Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 833

 

     2020        10         22                                   2020/ШЦТ/833

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч С.Ч /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт С.Чад холбогдох эрүүгийн 2011 00000 0881 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..86 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ..... тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт С.Ч /РД:ХГ860815../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 08 дугаар сарын ..-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ....ын .. дүгээр гудамжны задгай тоотод өөрийн эхнэр Г.Г-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 3 удаа цохиж, тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч С.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байх. Эхнэр “маргааш ажилдаа явна. Нисэх рүү гэртээ очъё” гэсэн. Би “миний хайр хүүхдүүдээ аваад яв” гэтэл манай эхнэр Г- уурлаад “чи яахаараа явдаггүй юм. Хүүхэд харах хүн байхгүй” гээд орилоод гинжнээс боогоод авсан. Тэгэхээр нь би “гинж тасаллаа” гээд гарыг нь тавиулаад цааш нь түлхсэн. Дахиад зууралдаад байхаар нь би дахиад түлхтэл цаана байсан ширээ мөргөөд унасан. Тэгээд уйлж босож ирээд хүүхдүүдээ аваад явна гэхээр нь машиныхаа дугуйг хийлж өгөөд явуулсан...”, “...Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг хохирогчид учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 26-27х/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6х/,

Хохирогч Г.Г- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр С.Ч намайг 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн .... зусланд аавынхаа гэрт байхад 14 цагийн үед гэр лүүгээ явъя маргааш ажил руугаа явна гэтэл манай нөхөр С.Ч уурлаад намайг аяга угаагаад зогсож байтал араас толгойны ар хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би тэгвэл ажлаа хийхээ больё гээд нэг настай бага хүүхдээ аваад зогсож байтал чамайг алаад хаячихья л даа гээд гараагаа миний нүүр лүү 3 удаа цохисон.Тэгэхээр нь би гурван хүүхдээ аваад гэр лүүгээ явчихсан...Тэр үед байшинд хүн байгаагүй, зодуулсны дараа аав, ээж орж ирсэн. ...” гэх /хх-ийн 11-12х/,

Гэрч В.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г-, С.Ч хоёр чанга дуугараад эхэлсэн. Би ортол Г- цаашаа хараад зогсчихсон аяга угаагаад “Хэн хүүхэд харах юм гээд” хэрэлдээд байсан. Тэгэхээр нь битгий хэрүүл хийгээд байгаарай гээд гараад удалгүй дахин хэрүүл маргаан болоод маргалдаад байхаар нь буцаад ороод иртэл С.Ч, Г- хоёр барьцалдаад зогсож байсан тэгээд би болиултал Г- дахиад хүзүүнээс зууртал С.Ч, Г-гийн гарыг цаашаа түлхээд нэг цохих шиг болсон. Тэгтэл Г- цаашаа ширээ мөргөөд унах шиг болсон. Тэгээд босоод ирэхээр нь би уурлаад та нар аавын чинь бие муу байхад бузартай хэрүүл хийлээ гэтэл Г- хүүхдүүдээ аваад явсан...би хамт амьдардаггүй болохоор сайн мэдэхгүй байна...гэр бүл болсон хойно маргалдаж байсан биз дээ...” гэх /хх-ийн 17-18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9553 дугаартай “...Г.Г-гийн биед тархины доргилт, хамар ясны хугарал таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой....Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 20-...х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүх шүүгдэгч С.Чыг 2020 оны 08 дугаар сарын ..-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ....ын .. дүгээр гудамжны задгай тоотод өөрийн эхнэр Г.Г-тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь 3 удаа цохиж, тархины доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч С.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Чыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.АРИУНБОЛД