Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0411

 

                                                                 “ПК” ХХК нэхэмжлэлтэй,

     захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”,

 Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,

Хэргийн индекс: 128/2021/0859/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-аас -Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 10.1.13 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 22.3.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-ын гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1214 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ИБКМ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Хавтаст хэрэгт авагдсан “ИБКМ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь Баасандоржийн Цэнд-Аюуш байна. Шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа “ИБКМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Э-т нэхэмжлэлийн хувийг цахим шуудангаар хүргүүлэн гардуулсан байдаг.

3.2. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 “Гүйцэтгэх удирдлага нъ компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмишгчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна … гэж, 83.8 “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” хэмээн тус тус заасан байх тул Л.Э нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш юм.

3.3. Гэтэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ИБКМ” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулсан атлаа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй. Мөн шүүгч 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1214 дүгээр захирамждаа “ИБКМ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж байгаа эсэх талаар тодорхой дурдаагүй буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй.

3.4. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан, Хяналтын улсын байцаагчийн 2021            оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5630 дугаар дүгнэлт гарснаар “ПК” ХХК нь Б.М, “ОТ” ХХК, “ИБКМ” ХХК гэсэн гурван хувьцаа эзэмшигчтэй болсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана.

3.5. Компанийн тухай хуульд заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдөр “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж, компанийн 80 хувийн хувьцааг Б.М-т шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр дээр үндэслэн “ИБКМ” ХХК болон Б.М нарын хооронд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан.

3.6. Гэтэл “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ОТ” ХХК-д өнөөдрийг хүртэл компанийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргааны талаар мэдэгдээгүй. Шүүх хуралдааны явцад харицагчаас иргэн Л.Э-аас гаргасан гомдлын тухай “ОТ” ХХК-нд мэдэгдсэн эсэхийг тодруулахад Г.Г гэдэг хүн рүү ярьсан гэдэг. Гэтэл Г.Г нь “ОТ” ХХК-тай огт хамааралгүй бөгөөд “ПК” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдана.

3.7. Ийнхүү “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ОТ” ХХК-ийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, “ИБКМ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан зэрэг нь хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй, оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3.8. Хэрэгт ач холболдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг 6 төрлийн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байдаг.

3.9. Улсын бүртгэгч дээрх баримт бичгүүдийн бүрдэл хангагдсан байх, тухайн баримт бичигт бичигдсэн агуулга нь бусад бичгүүдтэйгээ нийцсэн байх, мөн бүртгэл хийлгэж гэж буй шийдвэр нь хуульд нийцсэн байх, хүсэлт гаргах эрхтэй этгээд бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байгаа эсхийг нягталж, шалгасны эцэст бүртгэлийг хийдэг.

3.10. Иймээс компанийн хувьцааг худалдах хүсэл зориг байсан эсэх, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдал юм. Компанийн тухай хуульд зааснаар “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүд нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөх удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдэх ёстой гэдгийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас хангалттай тайлбарласан хэдий ч шүүх үүнийг огт харгалзаж үзээгүй.

3.11. Хэрэв хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх, тухайн хуралд “ИБКМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Э болон “ОТ” ХХК оролцсон эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудал зэргийг тодорхой болгосон бол “ИБКМ” ХХК нь “ПК” ХХК дахь өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаагаа худалдах хүсэл зориг байсан эсэхийг тодорхойлох бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүхээс хяналтын улсын байцаагчийн “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүдэд Л.Э-ын гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй гэж үзээд улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 5360 дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.12. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д “ ... маргаж буй 5360 дугаартай дүгнэлтээс үзэхэд хяналтын улсын байцаагч нь хувьцаа эзэмишгч Б.М-ьг баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж дүгнээгүй, харин нотлох баримт хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн байж болзошгүй гэж дүгнэсэн болох нь тогтоодож байхаас гадна цагдаагийн байгууллагаас хийх хяналт шалгалтын ажиллагаа нь маргааны зүйл, зорилго, зарчим, хамрах хүрээгээрээ өөр хоорондоо ялгаатай тул шууд харшцан хамааралтай буюу эхлээд эрх бүхий цагдаагийн байгууллагаар гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйпдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж шалгах ажиллагаа хийх ёстой байсан гэж үзэх боломжгүй юм ...” хэмээн дүгнэсэн хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй нь логик зөрчилтэй буюу эргэлзээтэй, үндэслэлгүй шийдвэр юм.

3.13. Хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын ажиллагааны явцад дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын шинжийг бүрэн агуулсан захиргааны акт байдаг. Захиргааны актаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалган тогтоож, шийдвэрлэх боломжгүй. Учир нь захиргааны акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгодог.

3.14. Гэтэл шүүх хяналтын улсын байцаагчийн 5360 дүгнэлт нь “ ... нотлох баримт хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн байж болзошгүй ... ” гэж дүгнэсэн буюу гомдолд дурдагдсан асуудлыг ийм байж магадгүй хэмээн таамаг төдий шийдвэрлэсэн гэж дүгнэсэн хэдий ч нотлох баримт хуурамчаар үйлдсэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байж улсын бүртгэлийг хүчингүй болгож байгаа хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг шүүх зөвтгөж байгааг хүлээн зөвшөерөх боломжгүй.

3.15. Хяналтын улсын байцаагч нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн эсэхийг хяналт шалгалтын ажиллагааны явцад үндэслэл бүхий тогтоож чадаагүй бол Улсын бүрттэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу “ ... бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлэх ... ” арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан байтал анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй.

3.16. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй тухай: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д “... Хяналтын улсын байцаагч нь Л.Э -ын гарын үсгийн хэвийг шинжлүүлэхээр шинжээч томилох нь ач холбогдолгүй буюу шаардлагагүй, энэ талаар хяналтын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ ... ” хэмээсэн нь үндэслэлгүй юм.

3.17. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс хяналтын улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй буюу оролцогч тал болох Б.М-аас -гаргасан тайлбарыг огт харгалзаж үзээгүй, “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ОТ” ХХК-д гомдол гаргасан талаар мэдэгдэж, холбогдох тайлбарыг гаргуулаагүй, шинжээч оролцуулан гарын үсгийн хэв дээжийг аваагүй, мөн захиргааны байгууллага шийдвэр гаргах хугацааг сунгахдаа хуульд заасан журмыг зөрчиж хугацаа сунгасан тухай оролцогчид бичгээр мэдэгдэх үүргүүдээ тус тус биелүүлээгүй тухай тодорхой дурдсан.

3.18. Гэтэл шүүх “... хувьцаа эзэмшигч Л.Э болон Б.М нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-нгш өдөр байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах гэрээ ”-г бодит байдал дээр Нийслэлийн тойргийн нотариатч У.Мөнхзаяа гэрчлээгүй үйл баримт тогтоогдож байх тул хяналтын улсын байцаагч нъ Л.Э-ын гарын үсгийн хэвийг шинжлүүлэхээр шинжээч томилох ач холбогдолгүй буюу шаардлагагүй, энэ талаар хяналтын улсын байцааагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ ... ” гэсэн үндэслэлээр захиргааны байгууллагын хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, талуудын тайлбарыг бүхэлд нь харгалзан үзээгүй буюу хэт нэг талыг баримталсан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй хэмээн дүгнэж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн ...”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, тус зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан “хараат бус байх” гэсэн зарчмуудыг тус тус зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

  2.1. Нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлт, тус дүгнэлтэд үндэслэн бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... улсын байцаагчийн 5360 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн ... заалтыг зөрчсөн ... улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй ... Л.Э -ын гарын үсгийн чөлөөт загварыг шинжлэн судлуулах боломжтой байтал шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй ... гэрээнүүдийг хуурамчаар үйлдсэн буюу гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан атлаа холбогдох эрх бүхий цагдаагийн байгууллагаар ... үйлдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж шалгах ажлыг хийх ёстой байсан, улсын байцаагч нь иргэн Л.Э -аас ирүүлсэн гомдол нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн байхад хүлээж аван хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй, хяналт шалгалтын ажиллагааны хугацааг сунгаснаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогч нарт мэдэгдээгүй ...” гэж тайлбарлажээ.

2.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч “ПК” ХХК-ийн хувьцааг “ИБКМ” ХХК /80 хувь/, “ОТ” ХХК /13 хувь/, иргэн Б.М- /7 хувь/ нар эзэмшиж байсан байх бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э болон иргэн Б.М нарын хооронд байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”-үүдийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд хийсэн өөрчлөлтөөр “ПК” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээс “ИБКМ” ХХК-ийг хасч, “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.М /87 хувь/, “ОТ” ХХК /13 хувь/ нар болж өөрчлөгджээ.

2.4. Гуравдагч этгээд болох хувьцаа эзэмшигч “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э-аас “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрчлөлт хийсэн улсын бүртгэлийг эс зөвшөөрч “... Б.М-нь миний эзэмшлийн 80 хувийн хувьцааг хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч намайг хохироосон ... “ИБКМ” ХХК-ийн тамга, тэмдгийг нууцаар ашиглан миний өмнөөс ... гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ... ашигласан ... “ПК” ХХК дахь ... 80 хувийн хувьцааг хуурамч гэрээгээр өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хэргийг шалгаж өгнө үү ...” гэх гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж, тус гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Э хяналт шалгалт хийж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг гаргаж, тус дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийг хийсэн үйл баримт тогтоогджээ.

2.5. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дүгээр тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журмын 14-д заасныг тус тус үндэслэн “ ... “ПК” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах, эрх шилжүүлэх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нотариатаар гэрчлэгдсэн гэрээнд иргэн Л.Э өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй болох нь нотариатчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд мөн зүйлийн 22.3.1-22.3.6 дахь заалтад “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж зохицуулжээ.

2.7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн  9.4-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина”, 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна” 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус хуульчилжээ.

2.8. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт бичих эрхтэй байх бөгөөд хяналтын улсын байцаагч Б.Э -нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э-ын гаргасан гомдлыг шалгаж, “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийг маргаан бүхий “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг гарган хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

2.9. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э болон иргэн Б.М- нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах гэрээ” тус тус байгуулагдсан байх бөгөөд тус гэрээнүүдийг үндэслэн “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэгч Ж.Нямдорж бүртгэж, 9011771126 дугаар гэрчилгээ олгосныг “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд хариуцагч маргаан бүхий актад “ ... 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нотариатаар гэрчлэгдсэн гэрээнд иргэн Л.Э өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй болох нь нотариатчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон ...” гэсэн үндэслэлээр хариуцагч маргаан бүхий актаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ПК ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон “... “ПК” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нотариатаар гэрчлэгдсэн гэх гэрээнд иргэн Л.Э - өөрийн биеэр ирж гарын үсэг зураагүй болох нь нотариатчийн тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон” гэх дүгнэлтийг үгүйсгэх баримт нотолгоог буюу Л.Э болон Б.М нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах гэрээ” тус тус байгуулагдсан, улмаар тухайн гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн гэж мэтгэлцээгүй, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй, эх сурвалжийг зааж мэдүүлээгүй, шүүхэд энэ талаарх баримтыг гаргуулах талаар  аливаа хүсэлт шаардлага гаргаагүй байна.

2.11. Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан Нийслэлийн тойргийн нотариатч У.М-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан “... 225 тоот тамганы дугаартай ... нотариатч У.Мөнхзаяа би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот дугаарт Энхнасан овогтой Батдэлгэр /ЦА81061063/, Батхүү овогтой Мөнхбаатар /ЦД80020772/ нарын хооронд байгуулсан “ПЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, компанийн хувьцааг худалдах гэрээг гэрчилсэн ... энэхүү гэрээнд миний дэргэд ажлын байран дээр ирж гарын үсэг зурсан ...” гэх тайлбар, анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын  24-ний өдрийн шүүх хуралдаанд тэрээр гэрчийн хувьд “... “ПЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ... эрх шилжүүлэгч Энхнасангийн Батдэлгэр, эрх хүлээн авагч Б.М нар ирж ажлын байран дээр ирж хувьцаа худалдан авах гэрээ байгуулж гарын үсэг зурсан ... би өөрөө хүмүүсийн хувийн бичиг баримтыг шалгаж гэрээг гэрчилсэн ... манай бүртгэлийн дэвтрийн 603 дугаарт бүртгэгдэж тус гэрээг хийсэн ... Л.Э, н.Алтанхуяг гэдэг хоёр хүн ... 603 тоот гэрээг барьж ирэхэд нь мэдсэн ... архиваа шалгаж үзэхэд тэр хүмүүс гэрээний оролцогч байгаагүй ... өөр хүний нэрээр бүртгэлтэй байна гэж хэлсэн ... гэрээний нэг тал нь манайд бүртгэлтэйгээс өөр канондсон хувь байсан ... нэг тал нь н.Э гэдэг нэртэй хүн болсон байсан ... ” гэж мэдүүлсэн, хэрэгт авагдсан мөн Монголын нотариатчдын танхим, нотариатчийн нэр У.Мөнхзаяа, тамганы дугаар 225 гэх “Бүртгэлийн дэвтэр”-ийн 603 дугаарт “... Э.Б, Б.М- нарын хооронд байгуулсан “ПЭ” ХХК-ийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах гэрээг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрчилсэн” талаар тэмдэглэгдсэн баримтуудыг үндэслэн “... Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн ... заасан улсын бүртгэл үнэн зөв байх ... нотлох баримтад үндэслэх гэсэн хуульд заасан зарчмын шаардлагад нийцсэн эсэхийг хянан шалгасныг буруутгах боломжгүй ... “ПК” ХХК-ийн ... хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн … хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлтэй …” гэх хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн хугацаанд нэхэмжлэгч нь нотлох баримт цуглуулах талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн эрхийг шүүх хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... хэрэгт ач  холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй ... хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэцсэн асуудлыг тодорхойлсон бол “ИБКМ” ХХК нь “ПК” ХХК” дахь өөрийн эзэмшлийн 80 хувийн хувьцаагаа худалдах хүсэл зориг байсан эсэхийг тодорхойлох боломжтой байсан ... мөн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс бүрэн бодитой  тогтоогоогүй ... нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй ... шинжээч оролцуулан гарын үсгийн хэв дээжийг аваагүй …” гэх гомдол, тайлбар нь үндэслэлгүйг дурдах зүйтэй  байна.

2.13. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны актаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалган тогтоож, шийдвэрлэх боломжгүй ... гэтэл шүүх ... ийм байж магадгүй хэмээн таамаг төдий шийдвэрлэсэн ... нотлох баримт хуурамчаар үйлдснийг эцэслэн тогтоогоогүй байхад ... маргаан бүхий дүгнэлтийг шүүх зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэх гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

2.14. Учир нь Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт бичих эрхтэй бөгөөд энэхүү эрхийн хүрээнд “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийг маргаан бүхий “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай” 5360 дугаар дүгнэлтийг гарган хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэхүү маргаанд хамаарах улсын бүртгэлийн үндэслэл болсон баримтыг эрүүгийн журмаар шалган шийдвэрлэж дууссаны дараа Улсын бүртгэлийн байгууллагаас хяналт шалгалтыг хийхээр хуульд хязгаарлалт тогтоогоогүй, байхгүй байх тул анхан шатны шүүхийн “... хувьцаа эзэмшигч Б.М-ыг ... нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж бүртгүүлсэн ... гэж дүгнэсэн болох нь тогтоогдсон ... цагдаагийн байгууллагаас явуулах мөрдөн байцаалтын ажиллагаа болон улсын бүртгэлийн байгууллагаас хийх хяналт шалгалтын ажиллагаа нь маргааны зүйл, зорилго, зарчим, хамрах хүрээгээрээ өөр хоорондоо ялгаатай ... эхлээд эрх бүхий цагдаагийн байгууллагаар ... энэхүү үйлдлийг шалгуулсны дараа хуулийн этгээдийн ... хянаж шалгах ажлыг хийх ёстой байсан гэж үзэх боломжгүй ...” гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

2.15.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах учиртай.

2.16. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1214 дүгээр захирамжаар “ИБКМ” ХХК-ийг  тус маргаан бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүх нэхэмжлэлийн хувийг тус компанийн захирал буюу “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Э гардуулсан нь зөв байна.

2.17. Хэрэгт нотлох баримтаар “ИБКМ” ХХК-ийн  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан байх бөгөөд тус компанийн захирлаар болон 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.Э бүртгэгдсэн байх тул түүнийг “ИБКМ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

2.18. Мөн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигч “ИБКМ” ХХК-ийн захирал Л.Э болон иргэн Б.М нарын хооронд байгуулсан гэх “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах гэрээ”-үүдийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд хийсэн хууль бус өөрчлөлтөөр “ПК” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээс “ИБКМ” ХХК-ийг хасч, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, харин “ПК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “ОТ” ХХК /13 хувь/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Л.Э - нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш ... итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд нэхэмжлэлийн хувийн гардуулагүй ... мөн “ОТ” ХХК-д ... компанийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргааны талаар мэдэгдээгүй ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй ... хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй ...” гэх гомдол үндэслэлгүй.

2.19. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 241 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ