| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0802/Э |
| Дугаар | 856 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 856
2020 11 05 2020/ШЦТ/856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Т.Мад холбогдох эрүүгийн 2011 01449 0891 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, “......” ХХК-д даатгалын ажилтан ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Т.М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.М нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Шадивлангийн зусланд И.Б-агийн гэрт түүнтэй маргалдаж, улмаар ширээн дээр байсан зүйлсийг толгой руу нь шидэх, үсдэж унагаан толгойгоор газарт савах, газарт унагаан цээжин дээр нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн...” гэв.
Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг ойлголоо. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 30х/,
Хохирогч И.Б-а мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Удалгүй Т.М нөхөртэйгөө ирээд юм уугаад ярьж хөөрөөд сууж байтал Т.М надад үг хаяад ширээн дээр байсан юмнуудыг аваад над руу шидсэн. Энэ үед нөхөр нь хашаагаар гараад явсан бөгөөд би сууж байгаад бостол миний үснээс зулгаагаад газар унагааж миний толгойг газарт цохиулаад байсан. Ингээд намайг худаг дээр толгойгоо норгоод байж байтал ардаас ирээд мөн үсдээд намайг цементэн довжоон дээр миний дээр гараад толгойг цохиулаад байсан. Дараа нь машиндаа ороод суутал ардаас Т.М ирээд машины цонх цохиод гараа оруулаад үсдэж машинаас унагаагаад цээжин дээр 2 удаа дэвссэн. Ингээд Г гарч ирээд салгасан...” гэх /хх-ийн 11-12х/,
Гэрч М.И- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Очоод архи уугаад намайг дэлгүүр орчхоод ирэхэд маргаан болсон байсан. И.Б-а машинд сууж байхаар нь очиход Т.Мтай маргалдсан зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх /хх-ийн 15х/,
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд би хэсэг байж байгаад байшинд унтаж байхад гадаа хүн хашхирахаар нь гараа хартал И.Б-агийн дээр Т.М гарчихсан ноцолдоод байж байсан. Би болиулаад Т.М гарсан хойгуур И.Б-агаас асуутал Т.Мад зодуулсан гэж хэлсэн...” гэх /хх-ийн 16х/,
Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...И.Б-а бухимдалтай архиар шахаад хурдан уу гээд байсан. Миний бодлоор хүн болгон руу дайраад бухимдаад байх шиг байсан. Над руу бас уурлаад асгалаа гээд байхаар нь би ширээнээс босоод хашааны үүдэнд С-тай байж байсан. И.Б-а араас гүйж ирээд үсээ боож байгаад намайг зодчихлоо гээд хашаанд байсан худаг дээр очоод үсээ янзлаад байсан. И.Б-аг машинд сууж байхад нь Идэрболдтой очиход Т.М намайг зодчихлоо гээд байсан...” гэх /хх-ийн 17-18х/,
Гэрч Б.О- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ширээний ард И.Б-а Т.М бид гурав сууж юм ярьж байснаа И.Б-а Т.Мыг нөхрөө гудамжнаас олсон юм уу гэж хэлсэн. Ингээд хоорондоо юм шидэлцээд барилцаад авсан. Т.М И.Б-аг үсдээд би салгасан. 2 талаас сарваганаад байсан. Хэнийгээ яасныг би сайн хараагүй. И.Б-а машиндаа сууж байтал Т.М гүйж очоод И.Б-аг үсдээд ноцолдсон...”гэх /хх-ийн 20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 8934 дугаартай: “...И.Б-агийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйх, цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 24х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Т.Мыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, Шадивлангийн зусланд И.Б-агийн гэрт түүнтэй маргалдаж, улмаар ширээн дээр байсан зүйлсийг толгой руу нь шидэх, үсдэж унагаан толгойгоор газарт савах, газарт унагаан цээжин дээр нь дэвсэх зэрэг үйлдлүүдээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Т.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.
Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД