялтай байхдаа, согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Заамар сум, Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд болгоомжгүйгээр Ц.Цэнд-Аюушийн цээжин тус газарт нь хутгалж алсан гэж дүгнэсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

Шийтгэх тогтоолд “... улсын яллагчийн нотолгооны эх сурвалж болгоод байгаа гэрч Т.Алтан-Оргилын “...баруун гартаа хутга барьсан байдалтай, хутгатай гар нь нил цус болсон байсан… гэх мэдүүлэг нь шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5261 тоот дүгнэлтээр, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 461 тоот дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт урьд гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн шинжээч Г.Энхбаатарын мэдүүлэг, мөн 2017 оны 3 сарын 26-ны өдөр гэрч Т.Алтан-оргилын:“... талийгаач дөнгөж гараад араас нь гарсан тэгэхэд л талийгаач дээшээ хараад унасан Отгонбаатар дээрээс нь өндийж байсан ба би бол цохиж зодох зууралдах хугацаагүй хурдан араас нь гарсан юм.” гэх мэдүүлэг /3 хавтас хх-193 тал/ зэргээр няцаагдсан, гэрч Т.Алтан-Оргил нь анх өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй зэрэг болно.” гэжээ.

2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5261 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн шүүгдэгч Л.О-н гэх хумсан дээр цус илрээгүй талаар дүгнэлт гаргасан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан гэрч Т.Алтан-Оргилын:” ...тэгэхэд талийгаачийн эгэмнийх нь доохно талаас цус гараад тогтохгүй байсан ба Отгонбаатарын хутгатай гар нь цус болсон байсан ...баруун гар нь цус болсон бас хутга нь цус болсон байсныг харсан юм.” гэсэн мэдүүлгийг буюу хэрэг учрал гарах үед шүүгдэгчийн гар нь цус болсон байсан талаар мэдүүлж буй гэрчийн мэдүүлэг хэрхэн няцаагдаж байгаа нь тодорхой бус байна. 

2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрч Т.Алтан-Оргилоос гэрчийн мэдүүлэг авахад “Талийгаач Цэнд-Аюуш, яллагдагч Отгонбаатар нар байшингаас гараад хоорондоо цохиж зууралдах хугацаа байсан уу” гэсэн асуултад “ ...Би Отгонбаатараас юу болчихвоо гэхэд Отгонбаатар их харамссан шинжтэй гайтай юмаа гээд байсан юм. Отгонбаатар талийгаач Цэнд-Аюушийг зодож цохих хугацаа байгаагүй. Би араас нь их хурдан гарсан.” /3-р хх-н 192-193х/ гэсэн мэдүүлэг өгчээ. Талийгаач Цэнд-Аюуш хутгалагдсан  дараа гэрээс гарч ирсэн хүн нь гэрч Т.Алтан-Оргил байсан ба түүний мэдүүлгийн анхдагч эх сурвалж нь өөрөө байх тул түүнийг анх өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3 Шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 461 тоот дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт урьд гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн шинжээч Г.Энхбаатарын мэдүүлгээр няцаагдаж байна гэх боловч 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 318 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Та гаргасан дүгнэлтээ үгүйсгээд байгаа юм уу гэхэд Шинжээч: Үгүй” гэсэн хариулт өгчээ. Энэ хариултаас шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт урьд гаргасан дүгнэлтээ үгүйсгэж мэдүүлэг өгсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн боловч ийнхүү хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 хэсэг болгон өөрчилж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Л.О-н гэмт үйлдлийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ялын хэмжээ нь 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял бол 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 8-аас дээш 15 жил болж оногдуулах ялын хэмжээ нь хөнгөрсөн байна. Гэтэл шүүх шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн “...мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дах хэсэгт зааснаар...” гэж хуульд байхгүй заалтыг хэрэглэн шүүгдэгч Л.О-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт дурдагдсан “...хуралдаан хууль бус шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдсан нь тогтоогдож байгаа тул 2017 оны 11-р сарын 08-ны өдрийн Төв аймаг дахь сүм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 358 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна” гэсэн нь “Шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 477 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж, “Шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 584 дугаартай  ерөнхий шүүгчийн захирамж, “Шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 650 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж зэргээр нотлогдохгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

                                               

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 3, 14.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Л.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

                                        ШҮҮГЧИД                                Т.БЯМБАЖАВ

 

                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ