| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1706/Э |
| Дугаар | 1740 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1740
2020 10 05 2020/ШЦТ/1740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч овогт Б.Б-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 190 606 249 2325 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1973 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5-р хэсэг, Хужирбулангийн 5-90-2537 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ч овогт Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Г ...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужир булангийн эцэс байх “Жой март” гэх хүнсний дэлгүүрт 17 цагийн үед орж 1 хайрцаг тамхи, 100 граммын Ерөөл архи нэг шилийг авсан. Тухайн дэлгүүрт ороод авсан зүйлээ касс дээр нь бичүүлэх гээд оочирлож байхад үл таних 40-45 насны эрэгтэй над руу байн байн сонин хараад зогсоод байсан. Тэгээд дэлгүүрээс худалдаж авсан бараагаа авчаад гарахад тухайн дэлгүүрийн гадна над руу хараад дэлгүүрт зогсож байсан 40-45 насны үл таних эрэгтэй зогсож байснаа -яагаад дүү охин дээрэлхэж урдуур нь бараа бичүүлээд байгаа юм гэхэд би өөдөөс нь -юу яриад байгаа юм, би урдуур нь орж бараа бичүүлээгүй гэж хэлсэн. Тэгэхэд үл таних залуу миний уруул хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Би тухайн залуутай барьцалдаж аваад дэлгүүрийн шатан дээрээс зууралдаад буусан. Тэр үед эцэс дээр түлээ мод зарж байсан хүмүүс ирж бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-24/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б-ын өгсөн:..2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хужир булангийн эцэст байдаг “Жой маркет” дэлгүүр лүү ороход нэг хүн утсаар яриад зогсож байсан. Тэгэхээр нь тэр хүнийг гарч ирэхээр нь утсыг нь гуйгаад ярьчихъя гэж бодоод гадаа хүлээж байсан. Удалгүй гарч ирэхээр нь утсаар чинь ганц ярьчихъя гэтэл утсаа халаасандаа үзэж байгаад байхгүй байна гээд намайг авчихлаа гээд намайг цээж рүү цохиход би хойшоо унасан. Тэгээд босож ирээд Гүррагчаатай зууралдаж байхдаа толгойгоороо мөргөлдсөн. Тэгтэл дэлгүүр дотроос нэг хүн утсыг нь аваад гараад ирсэн. Тэгээд салцгаасан. Надаас өөр Гүррагчаатай зодолдсон хүн байхгүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12195 дугаартай шинжээчийн:
1. Н.Г-н биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шинжээч эмч Т.Чимэддорж гэх дүгнэлт /хх-ийн 28 -р тал/,
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 40, 41, 43 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жой март” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н Гүррагчаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөж биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б-т үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жой март” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Н Гүррагчаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт мөргөж биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б –н өгсөн болон хохирогч Н.Г-н мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12195 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Н.Г гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 57-тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чонос овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ