Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 857

 

     2020       11          05                                   2020/ШЦТ/857

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч А.Нямсүрэн,

            шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шулгууд овогт Ч.Сд холбогдох эрүүгийн 2011 01308 0928 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ..... сумын .. дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ч.С, регистрийн дугаар ПЮ003023..,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.С нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Я.И-гийн итгэмжлэн хариуцуулсан “.....” банкны картны 58456137.. дугаарын данснаас нь 10,000 төгрөг, кредит картны 56224798.. дугаарын данснаас нь 2,060,000 төгрөгийг авч завшсан,

мөн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотыг хамт түрээслэн амьдардаг байсан Я.П-гийн цонхны тавцан дээр байсан ..... банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 500,000 /таван зуун  мянган/ төгрөг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх

Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би И- эгчээс 800,000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед намайг ажил дээр ирээд карт ав гэсэн. Картнаас нь 400,000 төгрөг аваад гэрт байгаа кредит картнаас 400,000 төгрөг ав гэсэн. Тэгээд би тухайн банкны картнаас 400,000 төгрөг аваад мөн гэрт байгаа кредит карт авахаар ороход тухайн картны хажууд П-гийн мөн адил кредит карт байсан. Тухайн үед би П-д хэлэхгүйгээр түүний картнаас 500,000 төгрөг авсан. Мөн И- эгчийн картнаас 2,450,000 төгрөг авсан. Тэгээд би П-гийн гэрээс явсан. Би тухайн үед П- ахтай гар утсаар яриад би таны картнаас авсан 500,000 төгрөгийг маргааш 11 цагаас өмнө хийе гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш айгаад дахин холбоо барьж чадаагүй...” гэх /хх 62-63 дугаар хуудас/,

Хохирогч Я.И- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С- гэх дүү миний утас руу залгаж би нэг байр түрээслэх гэсэн юм. 800,000 төгрөг зээлээч. Өмнө зээлж авсан 300,000 төгрөгтэйгөө нийлүүлээд 1,100,000 төгрөг орой 17 цагаас өмнө өгье гэхээр нь би итгээд ажил дээр ирээд картнаас ав гэсэн. С- “.....” салбар дээр ирэхээр нь ..... банкны энгийн картаа өгөөд “энэ картнаас 400,000 төгрөг, гэрт байгаа кредит картнаас 400,000 төгрөг авчих” гэж хэлээд явуулсан. Гэтэл удалгүй миний гар утсанд зарлагын мессеж ирээд хартал 58456137.. дугаарын энгийн картнаас 10,000 төгрөг, 400,000 төгрөг, кредит картнаас 2,450,000 төгрөг тус тус гаргасан байсан. Ингээд миний 2 картнаас нийлээд 2,860,000 төгрөгийг гаргаж авсан. Үүнээс 800,000 төгрөгийг надаас зөвшөөрөл авч авсан. 2,060,000 төгрөг зөвшөөрөлгүйгээр нэмж авсан. Би гайхаад залгатал утсаа авахгүй байж байгаад орой нь над руу “маргааш 18 цагаас өмнө мөнгийг чинь хийнэ” гэж мессеж ирээд тэрнээс хойш холбоогүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хохирогч Я.И- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Мөнгө гарсны дараа би дүү П- рүү залгаад С- 800,000 төгрөг зээлээч гэж хэлчихээд 2,860,000 төгрөг авчихлаа гэж хэлтэл манай дүү “миний картнаас бас 500,000 төгрөг авчихсан байна гээд бид хоёр хоорондоо яаж байгаа юм болдоо гэж бодоод өнгөрсөн. Тэр өдрөөс хойш С-тай холбогдож чадаагүй. Гэрийхэнтэй нь холбогдож асуухаар хүүхдүүдээ .....а байгааг нь мэдэхгүй. Хүүхдээ олвол та нарын мөнгийг өгнө гэж хэлсэн...” гэх /хх-ийн 55х/,

Хохирогч Я.П- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Удалгүй 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний ..... банкны зээлийн картнаас 500,000 төгрөг зарлага гарсан мессеж гар утсанд ирсэн. Би тухайн мессежийг уншаад ..... банк руу залгаж асуухад тухайн 500,000 төгрөг С- гэх хүний дансанд орсон байна гэсэн. Түүнийг сонсоод би удаа дараа С- руу залгахад над руу “дүүгээ уучлаарай. Хоёр хоногийн дараа 10 хувийн хүүтэй нь буцаагаад хийе гэж хэлээд дахин холбогдоогүй...” гэх /хх-ийн 48-49х/,

..... банкны депозит дансны хуулга /хх-ийн 6-7х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Сг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Я.И-гийн итгэмжлэн хариуцуулсан “.....” банкны картны 58456137.. дугаарын данснаас нь 10,000 төгрөг, кредит картны 56224798.. дугаарын данснаас нь 2,060,000 төгрөгийг авч завшсан, мөн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотыг хамт түрээслэн амьдардаг байсан Я.П-гийн цонхны тавцан дээр байсан ..... банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 500,000 төгрөг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биелүүлэх ялыг 720 цагаар тогтоов.

Шүүгдэгч Ч.С нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2,860,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн тамгын газрын 100900005406 тоот дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шулгууд овогт Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 720 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.Сгийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөрт төлсөн 2,860,000 /хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 дугаар данснаас шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 22 дугаар хороо 59-9 тоотод оршин суух Я.И- /РД:ПЗ87030407/-д олгосугай.

6. Шүүгдэгч Ч.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.АРИУНБОЛД