Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1812

 

 

 

 

 

 

 

 

   2020       10          16                                   2020/ШЦТ/1812

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Э.Л ,

хохирогч Э.Э түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг ҮД:01-89, Ш.Бадмаараг ҮД:07-52 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт Э.Л яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00403 0319 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Завхан аймгийн Цагаанчулуут суманд 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хэрэг үйлдэх үедээ “Бат Номин Буян” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт фермийн 1 дүгээр гудамж 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Х овогт Э.Л

Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:

Э.Л нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орос оршуулгын газрын хойд замд “Төрийн банк” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн приус загварын 59-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан... Явган хүн зохицуулдаггүй гарц руу  ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 29 настай, эрэгтэй Э.Эийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Л мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Э.Э мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИД-ийн ялалтын задгай талбай дээр гарсан үзэсгэлэн худалдаанд ажлаасаа орой 21 цагийн үед тараад гэр рүүгээ харих гээд явж байгаад зам тээврийн осолд орсон. Би нийт 9.253.304 төгрөг нэхэмжилж байна. Үүнд эмчилгээний 2.800.000 төгрөг, эм тарианд 30.000 төгрөг, унаанд 350.000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин дунджаар сард 1.354.420 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1000.000, 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл эхнэрийн асаргаа хийсэн ажилгүй байсан үеийн 1.000.000 төгрөг зэргийн нэхэмжилж байна. Би одоо ажлаа хийгээгүй байгаа гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э-ийн өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИД-ийн ялалтын задгай талбай дээр гарсан үзэсгэлэн худалдаанд ажлаасаа орой 21 цагийн үед тараад гэр рүүгээ харих гээд УИД-ийн урд талын автобусны буудлаас автобусанд суугаад 1000 оюутны байрны автобусны буудал дээр буугаад орос оршуулгын газрын хойд талын явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй гарцаар зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан 59-96 УНҮ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин миний зүүн талаас мөргөөд би газар унатал тухайн автомашин намайг өнгөрөөд яваад өгсөн байсан. Тэгээд тухайн машинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд хоорондоо ярьж яваад анзаарсангүй бие чинь гайгүй юу эмнэлэг орох уу гээд байж байтал хажуугаар түргэн тусламжийн автомашин явж байгаад түргэний эмч, жолооч хоёр бууж ирээд намайг хөдлөхгүй шүү гээд цагдаа 103 луу дуудлага өгчих гээд тухайн намайг мөргөсөн машины жолооч дуудлага өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр багын найз болох Лундаажавтай 19 цагийн үед “Сандэй “худалдааны төвөөс гар утас худалдаж авчхаад 21 цаг өнгөрөөгөөд би Лундаажавтай хамт Цайз модны захын ойролцоо нийтийн байрнаас хөнжил гудас авах гээд бид хоёр  явсан юм. Тэгээд бид  хоёр “Сандэй” худалдааны төвөөс гараад Сансарын тойргоор ертөнцийн зүүн тал руугаа яваад Оросын оршуулгын хойд зам дээр 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тал руу чиглэлтэй явж байтал Оросын оршуулгын яг хойд талын явган хүний гарц дээр гэнэт жолоочийн баруун талаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг хүн гүйгээд гараад ирсэн юм. Тэгээд гэнэт юм мөргөх шиг болоод бид хоёр явган хүний гарцыг өнгөрөөд машинаа зогсоочхоод сая юу больчихов гээд бууж очоод хартал нэг хүн газар суучихсан байсан. Тэгээд тухайн үед хажууд явж байсан түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл таараад мөргүүлсэн гэх хүнийг аваад гэмтлийн эмнэлэг явсан юм.  Тэгээд манай найз Лундаажав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.. Тухайн мөргүүлсэн гэх хүн явган хүний цагаан шугамаар зам хөндлөн гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н. Уранцэцэгийн өгсөн: ...Би тухайн ослын газар байгаагүй. 2020 оны 07 дугаар сарын 15 ны өдөр осол болсон талаар манай компанийн  ажилтан Э.Э надад би 2020 оны 07  дугаар сарын 10 ны өдөр 21:00 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тараад гэр лүүгээ явж байгаад автомашины замаар явган хүний гарцаар гарж байгаад автомашинд мөргүүлчихлээ гэж хэлж мэдэгдсэн. Тэрнээс ямар осол юу болсон талаар би мэдэхгүй....Манай компанийн  ажлын цагийн хуваарь тухайн осол болдог өдөр 09:00 цагаас 21:00 цаг хүртэл ажиллаж байсан. Тэр өдрүүд нь улсын их дэлгүүр шатсан байсан болохоор Ялалтын талбай дээр гадаа талбайд ажиллаж байсан үе байгаа юм./хх-ийн 72 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Үүрийнтуяагийн өгсөн: ...Би Э.Л гэдэг хүнийг танина манай нөхөр байгаа юм.Манай нөхөр болох Э.Л нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би хүн шүргэчихсэн гэж хэлж байсан. Осол гаргах үед жолоодож явсан автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.Эийн биед зүүн тахилзуур ясны толгой хэсэгт хөндлөн шахагдсан, зөрөөгүй хугарал, шаант ясны дээд булууны гадна хэсэгт ясны эдийн голомтлог няцрал, баруун өвдөгний үений урд чагтан холбоосын суналт, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зүүн хөлийн тавхайд цус хуралт, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун бугуйнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 

3. Зүүн тахилзуур ясны толгой хэсэгт хөндлөн шархадсан, зөрөөгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч М.Энхбаяр, Б.Даваасүрэн, Т.Номинцэцэг... гэх дүгнэлт / хх-ийн 87-90 дүгээр тал /,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 дүгээр тал/,

Хохирогч Э.Эөөс ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 21-39 дүгээр тал/,

Хохирогч Э.Эийн эхнэр Ц.Дуламсүрэн НДШ төлөлтийн талаархи тодорхойлолт, ажлын тодорхойлолт /хх-ийн 41-42 -р тал/,

Хохирогч Э.Э-ийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолт /хх-н 43-55-р тал/,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-н 56-р тал/,

Иргэний хариуцагчаар Цэрэндоржийн Үүрийнтуяаг татах мөрдөгчийн тогтоол хх-н 61-р тал

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Л-ын өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр найз болох Алтангэрэлтэй хамт 21 цагийн үед “Сандэй Плаза” орж гар утас авчхаад бид хоёр Цайз 16 дугаар хороолол орж хүнээс хөнжил гудас авах гээд явсан юм. Тэгээд би Орос оршуулгын хойд замын автобусны буудлын хажуугийн явган хүний гарцны хажууд замын нэгдүгээр эгнээний боржуур дээр нэг хүн зогсож байсан. Тэгээд би яг гарцаар автомашинтайгаа өнгөрөх үед замын баруун талаас ертөнцийн зүгээр урд талаасаа хойшоо чиглэлтэй нэг гүйгээд миний авто машины толийг мөргөөд уначихсан. Би тухайн үед миний толийг мөргөсөн эсэхийг анзаараагүй. Тэгээд би явган хүний гарцыг 6-7 метр орчим өнгөрөөд авто машинаа зогсоогоод буугаад хартал авто замын голд явган хүний гарц дээр нэг хүн сууж байсан. Тэгээд би очоод тухайн хүнийг босгох гэтэл босохгүй хөл өвдөөд байна гээд байхаар нь би түргэн тусламж дуудаж тухайн хүнийг өгч явуулсан. Тэгээд цагдаагийн байгууллага дуудаад удалгүй бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн.. би ослын улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Эхний ээлжинд 274.000 төгрөг өгсөн. Цаашид би шүүхээр тогтоосон хохирлыг бүрэн барагдуулна... гэх мэдүүлэг /хх-н 112-113 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Л нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 55 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орос оршуулгын газрын хойд замд “Төрийн банк” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота” маркийн приус загварын 59-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүн зохицуулдаггүй гарц руу  ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 29 настай, эрэгтэй Э.Эийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эийн мэдүүлэг, гэрч Г.Алтангэрэлийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1004 дугаартай шинжээчийн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, осол  гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Лыг гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Э.Э нь ажилгүй байсан хугацааны гурван сарын цалин хөлс 1.354.420х 3=4.063.260 төгрөгийг, унааны зардалд 261.539+96.000+357.539 төгрөгийг, эмчилгээний зардалд 3.464.534 төгрөгийг, асаргааны зардалд 1.000.000 төгрөгийг, эрхзүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө. гэж хуульчилжээ.

Хохирогч Э.Э нь хэрэгт эмчилгээний төлбөрт 270.540+1.791.210+261.539+1.116.945, 24.300-274.000, 3.190.534 төгрөг, унаа, бензены зардалдыы 261.539+96.000=357.539 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзлээ. /хх-н 21-39-р тал/,

Хохирогч Э.Э нь гэр бүл Цолмонгийн Дуламсүрэн нь “Наран Бьюти Уорлд” ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилладаг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан болох тус компаниас ирүүлсэн тодорхойлолт болон Төрийн мэдээлэлийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт зэргээр тогтоогдож байх тул Ц.Дуламсүрэн хохирогч Э.Эийг нэг сар асарчээ гэж үзэж асаргааны зардалд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.   /хх-н 41-42-р тал/,

Хохирогч Э.Э нь “Номин Тав Трейд” ХХК-ийн Улсын Их Дэлгүүрийн салбарт худалдааны зөвлөхөөр ажилладаг болох нь тус компанийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, “Номин Холдинг” ХХК-ийн тушаал, цалин хөлс олгох журам, цалингийн мэдээ зэргээр тогтоогдож байна /хх-н 46- 55, 157-р тал/

Иймд хохирогч Э.Эийн нэг сарын цалингийн дундаж 1.354.420 төгрөгөөр тооцож ажилгүй байсан гурван сарын цалин хөлс болох 4.063.260 төгрөгийг, мөн бензен шатахууны зардал 357.539 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Э нь эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн зардал болох 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хохирогч Э.Э нь өмгөөлөгч Бадмаараг, Мөнхцэцэг нартай эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийн зардал гаргасан болох нь талуудын хооронд байгуулсан эрхзүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, төлбөр төлсөн зардал зэргээр тогтоогдож байна /хх-н 56-58-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:... шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Э.Э-д өмгөөллийн зардлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Л нь Ц.Үүрийнтуяагийн эзэмшлийн “Тоёота” маркийн Приус загварын 59-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж зам тээврийн осол гаргасан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ц.Үүрийнтуяа нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна /хх-н 63, 104-р тал/,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т ...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах ёстой  гэж хуульчилжээ.

Хавтаст хэрэгт иргэний хариуцагчаар Цэрэндоржийн Үүрийнтуяаг татсан байна /хх-н 61-р тал/

Иймд хохирогч Э.Э-д энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болох 1.354.420х3=4.063.260 төгрөг,асаргаа сувилгааны зардал 1.000.000 төгрөг, эмчилгээний зардал 270.540+1.791.210+261.539+1.116.945, 24.300-274.000, 3.190.534 төгрөг, унаа, бензены зардалд 261.539+96.000=357.539 төгрөг, өмгөөлөгчийн зардалд төлсөн 1.000.000 төгрөг, нийт 9.253.794 төгрөгийг Э.Л, Ц.Үүрийнтуяа нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Э.Эд олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Гэвч хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

          Шүүгдэгч Э.Л нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 115-р тал/, 

          Шүүгдэгч Э.Л-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Шүүгдэгч Э.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардал нэхэмжлээгүй  байна.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Э.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Лыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Л-т оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Л-т оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Л болон Цэрэндоржийн Үүрийнтуяа /ҮД:РЦ 90010962/ 9.253.794 /есөн сая хоёр зуун тавин гурван мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Э.Э-д олгосугай

7. Хохирогч Э.Э нь гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ