Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 831

 

    2020         10         21                                   2020/ШЦТ/831

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Б.Баярхүү,

хохирогч Х.П-,

иргэний хариуцагч А.М-,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С.Дд холбогдох эрүүгийн 1911 02229 1056 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “....” ХХК-д аялал жуулчлалын менежер ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо,...., ... тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А овогт С.Д,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч С.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэг холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д нь Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... банкны сангийн яам дахь”....” тооцооны төвийн кассын ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж харилцагч болон .... банкны зөвшөөрөлгүйгээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох .... банкны 1049101141020... дугаартай ам долларын данснаас 2019 оны 04 сарын 08-ны өдөр 90,000 ам доллар буюу 236,817,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 41,000 ам доллар буюу 107,968,580 төгрөгийг тус тус хууль бусаар авч завшсаны улмаас .... банканд нийт 131,000 ам.доллар буюу 344,785,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

.... банкны харилцагч П.Т-.... тус банкин дахь 104900071... дугаартай төгрөгийн хадгаламжийн данснаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 49,677,776.87 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 49,720,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,042,858.61 төгрөгийг тус тус хууль бусаар бэлнээр авч завшсаны улмаас 100,440,635.48 төгрөгийн, П.Т-.... тус банкин дахь 104900075...дугаартай төгрөгийн хадгаламжийн данснаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90,000,720 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 9,800,000 төгрөгийг тус тус хууль бусаар бэлнээр авч завшсаны улмаас 99,800,720 төгрөгийн буюу нийт П.Т-төрд 200,241,355.48 төгрөгийн бодит хохирол, мөн 14,500,000 төгрөгийн гэм хорын хохирол тус тус учруулж, нийт 214,741,355.48 төгрөгийн хохирол учруулсан,

           Монгол Улсын .... Яамнаас .... сангийн 100900011... дугаартай “....”-ийн дансанд зээлийн төлбөр хэлбэрээр банк хоорондын бэлэн гүйлгээгээр тушаасан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 47,754,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41,863,500 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 53,925,750 төгрөгийг тус тус хууль бусаар, бэлнээр авч завшсаны улмаас .... Яаманд нийт 143,543,250 төгрөгийн буюу бусдад нийт 703,070,185.48 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Би 1988 оноос хойш банкны системд ажиллаж байгаа. Монгол банк, Хадгаламж банк, .... банканд тус тус ажиллаж байсан. Өөрийн буруутай үйлдлээс болж валют арилжаанд мөнгө оруулж алдан, үүнийгээ төлөх гэж өндөр хүүтэй мөнгө зээлж ийм байдалд орсондоо харамсаж байна. Банканд ажиллаж байх хугацаандаа ийм алдаа гаргаж байгаагүй. Хашаа байшин өвлөх эрх сая нээгдэн газрын бичгээ дүүрэгт өгсөн байгаа. Үүнийг худалдан борлуулж хохирогч Х.П- болон банканд учирсан хохирол барагдуулна гэж бодож байгаа. Нөхөр маань нас барсны улмаас бага хүүхэд маань сэтгэл санааны байдал хүнд байгаа. Өөрийн буруугаас болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний хариуцлагагүй үйлдлээс болоод ийм зүйл болчихлоо, их харамсаж байна. 2011 оноос 2019 оны 10-р сар хүртэл .... банкны ....ны тооцооны кассад ахлах теллер албан тушаалтнаар тус, тус ажилласан. Энэ хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр харилцагч Х.П- нь өөрийнхөө төрсөн хүү П.Т-.... нэр дээр 1 жилийн хугацаатай 104900071... дугаарын хадгаламжийн дансыг нээлгэж 50,000,000 төгрөгийн орлого хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний бие харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр Х.П-гийн хүү П.Т-.... 104900071... дугаартай хадгаламжийн данснаас 46,677,776.87 төгрөгийн зарлага гаргаж бэлнээр авсан. Уг мөнгийг тухайн үед би 2013 онд хүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлээд 20,000,000 төгрөг авчихсан байсан тул түүнийхээ зээлийн хүүг төлж барагдуулсан. Анх ажлынхаа хажуугаар өөрөө ноолуурын наймаа хийе гэж бодоод хүнээс хүүтэй зээл төлөөд тэр ажил маань бүтэлгүйтээд шаталтад орж таарсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн тус хадгаламжийн дансанд 50,000,000 төгрөгийн орлогыг нэмж хийсэн. Тухайн хадгаламжийн жилийн хүү нь 16,5 хувийн хүүтэй байсан. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х.П-гийн хүү П.Т-.... 104900071... дугаартай хадгаламжийн данснаас 49,700,000 төгрөгийг мөн харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр бэлнээр гаргаж аваад өмнөх авсан зээлээ дарсан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Х.П- нь өөрийн төрсөн хүү Х.Т-.... нэр дээр нэг жилийн хугацаатай 104900075...дугаарын данс шинээр нээлгээд 86,600,000 төгрөг, 13,400,000 төгрөг буюу нийт 100,000,000 төгрөгийг орлогоор хийлгэсэн. Тухайн үед .... банкны салбаруудын дунд шилдэг ажилтан шалгаруулах уралдаан болж байсан тул миний бие Х.П- харилцагчтай холбогдоод “бэлэн мөнгө байвал манай салбарт хадгалуулаарай” гэж санал тавьж байсан болохоор манай банканд мөнгөө хадгалуулж байсан. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Х.П-гийн төрсөн хүү Х.Т-.... 104900075...дугаартай данснаас миний бие харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр бэлнээр 90,000,720 төгрөгийг зарлагадаж авсан. Уг мөнгийг тухайн үед доллароор авсан бөгөөд өмнө нь хүмүүсээс авсан зээлийн хүү, цалингаас гадна өөрт хэрэглэгдэх хэрэгцээгээ хангахын тулд валютын ханшийн зөрүүгээр алдагдлаа нөхөх бодлоготой байсан боловч тэрийгээ биелүүлж чадалгүй дахин өрөнд орсон. 2017 оны 09 дүгээр сард Х.П- өөрийн хадгаламжийн хүүг авахаар манай банканд ирэхээр нь хадгаламжийн дэвтэр дээр нь өөрийн гараар зарлага бичээд 16,500,000 төгрөгийг хүүг бэлнээр өгч явуулсан. Тухайн үед Х.П- тус хадгаламжийн хугацааг нэг жилээр сунгасан бөгөөд дээрх мөнгийг би банкнаас биш өөрт байсан мөнгөнөөсөө өгсөн, өөрөөр хэлбэл өөр нэг хүнээс зээлээд Х.П-д хэлэлгүйгээр банкнаас хүү бодогдсон гэж хэлж өгч байсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Х.П-гийн төрсөн хүү Х.Т-.... 104900075...дугаартай данснаас миний бие харилцагчийн зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр бэлнээр 9,800,000 төгрөгийг дахин зарлагдаж аваад зээлийн хүүд төлж дуусгасан. 2018 оны 08 дугаар сард Х.П-гийн төрсөн хүү Х.Т-.... 104900075...дугаарын хадгаламжийн дансны нэг жилийн хүү болох 16,500,000 төгрөгийг мөн дээрх байдлаар өгч явуулсан. 2018 оны 09 дүгаар сард Х.П- харилцагч өөрийнхөө 104900071... дугаартай хадгаламжийн дансныхаа нэг жилийн хүүг авахаар манай банканд ирэхээр нь дахин өөрийн гараар хуурамчаар хүүг банкнаас олгосон гэж тэмдэглэгээ үйлдээд 16,500,000 төгрөгийг өөрт байсан, хүнээс зээлсэн мөнгөнөөсөө өгч явуулсан. Тухайн үед Х.П- харилцагч дахин нэг жилийн сунгалтыг уг дансандаа хийлгэсэн. 2019 оны 08 дугаар сард Х.П-гийн төрсөн хүү Х.Т-.... 104900075...дугаарын хадгаламжийн дансны нэг жилийн хүү болох 14,500,000 төгрөгийг, хуурамчаар хадгаламжийн дэвтэрт тэмдэглэгээ хийж, өөрт байсан мөнгөнөөс өгч явуулсан. Тухайн үед Х.П- харилцагч намайг өөрөөсөө мөнгө гаргаж өгч байгааг мэдээгүй, банкнаас хүүгээ бодуулж авч байгаа юм байна л гэж бодож байсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр харилцагч Х.П- над руу утсаар яриад “хадгаламжийн хугацаа дуусаж байна, нэмж сунгахгүй, мөнгөө авъя” гэхээр нь мөнгийг нь үрчихсэн болохоор санаа зовоод “ахаа би хөдөө байна, өөр салбараас мөнгөө аваад хэрэггүй, намайг ирэхээр болооч” гээд түр хойшлуулсан. Энэ хугацаанд би Х.П-гийн мөнгийг олж өгөх гээд хөөцөлдсөн боловч бүтээгүй. Тэгээд би 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Х.П-тэй уулзаад үнэн учраа хэлээд уучлалт гуйгаад “надад таны мөнгийг олж өгөх хугацаа өгөөч” гэж хэлсэн. Тэгээд таньж мэдэх, туслах хүмүүсээс мөнгө зээлэх талаар асуухад боломжгүй гэсэн хариу авсаар байгаад өнөөдрийн байдалд хүрсэн. Одоо надад Х.П- харилцагчид май гээд өгчих нэг ч төгрөг байхгүй. Хадгаламжийн дансанд нь байсан мөнгийг зарцуулж дууссан. Гэхдээ энэ үйлдэлдээ би маш их харамсаж байна. Ямар нэгэн боломж олдвол хохирлыг төлж 100 хувь барагдуулна. Уг нь манай ээж С.Банзрагчид хэлмэгдэлтийн мөнгө гэж төрөөс 80 гаруй сая өгөхөөр болсон, гэхдээ энэ мөнгөний талыг нь өгнө гэж шүүхээс шийдвэр гарсан юм шиг байсан. Хэрвээ энэ мөнгийг олговол тодорхой хэсгийг шууд төлнө гэсэн бодолтой байгаа. .... банканд ажиллаж байх хугацаандаа 2019 оны 04 дүгээр сард ”3амд яваа валют” гэх нэртэй .... банкны дотоод данснаас 131,000 ам долларыг гаргаж аваад хувьдаа ашиглаад дуусгасан. Үүнийг мөн ялгаагүй зээлийн хүү болон арилжаа эрхлэх гэж байгаад алдсан. Ямар ч гэсэн эхний ээлжид байраа зараад банканд 42,000,000 төгрөг тушаасан. Цаашид хохирол төлөх талаар таньдаг мэддэг хүмүүстэйгээ уулзаад мөнгө олох талаар явж байгаа. Энэ их мөнгийг юунд зарцуулсан, яг ийм зүйлд зарцуулсан гэх яг одоо үзүүлэх баримт, нотлох зүйл байхгүй. Хүнээс хүүтэй мөнгө зээлж аваад тэрийг төлж барагдуулаад дахиад хүүтэй мөнгө зээлж явсаар байгаа алдагдалд орсон. Мөн энэ хугацаанд мөнгөө өсгөх зорилгоор валютын ченж хийгээд ханшийн зөрүүнд алдсан. Х.П-гийн хадгалуулсан мөнгөний тухайд зарцуулах эрхийг надад олгоогүй, харин жилд нэг удаа ирж хүүгээ авахдаа тэр мөнгийг ийм, ийм данс руу шилжүүлээрэй гээд мөнгөө үлдээгээд баримт дээр гарын үсгээ зураад явчихдаг байсан. Тэгээд би тэр гарын үсэг зурсан баримтыг ашиглаад хадгаламжийн данснаас мөнгө авч байсан. Салбарын захирал шууд удирддаг бөгөөд мэдэх боломж байдаггүй байсан, учир нь санхүүгийн баримтад зурагдсан гарын үсэг Х.П-гийн өөрийнх гарын үсэг мөн учраас ямар ч асуудал үүсдэггүй байсан. Баримт гэж орлого, зарлага, шилжүүлгийн хоосон баримтад өөрийнхөө гарын үсгийг зураад ойр зуурын гүйлгээ хийлгэдэг байсан, тэрнээс хадгаламжийн дансанд орох эрхийг олгоогүй, хүүг аваад тодорхой мөнгөн гүйлгээг хийчхээрэй гэдэг байсан. Учир нь өөрийнх нь бие муу, бас олон жил нэг газар ажиллаж байсан болохоор нэг нэгнийгээ таньж мэддэг болсон болохоор надад итгэдэг байсан. Харилцагч Х.П-гийн дээрх данснуудыг анх харилцагч нээлгэхдээ хугацаатай нээлгэсэн, бүтээгдэхүүний төрлийг өөрчилсөн зүйл байхгүй. Би өөрийн .... банкнаас олгосон ахлах теллерийн эрхээр данснаас нь мөнгө авч хугацааг нь цуцалсан. Хэрвээ би мөнгө авч, хугацааг нь цуцлаагүй бол дансны хуулгаар харагдана. Х.П- нь дансны хүү авахдаа өөрийн биеэр ирж, дансны жилийн хүүгээ бодуулж авдаг байсан, тухайн үед үйлчилж байсан дансны хүүгийн тооцооллоор бодож өгч байсан. 104900071... дугаартай дансны 2018-2019 оны хүү болох 14,500,000 төгрөгийг өгөөгүй, харин 104900075...дугаартай дансны хүүг өгсөн. Дээр бичигдсэн 5 орлогын гүйлгээний баримтад харилцагч Х.П- өөрөө гарын үсэг зурж, хадгаламжийн данснуудад хийсэн. Харин зарлагын гүйлгээний 5 баримтад би Х.П-гээр өөрөөр нь бичилт хийгдээгүй зарлагын баримтад гарын үсгийг урьдчилж зуруулаад өөртөө мөнгө авахад ашигласан. 2020 оны 09 дүгээр сарын сүүлд байхаа өдрийг нь санахгүй байна. .... банкнаас ипотекийн зээлээр худалдаж авсан дээрх орон сууцыг .... банк өөр хүнд 105,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс 75,000,000 төгрөгийг орон сууцны зээлд төлж, бэлэн 30,000,000 сая төгрөгийг .... банкны авлагад барагдуулсан. Өөрт ямар ч мөнгө аваагүй. Би хохирогч Х.П-д 2017 онд 104900071... дугаартай хугацаатай хадгаламжийн дансны 16,5 хувийн жилийн хүү болох 16,457,301.2 төгрөгийг, 2018 онд 16,745,175 төгрөгийг, 2018 онд 104900075...дугаартай хугацаатай хадгаламжийн дансны 16,5 хувийн жилийн хүү болох 16,765,170 төгрөгийг, 2019 онд жилийн 14,5 хувийн хүү болох 14,500,000 төгрөгийг тус тус өгсөн. Мөн үндсэн 1049000750... дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас нь өөрийнх нь хэлсэн данс руу 5,350,000 төгрөг шилжүүлж, нэмж 800,000 төгрөгийг хэрэг гарсны дараа бэлнээр өгсөн. Ингээд тооцвол хүү, бэлнээр өгсөн, шилжүүлсэнтэй нийлээд 70,617,646.02 төгрөг болж байна, энэ дүнгээс үндсэн данснаас нь мөнгө өгсөн гэж үзвэл 64,467,646.02 төгрөгийн хүүг .... банкны өмнөөс миний бие өгсөн гэж үзнэ. Тухайн үед хадгаламжийн хүүд ногдуулах албан татварын 10 хувийн хасаж тооцолгүйгээр  хүүг 100 хувь өгч байсан, өөрөөр хэлбэл хадгаламжийн мөнгийг бэлнээр миний бие зарлагдаж аваад харилцагч Х.П-г хүүгээ авъя гээд ирэхэд нь өөрөөсөө мөнгө гаргаад гараар хадгаламжийн дэвтэрт нь бичилт хийж өгдөг байсан. Гүйлгээ хийсэн баримт одоо байхгүй, хүүг тооцсон дүн хадгаламжийн дэвтэрт байгаа. Бэлнээр 800,000 төгрөг өгөхдөө баримт бичиг үйлдээгүй. Х.П- өөрийн биеэр ирж, дансны жилийн хүүгээ бодуулж авдаг байсан, тухайн үед үйлчилж байсан дансны хүүгийн тооцооллоор бодож өгч байсан. 1049000710... дугаартай дансны 2018-2019 оны хүү болох 14,500,000 төгрөгийг өгөөгүй, харин 104900075...дугаартай дансны хүүг өгсөн. Хоёр хадгаламжийн дэвтэрт бичилт хийгээд 49,967,646.02 төгрөгийг өөрт нь тухайн өдрүүдэд өгсөн бөгөөд дэвтэрт бичилт хийлгүйгээр 14,500,000 төгрөгийг бэлнээр өөрийнх нь хэлсэн 2 данс руу шилжүүлж байсан, одоо тэр шилжүүлгийн баримт байхгүй. П- өөрөө ч энэ тухай хэлдэг, үлдсэн 6,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч Х.П-д 58,069,998.48 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна. Миний хувьд хохирлын дүнтэй ямар ч маргах зүйл байхгүй.  Хохирлоо 100 хувь төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм хэргийн улмаас учруулсан хохиролтой холбоотойгоор эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй...” гэх /1хх-ийн 81-82, 83-87, 3хх-ийн 88-90, 203, 215, 225-226, 236-237, 4хх-ийн 96-98х/,

Хохирогч Х.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Анх би “Хадгаламж” банканд мөнгөө хадгалуулдаг байсан. Уг банк бүтцийн өөрчлөлтөд орсон учир миний хадгаламж .... банк руу шилжсэн. Би .... банканд 200,000,000 төгрөгийн хадгаламжтай байсан. Миний мэдэхээр С.Д нь Сангийн яамны тооцооны төвд 10 гаран жил ажилласан. Манай байгууллагын ажилчид бүгд уг салбараас үйлчилгээ авдаг. 2016 онд би хадгаламжаа шинэчилсэн. Надад тухайн үед бэлэн мөнгөний хэрэгцээ бага байсан учир хадгаламжийн хүүгээ авч хэрэгцээндээ зарцуулдаг байсан. 2016 оноос хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас .... албанаас чөлөө авч мэс засалд орсон. Чөлөөг үргэлжлүүлэн сунгах боломжгүй байгаа учраас би одоог хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй өнөөдрийг хүртэл нөөцөд бүртгэлтэй байгаа. Би нурууны хугарал, хөл мэдээ алддаг гэх мэт эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээний зардал болон мэс заслын дараах эмчилгээнд хэрэглэх гэж 2019 оны 08 сарын 16-ны өдөр өөрийн хадгаламжаас бэлэн мөнгө авах гэж очихдоо энэ талаар мэдсэн. Банкнаас 40,000,000 дээш төгрөгийн бэлэн мөнгө авах тохиолдолд өмнөх өдөр нь утсаар захиалга өгдөг. Надад 50,000,000 төгрөг хадгаламжаасаа авах шаардлага байсан тул утсаар С.Дд захиалга өгөхөд 2-3 өдөр аргацаасан. .... банк эрсдэлийн сангаас харилцагчийн хохиролд 150,521,000 төгрөгийн хохирлыг надад барагдуулсан. Үлдэгдэл 58,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулах саналтай байна...” гэв.

Хохирогч Х.П- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн, тухайн үед болсон зүйлийн талаар бүгдийг үнэн зөв тодорхой мэдүүлсэн. Миний хувьд .... банканд өөрийн төрсөн хүү П.Т-.... нэр дээр 104900071..., 104900075...дугаартай хадгаламжийн 2 данс нээлгэж нийт 100,000,000, 100,000,000 төгрөгөөр 200,000,000 сая төгрөг байршуулж, жилийн хүүг нь авдаг байсан. Уг хадгаламжийг нээлгэх, хүү бодуулж авах ажиллагааг .... банкны ахлах теллер С.Д хийдэг байсан бөгөөд 2019 оны 08-р сарын 16-ны өдөр дансаа хаалгахаар /ажлын нэг өдрийн өмнө/ С.Дд утсаар хүсэлт гаргасан. Тэгсэн С.Д тухайн үед надад хэлэхдээ “манай касс засварт орчихсон байгаа. Мөн би амралтаа авчихсан. Гэхдээ би таны мөнгөний зузаатгалыг банкандаа захиалчихъя” гэж хэлсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу нэг дэх өдөр мөнгөө авах гээд С.Д руу утсаар залгахад утсаа авахгүй харин над руу “Сайн уу та, би Дорнодоос явж байгаа юм аа, манай засвар 28-ны хавьцаа дуусна. Яасан нь дээр вэ” гээд мессеж бичихээр нь дахиж утас руу залгаад холбогдсон. Гэтэл “Та битгий өөр салбарт очиж мөнгөө аваарай. Би зам тойроод яваад л байна. Маргааш 10 цаг гэхэд болох уу? Бэлэн мөнгөний захиалга маргааш болох гээд байна яах вэ” гэхээр нь түүний хэлснээр 20-ны өдөр банкин дээр нь очсон. Тэгээд С.Дтай уулзахад “Яана аа П- даргаа их муухай юм боллоо. Таны итгэлийг маш их алдлаа. Таны хадгалуулсан мөнгийг валютын ченж хийж байгаад ашиглаад алдчихсан. Таныг хохиролгүй болгож өгнө” гээд уйлаад өөрийн гараар миний мөнгийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгнө гэж бичиг хийж өгсөн ба та жаахан хугацаа өгчих гээд байсан. Тухайн үед би шоконд ороод ямар сонин юм гээд түүнд уурлаад хурдан мөнгө гаргаж өгөхийг түүнээс шаардаад эхний ээлжид хуулийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай гэрийг заалгаад өөрийн биеэр ирж уулзсан. Тэгэхэд үл хөдлөх эд хөрөнгийн их хэмжээний бичиг баримт барьчихсан “эдгээр баримтууд надад туслах хүмүүсийнх юм аа. Эдгээрийг зарж борлуулсан тохиолдолд таны мөнгийг барагдуулна” гээд байхаар нь нэг л итгэл төрөхгүй байсан. Тухайн үедээ “за, за” гэж хэлээд цагдаагийн байгууллага болон .... банкны удирдлагад С.Дгийн дээрх үйлдлийн талаар мэдэгдсэн. Энэ явдлаас хойш С.Дтай огт уулзаагүй, утсаар ч яриагүй байна. Ер нь би С.Дгаас миний мөнгийг чи яаж өгөх юм гэж асуухад “хүнээс дэмжлэг, туслалцаа авна. Зээлийг нь бүтээж өгнө. Хүний хөрөнгийг борлуулсан ашгийг хүртэхээрээ өгье” гэж хэлээд 300 ам.доллар бэлнээр өгсөн. Мөн би хүнд өгөх ёстой байсан 7000 ам.долларыг С.Дгаар төлүүлж, бэлнээр 1 сая төгрөг авсан. Ингэхээр надад нийт 7,300 ам.доллар, 1 сая төгрөг өгсөн. Өөр мөнгө түүнээс аваагүй. Үүнийг хохирлын дүнгээс хасуулж болно. Хүү тооцуулж авахад С.Д банкны зарлага гаргаж өгдөг байсан. Зарлага гаргаж өгөх болгондоо “ямар нэгэн байдлаар банкны систем гацсан, программ ажиллахгүй байна” гэж хэлдэг байсан. Одоо бодоход энэ үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдсан. Тэр болгонд өөрийнхөө гараар зарлагын дүн, үлдэгдлийг /үндсэн хадгаламжийн дүн/ гараараа бичээд тэмдгээ дарж баталгаажуулж өгдөг байсан. Мөн “зарлагын баримт принтерт орохгүй байгаа учраас та зарлагын баримтад гарын үсэг зураад үлдээчих” гэдэг байсан. Энэ бүхний ард .... банк хяналтаа сайн тавьж явж ирсэн бол ажилчид нь энэ мэтийн хууль бус үйлдэл хийж, харилцагчид аа хохироох явдал давтагдахгүй байсан болов уу. Өнгөрсөн хугацаанд .... банк миний хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус банкны Эрсдэлийн удирдлагын хорооны хурлаар 150,521,356 төгрөгийг харилцагч П.Т-төр, хамтран эзэмшигч Х.П-д хэсэгчлэн барагдуулах шийдвэр гарсны дараа 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр .... банкны ... салбар дээр очиж, дээр дурдсан дүнгээр зарлага гаргуулан өөрийн хохирлыг барагдуулж авсан. Одоо бол .... банкнаас ямар хэмжээний хохирлыг нэмж барагдуулах вэ гэж бодсон тооцоолол байгаа. Үүнд: Үндсэн хадгаламж 200,000,000 төгрөг үүн дээр 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тус тус дуусгавар болсон 2 хадгаламжийн гэрээний дагуу хүүгийн орлого болох 29,000,000 төгрөг нэмж авахыг бодох юм бол нийт 229,000,000 төгрөгөөс иргэн С.Дгийн барагдуулсан 20,650,000 төгрөг, .... банкнаас барагдуулсан 150,521,356 төгрөгийг тус тус хасаж тооцвол хохирлын үлдэгдлийн хэмжээ 57,800,000 төгрөг болж байна. Үүнийг .... банкаар барагдуулах хүсэлтэй байна. С.Дгаас 20,650,000 төгрөгийг авсан тухайд 104900075...дугаартай хугацаатай хадгаламжийн дансны хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш дансны жилийн хүү болох 14,500,000 төгрөгийг нэг удаа, үндсэн хадгаламжийн мөнгөнөөс 5,350,000 төгрөгийг тус тус миний хэлсэн дансанд шилжүүлсэн. Харин 800,000 төгрөгийг сүүлд бэлнээр надад өгсөн. Тухайн үед дээрх 2 дансанд мөнгө байгаа л гэж бодож явсан. П.Т-төр нь миний төрсөн хүү бөгөөд одоо 11 настай, Улаанбаатар хотод хамт амьдарч байна. .... банканд түүний нэр дээр нээлгэсэн 104900071..., 104900075...дугаартай данснуудыг миний бие өөрөө нээлгэж, хүүг үндсэн хадгаламж эзэмшигчээр, өөрийгөө хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Хадгаламжид байгаа мөнгийг би өөрөө нэмэгдүүлдэг байсан. Миний хөрөнгө юм. Хамтран эзэмшигч нь үндсэн хадгаламж эзэмшигчтэй ижил эрх, үүрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон хохирлын дүнтэй санал нийлж байна. Хохирлын тооцоог холбогдох эрх бүхий байгууллагаар дахин гаргуулах шаардлагагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93х, Зхх-ийн 201-202х, 4хх-ийн 100-102х/,

Иргэний хариуцагч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Иргэн Х.П-гийн .... банканд гаргасан хүсэлттэй холбоотой эрсдэлийн хорооны хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 150,521,356 төгрөгийн хохирол барагдуулсан. хохирогч Х.П-гийн үлдэгдэл мөнгийг барагдуулах талаар саналгүй. Шүүхийн шийдвэрийн хүрээнд хохирол барагдуулна...” гэв.

Иргэний хариуцагч А.М- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шүүхийн шийдвэрээр .... банкийг төлөх ёстой гэж үзвэл хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй...”, “...Өмнө өгсөн мэдүүлэгт хохирлын тооцоог гаргахдаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын үсгийн шинжээчийн дүгнэлт болон С.Дгийн Х.П-д өгсөн мөнгийг хасаж тооцсон хохирол байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хохирогч Х.П-, яллагдагч С.Д, .... банкны хууль ёсны төлөөлөгч А.У- бид хэд хохирлын талаар ярилцаж дүнг эцэслэн шийдвэрлээд харилцагч Х.П-д 58,069,998.48 төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзсэн. Хохирлын дүнг эцэслэн нийлсэн. Өөр хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх /1хх-ийн 110, 4хх-ийн 105-106х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.У- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....... банканд С.Дгийн үйлдлийн улмаас Худалдаж авсан замын чекийн 131,000 ам.доллар, буюу 344,785,580 төгрөг, мөн .... яамны 143,543,250 төгрөгийн хохирол буюу нийт 488,328,830 төгрөгийн хохирол учраад байна. Харин харилцагч Х.П-д учирсан гэх 200,241,355.48 төгрөгийг .... банканд учирсан бодит хохирол гэж үзэхгүй байгаа. Учир нь дээрх харилцагч нь гүйлгээ хийхдээ өөрийн гарын үсгээр зурж данснаасаа мөнгөө авсан байж магадгүй гэж үзсэн. С.Дгийн нэрээр .... банканд нийт 488,028,830 төгрөгийн авлага үүссэн бөгөөд үүнээс түүний нэр дээр бүртгэлтэй орон сууцыг зарж борлуулан одоо 450,639,503 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .... яамнаас .... банканд дээрх мөнгийг төлүүлэх талаар албан шаардлага ирүүлсэн. Үүний дагуу .... банкны хяналт шалгалтын газраас .... тооцооны кассад гэнэтийн шалгалт явуулахад ахлах теллер С.Д нь мөнгийг бэлнээр гарган авч хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Ингээд .... яамнаас ирүүлсэн албан шаардлагын дагуу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр .... сангийн 100900011... тоот дансанд 143,546,250 төгрөгийг шилжүүлж, С.Дгийн нэрээр авлага үүсгэсэн. Одоо .... яамтай ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй. С.Дгийн нэр дээр үүсгэгдсэн авлагын 1049001821010... дугаартай дансанд 601,110,856.85 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, үүнд хүү, алданги нэмэгдэхгүй. Төлбөр тушаасан тохиолдолд үнийн дүнгээс хасагдана. Энэ мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. С.Д нь 31,916,359.42 төгрөгийг барагдуулсан. Харилцагч Х.П-д учруулсан хохирлыг шүүх хурлын дараа хэргийн оролцогч нартай ярилцаад тооцоо нийлсэн, энэ талаар манай банкийг төлөөлж иргэний хариуцагчаар оролцож байгаа А.М- хэлнэ. Шүүх .... банкийг харилцагч Х.П-д төлөх ёстой гэж үзвэл С.Дгийн нэр дээр үүсгэсэн авлагын дүнг нэмж тооцно. Хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх /1хх-ийн 105х, Зхх-ийн 214х, 4хх-ийн 103-104х/,

Гэрч А.Б- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай газраас 2018 оны 12 дугаар сард төлөвлөгөөт шалгалтыг .... банкны .... кассад төлөвлөгөөний дагуу хийсэн. Тэгэхэд харилцагчтай санхүүгийн харилцаанд орсон буюу би нэрийг нь сайн санахгүй байна нэг харилцагчаас 7,000,000 төгрөг зээлсэн байсан гэсэн тийм дүгнэлт гаргаад ахлах теллер С.Дг халах саналыг 2018 оны 12 дугаар сард хүний нөөцийн хороонд хүргүүлсэн. Тэндээс хуулийн дүгнэлт гараад С.Дд сануулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Түүний дараа 2019 оны 10 дугаар шалгах хуваарьтай байсан. Тэгэхдээ зайны хяналтаар дотоодын 131,000 ам.долларын үлдэгдэлтэй байх зөрчлийг харсан. Түүнийг газар дээр нь очиж шалгаж тодруулахад С.Д нь Америкийн чек мөнгөжүүлсэн гэж тайлбар өгсөн, тэгээд энэ талаар илүү тодруулахад худал болох нь тогтоогдсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шилжүүлсэн, тэгтэл 2019 оны 08 дугаар сарын 27-нд П- манай банканд гомдол гаргасан, бид нар гомдлыг шалгаад бид үндэслэлтэй байна гээд хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. .... банкны ажилтан С.Д нь Х.П-гийн хамтран эзэмшдэг П.Т-.... 104900071... дугаарын хадгаламжийн дансанд 2016 оны 09 дүгээр сарын 29-нд 50,000,000 төгрөгийн орлого, 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 50,000,000 төгрөгийн орлого орсон байсныг 2016 оны 11 дүгээр сарын 04-нд 49,677,776.87 төгрөгийг, 49,720,000 төгрөгөөр тус тус зарлагадаж авсан байсан. Мөн Х.П-, П.Т-төр нарын хамтран эзэмшдэг 104900075...дугаарын дансанд 2017 оны 08 дугаар сарын 14-нд 86,600,000 төгрөгийн орлого, 2017 оны 08 дугаар сарын 14-нд 13,400,000 төгрөгийн орлого тус тус орсон байсныг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 90,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-нд 9,800,000 төгрөгийг тус тус зарлагадаж авсан байна. Нийт Х.П- П.Т-төр нарын хамтран эзэмшдэг 104900075..., 104900071... дугаарын данснуудад 200,000,000 төгрөгийн хадгаламж байсныг зарлагадаж дандаа бэлнээр авсан байсан. Ийм үйл явдал болсон...” гэх /1хх-ийн 5-6х/,

            .... банкны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14/5684 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт баримтууд /1хх-ийн 13-48х/,

            .... банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Ононгийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/977 дугаартай тушаал /1хх-ийн 20х/,

            .... банкнаас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.Дтай байгуулсан 672 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 21-23х/,

            С.Дгийн ажлын байрны тодорхойлолт /1хх-ийн 24-26х/,

            Хохирогч Х.П-гийн .... банк дахь 104900075...дугаартай дансны хуулга /1хх-ийн 28х/,

            Хохирогч Х.П-гийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “.... банк” ХХК-тай байгуулсан 104900075...дансны Харилцах болон хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ /1хх-ийн 28х/,

            Мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх-ийн 30-33х/,

            Хохирогч Х.П-гийн .... банк дахь 104900071... дугаартай дансны хуулга /1хх-ийн 34х/,

            Хохирогч Х.П-гийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “.... банк” ХХК-тай байгуулсан 104900071... дансны Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, Дансны нэмэлт үйлчилгээ авах хүсэлт, гэрээнүүд /1хх-ийн 35-36х, 39х/,

            Яллагдагч С.Дгаас хохирогч Х.П-д гараар бичиж өгсөн баримт /1хх-ийн 96-97х/,

            Хохирогч Х.П-гийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “.... банк” ХХК-тай байгуулсан 104900075...дансны Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /1хх-ийн 99х/,

            Хохирогч Х.П-гийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “.... банк” ХХК-тай байгуулсан 104900071... дансны Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /1хх-ийн 100х/,

            Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.Дг яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ гэж асуухад С.Д “Банканд ажиллаж байхдаа өрөнд ороод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэж хэлсэн...” гэх /1хх-ийн 115-116х/,

            Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ахлах теллерийн өдөр тутмын үйл ажиллагаанд Салбарын захирал, дүүрэг, салбарын ерөнхий нягтлан, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн, салбарын удирдлагын газрын дүүрэг хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалтнууд шууд удирдах, ажлыг нь шалгах эрхтэй байдаг. Өдөр тутмын үйл ажиллагаанд салбарын захирал хяналт тавьж ажилладаг, ер нь өдөр тутмын хийсэн гүйлгээний тайланг ахлах теллер нэгтгээд салбарын захиралд хянуулдаг, миний хувьд хийсэн ажлаа ахлах теллерт хянуулдаг. Банкны хадгаламжийн хүүг “...” гээд программ автоматаар тооцож хадгаламжийн данс руу орлогоор хийдэг бөгөөд харилцагч хадгаламжийн данснаасаа зарлага гаргах тохиолдолд теллерүүдийн хэн ч олгож болно. Их хэмжээний мөнгө гэж 20 саяас дээш мөнгийг хэлдэг бөгөөд зарлага гаргах тохиолдолд ахлах теллер мэднэ, орлого бол 1 сая төгрөгөөс дээш бол мөн адил ахлах теллер хянадаг, харин 100 саяас дээш орлого, зарлагыг салбарын захирал хянадаг. Хяналтын үйл ажиллагаа дараа нь хийгддэг, гэхдээ теллерүүд орлого, зарлага хийхээсээ ахлахтай мэдэгддэг байсан. Миний хувьд Хадгаламжийн дэвтэрт харилцагчийн хадгаламжийн хүүг тооцож олгохдоо гараар бичилт хийж, хувийн тэмдгээрээ баталгаажуулж байсан тохиолдол байхгүй, бид нарт зориулсан хадгаламжийн хүү боддог “...” программ байдаг, тэрүүгээр уншуулаад хадгаламжийн дэвтэрт бичилт хийдэг, хэрвээ сүлжээ тасарсан тохиолдолд хэвлэх боломжгүй байвал харилцагчаас асуугаад зөвшөөрсөн тохиолдолд хүүг тооцоод гараар бичилт хийж болдог...” гэх /1хх-ийн 119-120х/,

Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл .... банкны ... салбарын захирлаар ажиллаж байгаад ахлах теллерийн буруутай үйлдлийн улмаас ажлаас халагдсан.Тус салбарын харьяа ....ны ахлах теллерээр ажилладаг С.Дгийн үйлдсэн хэргийн улмаас намайг ажлаас халсан, намайг ажлаас халсан үндэслэл нь шууд удирдах албан тушаалтандаа хяналтаа тавьж чадаагүй гэсэн. Ажлын байрны тодорхойлолтод ахлах теллерийн ажилд хяналт тавина гэсэн байдаг, намайг анх салбарын захирлаар ажилд томилогдоход тус тооцооны кассыг шууд хянах боломжгүй, хяналтын камергүй, орон тоо цөөн байсан тул энэ талаар .... банкны удирдлагуудад удаа дараа хэлж байсан боловч миний саналыг хүлээж аваагүй өнөөдрийг хүрсэн...” гэх /1хх-ийн 123х/,

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байхаа хяналт, шалгалтын газраас над руу утсаар яриад “.... тооцооны кассын ахлах теллер С.Д дээр ашиглагчийн шинжтэй үйлдэл гарсан, мэргэшсэн теллер тус касс руу явуулаад төв банк руу С.Дгийн эрхийг хаалгах талаар майл явуулаарай” гэж хэлсэн. Ингээд би ажил руугаа ороод мэргэшсэн теллерийг тухайн касс руу явуулаад С.Дгийн кассанд тооллого хийхэд зөрүүгүй таарч байсан бөгөөд хяналт, шалгалтын газраас С.Дгийн үйл ажиллагаанд шалгалт ороход нийт 350,000 орчим сая төгрөгийг хувьдаа авч завшсан байна гэсэн тайланг гаргасан байсан. Уг тайлангаар миний үндсэн цалинг 3 сараар 20 хувь хасах шийдвэр гаргасан бөгөөд намайг улиралд 2-с дээш удаа ажиллах гэсэн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаагүй байна, актив орлого, пассив зарлагын бүртгэлд хяналт гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Надад ногдуулсан сахилгын шийтгэл нь үндэслэлтэй гэж үзнэ. С.Дг ахлах теллер тухайн тооцооны кассанд ажиллаж байх хугацаанд өндөр дүнтэй гүйлгээ буюу 20 сая төгрөгөөс дээш гүйлгээнд Супервайзер зөвшөөрлийг авахгүйгээр гүйлгээ хийх эрхтэй байсан. Тэгэхээр харилцагчийн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд теллерүүд гараар бичилт хийсэн тохиолдол гарч байгаагүй...” гэх /1хх-ийн 126-127х/,

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу .... банкны .... тооцооны кассын ахлах теллер С.Дд .... яамны өмнөөс 47,754,000 төгрөгийг .... 100900011... дугаарын дансанд бэлнээр тушааж, гүйлгээний орлогын баримтыг эх хувиар нь аваад явсан. Тэгсэн сарын дараа байхаа сайн санахгүй байна, манай нягтлан надтай холбогдоод “намайг дээрх мөнгийг дансанд нь хийсэн үү, гүйлгээ ороогүй байна” гэхээр нь гайхаад тушаасан баримтаа үзүүлсэн. Гэтэл сүүлд .... банкны ахлах теллер С.Д нь дээрх гүйлгээ хийсэн мөнгийг хувьдаа авч ашигласан болохыг .... банкны Дотоод хяналт шалгалтын газраас дуудаж надтай уулзахад мэдсэн, хэргийн талаар надад өөр мэдэх зүйл байхгүй. .... яамны .... захиргаа удирдлагын газрын Санхүүгийн эдийн засгийн хэлтэст аж ахуй эрхлэгч, нярваар ажиллаж байсан Ч.Болормаа дээрх 2 гүйлгээг хийсэн, одоо Ч.Болормаа Казакстан улсын Астана хотод амьдрахаар 2019 оны 7 дугаар сард явсан, ирэх үгүйг нь мэдэхгүй байна, ямар ч гэсэн 4-н жилийн хугацаатай албан томилолтоор явсан. .... банкнаас .... яамны дээрх мөнгийг төлж барагдуулсан, одоо ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй...” гэх /1хх-ийн 132х/,

            Монгол Улсын .... Яамны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08/6044 дугаартай албан бичиг /1хх-ийн 133х/,

            .... банкны “....” тооцооны кассын ахлах теллерээр ажиллаж байсан С.Д дээр нэмж гарсан ашиглал шалгасан тухай тайлан /1хх-ийн 134-137х/,

            Яллагдагч С.Дгаас .... банканд гаргасан тайлбар /1хх-ийн 138х/,

.... банкны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 41,863,500 төгрөг шилжүүлсэн тухай, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 47,754,000 төгрөг шилжүүлсэн тухай, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53,925,750 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх-ийн 139-145х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.С 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 155-184 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, холбогдох баримтууд /1хх-ийн 217-232х/,

.... банкны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14/6951 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт материалууд /2хх-ийн 247-аас Зхх-ийн 51х/,

.... банкны 2019 оны “Сүхбаатар дүүрэг” салбарын “...” салбарыг харьяа “....” тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /2хх-ийн 249-өөс Зхх-ийн 13, 150-164х/,

.... банкны 2018 оны “...” салбар, харьяа “....” тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /Зхх-ийн 14-32х/,

.... банкны 2017 оны “...” салбар, түүний харьяа “....” тооцооны касст хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /Зхх-ийн 33-43х/,

.... банкны 2016 оны “...” салбарын харьяа “... касст хийсэн, ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан /Зхх-ийн 44-51х/,

.... банкны 1049101141020... дугаартай ам.долларын дотоод дансны хуулга /Зхх-ийн 57х/,

.... банкны 1049101132010... дугаартай ам.долларын дотоод дансны хуулга /Зхх-ийн 58х/,

Яллагдагч С.Дгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр .... банкны Дотоод шалгалтын газарт гаргасан тайлбар /Зхх-ийн 59-60 дугаар хуудас/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /Зхх-ийн 68-69х/,

Д.С хохирогчоор өгсөн мэдүүлэг /Зхх-ийн 72-73х/,

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би .... банкны Дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагчаар ажилладаг ба 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Тайлан мэдээний хэлтсээс манайд газарт “3 яам” тооцооны кассын 104910113201... тоот дансанд 131,000 ам.долларын үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг тодруулж шалгуулахаар мэдээлсэн байсан. Уг мэдээллийн дагуу миний бие очиж уг тооцооны кассад гэнэтийн тооллого хийх явцад 104910113201... тоот дансны үлдэгдлийг асуухад замын чек солиулсан юм гэж хариулсан. Тэгэхээр уг мөнгө хаанаас орж ирснийг шалгахад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1049101141020... тоот данснаас шилжин орж ирсэн байсан тул 1049101141020... тоот дансны хуулгыг шалгахад 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 90,000 ам.доллар, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 41,000 ам.доллар бэлэн зарлага болон гарсан байсан. Тийм учраас тухайн өдрүүдийн гүйлгээний баримтыг шалгаж нягталж үзэхэд тухайн өдрүүдэд уг гүйлгээг ахлах теллер С.Д өөрийн эрхээр зарлага болгон бэлнээр гаргасан байсан. Үүнийг тогтоосон тул С.Дгаас асуухад би буруутай гүйлгээ хийсэн нь үнэн, энэ мөнгийг би бэлнээр гаргаж аваад валютын арилжаанд ашиглах гэж байсан юм гэдгээ хэлсэн учраас би С.Дг дагуулаад дотоод хяналт шалгалтын газрын захирал дээр аваачиж уулзуулсан. Захиралтай уулзаад өөрөө тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Уг тайлбар нь гомдолд хавсаргасан байгаа. 104910113201..., 1049101141020... хоёр данс нь .... банкны дотоод үйл ажиллагаанд ашигладаг данс юм. Тооцооны кассын ахлах теллер мөнгөний зузаатгал хийх шаардлагатай болсон үед мөнгөний төв рүү захиалга өгч биетээр мөнгө зузаатгал болгон авдаг. Уг мөнгөнөөс ахлах теллер өөрөө данснаас гаргаж авсан байсан. Энэ мөнгө нь банкны үйл ажиллагаанд ашиглагдах мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 74х/,

Гэрч Б.П- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр ээжийн ажилладаг банкны захирал нь ирээд “ээж чинь их мөнгөний өрөнд орсон” талаар хэлсэн. Ээж өөрөө хэлэхдээ их хэмжээний мөнгөний өрөнд орчихсон, энэ асуудлаа яаж шийдэх вэ гээд аавтай ярилцаж байсан чинь аав удалгүй нас барчихсан. Ээжийн хувьд одоо хүнд байдалд байгаа...” гэх мэдүүлэг /Зхх-ийн 81-82х/,

.... банкны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /Зхх-ийн 105х/,

.... банкны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 90,000 ам.долларын, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 41,000 ам.долларын зарлагын мэдүүлгүүд, мөнгөний зузаатгалын захиалгын хуудас /Зхх-ийн 135, 137, 139-140х/,

.... банкны Эрсдэлийн удирдлагын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/06 дугаартай хурлын шийдвэр /3хх-ийн 206х/,

Хохирогч Х.П-гийн 104900071... дугаартай дансны хуулга /3хх-ийн 209х/,

.... банкны 1049001821010... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 99х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Дг Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... банкны сангийн яам дахь ”....” тооцооны төвийн кассын ахлах теллерээр ажиллаж байхдаа харилцагч болон .... банкны зөвшөөрөлгүйгээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох .... банкны 1049101141020... дугаартай ам долларын данснаас 2019 оны 04 сарын 08-ны өдөр 90,000 ам доллар буюу 236,817,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 41,000 ам доллар буюу 107,968,580 төгрөгийг тус тус хууль бусаар авч завшсаны улмаас .... банканд нийт 131,000 ам.доллар буюу 344,785,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

.... банкны харилцагч П.Т-.... тус банкин дахь 104900071... дугаартай төгрөгийн хадгаламжийн данснаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 49,677,776.87 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 49,720,000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,042,858.61 төгрөгийг тус тус хууль бусаар бэлнээр авч завшсаны улмаас 100,440,635.48 төгрөгийн, П.Т-.... тус банкин дахь 104900075...дугаартай төгрөгийн хадгаламжийн данснаас 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 90,000,720 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 9,800,000 төгрөгийг тус тус хууль бусаар бэлнээр авч завшсаны улмаас 99,800,720 төгрөгийн буюу нийт П.Т-төрд 200,241,355.48 төгрөгийн хохирол учруулсан,

Монгол Улсын .... Яамнаас .... сангийн 100900011... дугаартай “....”-ийн дансанд зээлийн төлбөр хэлбэрээр банк хоорондын бэлэн гүйлгээгээр тушаасан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 47,754,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 41,863,500 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 53,925,750 төгрөгийг тус тус хууль бусаар, бэлнээр авч завшсаны улмаас .... Яаманд нийт 143,543,250 төгрөгийн буюу бусдад нийт 688,570,185 төгрөгийн хохирлыг  албан тушаалын байдлаа ашиглан, бусдад ноцтой хэмжээний хохирол учруулж, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг бүрэн арилгаагүй учир хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Шүүгдэгч С.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтууд тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шүүгдэгч С.Дгаас 643,569,999.48 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч .... банканд олгож, иргэний нэхэмжлэгчийн гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Х.П-д гэмт хэргийн улмаас учирсан 200,241,355.48 төгрөгийн хохирлоос .... банк эрсдэлийн сангаас харилцагчийн хохиролд 150,521,000 төгрөгийн хохирлыг надад барагдуулсан /4хх-н 101-х/, шүүгдэгч С.Д хүүний зардалд 6,150,000 төгрөгийг /4хх-н 101-х/ барагдуулсныг гэмт хэргийн хохиролд тооцон хасаад үлдэгдэл хохирол 43,569,999.48 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж хохирогчийн гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гүйлгээний баримтыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт С.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад тус тус заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад ноцтой хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад тус тус зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч .... банкнаас 43,569,999.48 төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .. байрны.. тоотод оршин суух, Агьнууд овогт Хгийн П- /УС691107../-д олгож, шүүгдэгч С.Дгаас 643,569,999.48 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч .... банканд олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гүйлгээний баримтыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД